Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 0004

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э 

Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Э ” ХХК-нд Ховд аймгийн Дарви сумын Булган баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 1 га газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Дарви сумын Булган баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 1 га газрыг “Э ” ХХК-нд эзэмшүүлсэн захирамж гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э , хариуцагч О.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн “Э ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Ховд аймгийн Дарви сумын эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдөн газар эзэмших эрхээ эдлэж чадахгүй байгаа юм.

Ховд аймгийн Дарви сумын эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж 416,048,099 /дөрвөн зуун арван зургаан сая дөчин найман мянга ерөн ес/ төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулсан барилгын доорхи газрыг эзэмших эрхээ зүй ёсоор эдлэж чадахгүй хохирч байна.

“Э ” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын ЗДТГ-т 2017 оны 08 сарын 10-ны өдөр авто замын дэргэдэх үйлчилгээний цогцолборын төсөл, Булган багийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгийн урд 1 га газар эзэмших хүсэлтийн хамт хүргүүлсэн. Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А/143 тоот захирамжийг үндэслэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 0813-2017/00021 дугаартай гэрээг Ховд аймгийн Дарви сумын газрын даамал Л.С байгуулан 000306650 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ авсан болно. 2017 оны 09 сарын 03-аас эхлэн үйлчилгээний цогцолборын барилгын ажлыг эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 20 –ны өдөр дуусгасан. 2017 онд барилгын ажлын зардал нийт 256,696,099 төгрөг болсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь Ховд аймгийн Дарви сумын Булган баг Цэнгэлдэх хүрээлэнгийн урд  байрлах 1 га газрыг “Э ” ХХК-нд эзэмшүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа тул хариуцагчийн энэхүү эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх газрыг “Э ” ХХК-нд эзэмшүүлсэн захирамж /захиргааны акт/ гаргахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-д “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд “Бумбат” цогцолборын доорхи газрыг 2020 оны 6 дугаар сард багтаан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э  Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан “Э ” ХХК-нд Ховд аймгийн Дарви сумын Булган баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 1 га газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Дарви сумын Булган баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 1 га газрыг “Э ” ХХК-нд эзэмшүүлсэн захирамж гаргахыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э , хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г  нар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-д зааснаар Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд “Бумбат” цогцолборын доорхи газрыг 2020 оны 6 дугаар сард багтаан 2020 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК-нийн захирал Б.Э-аас 2019 оны 12 сарын 25-ний өдөр төлөөлөгч М.Э-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан  хариуцагчтай эвлэрэх эрхийг олгосон байна.   

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Э ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ы Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Э ” ХХК-нд Ховд аймгийн Дарви сумын Булган баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 1 га газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Дарви сумын Булган баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 1 га газрыг “Э ” ХХК-нд эзэмшүүлсэн захирамж гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ