| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2022/00708/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/12 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э т холбогдох эрүүгийн 2122000000200 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө тус аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ж.Г-ийн гэрт нь тухайн үед үүссэн харилцаанаас болж маргалдаж зодсоны улмаас биед нь “тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджэ
|
|
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой Г-ийнд очсон. Г-тай 1 пиво уусан. Урьд нь манай эхнэр рүү яриад чи манай найзуудтай явалддаг биз дээ гээд элдвээр хэлээд ажил дээр нь очоод байсан болохоор нь зодсон. ” гэв.
Шүүгдэгч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед Г-ийн гэрт нь “Боргио” нэртэй том пиво аваад очсон. Ж.Г гэртээ ганцаараа байсан, бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд бид хоёр пиво хувааж уусан. Өмнө нь Ж.Г манай эхнэр рүү “чи манай найзуудтай явалддаг биз дээ” гээд хараагаад байдаг байсан болохоор нь гэнэт миний уур хүрээд Ж.Г-ийг буйдан дээр сууж байхад нь хөлөөрөө толгой руу нь 3, 4 удаа хүчтэй өшиглөөд гар, нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хромон гуталтай байсан болохоор толгой тархи нь доргисон байх гэж бодож байна. Тэгтэл Ж.Г-ийн хамар амнаас нь цус гараад би зодохоо болиод гэрээс нь гараад явсан. Би Г-ийн гэрт очихоос өмнө 2 том пиво уусан байсан. Г миний өөдөөс хариу үйлдэл хийж миний биед гэмтэл шарх учруулаагүй. Би уур уцаараас болж хүний биед гэмтэл шарх учруулсан. Ж.Г миний эхнэр рүү залгаад харааж зүхээд байдаг байсан. Нэхэмжилсэн мөнгөн төлбөр 1.600.000 гаруй төгрөгийг би төлөх чадваргүй. Хийсэн гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Хохирогч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн үед би гэртээ нэлээн халамцуу унтаж байтал Э орж ирээд гэнэт л нүүр рүү өшиглөөд, босгохгүй дээрээс дараад л зодоод байсан. Д.Э өөрөө хромон гуталтай байсан болохоор толгой тархи руу их олон удаа өшиглөөд байсан. Тэгээд л миний толгой доргисон байх. Би өөрөө ч жаахан халамцуу байсан болохоор өөдөөс нь зодолдох тэнхэл ч байгаагүй. Д.Э той уул нь харилцаа хамааралгүй байдаг, эхнэрийг нь л таньдаг. Өмнө нь ганц хоёр удаа муудалцаж байсан. Д.Э намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Миний толгой маш их өвдөөд хамар, амнаас нилэнхүйдээ цус гарсан байсан. Зүүн нүд хавдаад цус хурсан байдалтай, гар хөл нэлэнхүйдээ хөндүүртэй хөх няц болсон байдалтай байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э ыг мэдэхгүй байна. Бодвол согтуу болоод л ирж зодсон байлгүй. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/
Гэрч Л.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө би ажилтай байсан. Өглөө үүрээр 05 цагийн үед манай найз залуу Ж.Г танай хүргэн чинь ирээд намайг зодчихлоо гэж чат бичсэн байсан. Д.Э Г-ийг зодож байх үед нь хамт байгаагүй. Д.Э ганцаараа очоод Г-ийг зодсон гэсэн. Яг ямар шалтгааны улмаас зодолдсоныг мэдэхгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө Ж.Г-тай уулзсан чинь нүүр ам нь нэлээн хавдартай болчихсон чих, хамар, амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн. Г Өлзийт суманд малчин, архи дарс нэг их уугаад байдаггүй хүн л дээ. Э манай эгчийн нөхөр, архи их уудаг. Архи уухаараа нилээн тавьтаргүй хүн байдаг. ” гэх мэдүүлэг /12-13/
Гэрч Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө би найзуудтайгаа гадуур явж байхад манай нөхөр бас гадуур найзуудтайгаа архи уугаад явж байсан. Би шөнө 23 цагийн үед гэртээ харьж амарсан, манай нөхөр гэртээ ирж хоноогүй. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө би Л.У-тай уулзаад Ж.Г-ийн гэрт нь очтол Г манай нөхөрт зодуулчихсан гээд байж байсан. Тэгээд Ж.Г Д.Э оос чи надад 300.000 төгрөг л өгчих гэхээр нь манай нөхөр Д.Э тэгье гээд зөвшөөрөөд орой нь хөдөө мал хийхээр явсан. Тэгтэл маргааш нь гэнэт цагдаа дээр дуудагдаад ирсэн. Э, Г нар хоорондоо зодолдож байхад би байгаагүй. Ж.Г манай дүү Уртнасангийн найз залуу нь. Өмнө нь намайг гар утсаар дарамтлаад, гуйлгачин гээд доромжлоод байдаг. Надтай таарах болгондоо согтуу байдаг байсан. Манай нөхөр бас л архи уудаг. Бага зэрэг хартай. Г над руу хааяа, хааяа залгахаар буруугаар ойлгоод хардаад байдаг. Архи уухаараа тавьтаргүй их л уурлаж, уцаарлаад байдаг хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2/
Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 291 дугаартай:
“1. Ж.Г-ийн биед тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлий, гуяны зөөлөн эдийн няцралт цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн эрэгт хамаарна.
4.Тухайн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/
Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/
Хохирогч Ж.Г-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 1.586.665 төгрөг гэх Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэх /хх-ийн 44/
Жаргалсайханы Г төлбөрт үйлчилгээний үнэ 50.000 төгрөг гэх тасалбар /хх-ийн 45/
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 150.000 төгрөгийн хохирол төлсөн баримт болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ж.Г-ийн гэрт нь очиж түүнийг өөрийн эхнэр Э.Т-ийг “чи манай найзуудтай явалддаг биз дээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас толгой, гар, нуруу хэсэгт нь өшиглөн зодож биед нь “Тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ж.Г-ийн гэрт нь очиж түүнийг өөрийн эхнэр Э.Т-ийг“чи манай найзуудтай явалддаг биз дээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас толгой, гар, нуруу хэсэгт нь өшиглөн зодож биед нь “Тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Ж.Г-ийн“...2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн үед би гэртээ нэлээн халамцуу унтаж байтал Э орж ирээд гэнэт л нүүр рүү өшиглөөд, босгохгүй дээрээс дараад л зодоод байсан. Д.Э өөрөө хромон гуталтай байсан болохоор толгой тархи руу их олон удаа өшиглөөд байсан. Тэгээд л миний толгой доргисон байх. Би өөрөө ч жаахан халамцуу байсан болохоор өөдөөс нь зодолдох тэнхэл ч байгаагүй. ...Д.Э намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Миний толгой маш их өвдөөд хамар, амнаас нилэнхүйдээ цус гарсан байсан. Зүүн нүд хавдаад цус хурсан байдалтай, гар хөл нэлэнхүйдээ хөндүүртэй хөх няц болсон байдалтай байсан.” гэх
шүүгдэгч Д.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой Г-ийнд очсон. ... Урьд нь манай эхнэр рүү яриад чи манай найзуудтай явалддаг биз дээ гээд элдвээр хэлээд ажил дээр нь очоод байсан болохоор нь зодсон гэх, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед Г-ийн гэрт нь “Боргио” нэртэй том пиво аваад очсон. Ж.Г гэртээ ганцаараа, бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд бид хоёр пиво хувааж уусан. Өмнө нь Ж.Г манай эхнэр рүү “чи манай найзуудтай явалддаг биз дээ” гээд хараагаад байдаг байсан болохоор нь гэнэт миний уур хүрээд Ж.Г-ийг буйдан дээр сууж байхад нь хөлөөрөө толгой руу нь 3, 4 удаа хүчтэй өшиглөөд гар, нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хромон гуталтай байсан болохоор толгой тархи нь доргисон байх гэж бодож байна. Тэгтэл Ж.Г-ийн хамар амнаас нь цус гараад би зодохоо болиод гэрээс нь гараад явсан.” гэх
гэрч Л.У-ийн: “...Өглөө үүрээр 05 цагийн үед манай найз залуу Ж.Г танай хүргэн чинь ирээд намайг зодчихлоо гэж чат бичсэн байсан. ...Д.Э ганцаараа очоод Г-ийг зодсон гэсэн. Яг ямар шалтгааны улмаас зодолдсоныг мэдэхгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө Ж.Г-тай уулзсан чинь нүүр ам нь нэлээн хавдартай болчихсон чих, хамар, амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн.” гэх
гэрч Э.Т-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө би Л.У-тай уулзаад Ж.Г-ийн гэрт нь очтол Г манай нөхөрт зодуулчихсан гээд байж байсан.” гэх мэдүүлгүүдээр
мөн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Ж.Г-ийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Ж.Г-ийн эрүүл мэндэд “Тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э ын үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-ийн эрүүл мэндэд “Тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Ж.Г нь уг гэмтлийн улмаас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлэхэд 1.586.665 төгрөгийн эмчилгээний төлбөр /хх-ийн 44 тал/, 2021 оны 11 сарын 28-ны өдөр төлбөрт үйлчилгээний үнэ 50.000 төгрөг /хх-ийн 45 тал/, нийт 1.636.665 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Ж.Г т 150.000 төгрөгийг түүний Хаан банк дахь дансаар төлснийг хасч шүүгдэгчээс 1.486.665 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Г т олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Хохирогч Ж.Г-ийн зүгээс эмчилгээний зардалд 1.636.665 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа баримт хэрэгт авагдсан байна. 50.000 төгрөгийн баримтын хувьд маргах зүйл байхгүй. Нэгдсэн эмнэлгээс гаргаж ирүүлсэн нэхэмжлэх дээр 1.586.665 төгрөг гэж байгаа хэдий ч Ж.Г нь эмнэлэгт хэвтсэн үгүй нь тодорхой бус, нэхэмжлэлд тамга тэмдэг, гарын үсэг дутуу байх учир 1.586.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргаж байх бөгөөд хохирогч Ж.Г нь шүүгдэгчийн түүний эрүүл мэндэд учруулсан хохирол /гэмтэл/-ын улмаас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн болох нь 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 291 дугаартай Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Ж.Г-ийн биед шинжилгээ хийхийг Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албанд даалгасан тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 291 дугаартай Ж.Г-т гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нарын өрөөнд хийсэн тухай шинжээчийн 291 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ж.Г-ийн эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх нь цаг хугацааны хувьд хэрэг болсон цаг хугацаатай тохирсон, эмнэлгийн санхүүгийн тамгатай, нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд: “Би энэ их мөнгийг төлж чадахгүй, төлөх чадваргүй” гэж мэдүүлж байх боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Д.Э нь өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээд байна. Мөн шүүгдэгч Д.Э нь биеийн эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдаанд “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж мэдүүлж байх бөгөөд хавтаст хэрэгт шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогын талаарх баримт авагдаагүй тул түүнд торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Ж.Г-т шүүх хуралдааны товыг 2022 оны 01 сарын 07-ны өдөр мэдэгдсэн байх боловч хохирогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд хүсэлт ирүүлээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Д-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д-ын Э-т 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э оос 1.486.665 /нэг сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Гт олгосугай.
5. Шүүгдэгч Д.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР