| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0136/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/09 |
| Огноо | 2022-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-д холбогдох эрүүгийн 2122000000188 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 3-4 тоотод 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн У.М-ын хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Архи дарс уусан нь бидний буруу. Тэр хүүхэд манайд ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Бид ах дүүс шиг байдаг хүмүүс юм. Архинаас болж ийм зүйл болсон.” гэв.
Шүүгдэгч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 10 сарын 30-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйлийг гэртээ уусан. Үдээс хойш манай төрсөн дүү Н бэр Үзмээ нар Завхан аймгаас хүүхдээ эргэчихээд ирсэн юм. Ирэхдээ надад жижиг савтай монгол архи авч ирж өгснийг нь би халаагаад уучихсан. Ингээд орой танил У.М согтуу хүрч ирээд бэрд шинэ утас авсан гээд үзүүлээд байх шиг байсан. Тэгээд би М-ыг яв гэтэл өөдөөс хөөгөөд байгаа юм уу гээд үг сөрөөд манайд хононо гээд байсан. Тухайн үед би маргааш өдөр нь хөдөө айл руу явж мал хийх ёстой байсан болохоор гутлынхаа түрүүнд гэрт байдаг хүрэн өнгийн модон иштэй, хар өнгийн хуйтай хутгаа хийчихсэн байсан юм. Тэр хутгаа гаргаж ирээд У.М-ыг айлгадаг хүн болж байгаад хүзүү рүү нь хатгачихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Хохирогч У.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Б, Б гээд хоёр найзынхаа хамтаар 1 шил 0.75 литрийн “Хараа” архи, 2 шил 0.5 литрийн “Хараа” архи тус тус хувааж уусан. Тэгээд би архи уугаад согтсон байсан. Нэг ухаан ороход Айргийн 3-4 тоотод Н ахын гэрт сэргэсэн. Тухайн үед харанхуй болсон Ц.Н ах гэртээ байгаагүй. Харин Ц.Н ахын ээж нь гээд 90 хүрч байгаа хөгшин байдаг юм. Тэр хөгшин миний хүү Н хутга шөвөг болоод байсан зүгээр үү? гэж асууж байсан. Тэгээд би хүзүүгээ үзэхэд цамцны зах нэлэнхийдээ цус болсон байсан. Би гарч яваад Айрагийн 2-10 тоотод очиход дүү Н намайг харчихаад цагдаа дуудсан. Тэрнээс би хэзээ хэрхэн яаж хутгалуулсан Н ахтай муудалцсан юм уу, яасан юм юу ч санахгүй байна. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Миний хүзүүний зүүн талд хутга орсон байна лээ. Өөр гэмтэл байхгүй, одоо миний биеийн байдал зүгээр байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн13/
Иргэний нэхэмжлэгч У.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “У.М нь миний төрсөн дүү байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н гэх хүнд хүзүүндээ хутгалуулж, тэр шөнөдөө эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Тухайн оёдол болон эмчилгээний төлбөр нь 45.000 төгрөг болсон. Уг мөнгийг би дүүгийнхээ өмнөөс эмнэлэгт тушаасан юм. Төлсөн 45.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн16/
Гэрч Н.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 10 сарын 30-ны өдөр нөхөр Н бид хоёр Улаанбаатар хотоос 15 цагийн орчимд ирж айлд хоол унд идчихээд 18 цагийн орчим хадам ээж П-д очсон. Тэгээд бид дөрөв сонин сайхан хуучилж байтал Алиа /М/ гээд Н ахтай хамт архи уугаад байдаг хүн орж ирсэн. Тэгээд тэр хоёр чанга чанга юм яриад байсан. Юм ярьж байснаа гэнэт Н ах уурлаад байсан. Тэгээд танайд хононо гээд орных нь урдуур утсаа оролдоод хэвтэж байтал Н ах буцаж босч ирээд А-тай заамдалцаж байсан. Тэгснээ түрүүнээсээ хутга гаргаж ирээд хүзүүнийх нь баруун тал руу цохичих шиг болсон. Би арай ч хутгалчихаагүй байлгүй гээд голоор нь ороод салгасан. Ээж болохоор хутгыг нь аваад гэрээс гаргаад шидчихсэн. Хүзүүг нь харахад нүх гарчихсан тэрнээс нь цус гарч байсан. Тэгээд Алиа та нас намбандаа байхгүй, би таны өөдөөс хөдөлвөл хөдөлнө арай ч ингэнэ гэж санасангүй гээд уурлаад гараад явсан. Бид хоёрыг ирэхэд Н ах нилээн согтуу байсан. Манай ээж П 90 хүрч байгаа хөгшин байдаг юм. Хоёр чих нь юм сонсохгүй мэдүүлэг өгч чадахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн18/
Гэрч Ц.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 10 сарын 30-ны өдөр эхнэр Үзмээгийн хамт 17 цагийн үед ээж П-д очсон. Хоол унд хийж идэх гээд байж байтал Алиа /М/ гээд дүү орж ирсэн. М, Н ах хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Гэнэт хоорондоо барьцалдаад авсан. Ц.Н ах баруун гартаа мах шөл янзалдаг хуйтай хутгаа барьчихсан байсан. Тэгээд А-ийн хүзүүнийх нь зүүн хэсэгт хатгачихсан байсан. Би тал харвалттай болохоор ганц гараараа салгаж дийлдэггүй. Тэгээд манай эхнэр оролцоод тэр хоёрыг салгаж авсан. Алиа гэрээс гараад явсан. Ширээний голын татуурганд байсан тонгорогоноос арай том, хуйтай хүрэн бор өнгийн иштэй хутга байдаг юм. Тэр хутгыг барьчихсан байсан. Хэзээд нь яаж авсныг хараагүй. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 261 дугаартай:
“ 1. У.М-ын биед хүзүүнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн гэмтэл нь хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4,5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/
Иргэний нэхэмжлэгч У.О-т 45.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 57/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 3/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/
Дундговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 636 дугаартай “Ц.Н-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэлгүй” тухай албан бичиг /хх-ийн 46/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/
Хохирогч У.М т хэргийн материал танилцуулахад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай тэмдэглэл /хх-ийн 58/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 3-4 тоот өөрийн гэртээ иргэн У.М-ын хүзүүн тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд “хүзүүнд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 3-4 тоот өөрийн гэртээ иргэн У.М-ын хүзүүн тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд “хүзүүнд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. гэх, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед би маргааш өдөр нь хөдөө айл руу явж мал хийх ёстой байсан болохоор гутлынхаа түрүүнд гэрт байдаг хүрэн өнгийн модон иштэй, хар өнгийн хуйтай хутгаа хийчихсэн байсан юм. Тэр хутгаа гаргаж ирээд У.М-ыг айлгадаг хүн болж байгаад хүзүү рүү нь хатгачихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч У.М ын: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Б, Б гээд хоёр найзынхаа хамтаар 1 шил 0.75 литрийн “Хараа” архи, 2 шил 0.5 литрийн “Хараа” архи тус тус хувааж уусан. Би архи уугаад согтсон байсан. Нэг ухаан ороход Айргийн 3-4 тоотод Н ахын гэрт сэргэсэн. Тухайн үед харанхуй болсон Ц.Н ах гэртээ байгаагүй. Харин Ц.Н ахын ээж нь гээд 90 хүрч байгаа хөгшин байдаг юм. Тэр хөгшин миний хүү Н хутга шөвөг болоод байсан зүгээр үү? гэж асууж байсан. Тэгээд би хүзүүгээ үзэхэд цамцны зах нэлэнхийдээ цус болсон байсан. Би гарч яваад Айрагийн 2-10 тоотод очиход дүү Н намайг харчихаад цагдаа дуудсан.” гэх
Иргэний нэхэмжлэгч У.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “У.М нь миний төрсөн дүү байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Над хүзүүндээ хутгалуулж тэр шөнөдөө эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан...” гэх,
гэрч Н.Үзмээгийн: “...Н ах буцаж босч ирээд А-тай заамдалцаж байсан. Тэгснээ түрүүнээсээ хутга гаргаж ирээд хүзүүнийх нь баруун тал руу цохичих шиг болсон. Би арай ч хутгалчихаагүй байлгүй гээд голоор нь ороод салгасан. Хүзүүг нь харахад нүх гарчихсан тэрнээс нь цус гарч байсан.”гэх,
гэрч Ц.Н ын: “...М, Н ах хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Гэнэт хоорондоо барьцалдаад авсан. Ц.Н ах баруун гартаа мах шөл янзалдаг хуйтай хутгаа барьчихсан байсан. Тэгээд Алиагийн хүзүүнийх нь зүүн хэсэгт хатгачихсан байсан.” гэх мэдүүлгүүдээр
мөн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 261 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Н ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 1 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ц.Н-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргав.
Улсын яллагч шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 1 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох санал гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заажээ.
Шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг эдэлж дууссаны дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Н-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.М-ын эрүүл мэндэд “хүзүүнд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч У.О нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см, 2.7 см-ын өргөнтэй хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг дээр 3 ширхэг нүхтэй хутга 1 ширхэг, хутганы хуй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У овогт Ц-ийн Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Ц-ийн Над 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см, 2.7 см-ын өргөнтэй хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг дээр 3 ширхэг нүхтэй хутга 1 ширхэг, хутганы хуй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР