Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

 Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 2236000000006 дугаартай, 178/2022/0022/Э/ индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Л.******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.*******тай маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл / хэргийн 5-р хуудас/

Хохирогч ******* овогт *******гийн *******ын / 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захиргаа аж ахуйн тасагт техникч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад 5 дугаар цэцэрлэг дээр очиж эхнэрээсээ түлхүүр авахаар очиход цэцэрлэгийн гадна нэг хүүхэд уйлж байсан. Намайг түлхүүр авчихаад гараад ирэхэд тухайн хүүхдийн аав бололтой нэг залуу тэр хүүхэд дээр очоод хараалын үг хэлэхээр нь би “ наадах чинь жаахан хүүхэд шүү дээ, тэгж болохгүй” гэж хэлэхэд “ чамд ямар хамаатай юм “ гэхээр нь би заамдаад  автал тэр залуу миний нүүр лүү толгойгоороо мөргөчихөөд хүүхдээ аваад явсан. Миний хамрын таславч муруйлттай, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Миний эмчилгээнд 80000 төгрөгний зардал гарсан... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн ...Х.*******ын биед хамрын таславч баруун тал руу муруйсан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Х.*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 25-26-р хуудас/

Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө хүү Б.ыг цэцэрлэгт нь оруулж өгөх гэтэл уйлаад явахгүй чирэгдээд байхаар нь цэцэрлэгийн гадна үлдээчихээд хамт явсан дүүгийнхээ хүүхдийг оруулж өгчихөөд гарч ирээд хүүхдээ буцаагаад аваад явдаг юм уу гээд загнаад зогсож байтал нэг залуу намайг ”чи цэцэрлэгийн гадна хүүхэд загнадаг хэн бэ” гэсэн. Тэгэхээр нь би “ чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд “ чамайг цагдаа дуудаж өгнө “ гээд намайг заамдаад авахаар нь толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөчихөөд хүүхдээ аваад гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг / хэргийн 33-34-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 5 дугаар цэцэрлэгийн үүдэнд өөрийнхөө хүү Б.ыг үгэнд орсонгүй, цэцэрлэгтээ орсонгүй гэж загнаж байхад нь  хохирогч Х.******* “чи цэцэрлэгийн гадна хүүхэд загналаа, чамайг цагдаад мэдэгдэнэ” гээд заамдахад нь Л.******* түүний нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөснөөс биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

Шүүгдэгч Л.*******  нь  хохирогч Х.*******ыг өөрт нь шаардлага тавьсны төлөө толгойгоороо нүүрэн хэсэгт нь мөргөхөд түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.******* нь хүүхдийг цэцэрлэгийн орчинд загналаа гэх Х.*******ын шаардлагыг үл ойшоож харьцсан, хохирогч Х.******* нь Л.*******ийг шаардлага биелүүлсэнгүй гэж заамдаж бухимдлаа илэрхийлэн хоорондоо зүй бус харьцсанаас  шүүгдэгч Л.******* Х.*******ын биед нь халдсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Х.*******ын  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 5 дугаар цэцэрлэгийн гадна  хохирогч Х.*******ын биед халдан нүүрэн хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Х.*******ын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Х.*******ын ... миний эмчилгээний зардалд 80000 төгрөг гарсныг Л.******* төлж барагдуулсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 8-р хуудас/, Л.*******өөс Х.*******ын дансанд 80000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт / хэргийн 59-р хуудас/ зэрэг нотлох баримтаар  шүүгдэгч Л.*******ийг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Л.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 38-р хуудас/ -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.*******ийн хувийн байдлын талаар гэрч Л.Насанжаргалын өгсөн... Л.******* нь эцэг эхээс 5-уулаа, айлын 3 дахь хүүхэд, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь саяхан цэргийн ангид үйлчлэгчээр ажилд орсон, өөрөө таксинд явдаг... гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/,

Гэрч Б.гийн өгсөн...бид хоёр 20-оод жил нөхөрлөж байна. Л.******* нь  ааш зан сайтай, дөлгөөн тайван нийтэч, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн юм. Багаасаа машин жолоодсон. Сүүлийн хэдэн жил хот хоорондын автобусны туслах жолоочоор явж байгаад одоо таксинд явж байгаа. 1999-2000 онд аймгийн Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хаасан...гэх мэдүүлэг / 22-р хуудас/, шүүгдэгч Л.*******ийн  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид 80000 төгрөгний хохирол төлж барагдуулсан. Миний бие нь тогтмол орлогогүй таксинд явдаг тул улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгуулыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх тайлбар,дүгнэлт

Шүүгдэгч Л.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Л.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******өд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийг 5 / тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******өд тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2236000000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******өд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 05 / тав/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******өд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 2236000000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******өд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС