Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 0005

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ  БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Я.Г-ийн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 8 сарын 17-ны өдрийн 13 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамж Я.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Г би Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслахаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Тус шүүхийн Тамгын газрын дарга Ц.Д нь Я.Г надад ямар ч үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн захиргааны ажилтан нарын үр дүн хэлэлцэх зөвлөгөөнд болоход надад сахилгын шийтгэл оногдуулсныг мэдэж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн Тамгын газрын даргын 13 тоот сахилгын арга хэмжээ авсан тушаалыг гардаж авсан юм. Гэтэл сахилгын арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан байна. Би 2019 оны 08 дугаар сарын 17-нд ажлаа хийж байсан. Ямар нэгэн ял шийтгэлийн тэмдэглэлийн тухай яригдаагүй болно. Энэ журмыг манай шүүх 2019 оны 09 дүгээр сард мэдсэн болно.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 8 сарын 17-ны өдрийн 13 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийн Я.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Г нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 8 сарын 17-ны өдрийн 13 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамж Я.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Я.Г-ийн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 8 сарын 17-ны өдрийн 13 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийн Я.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНГЭРЭЛ