Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1841

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Т, Б.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 43 320 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Номиндалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Т, Б.Т нарт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 28 880 000 төгрөгийг зээлж, 15 хоногийн хугацаатай, хүүгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Мөн зээлийн гэрээний барьцаанд Б.Тийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, - байрны - хаяг байрших 50,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан.

Зээлдэгч нар гэрээний хугацааг хэтрүүлж, зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үндсэн зээл 28 880 000 төгрөг, алданги 14 440 000 төгрөг, нийт 43 320 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хэдийгээр зээлийн гэрээ байгуулсан боловч Т.Гаас 28 880 000 төгрөг аваагүй, мөнгө авсан өгсөн ямар ч баримт байхгүй. Харин “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М нь Т.Гтай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах” ажлын гэрээ байгуулж гэрээний үнэ болох 64 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

“Б” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бямбадаваа нь Б.Т, Б.Т бид хоёрын зээ дүү бөгөөд тэрээр “Чандмань хонгор групп” ХХК-ийн ерөнхий захирал Т.Гтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын гэрээний үнэ болох 64 000 000 төгрөг төлөх хэрэгтэй байгаа учир туслахыг хүссэн. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, дараа нь 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг хийсэн. Т.Г үлдсэн 28 880 000 төгрөгийг заавал төлж байж зургаа ав гэсэн болохоор “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мын гуйлтаар Б.Т, Б.Т бид хоёр Т.Гаас 28 880 000 төгрөг зээлж авч байгаа болж зээлийн гэрээ хийж, барьцаанд нь Б.Тийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Бид хоёр Н.Мын өмнөөс Т.Гт 30 000 000 төгрөг дансаар төлж, мөн дээр нь 28 880 000 төгрөг зээлж авсан мэт зээлийн гэрээ хийж өөрийн амьдарч байгаа орон сууцаа барьцаанд тавьж хохирч байгаадаа гомдолтой байна. Иймд бид хоёроос нэхэмжлээд байгаа 43 320 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 28 880 000 төгрөгийг “Б” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Уг зээлийн гэрээ нь н.М Т.Г нарын хоорондын асуудлаас үүдэлтэй, дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. н.М нь “Т.Гаас 28 880 000 төгрөг авсан гээд зээлийн гэрээ хийчих би танд асуудалгүй байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хэлээд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Зээлийн гэрээ нь 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт зааснаар бэлэн мөнгө шилжүүлэн авсны үндсэн дээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу ямар нэгэн мөнгийг Б.Т, Б.Т нар хүлээн аваагүй тул энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т, Б.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 320 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн Т.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т, Б.Т нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 350 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 302 350 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулан, нэхэмжлэгчээс 604 700 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх Т.Гаас "Б" ХХК-нд холбогдуулан гаргасан иргэний хэрэгт Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан итгэмжлэлтэй Ж.Гантулгыг оролцуулан иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Т, Б.Т нарт холбогдуулан гаргасан иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.Гийг төлөөлөх эрхгүй Ж.Гантулгыг оролцуулан анхан шатны шүүх иргэний хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Б.Т, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 43 320 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Гаас иргэн Ж.Гантулгад олгосон итгэмжлэл нь Т.Гийн нэхэмжлэлтэй “Басма констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэл байхад анхан шатны шүүх зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг шалгах үүргээ хэрэгжүүлэлгүй, Т.Гийн нэхэмжлэлтэй, Б.Т, Б.Т нарт холбогдох иргэний хэрэгт Ж.Гантулгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөрчилтэй болжээ.

 

            Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4 дэх хэсэгт заанаар иргэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй боловч уг эрх нь итгэмжлэлээр олгосон хэмжээгээр хязгаарлагдана. Гэтэл итгэмжлэлд “Басма констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр Ж.Гантулгыг оролцуулахаар заасан байхад иргэн Б.Т, Б.Т нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно гэж заасныг зөрчсөн. Шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Улмаар төлөөлөгчөөр оролцох эрхгүй этгээдэд сөрөг нэхэмжлэл гардуулж, шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн материалтай танилцуулж /хх 43-46/ түүний гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэх /хх 50-52/ зэрэг ажиллагаа явуулсан нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч Т.Гийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

            Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА