Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн

Улсын яллагч С.Болорчулуун

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1980 оны 11 сарын 21-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт амьдрах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 48А-5-798 тоотод оршин суудаг, Шүтээн шороо ремикон ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,  Тарви овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаяр /РД: ЧП 80112217/

шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1982 оны 08 сарын 22-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 8-227 тоотод оршин суудаг, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Тарви овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатар /РД:ЧП
 82082217/  холбогдох эрүүгийн 201610010069 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Л.Мөнхбаатар, Л.Мөнхбаяр нар нь  бүлэглэн давтан буюу урьдчилан үгсэн тохиролцож Л.Мөнхбаярын овог, нэр, регистрийн дугаартай ЕО795426 дугаартай гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарч, мөн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг,

мөн Л.Мөнхбаатар нь Л.Мөнхбаяртай бүлэглэн 2011 онд иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж иргэний үнэмлэх шинээр гаргуулахдаа өөрийн  хурууны хээ болон цээж зургийг өгч өөрийн төрсөн ах Л.Мөнхбаярын төрсний гэрчилгээг ашиглан Мөнхбаярын нэрээр хуурамч иргэний үнэмлэхийг 2012 оны 09 сарын 10-ны өдөр гаргуулан авч энэ хэргийг байнга үйлдсэн гэмт хэргийг,

шүүгдэгч Л.Мөнхбаяр нь Л.Мөнхбаатартай бүлэглэн ЕО795426 дугаартай гадаад пасспортыг ашиглан Чех улсын элчин сайдын яамнаас 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл явуулахад өөрийнхөө хурууны хээ болон зургаа өгч 2011 онд түр хугацаагаар Монголд ирээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Мөнхбаатарын нэрээр 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний үнэмлэх гаргуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь :

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Л.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Анх Чех улс руу явах гээд виз авсан. Тэгээд би өөрөө явах боломжгүй болсон учраас дүүгээ өөрийнхөө паспортоор явуулсан юм. Түүнээс хойш 2007 онд дүү Мөнхбаатарын нэр дээр гадаад паспорт гаргуулж авч Чех рүү явсан. Тэнд байж байгаад паспортоо үрэгдүүлж Чех улс дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас өөрийн зургаа өгч Мөнхбаатарын нэрээр паспорт авсан. Иргэний шинэчилсэн бүртгэлд 2010 онд Чех улсад бүртгүүлсэн. Ингээд 2012 онд Монгол улсад ирж Мөнхбаатарын нэрээр бүртгүүлсэнээрээ иргэний цахим үнэмлэх авч ашигласан. Чех улсаас авсан гадаад паспортоороо хамгийн сүүлд 2015 оны 07 сарын 01-ний өдөр улсын хилээр нэвтэрсэн түүнээс хойш нэвтрээгүй юм. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Л.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ах Мөнхбаяр маань Чех улс руу ажлын гэрээгээр явахаар визинд орсон бөгөөд виз бүтэх үед ах хөдөө ажлаар яваад явах боломжгүй болсон учраас би ахын гадаад паспортоор явсан юм. Ингээд тухайн паспортоороо улсын хилээр хэд хэдэн удаа нэвтэрсэн бөгөөд сүүлд 2011 оны 12 сард Монголд ирээд буцах гэхэд иргэний шинэчисэн бүртгэлд бүртгүүлэхгүй бол гаргахгүй гэхээр нь Мөнхбаярын төрсөний гэрчилгээг гэрээс авч иргэний бүртгэлд бүртгүүлсэн юм. Түүнээс хойш Монголд ирээд 2012 онд ах Мөнхбаярын нэртэй иргэний цахим үнэмлэх авч ашигласан. Иргэний үнэмлэхээ зөвтгөж болох талаар хүмүүсээс асуусан боловч тодорхой хариулт авч чадахгүй явсаар өдийг хүрсэн. Хамгийн сүүлд Эрээн явах ажил гараад Мөнхбаярын нэртэй гадаад паспортоороо 2016 оны 03 сарын 31-нд хилээр нэвтэрч, 2016 оны 04 сарын 02-нд орж ирж байгаад саатуулагдсан. Намайг хуурамч паспортоороо хил гарах гэж байсныг Мөнхбаяр ах мэдээгүй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зөрчлийг шалгасан нотломж /хх-ийн 3-11/

Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-20/

Шүүгдэгч нарын Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэний үнэмлэх болон гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн материалууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-37/

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/

Шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нарын хуурамч гадаад паспортын хуулбарууд /хх-ийн 41-49/

Шүүгдэгч Л.Мөнхбаатарын иргэний үнэмлэх, Л.Мөнхбаярын иргэний үнэмлэх, 1064 дугаартай, ЧП80112114 тоот регистрийн дугаар бүхий Л.Мөнхбаярын төрсөний гэрчилгээ, 3090 дугаартай ЧП82082217 тоот регистрийн дугаар бүхий Л.Мөнхбаатарын төрсөний гэрчилгээ, Е-0640900 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаатар гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0795426 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0186531 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 50/

Гэрч Р.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 4 дүгээр сарын 02-нд Замын-Үүдийн Автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр орох чиглэлийн баримт бичгийн шалгалт хийж байх үед Лхагвасүрэн овогтой Мөнхбаярын ЕО795426 дугаартай гадаад паспортыг шалгах үед тус иргэн нь гадаад паспортоо Чех улсын элчин сайдын яамнаас авсан байсан. Тэгээд зургийг харахад бүдэг байсан болохоор нь хэдэн онд 10-р ангиа төгссөн бэ? гэж асуухад 2000 он гэж хариулсан юм. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалт хийж иргэний бүртгэл мэдээллийн үндсэн сан руу орж эрэгтэй дүүгийн регистрийг гарган зурагтай нь тулгалт хийхэд тус паспортыг эзэмшиж яваа хүн нь Лхагвасүрэнгийн Мөнхбаатар байсан. Эхлээд хэдэн онд 10-р ангиа хэзээ төгссөн бэ? Гэж асуухад эргэлзсэн байдалтай, царай нь хувьсхийж байснаа сандраад 2000 онд төгссөн гэж хариулснаа “биш ээ байж байгаарай” гэж хэлснээ 1998 гэж хэлсэн. Тэгээд ах, дүүтэй юу гэж асуухад “нэг эрэгтэй дүүтэй” гэж хариулсан. Тэгэхээр нь гүнзгийрүүлсэн шалгалт хийхээр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн үндсэн сан руу орж Л.Мөнхбаатар гэх дүүгийнх нь нэрийг шалгахад “дүү гэх Л.Мөнхбаатар нь надаар шалгуулан миний өмнө зогсож байсан” юм. Тэгээд Мөнхбаатар нь ах Мөнхбаярынхаа овог нэртэй, регистрийн дугаарыг ашиглаж гадаад паспорт гаргуулан авч улсын хил хууль бусаар нэвтэрсэн. EO795426 гадаад паспорт дээр Мөнхбаатар нь өөрийн зургийг хийж, ах Мөнхбаярынхаа овог нэр, регистртэй байсан. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд “ би мөн, миний паспорт” гэж хариулсан. Би 10 гаран жил энэ ажлыг хийж байна, үнэнээ хэл гэхэд “Манай ах Чех улс руу явах гэж байгаад, ажилтай болоод би оронд нь явахаар болсон юм” гэж хариулсан” гэсэн мэдүүлэг /хx-ийн 51/,

Гэрч Б. Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “ Л.Мөнхбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн. Тухайн үед бичиг баримтанд шалгалт хийж, хилээр нэвтрүүлсэн. Мөнхбаатартай ямар нэгэн харилцаа байхгүй танихгүй. Мөнхбаатар нь Е0795426 дугаартай Мөнхбаярын нэртэй гадаад паспортаар гарсан зөрчлийг илрүүлж чадаагүй хариуцлага алдсан, гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 53/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн Лхагвасүрэнгийн Мөнхбаяр /ЧП80112114/ гэх нэртэй  Е-0795426, Лхагвасүрэнгийн Мөнхбаатар /ЧП82082217/ гэх нэртэй Е-0640900, Лхагвасүрэнгийн Мөнхбаяр /ЧП80112114/ гэх нэртэй Е-00186531 дугаартай үндэсний, энгийн зэрэглэлтэй гадаад паспортууд нь ямар нэгэн засвар ороогүй жинхэнэ байна” гэсэн 3172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 59/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “ 1.Шинжилгээнд ирүүлсэн Лхагвасүрэнгийн Мөнхбаярын нэр дээрх  Е-0795426 дугаартай үндэсний энгийн  гадаад паспорт дээрх зураг болон  харьцуулах загварт ирүүлсэн Л.Мөнхбаатарын гэх 3х4 см хэмжээтэй цээж зургууд нэг хүний зураг мөн.

2.Шинжилгээнд ирүүлсэн Лхагвасүрэнгийн Мөнхбаярын нэр дээрх Е-00186531 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг болон харьцуулах загварт ирүүлсэн  Л.Мөнхбаярын гэх 3х4 см хэмжээтэй цээж зургууд нэг хүний зураг мөн” гэсэн 3171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 68/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэргийн талаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан буюу хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүгдэгч Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Л.Мөнхбаатартай бүлэглэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэргийн объектив тал нь хууль бусаар  улсын хилээр  орсон, гарсан буюу хуурамч бичиг баримт ашиглан улсын хилээр нэвтэрсэн, хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр   бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн зэрэг үйлдлээр илрэх юм. Гэтэл шүүгдэгч Л.Мөнхбаярын хувьд буюу 2016 оны 03 сарын 31-ны өдрөөс 2016 оны 04 сарын 02-ны өдрүүдэд  улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Л.Мөнхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд  “ 2016 оны 03 сарын 31-нд Мөнхбаяр ахын нэртэй паспортоор хилээр нэвтэрч байгааг Мөнхбаяр ах мэдээгүй” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Л.Мөнхбаатарыг өөрийх нь нэртэй энгийн гадаад паспортоор БНХАУ-ын Эрээн хот руу зорчих үед Улаанбаатар хотод байсан байна. Дээрхээс үзэхэд шүүгдэгч нарын тухайн хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн бол шүүгдэгч Л.Мөнхбаяр нь энэ  хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн аль хэлбэрээр оролцсон тодорхойгүй, мөн шүүгдэгч Л.Мөнхбаяр нь Л.Мөнхбаатарыг хуурамч гадаад паспорт ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх талаар ярилцсан, тохиролцсон зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хуурамч гадаад паспортоор хамгийн сүүлд 2015 оны 07 сарын 01-ны өдөр хууль бусаар хил нэвтэрсэн нь хэрэгт нотлогдох боловч прокурорын шатанд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасанд хамруулж хэрэгсэхгүй болгосон байхыг дурьдах нь зүйтэй байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Л.Мөнхбаярт  холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.     

Харин шүүгдэгч Л.Мөнхбаатар нь хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэг болон зөрчлийг шалгасан нотломж /хх-ийн 3-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 68/,  Е-0795426 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспортыг эд мөрийн баримтаар хэрэгт тооцсон тогтоол, гэрч Р.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хx-ийн 51/, гэрч Б. Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Мөнхбаатарын үйлдлийг Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Мөнхбаяр нь 2010 онд ЕО795426 дугаартай гадаад пасспортыг ашиглан иргэний шинэчилсэн бүртгэл явуулахад өөрийнхөө хурууны хээ болон зургаа өгч Чех улсын элчин сайдын яаманд хамрагдан Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Мөнхбаатарын нэрээр 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуурамч иргэний үнэмлэх гаргуулан авч, тухайн цаг хугацаанаас хойш уг иргэний үнэмлэхийг байнга ашигласан,

шүүгдэгч Л.Мөнхбаатар нь 2011 онд иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж иргэний үнэмлэх шинээр гаргуулахдаа өөрийн  хурууны хээ болон цээж зургийг өгч өөрийн төрсөн ах Л.Мөнхбаярын төрсний гэрчилгээг ашиглан Мөнхбаярын нэрээр хуурамч иргэний үнэмлэхийг 2012 оны 09 сарын 10-ны өдөр гаргуулан авч түүнээс хойш тухайн иргэний үнэмлэхийг байнга ашигласан, мөн өөрийн зурагтай, шүүгдэгч Л.Мөнхбаярын нэр, регистрийн дугаар бүхий, Е-0795426 тоот энгийн гадаад паспортыг 2016 оны 03 сарын 31, 2016 оны 04 сарын 02-ны  өдрүүдэд хууль бусаар хил нэвтрэхдээ ашигласан байна.

Прокурорын зүгээс шүүгдэгч Л.Мөнхбаатарыг өөрийн зурагтай, шүүгдэгч Л.Мөнхбаярын нэр, регстрийн дугаар бүхий Е-0795426 тоот энгийн гадаад паспортыг 2016 оны 03 сарын 31, 04 сарын 02-ны өдрүүдэд хууль бусаар хил нэвтрэхдээ ашигласан талаар дүгнээгүйг шүүх уг тогтоолд дүгнэсэн нь шүүгдэгч Л.Мөнхбаатарын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул тэднийг хуурамч баримт, бичгийг ашиглах гэмт хэргийг байнга үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Мөнхбаяр, ЛМөнхбаатар нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нарын Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэний үнэмлэх болон гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн материалууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-37/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/, шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нарын хуурамч гадаад паспортын хуулбарууд /хх-ийн 41-49/, Е-0795426 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0186531 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, шүүгдэгч нарын хуурамч иргэний үнэмлэх 2 ширхэг  зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 68/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг нь тэдний үйлдэлд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Мөнхбаатар, Л.Мөнхбаяр нарын нэр бүхий хуурамч иргэний үнэмлэх, Е-0640900 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаатар гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0795426 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0186531 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт зэргийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж, 1064 дугаартай, ЧП80112114 тоот регистрийн дугаар бүхий Л.Мөнхбаярын төрсөний гэрчилгээ, 3090 дугаартай ЧП82082217 тоот регистрийн дугаар бүхий Л.Мөнхбаатарын төрсөний гэрчилгээ зэргийг шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мөнхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 зүйлийн 89.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Тарви овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатарыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг, шүүгдэгч Тарви овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаяр, Тарви овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатар нарыг хуурамч баримт, бичиг ашиглах гэмт хэргийг байнга үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мөнхбаатарыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мөнхбаяр, Лхагвасүрэнгийн Мөнхбаатар нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Л.Мөнхбаатарт оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Мөнхбаатар, Л.Мөнхбаяр нарын нэр бүхий хуурамч иргэний үнэмлэх, Е-0640900 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаатар гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0795426 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт, Е-0186531 дугаар бүхий Лхагвасүрэнгийн Мөнхбаяр гэсэн нэртэй энгийн гадаад паспорт зэргийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж, 1064 дугаартай, ЧП80112114 тоот регистрийн дугаар бүхий Л.Мөнхбаярын төрсөний гэрчилгээ, 3090 дугаартай ЧП82082217 тоот регистрийн дугаар бүхий Л.Мөнхбаатарын төрсөний гэрчилгээ зэргийг шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нарт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Л.Мөнхбаатарт оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, шүүгдэгч Л.Мөнхбаярыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Л.Мөнхбаатарыг 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Мөнхбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД