Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0106

 

“З т к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З т к” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэлтэй конторын агуулахын барилга нь 960 м.кв талбайтай бөгөөд манай компани нийт 80 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж, уг талбайдаа ногдох түрээсийг төлсөөр ирсэн. Гэтэл тамгын газраас агуулахын нийт талбайгаар түрээс төлөх шаардлагыг тавьж, үүнийгээ Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн доод хэмжээ шинэчлэн тогтоох тухай” 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлж байна гэж тайлбарласан. Уг тогтоолоор орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслэх төлбөрийн доод хэмжээг батлахдаа үйлдвэрлэлийн зориулалтаар орон нутгийн өмчийн түрээслэх доод үнийг 5600 төгрөг байхаар хатуу тогтоосон нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... Иймд, дээрх тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 35 дугаар тогтоолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж захиргааны акт гаргасан гэж, ...Тэргүүлэгчдээс өөрт нь хуулиар эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Уг тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудаар өмчийн асуудлаар аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамааруулан зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэж, журмыг батлан мөрдөж ажиллаж байгаа тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1, 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 18 дугаар зүйлийн 18.1.3.г, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 80 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “З т к” ХХК-ийн “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 35 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар заалтууд нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: ...Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар тогтоол гаргаж, “Орон нутгийн өмчийн хөрөнгийн түрээсээр эзэмшүүлэх хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээ, түрээсийн гэрээний загвар”-ыг батлахдаа хуулийн ерөнхий зохицуулалтыг хэрэглэжээ. Дээрх захиргааны актын удиртгал хэсэгт төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26, 28 дугаар зүйлүүдийг баримталжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл нь нийт 5 заалттай байхад алийг нь баримталж байгаа нь тодорхой бус, ерөнхий зүйлийг баримталсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар тогтоол гаргахдаа төрийн өмчийн хөрөнгийг түрээслүүлэх журмыг баталсан Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, түрээсийн төлбөрийн хэмжээг баталсан Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолыг тус тус баримталсан нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байдаг. Хуульд үндэслээгүй, гүйцэтгэх засаглалын субъектээс баталсан захиргааны актад үндэслэсэн захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг гаргах журмыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулдаг. “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын зургаад ИТХ-аас хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа баримтлах журмыг нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, хэм хэмжээ тогтоосон захиргааны акт нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах, нөлөөллийн шинжилгээ хийлгэх, хэм хэмжээ тогтоосон захиргааны актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн байх шаардлагатай.

Гэтэл Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар тогтоол гаргахдаа “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д заасны дагуу хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянуулаагүй, нөлөөллийн шинжилгээ хийлгээгүй, хэм хэмжээ тогтоосон захиргааны актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй байдаг. Ийм байхад уг захиргааны акт хуулийн дагуу гарсан хэм хэмжээ тогтоосон шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр 4.1.13-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид” гэсэн хоёр субъектээс гаргасан захиргааны актад холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр заажээ. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар “Түрээсийн төлбөрийн доод хэмжээ шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бөгөөд уг хариуцагчид маргааны зүйл болж буй захиргааны актыг гаргах эрх хэмжээ байсан эсэхийг шалган тогтоохын тулд тухайн маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг авч үзэх шаардлагатай.

Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд тодорхойлжээ. Үүнээс бус ИТХ-ын Тэргүүлэгчдийн эрх хэмжээ гэж тусгаагүй. Үүнээс үзэхэд түрээсийн төлбөрийн доод хэмжээ, гэрээний загварыг баталсан хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг ИТХ-ын Тэргүүлэгчид гаргасан нь өөрт хуулиар эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эд хөрөнгийн өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан түрээслэх, түрээслүүлэх тухай харилцаа нь тэгш эрхтэй этгээдүүдийн хоорондох иргэний хэргийн зүйн харилцаа бөгөөд түрээсийн төлбөрийн хэмжээ нь зах зээлд тогтоосон үнээр тогтоогдох учиртай. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэжээ.

Иргэний эрх зүйн харилцааны тэгш эрхтэй оролцогчдын түрээсийн харилцаа тэр дундаа төлбөрийн хэмжээг ИТХ-аас тогтоол гарган журамлах эрх зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг харилцаанд ИТХурал журам тогтоох оролцох шаардлага бодит нөхцөл, шаардлага байгаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны акт болон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй талаар зөв дүгнэсэн байна.

            Нэхэмжлэгч “З т к” ХХК нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 35 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар заалтуудыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Маргаан бүхий Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 35 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн түрээсээр эзэмшүүлэх хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг нэгдүгээр, гэрээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр тогтоожээ.

            Тодруулбал, дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Орон нутгийн өмч /өмчийн оролцоотой/ аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын санхүүгийн тайлан блансад тусгагдсан хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн доод үнийг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан түрээсийн төлбөрийн 1 м.кв ашигтай талбайн доод үнийг тогтоосон бөгөөд түүн дотроо үйлдвэрлэлийн салбарын чиглэлийг талбайн түрээсийн сарын төлбөрийн доод үнийг 5600 төгрөг байхаар тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өмчийн бүртгэлтэй конторын агуулахыг барилгын талбайн ногдох хэсгийг түрээсээр эзэмшдэг бөгөөд дээрх орон нутгийн өмчийн түрээсийн төлбөрийн хэмжээг хатуу тогтоох эрх Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар олгогдоогүй тул маргаан бүхий тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлтэй” гэж маргажээ.

Захиргааны алдаатай актыг “илт хууль бус акт гэж үзэх тохиолдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тохиолдол тус бүрээр тодорхойлсон бөгөөд нэгэнт хуулиар актыг илт хууль бусад тооцох нөхцөл (тохиолдол) тодорхой заагдсан учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны акт нь хуулиар тавигдсан шаардлагыг хангасан буюу илт хүчингүйд тооцох эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.“г”-д “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн тогтоох” гэж заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар, Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэх асуудлыг Хурлын Тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхийг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заажээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж зааснаас үзэхэд өөрийн орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, түрээслүүлэх, түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоох эрх  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дээрх хуулиудаар олгогдсон байна.

Нэгэнт дээрх байдлаар орон нутгийн өмчийн хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй тул Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 35 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шүүх үзлээ.

Харин “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг гаргах журам”-д зааснаар дээрх актыг гаргахдаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянуулаагүй, нөлөөллийн шинжилгээ хийлгээгүй, хэм хэмжээ тогтоосон захиргааны актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий 35 дугаар тогтоолыг илт хууль бус гэж үзэхгүй.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ тухайн маргааныг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан нь зөв атлаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранхоёрдугаар зүйлийн 1, 2 гэсэн хуулийн зүйл, заалтыг давхар баримталсан нь буруу байх тул хассан өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1, 2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР