Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1856

 

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/01856

 

 

 “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01062 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Тт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 973 162 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Тт 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан.

Зээлийн барьцаа болгон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа барьцаалсан. Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу эхний 3 сард зөвхөн хүүгээ төлж, үлдсэн саруудад үндсэн зээлээс 400 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр график байгуулсан.

Гэрээ хийснээс хойш зээлдэгч О.Т нь эхний 3 сарын хүүгээ төлсөн. Түүнээс хойш 4 дэх сараас төлөлт хийх нь багасаж, хоцроож эхэлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан тул О.Тд зээлээ төлөх талаар тодорхой шаардлага тавьсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. 

Иймд үндсэн зээл 5 991 000 төгрөг, зээлийн хүү 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгож, нийт 12 сарын хүү 3 308 821 төгрөг, хугацаа дууссанаас хойш бодогдсон нэмэгдүүлсэн хүүнд 655 342 төгрөг, нийт 9 955 162 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардал 18 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. 

Хэрвээ зээлдэгч нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй бол барьцааны зүйл болох Хан-Уул дүүргиин 1 дүгээр хороо, 120 мянгатын - тоотод орших, 29 м.кв бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан.

Нэхэмжлэгч тал 3 237 489 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс 9000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлдээ бичсэн нь эргэлзээтэй байсан.

Би 2014 оны 11 дүгээр сарын 25, 2015 оны 01 дүгээр сарын 29, 2015 оны 4 дүгээр сарын 16, 2015 оны 10 дугаар сарын 13, 2015 оны 11 дүгээр сарын 07, 2015 оны 11 дүгээр сарын 26, 2015 оны 12 дугаар сарын 28, 2016 оны 01 дүгээр сарын 06, 2016 оны 01 дүгээр сарын 24, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд нийт 10 удаагийн төлөлтөөр 3 237 489 төгрөг төлсөн.

Гэрээнд заагдсан графикийн дагуу төлж чадаагүй учраас миний төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдаагүй бөгөөд графикаас харахад энэ бүгд хүүнд төлөгдсөн байна. Тэгэхээр хүүн дээр маргаангүй.

Дээрх төлбөрийг би хүүгийнхээ цалингаар л төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Тээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 922 162 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Т нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, О.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 13 дугаар байр, - 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ББСБ" ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 174.521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Тээс 173 704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгчээс төлсөн зээлийн хүү, үндсэн төлбөрийг буруу тооцоолон гаргаж өгснийг шүүх хянаж үзээгүй, зээлдэгчээс төлсөн зээлийн хүү, үндсэн төлбөрт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаж чадаагүй байна.

Тухайлбал 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нийт 587 850 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн байдаг. Тэгэхээр дээрх төлөлт нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу зээлийн үндсэн төлбөр 400 000 төгрөг, хүү 177 320 төгрөгөөр тооцоолж хасагдан, зээлийн үндсэн төлбөр 5 600 000 төгрөг болж дараа дараагийн сарын график тооцоолол гаргах ёстой юм.

Гэтэл зээлдэгч дээрх төлсөн төлбөрийг яаж тооцоолж зээлийн төлбөрөөс хассан нь тодорхойгүй үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгний хасалт хийгээгүй нь үндэслэлгүй юм.

Мөн зээлдэгч 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 280 601 төгрөг төлсөн юм. Дээрх төлбөр нь мөн адил зээлийн графикийн дагуу 5 600 000 төгрөгөөс хүү бодогдож 204 600 төгрөг зээлийн хүүнд суутгагдаж, үлдэх 76 000 төгрөг нь зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаж зээлийн үндсэн төлбөр 5 524 000 төгрөг байх ёстой.

Мөн зээлдэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 184 197 төгрөг төлсөн юм. Дээрх төлбөр нь 5 524 000 төгрөгөөс хүү бодогдож зээлийн хүүд 182 292 төгрөг хүүнд суутгаж үлдэх 1905 төгрөг нь үндсэн зээлийн төлбөрөөс суутгаж үндсэн зээл 5 522 095 төгрөг үлдэх байсан.

Мөн зээлдэгч 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 270 935 төгрөг төлсөн. Дээрх төлбөр нь 5 522 095 төгрөгөөс хүү бодогдож 182 229 төгрөг нь хүүнд суутгагдаж, үлдэх 88 706 төгрөг нь зээлийн үндсэн төлбөр 5 522 095 төгрөгөөс хасагдаж үндсэн зээл 5 433 389 төгрөг үлдэх юм.

Мөн зээлдэгчээс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 191 305 төгрөг төлсөн. Дээрх төлбөр нь 5 433 389 төгрөгөөс хүү бодогдож 179 301 төгрөг нь зээлийн хүүнд суутгагдаж, үлдэх 12 004 төгрөг нь зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаж, зээлийн үндсэн төлбөр 5 421 385 төгрөг байх ёстой.

Мөн зээлдэгч 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 281 995 төгрөг төлсөн. Дээрх төлбөр нь 5 421 385 төгрөгөөс хүү бодогдож 178 905 төгрөг нь зээлийн хүүнд суутгагдаж, үлдэх 103 090 төгрөг нь зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаж, зээлийн үндсэн төлбөр нийт 5 318 295 төгрөг үлдэх байсан.

Мөн зээлдэгчээс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 712 416 төгрөг төлсөн. Дээрх төлбөр нь 5 318 295 төгрөгөөс хүү бодогдож, 175 503 төгрөг нь зээлийн хүүнд суутгагдаж, үлдэх 536 913 төгрөг нь зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаж зээлийн үндсэн төлбөр 4 781 382 төгрөг үлдэх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгчээс төлсөн зээлийн төлбөрийн суутгалыг буруу тооцоолж, зээлдэгчээс илүү мөнгө нэхэмжилсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрт илүү нэхэмжилсэн 1 209 618 төгрөг мөн үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүүнд суутган тооцсон 218 760 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 991 000 төгрөгийн хэмжээгээр бодсон зээлийн хүүг, 4 781 382 төгрөгөөс зээлийн хүү бодож, 2 754 072 төгрөгийг хэвээр нь үлдээж, зээлийн хүүнд илүү нэхэмжилсэн 483 417 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1 911 795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Газаркапитал ББСБ” ХХК нь хариуцагч О.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 973 162 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын хүү 4.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор О.Тийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 13 дугаар байрны - хаягт оршин байх, орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

            Хариуцагч О.Т нь зээлийн гэрээний үүрэгт нийт 10 удаагийн үйлдлээр       3 237 489 төгрөгийг  нэхэмжлэгчид төлсөн талаар дахин маргаагүй тэрээр уг төлбөрийн зарим хэсгийг үндсэн төлбөрөөс хасч тооцох байтал тооцоогүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч талаас зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт гэх баримтыг гаргаж өгсөн ба уг хүснэгтэд бичигдсэн төлбөр төлөгчийн төлбөрийн дүн, огнооны талаар хариуцагч маргаагүй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 3 212 800 төгрөг төлөх үүрэгтэйгээс үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой нэмэгдүүлсэн хүүд гэрээгээр тохирсон хэмжээгээр нэхэмжлэгч суутган авч үлдэх төлбөрийг үндсэн зээл 5 991 000 төгрөг, зээлийн хүүд 3 308 821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 655 341 төгрөг нийт 9 955 162 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй байна.

 

Харин зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээс үзэхэд хариуцагч нь гэрээний үүрэгт үндсэн зээлд 9 000 төгрөг, зээлийн хүүд 3 237 489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218 760 төгрөг, нийт 3 465 249 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Зээлдүүлэгч буюу “Газаркапитал ББСБ” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагч О.Тт шилжүүлсэн тул 5 хоногийн зээлийн хүү болох 33 000 төгрөгийг зээлийн хүүгээс хасч тооцсон нь зөв болжээ. Иймд үндсэн зээлд 5 991 000 төгрөг, зээлийн хүүд 3 275 821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 655 341 төгрөг нийт 9 922 162 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нотариатын үйлчилгээний зардал 7 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь нотариатын үйлчилгээнд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан боловч энэ хэргийн нотлох баримттай холбоотой үйлчилгээ авсан гэх байдал нотлогдохгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг зааснаар эргэлзээтэй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА