Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

 2021           12          30                                 2021/ШЦТ/38

 

                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Э.Булганчимэг, 

Шүүгдэгч Д.Ц (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 2109012171389 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1964 оны 09 сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал, амьтны гаралтай түүхий эдийн мэргэжилтэн мэргэжилтэй, “Бөх бат” ХХК-ийн захирлаар ажилладаг, ам бүл 6 эхнэр, эмээ, охин зээгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 3 хэсэг, түшээ гүн, тэнгэр рашаан гудамж 105 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Д.Ц /РД: 0/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10-11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ зуслангийн задгай тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нь өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг хашаанд орж ирсэн хохирогч М.Мөнхтуяаг хазаж эрүүл мэндэд “баруун шаант болон тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэ, хэвлийн шарх” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна . Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109012171389 дугаартай хэргээс:

Хохирогч М.Мөнхтуяагийн “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 11 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн задгай тоотод байрлах гэрээсээ ганцаараа гараад хөрш айл болох Ичинхорлоо гэх 80 хүрч байгаа хөгшний гэрт очсон. Намайг Ичинхорлоогийн хашааны жижиг хаалгыг түлхэхэд хаалга онгорхой байхаар нь дотогш орсон... гэнэт Ичинхорлоогийн нохой гарч ирээд над руу дайраад толгойн ар хэсэг, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэ, нуруу, бэлхүүс хэсэг зэргээс маш их олон хазсан. Би тухайн үед маш их айж сандраад “нохойгоо аваач ээ” гээд сандраад олон удаа хашхирахад Ичинхорлоо гэрээсээ гарч ирээд салгаж хорих гээд байгаа боловч дийлэхгүй байсан. Нохой амарч байгаад л ирж хазаад байсан. Ичинхорлоо хүүхдээ дуудаж байж 18 цагийн үед охин Чимгээ ирж, нохойг үүрэнд нь хийсэн... би бараг нохойны эзэн ирэх хүртэл цусаа гоожуулаад хэвтэж байсан. Намайг газар хэвтэж байхад Ичинхорлоо миний хажууд “яана яана” гээд нохойноосоо хамгаалсан байдалтай байсан. Миний биеийн байдал үнэхээр хүнд байна. одоо хүний ая хараад, босож чадахгүй, өөрөө бие засаж чадахгүй, мэдээгүй гаргадаг болсон. Хоолоо хүртэл өөрөө халбагадаж чадахгүй, хүний хараанд орсон. Тухайн нохойны эзэн гэх хүмүүсээс миний биеийг яаж байгаа талаар нэг ч удаа асуугаагүй, хүүхдүүдээс асуугаагүй байсан гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд яваад өгсөн байгаад нь маш их гомдолтой байна... Тухайн нохойны эзэнг Цогоо гэдэг, Цогоо нь Ичинхорлоогийн хүргэн нь байгаа юм. Ерөөсөө Цогоогийн нохой байгаа юм. Ичинхорлоо ч хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13, 16-17 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхзулын “Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн зуслан дээр барилгын ажил авчихсан байсан. Тухайн өдөр намайг ажпаа хийж байхад төрсөн ажиллаж Байгалмаа над руу залгаад “эмээ чинь нохойд хазуулаад бие нь их тааруу байна, хурдан ир” гэж хэлэхээр би гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Тухайн үед намайг очиход ээж Байгалмаа “эмээгийн чинь толгойны ар хэсэг, нуруу, 2 хөл, 2 гарыг нохой хазсан байна, баруун хөлийн шилбэ хэсэг нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд яаралтайгаар хагалгаанд ороод гарч ирсэн ба түүнээс хойш эмээгээ гэмтлийн эмнэлэгт сахиж байсан. Эмээ Мөнхтуяа надад хэлэхдээ “найз Ичинхорлоогийн гэр луу орох гэж байхад тэдний нохой гэнэт гарч ирээд над руу дайрч хазсан, би нүүр, хүзүү рүүгээ ойртуулахгүй гэж гар, таяг, хөлөөрөө тэр нохойг хөөсөн” гэж хэлсэн ... Манай эмээ Мөнхтуяагийн биеийн байдал хүнд, босож чадахгүй байнгын хэвтэрт байгаа. Уг ажиллагаанд эмээ өөрийнхөө биеэр оролцох чадваргүй учраас би эмээ Мөнхтуяагийн өмнөөс оролцохоор болж хүсэлт бичүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 

Гэрч Д.Ичинхорлоогийн “...Би Мөрийн Мөнхтуяа гэж хүнийг танина. Нилээн олон жил буюу 14-15 жилийн өмнөөс бие биеэ таньж мэдэж найз нөхдийн харилцаатай болсон. Мөнхтуяа нь ковид 19 өвчин дотоодод алдсанаас хойш удаан хугацаанд манай гэрээр орж гараагүй. Тэрнээс биш байнга манай гэрээр орж гарч байдаг. 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд намайг гэртээ ганцаараа байхад гадаа нохой хуцаад байхаар нь байшингаасаа гарсан. Тэгтэл манай байшингийн зүүн урд талд 70-80 метрийн зайд Мөнхтуяа ганцаараа манай хашаанд ороод ирчихсэн зогсож байсан. Манай хүргэн Д.Цийн эзэмшлийн монгол банхар нохой нь Мөнхтуяа руу хуцаад дайрах гээд тойроод явж байсан. Мөнхтуяа таягаараа тэр нохойг холдуулах гээд биеэ хамгаалаад зогсож байхаар нь би очсон. Тэгтэл тэр нохой гэнэт Мөнхтуяа руу дайраад баруун хөлийн шилбэнээс зуугаад татах үед Мөнхтуяа газар унахад татаж чирсэн. Би тэр үед очоод нохойгоо гартаа байсан таягаараа цохиж холдуулах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан. Тэгээд нохой өөрөө хэсэг холдоод дахин дайрч Мөнхтуяагийн зүүн хөлөөс нь хазсан. Харин Мөнхтуяа таягаараа нохойг хазуулахгүй цохиод байж байсан. Тэгээд дахин нохой хэсэг холдож байгаад дахиад Мөнхтуяа руу дайраад хазаад байсан. Би Мөнхтуяагийн яг хаана хэдэн удаа хазсан талаар хараагүй. Харин нохойгоо салгах гээд таягаараа цохиж байсан. таягаараа нохойны хоншоор хэсэгт хүчтэй цохиход гаслаад нохой холдсон. Тэр үед би нохой дээр очоод илж байгаад хүзүүвчийг нь хийгээд хүзүүвчнээс нь бариад хоёр цаг гаран хүн иртэл гадаа байсан.... уг нохой нь манай хүргэн Д.Ц гэх хүний нохой байгаа юм... 2021 оны 08 сарын 28-ны өдөр хүргэн Д.Ц байшин дээрээ ирэх үедээ сул тавьсан. Тэрнээс хойш нохойг уяагүй, торон хашаанд хийгээгүй сул байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч П.Саруулгэрэлийн “... Би тухайн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Гантулгын хамт Төв аймгийн Жаргалант суманд төмс ногоо хураах гээд явсан байсан. тухайн үед манай гэрт охин Алтансувд, төрсөн эх Ичинхорлоо нар нь байсан.... надад манай төрсөн эх Ичинхорлоо 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой утасдаж “Мөнхтуяа манай хашаанд орж ирэх үед Д.Цийн нохой хазсан би очиж салгах гээд дийлээгүй, 2-3 цаг болсон” гэж хэлсэн....манай хашаанд байсан нохой төвд банхар байгаа юм. Би тэр нохойн эзэн би бишээ, харин манай хүргэн Д.Цийн нохой байгаа юм. Д.Цийн байшин нь манай хашаанд байдаг, байшингийнхан доод талд төмөр хашаанд тухайн нохой нь цоожтой байдаг. Би Д.Цийг байхгүй үед хашааны завсраар нь хоолыг нь өгдөг. Надад уг нохойг хариуцуулан өгсөн зүйл байхгүй. Манай охин Алтансувд надад хэлэхдээ Д.Ц ах ирээд явахдаа нохойгоо сул тавьсан гэж хэлсэн. Би тэр зүйлийг нүдээрээ хараагүй. Тухайн үед нохойн хашааны хаалганы дээр хэсэг нь жаахан эвдэрсэн байсан. тэрнээс биш бүүр салаад унаагүй байсан..." /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 Гэрч А.Алтансувдын “... би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цагийн орчимд ажилдаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжны 16а тоотод байрлах гэрээсээ ганцаараа гарсан. Намайг ажилдаа явах үед гэр эмээ Ичинхорлоо гэртээ ганцаараа үлдсэн. Манай эмээ Ичинхорлоо нь 82 настай байгаа. Намайг ажилдаа Д.Ц ахын банхар нохой нь үүрэндээ байх шиг байсан. тэгээд 11 цагийн орчимд Мөнхтуяа эмээгийн хажуу айлын эмэгтэй над руу залгаад “мөнхтуяа эмээг танай нохой урчихсан бололтой хэвтэж байна, эмээ чинь хажууд нь нохойгоо барьсан байдалтай сууж байна” гэж хэлсэн. Тэгээд би Энхтуяа эгч рүү залгаж баавгай гэдэг нохой Мөнхтуяа эмгэнийг урсан байна, та яаралтай зуслан дээрээ очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Ичинхорлоо эмээ ганцаараа гэрээ байхаар нь юу болсон талаар асуухад Мөнхтуяаг Баавгай урчихсан би өчнөөн цаг гадаа зогссон, хүн байна уу гээд тусламж гуйж зогссон.... 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Ц ах, эхнэр Энхтуяа, хүргэн охин нь ирчихсэн байсан... Д.Ц ах ирэхээрээ Баавгай нэртэй нохойгоо үүрнээс нь гаргаад тавьчихдаг. Хааяа нохойгоо үүрэнд буцаагаад хийдэг боловч ихэнхдээ нохойгоо үүрэндээ хийдэггүй, хаа нэг хэлүүлж байж хийдэг. Манай аав Алтантулга нохойгоо үүрэнд нь хийхгүй явчихлаа, хүн урвал яах юм бэ гэж уурладаг байсан. тэр өдөр Д.Ц ахыг нохойгоо тавьж байхыг хараагүй, гэхдээ нохой нь Д.Ц ахыг ирсний дараа сул явж байсан. тэгээд ахынхан гэртээ нэг хоноод маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 29-ны өдөр явсан... нохойны үүрний хаалга салж унаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Н.Энхтуяагийн “...намайг очиход ээж Ичинхорлоо баавгай нэртэй Монгол банхар нохойг барьчихсан байхаар очиж хүзүүвчнээс нь татаад чирээд Ичинхорлоо ээжийн байшингийн гадна талд уясан. Мөнхөө эмгэн хашааны голд сууж байсан. Мөнхөө эмгэнийг харахад чичирсэн, халуунтай, маш их айчихсан, зүүн хөл нь байхаа сайн санахгүй байна хөлөөс нь цус гарчихсан байхыг хараад сандраад гэрээс хөнжил гаргаж ирээд халуун цай өгөөд түргэн тусламжийн 103 дугаартай нохойд хүн уруулчихлаа гэж хэлээд дуудлага өгсөн.... 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Д.Цийн хам зуслангийнхаа байшинд очсон_ тухайн үед зуслангийн хашаанд Ичинхорлоо ээж ганцаараа байсан ба байшингийнхаа доод талд байдаг нохойгоо торноос нь гаргаад салхилуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №8479 дугаартай дүгнэлт:

1. М.Мөнхтуяагийн баруун шаант болон тахилзуур ясны ил хугарал, баруун зүүн шилбэ, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-90 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төв М.Мөнхтуяа нь 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 23-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж авч, хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх зэрэг баримтууд /хх-ийн 103-113 дугаар хуудас/,

 

Нохой, муурны эрүүл мэндийн гэрчилгээ /хх-ийн 106-108/ дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10-11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ зуслангийн задгай тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нь өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг хашаанд орж ирсэн хохирогч М.Мөнхтуяаг хазаж эрүүл мэндэд “баруун шаант болон тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэ, хэвлийн шарх” бүхий хүнд хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Д.Цгийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч М.Мөнхтуяагийн “...Ичинхорлоогийн нохой гарч ирээд над руу дайраад толгойн ар хэсэг, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэ, нуруу, бэлхүүс хэсэг зэргээс маш их олон хазсан. Би тухайн үед маш их айж сандраад “нохойгоо аваач ээ” гээд сандраад олон удаа хашхирахад Ичинхорлоо гэрээсээ гарч ирээд салгаж хорих гээд байгаа боловч дийлэхгүй байсан. Нохой амарч байгаад л ирж хазаад байсан. Ичинхорлоо хүүхдээ дуудаж байж 18 цагийн үед охин Чимгээ ирж, нохойг үүрэнд нь хийсэн... би бараг нохойны эзэн ирэх хүртэл цусаа гоожуулаад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, 

иргэний нэхэмжлэгч Б.Мөнхзулын “Байгалмаа над руу залгаад “эмээ чинь нохойд хазуулаад бие нь их тааруу байна, хурдан ир” гэж хэлэхээр би гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Тухайн үед намайг очиход ээж Байгалмаа “эмээгийн чинь толгойны ар хэсэг, нуруу, 2 хөл, 2 гарыг нохой хазсан байна, баруун хөлийн шилбэ хэсэг нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд яаралтайгаар хагалгаанд ороод гарч ирсэн ба түүнээс хойш эмээгээ гэмтлийн эмнэлэгт сахиж байсан. Эмээ Мөнхтуяа надад хэлэхдээ “найз Ичинхорлоогийн гэр луу орох гэж байхад тэдний нохой гэнэт гарч ирээд над руу дайрч хазсан, би нүүр, хүзүү рүүгээ ойртуулахгүй гэж гар, таяг, хөлөөрөө тэр нохойг хөөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 

гэрч Д.Ичинхорлоогийн “...Манай хүргэн Д.Цийн эзэмшлийн монгол банхар нохой нь Мөнхтуяа руу хуцаад дайрах гээд тойроод явж байсан. Мөнхтуяа таягаараа тэр нохойг холдуулах гээд биеэ хамгаалаад зогсож байхаар нь би очсон. Тэгтэл тэр нохой гэнэт Мөнхтуяа руу дайраад баруун хөлийн шилбэнээс зуугаад татах үед Мөнхтуяа газар унахад татаж чирсэн. Би тэр үед очоод нохойгоо гартаа байсан таягаараа цохиж холдуулах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан. Тэгээд нохой өөрөө хэсэг холдоод дахин дайрч Мөнхтуяагийн зүүн хөлөөс нь хазсан. Харин Мөнхтуяа таягаараа нохойг хазуулахгүй цохиод байж байсан. Тэгээд дахин нохой хэсэг холдож байгаад дахиад Мөнхтуяа руу дайраад хазаад байсан. Би Мөнхтуяагийн яг хаана хэдэн удаа хазсан талаар хараагүй...” гэх мэдүүлэг, 

гэрч П.Саруулгэрэлийн “.... надад манай төрсөн эх Ичинхорлоо 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой утасдаж “Мөнхтуяа манай хашаанд орж ирэх үед Д.Цийн нохой хазсан би очиж салгах гээд дийлээгүй, 2-3 цаг болсон” гэж хэлсэн....манай хашаанд байсан нохой төвд банхар байгаа юм. Би тэр нохойн эзэн би бишээ, харин манай хүргэн Д.Цийн нохой байгаа юм..." гэсэн мэдүүлэг, 

гэрч А.Алтансувдын “...Мөнхтуяа эмээгийн хажуу айлын эмэгтэй над руу залгаад “Мөнхтуяа эмээг танай нохой урчихсан бололтой хэвтэж байна, эмээ чинь хажууд нь нохойгоо барьсан байдалтай сууж байна” гэж хэлсэн. Тэгээд би Энхтуяа эгч рүү залгаж баавгай гэдэг нохой Мөнхтуяа эмгэнийг урсан байна, та яаралтай зуслан дээрээ очих хэрэгтэй байна гэж хэлсэн.... Ичинхорлоо эмээ ганцаараа гэртээ байхаар нь юу болсон талаар асуухад Мөнхтуяаг Баавгай урчихсан би өчнөөн цаг гадаа зогссон, хүн байна уу гээд тусламж гуйж зогссон.... Манай аав Алтантулга нохойгоо үүрэнд нь хийхгүй явчихлаа, хүн урвал яах юм бэ гэж уурладаг байсан. Тэр өдөр Д.Ц ахыг нохойгоо тавьж байхыг хараагүй, гэхдээ нохой нь Д.Ц ахыг ирсний дараа сул явж байсан. тэгээд ахынхан гэртээ нэг хоноод маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 29-ны өдөр явсан... нохойны үүрний хаалга салж унаагүй байсан...” гэх мэдүүлэг, 

гэрч Н.Энхтуяагийн “...Мөнхөө эмгэн хашааны голд сууж байсан. Мөнхөө эмгэнийг харахад чичирсэн, халуунтай, маш их айчихсан, зүүн хөл нь байхаа сайн санахгүй байна хөлөөс нь цус гарчихсан байхыг хараад сандраад гэрээс хөнжил гаргаж ирээд халуун цай өгөөд түргэн тусламжийн 103 дугаартай нохойд хүн уруулчихлаа гэж хэлээд дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №8479 дугаартай дүгнэлт, Гэрэл зургийн үзүүлэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн албан тоот, өвчний түүх, нохой, муурны эрүүл мэндийн гэрчилгээ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Баавгай нэртэй улаан халтар зүстэй гэрийн тэжээмэл нохой нь шүүгдэгч Д.Цийн эзэмшлийн болох нь шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн...эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан бөгөөд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах нь хүний эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлж,  шүүгдэгч Д.Цийн дээрх болгоомжгүй үйлдлийн  улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Ц нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгавал хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Мөнхтуяагийн эмчилгээний зардлыг тухай бүр төлж барагдуулсан ба цаашид гарах зардалд  8000.000 /найман сая/ төгрөг төлж, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Б Д.Цийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Мөнхтуяа нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН