Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0500/З |
Дугаар | 221/МА2016/0094 |
Огноо | 2016-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2016/0094
“Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Г.А, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Ш.Н, гуравдагч этгээд “Ц т” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Зам, тээврийн яам болон “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г о” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Автотээврийн үндэсний төвтэй Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж байгаа. “Г о” ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд эрсдэлээ дааж, тээвэрлэлтийн үйлчилгээг явуулах хүсэлтээ Зам, тээврийн яаманд гаргасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 9/2883 тоот Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Жаргалын өгсөн чиглэлийн дагуу 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий аймаг-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр гэрээнд өөрчлөлт оруулан үйлчилгээг явуулж байсан.
Гэтэл “Ц т” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг Автотээврийн үндэсний төв байгуулахдаа 7 хоногийн 4 дэх өдрийг манай компанийн зөвшөөрөгдсөн дээрх чиглэлийн 7 хоногийн 4 дэх өдөр /Пүрэв гараг/- тай давхцуулан хийсэн нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн... Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгөгдсөн “Ц т” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд “Г о” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэсэн чиглэлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны 03/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлд “Ц т” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон өөрчлөх, “Г о” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдөр гэсэн дээр 4 дэх өдрийг нэмж 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэж өөрчлөх, дээрх чиглэлийн дагуу “Ц т” ХХК-ийн Автотээврийн үндэсний төвтэй 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 4 дэх гэснийг хасах, “Г о” ХХК-ийн Автотээврийн үндэсний төвтэй 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 1, 3, 5, 7 гэснийг 1, 3, 4, 5, 7 дахь өдөр гэж тус тус өөрчлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Зам, тээврийн яам шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн өмчийн хорооны 2015 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “А ү т” ТӨҮГ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.9.11-д “А ү т” ТӨҮГ-ын чиг үүргийг заасан. Иймд, энэхүү маргаан бүхий асуудалд Зам, тээврийн яам хариуцагчаар биш “А ү т” ТӨҮГ-ыг хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлтэй... Нэхэмжлэлд дурдсан тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэгт хамаарахгүй. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03/1869 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “захиргааны акт”-д хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, П.Н нар нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ... Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Улаанбаатар, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Улаанбаатар хотын” чиглэлд тухайн үед үйлчилгээ явагдаагүй өдрүүдэд үйлчилгээний давтамжийг давхардуулахгүйгээр “Ц т”ХХК-тай гэрээ байгуулах асуудлаар удаа дараа чиглэл өгсөн байхад “А ү т”төрийн өмчийн үйлдвэрийн газар нь хариуцлагагүй хандаж маргаантай асуудлыг бий болгосон.Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Тээвэр, авто замын газраас тээвэрлэлт гүйцэтгэж буй дээрх аж ахуйн нэгжүүдийн гэрээнд “Пүрэв” гаригийн цагийн хуваарийг давхардуулсан зөрчлийг арилгуулах талаар удаа дараа албан бичгээр тус яаманд хүсэлт тавьж байсан.
Энэхүү зөрчил дутагдлыг арилгах үүднээс тус яамнаас “А ү т” төрийн өмчийн үйлдвэрийн газарт 2014 оны 7/3185, 2015 оны 03/1869 дугаарын албан бичгүүдээр тодорхой чиглэлийг удаа дараа хүргүүлсэн. Дээрх компанийн нэхэмжлэлийн шаардлага нь тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой асуудал тул “А ү т” ТӨҮГ-ын дүрэмд заасан чиг үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дангаараа хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Автотээврийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага “Г о” ХХК-тай 2013 онд, “Ц т” ХХК-тай 2014 онд Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Тухайн 2 компанийн зорчигч тээвэрлэлт хийх өдрийг бид өөрсдийн санаачлагаар гэрээнд өөрчлөлт оруулж байсан тохиолдол байхгүй бөгөөд Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 2/1538 тоот Монгол Улсын Зам, тээврийн яамны дэд сайдын албан бичгийн дагуу зорчигч тээвэрлэлт хийх ЗТГ/013-2014 тоот гэрээний хавсралт №1-ийг “Ц т” ХХК-тай байгуулсан. “А ү т” төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Г о” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Ц т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ЗТГ/013-2014 дугаар бүхий Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний хугацааны 1 жил 4 сар буюу 94,5%-ийн хугацаанд хуанлийн 2,4,6 дахь өдрүүдэд ажил, үйлчилгээг зохих журмын дагуу гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанаас өнөөдөр 2015 оны 09 дүгээр сарын 18-наас 2016 оны 03 дугаар сарын 31-ний хүртэл 6 сар үлдсэн. Гэсэн хэдий ч аймгуудын тээвэр, авто замын газар татан буугдсантай холбогдож хоёр талын оролцоотой 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 жилээр, ЗТГ/032-2015 тоот шинэчилсэн гэрээ хийсэн. Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-д нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах гэсний дагуу бидэнд гэрээг анхнаасаа болон шинээр хийх үед ч манайд хуанлийн 2, 4, 6 дахь өдрүүдийг хуваарилан өгсөн...
Автотээврийн үндэсний төв нь шинээр гэрээ хийх үед Зам, тээврийн яамны ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага, тээвэрлэгчдийн зүгээс олон удаа гаргасан хүсэлт, гомдлын мөрөөр ажиллаж, өмнө тээвэрлэлтийн давтамжид гаргасан зөрчил, алдаагаа засаж 1,2 жил гаран үргэлжилсэн тээвэрлэгч хоорондын маргааныг эцэслэн шийдвэрлэснээр манай “Ц т” ХХК-д хуанлийн 2, 4, 6 дахь өдрүүдийг, “Г о” ХХК Автотээврийн үндэсний төвтэй хийсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗТГ/023-2015 тоот гэрээнд 1, 3, 5, 7 дахь өдрүүдийг тусгаж тус тус баталгаажуулсан. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шинээр тайлбар хийхгүй. Урьд нь нотлох баримтууд, эх сурвалжийг зааж дэлгэрэнгүйгээр тайлбар гаргасан тул дахин давхцуулаагүй болно. Автотээврийн үндэсний төв өөрийн бүрэн эрх хэмжээ, мэдлийн хүрээнд шинэчилсэн гэрээг холбогдох хоёр компанитай хийж маргааныг дуусгавар болгосон. Зам, тээврийн яамны ажлын хэсгийн дүгнэлт болон Автотээврийн үндэсний төвийн хийсэн “Г о” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗТГ/023-2015 тоот, “Ц т” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЗТГ/032-2015 тоот шинэчилсэн гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлд “Ц т” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон, “Газрын-Од” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүд гэсэн дээр 4 дэх өдрийг нэмж 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлт зохион байгуулахыг чиглэл болгож байна гэж өөрчлүүлэх, дээрх чиглэлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Ц т” ХХК, Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралт дахь 7 хоногийн 4 дэх гэснийг хасуулж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Г о” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 1, 3, 5, 7 гэснийг 1, 3, 4, 5, 7 дахь өдөр гэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн захирал Д.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, буруу шийдвэр болсон. Иймд давж заалдах шатны шүүх доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах заалт бүхий магадлал гаргаж өгөхийг хүсье. Үүнд: 1.“Г о” ХХК нь АТҮТөвтэй 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ хугацаанд туйлын эрх үүссэн байхад өөр компанитай гэрээ байгуулсан нь хууль бус. 2.“Ц т” ХХК-тай давхардуулан гэрээ байгуулснаар “Г о” ХХК-д 189.593.600 төгрөгийн хохирол учраад байхад хохирол учраагүй гэж үзсэн нь буруу. “Г о” ХХК нь Өрсөлдөөний тухай хуульд заасан шударга өрсөлдөгч учир тус хуулийн 13.2.7-д заасныг зөрчөөгүй байхад зөрчсөн гэж үзсэн нь буруу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Г о” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 дүгээр албан бичгээр өгсөн чиглэлд “Ц т” ХХК-ийн гэрээнд “7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч, 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон өөрчлөх”, “Г о” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдөр гэсэн дээр 4 дэх өдрийг нэмж, 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий аймаг Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэж өөрчлөх”, “дээрх чиглэлийн дагуу “Ц т” ХХК, Авто тээврийн үндэсний төвтэй 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 4 дэх гэснийг хасах”, “Г о” ХХК, Авто тээврийн үндэсний төвтэй 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 1, 3, 5, 7 гэснийг 1, 3, 4, 5, 7 дахь өдөр гэж тус тус өөрчлөх шийдвэр гаргуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ.
Анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг журамлан зохицуулсан материаллаг хэм хэмжээг хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх байтал ийнхүү дүгнэлт хийгээгүйгээс гадна нотлох баримтад тулгуурлалгүйгээр зөвхөн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг үндэслэн хариуцагчийг зөвтгөн дүгнэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий албан бичиг болон гэрээнд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасантай нийцээгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан шүүхээс гаргах шийдвэрийн төрөлд “маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулах” гэж зааснаас үзвэл захиргааны акт, тухайлбал гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхийг анхаарах нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл, шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах журамтай.
Шүүхээс нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 дүгээр албан бичгээр өгсөн чиглэлд “Ц т” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч, 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон өөрчлөх” гэсэн шаардлагыг ямар үндэслэлээр хангаж байгаа талаар эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй байна.
Хэрэв дээрх Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 дүгээр албан бичгийг захиргааны акт, эрх зүйн үр дагаврыг бий болгосон гэж үзэх тохиолдолд тухайн актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх, үүнтэй холбогдуулан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулах, улмаар маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн зохион байгуулалтын талаар Авто тээврийн үндэсний төвд чиглэл өгөх эрхтэй эсэх, Авто тээврийн үндэсний төв нь тус чиглэлийг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй эсэх, уг чиглэлийн дагуу тээвэрлэгч хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулж байгаа нь хуульд нийцсэн эсэхэд” тус тус дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазар нь Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор тээвэрлэгч хуулийн этгээдүүдтэй гэрээний үндсэн дээр хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул шүүх “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-ний тал болох Авто тээврийн үндэсний төвд уг гэрээнд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн эсэхийг анхаарч, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэгт хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нөгөөтэйгүүр, шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь буруу юм. Шүүх хэргийн талаарх бодит үнэнийг тогтоохын тулд маргааны үйл баримттай холбоотой, нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд тээвэрлэлт хийж, 4 дэх өдөр явуулахгүй болсонтой, мөн гуравдагч этгээд “Ц т” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдөр тээвэрлэлт явуулах болсонтой тус тус холбогдох нотлох баримтыг цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хариуцагчийн шийдвэр нь тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Шүүх дээр дурдсан үйл ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулахын зэрэгцээ хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн бусад нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР