Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Г.Э

          Хохирогч Б.Э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д холбогдох эрүүгийн 2122000000193 дугаартай  хэргийг 2021 оны  12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Х нь Дундговь аймгийн Дэлгэрцогт  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх толгой”-н 1-6 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э  тэй маргалдаж цээжин тус газар нь өшиглөн түүний биед 5-р хавирга, өвчүүний холбоосын гэмтэл, зовхи, тохойд цус хуралт, тохойд зулгаралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

                 Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 сарын 13-ны өдөр Ө-оор машин янзлуулах гэж суман дээр ирсэн. Тэгээд гэрээс нь хүний машин асаана гэж хамт гарч тэр хүнийхээ машиныг нь асаагаад дэлгүүрээс 1 шил архи аваад Б-ыд очиж архиа уучихаад орой Ө ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд орж цай уу гэхээр нь дагаж гэрт нь ороод Э-тэй маргалдсан. Гэрээс нь гараад нөхөр нь намайг түлхээд би дээшээ харсан байсан чинь Э миний гэдсэн дээр суугаад багалзуурдаад, нөхөр нь дараад байхаар нь тийрч боссон. Тэгсэн хавирганд нь таарсан. Тэгээд Э гэр рүүгээ гүйж ороод цагдаа дуудсан. Хохирогчийн нүүр аманд нь гэмтэл байгаагүй.” гэв.  

            Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 11 сарын 13-ны өдөр Ө бид 2 гэрээ дулаалаад дуусч байтал Х эхнэртэйгээ 2 цаг манай гадаа зогссон. Манай нөхөр амбаараа тавиад хаяагаа маргааш маная гээд явсан. Тэгээд утас нь холбогдохгүй байхаар нь би хөдөө явсан юм байх гэж бодсон. 22 цаг 30 минутын үед хувцсаа угаангаа хүүхдэдээ бантан хийж байтал манай нөхрийн нүүр нь хавдаж, нүд нь хөхөрсөн, куртка нь урагдсан, ноосон цамцных нь заам нь урагдсан орж ирсэн. Тэгэхээр нь би Хид хүн авч явахаараа архиар хуурч юм хийлгэх юм, үүнийхээ оронд 5, 10 төгрөгийг нь өгөхөд яадаг юм, зодолдсон ирэх юм гээд бантан хутгангаа хэлсэн. Тэгсэн Х жоохон юм хийлгэсний төлөө юун их юм санадаг юм, ганц гэрлэн дохио л янзалсан, чи хаанахынх гэдгээ мэдэх үү? чи Өвөрхангайн шээс байхгүй юу гэж хэлсэн. Хүнд мордох хугацаа гэж байдаг юм, мордох хугацаа дуусна гэж байдаг юм шүү дээ гэхээр нь би Баас энэ нь юу гэсэн үг юм бэ? гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Би бантан аягалаад нэг гартаа халбагатай, нөгөө гартаа аягатай эргэтэл 2 гар бариад өшиглөсөн. Тэгээд гараас тавихгүй байсан. Би Баар аяга халбагыг авахуулж ширээн дээр тавиулсан. Тогоон дээрх бантангаа авч амжаагүй байтал чамайг гүйцээе гээд намайг багалзуурдсан. Тэр үед манай нөхөр тонгойсон, Б орон дээр сууж байхаар нь эхнэрийг чинь алах гэж байхад чи яасан тэнэг юм гэж нөхөртөө хэлтэл манай нөхөр босох хооронд Б намайг салгаж авсан. Б байгаагүй бол энэ хүн намайг гүйцээгээд алах байсан байх. Би угаалгын машины хажууд зогсож байтал Б манай нөхөр хоёр Хийг аваад гарах гэтэл гараагүй. Тэгээд шүүгээнээс зуураад айлын хоолны савыг хагалсан. Тэрийг авч өгнө гээд авч өгөөгүй байгаа. Тэгээд миний гараас шүүрээд, намайг амбаар байсан буйран дээр унагааж багалзуурдсан. Манай нөхөр салгаж арагшаа дартал миний гарыг салгалгүй 2 хөлөөрөө давсаг сав руу тийчсэн. Би яаж ч чадахгүй эргээд хартал Б хараад сууж байхаар нь гар салгаж өгөөч гэтэл ирээд салгаж өгсөн. Гараа салгаад уурандаа хэд маажчихаад гэр рүү орж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсэн. Маргааш нь цагдаа Хийг дагуулж ирээд гомдол санал байна уу? гэхэд би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Х чи айхтар хүүхэн байна лээ шүү миний хүзүүн дээр мордоод намайг багалзуурдсан гэж цагдаагийн хажууд хэлэхээр нь би багалзуурдсан байтлаа хохирогч болох уу? гомдолтой гээд өргөдөл гаргасан. Тэгсэн Хийн эхнэр удаа дараа нөхөртөө зодуулчихаад ингээд байгаа юм биш үү гэж байсан. Би Х той 3 удаа явж үзүүлсэн. 11 сарын 07-нд байгууллагаараа нэгдсэн журмаар эмнэлэгт үзүүлэх үед миний сарын тэмдэг ирээд дууссан байсан. Тэгтэл 3 хоногийн дараа Хид өшиглүүлээд дахин сарын тэмдэг ирсэн. Эмчид үзүүлэхэд доргилтынх байх бариа заслаар яв гэж хэлсэн. Би Хид хэлээд үрэвслийн эм авсан. Нэг эмийг нь авах гэсэн учиргүй үнэтэй байхаар нь адилхан амьдарч байгаа юм чинь гээд тэр эмийг аваагүй хаясан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа эмчид үзүүлсэн. Халуураад эмчид үзүүлэхээр бариа засалд үзүүл гэж хэлдэг. Эм авсан 85.000 төгрөг байгаа. Сарын тэмдэг ирэх болгонд өвддөг, сав бөөр хавсарч өвддөг болсон. Эмийн сангаас бичүүлээд авчихдаг. Би 6 төрөхдөө өвчин аваагүй. 2020 оны 01 сард төрөхдөө маш сайн гам барьж байсан. Тухайн үед 10 сартай /нялх биетэй/ байхдаа хүнд зодуулаад сав бөөрний өвчтэй болсондоо харамсалтай байна. 2.000.000 төгрөг нь бариа засал хийлгэх төлбөр. Энэ хүн хэлснээрээ айлын халуун сав төлж өгнө биз. Би эргэн тойронд хүчирхийллийн дунд амьдардаг. Манай нөхрөөр юм хийлгэх гэсэн хүн дандаа архитай орж ирдэг, эхнэр нь чөтгөр, эхнэртээ атгуулсан гэж намайг ярьдаг. Н.Х ийг биеэр нь ял шийтгэл эдлүүлбэл ойлгоно. Маргааш энэ хүн торгуулийн мөнгийг нь төлөөд би энийг төлөөд гарчихна гэж хэлээд яваад байх магадлалтай. Би эмнэлэгт хэвтэнэ гээд мөнгө нэхэмжилсэн ч баримт бүрдүүлээд явъя гэж бодсонгүй. Тиймээс шүүгдэгчид ойлгуулахын тулд биеэр нь ажил хийлгэж шийтгүүлсэн нь зөв гэсэн бодолтой байна.” гэв.

Хохирогч Б.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр Ө, Х, Б хоёрыг дагуулаад орж ирсэн. Тэгсэн манай нөхрийн нүд нь хавдсан, хувцасны энгэр нь урагдсан байсан. Би Х ид хандаж чи манай нөхрийг авч явахаараа дандаа архи өгдөг, юм хийлгэчихээд мөнгийг нь өгч болдоггүй юм уу, дандаа хоорондоо ноцолдож байх юм, одоо чи яв бид нар амарлаа гэсэн. Тэгсэн Х миний өөдөөс салаавч гаргаад юун их юм бодсон юм. Би ганц гэрлэн дохио үзүүлсэн, хүний мордох хугацаа дуусна гэж байдаг юм шүү дээ гэсэн. Би хүүхдийнхээ бантанг аягалаад ширээн дээр тавих гэтэл Н.Х миний хоёр гарын бугуйнаас атгаж аваад орон дээр сууж байгаа чигээрээ миний цээж рүү өшиглөсөн. Тэгэнгүүтээ намайг гүйцээчихье гээд багалзуурдсан. Тэгсэн манайд цуг ирсэн Б салгасан. Тэгээд манай нөхөр босч ирээд Б тэр хоёр  Н.Хийг аваад гадаа гарах гэтэл гэрийн зүүн урд талын шүүгээг татахад дотор байсан аяга, таваг хагарсан. Би шүүгээ унах нь гээд түшээд автал Х миний хоёр гараас барьж аваад гадаа гараад унагаад хоолой боосон. Манай нөхөр ирээд Н.Хийг бариад дарсан. Тэгэхэд Н.Х миний гарыг бариад газар унасан хэвээрээ миний гэдэс хавь руу тийчээд байсан. Би гараа салгаж чадахгүй, Б ыг миний гарыг салгаж өгөөч гэх гуйхад Б миний гарыг салгаж өгсөн. Би уурандаа Хийн гэдсийг базаж аваад гэр рүүгээ орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-9/

         Гэрч Б.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Х бид хоёр машин дотор 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уусан. Н.Х той гэрт очсон чинь манай эхнэр Н.Х руу уурласан. Тэгсэн Н.Х танай нөхрөөр гэрэл, дохио л үзүүлсэн болохоос юун сүртэй юм гэсэн. Манай эхнэр Э, Х хоёр хэрэлдээд барилцаад зүүн урд талын гал тогооны шүүгээ тачигнаад гарсан. Тэгэхээр нь би гарч очиход Х амбаарын зүүн талд эхнэрийг унагаасан дээр нь сууж байсан. Би согтуу байсан. Х тэр хавиар дэвээд л байсан. Яг хаана нь цохиж өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр хавирга, гэдэс өвдөөд байна гэж байсан. Энэ хоёрын хооронд өс хонзон болоод өр авлагын зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

        Гэрч Ж.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 11 сарын 13-ны өдөр Х хөдөө гэрээсээ ирээд машиных нь гэрэл болохгүй байна. Ө дээр очиж янзлуулна гэж хэлээд явсан. Харанхуй болсон хойно манай гэрт Х, Ө хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 0.5 литрийн “Хараа” нэртэй архитай ирсэн. Тэгээд Ө ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Хийг гарч ирэхгүй болохоор нь Ө ын гэрт яваад ортол Х гэрийнх нь зүүн талын орон дээр суусан байдалтай Б.Э хажууд нь зогсоод хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд Х гэрээс гарах гэтэл Э Х оос зууралдаж эхэлсэн. Тэгэхэд Х Э-тэй зууралдсан хэвээр гэрээс нь зүтгээд гараад явсан. Намайг гарахад Хийг амбаарынхаа зүүн талд газарт унагаачихсан Ө Х ийн цээжийг дараад Э хажууд зогсоод Хийг өшиглөж, тонгойгоод гэдэс, бүсэлхий хэсэгт нь цохиж байсан. Х босох гэж тийчилж байх үед Э мөн Хийг тонгойж цохих гэж байгаад гэдэс хэсэгтээ Х ид өшиглүүлсэн юм. Тэгээд би тэр хэдийг салгаад Хийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

       Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 281 дугаартай:

           “А/.Б.Э ийн биед 5-р хавирга, өвчүүний холбоосын гэмтэл, зовхи, тохойд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           Б/.Тухайн гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

           В/. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

           Г/. Үзлэгээр хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй.

           Д/. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

          Е/. Хавирга, өвчүүний холбоосын гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зовхи, тохойд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”  гэх дүгнэлт /хх-ийн 21-22/

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

         Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37/

          Шүүгдэгч Н.Хийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны  тооллогын /малын А дансны/ хуулбар /хх-ийн 38-39/

          Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

          Хас банкны 2021 оны 12 сарын 10-ны өдрийн В119/478 дугаартай Н.Хтус банкинд харилцах, хадгаламжийн дансгүй тухай албан бичиг /хх-ийн 44/

          Төрийн банкны 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 39/684 дугаартай Н.Хтус банкинд данс эзэмшдэг тухай албан бичиг /хх-ийн 45/

          Хохирогч Б.Э ийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 48/

          Шүүгдэгч Н.Х ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед хөдөө гэрээсээ Дэлгэрцогт сум орсон. Тухайн үед миний машины аваарын дохио нь асахгүй байсан тул найз Ө ын гэрт очсон. Намайг очиход Ө эхнэр Э ийн хамт гэрээ дулаалж байсан. Ө машиндаа Б гэх залуутай 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи уугаад дуусч байсан. Би тэрнээс нь 3 татсан байх. Машиныхаа гэрэл дохиог Ө од үзүүлэхэд багажгүй байна, багажтай болоод үзэж өгье гэж хэлсэн. Тэгтэл Сүхээ гэх хүн ирээд машин чирээд өг гэж гуйсан. Би зөвшөөрөөд явах гэтэл Ө би хамт явъя гээд миний машинд суусан. Ө бид хоёр Сүхээгийн машиныг асааж өгтөл Ө би нэг архи авчихъя гэж хэлээд дэлгүүр ороод 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи аваад гарч ирсэн. Тэр архийг Ө бид хоёр Б гэх айлд очиж түүнтэй хамт уусан. Мөн Б ы гэрт 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд Ө бид хоёр Б ыхаас гарч Ө ын хашааны гадна талд очиход Ө намайг орж цай уу? гэж хэлсэн. Би Ө ыг дагаад гэрт нь орсон ба тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Гэрт нь ороод гэрийнх зүүн талын орон дээр сууж байтал Э “чи манай нөхрийг уруу татаж архи уулаа, цамцыг нь урсан байна, юм хийлгээд мөнгө өгдөггүй, дандаа архи өгдөг” гэж загнаж эхэлсэн. Би хариуд нь “би шальтай юм хийлгээгүй, юун сүртэй юм” гэж хэлтэл. Э нь чи дандаа манайхаар ирж манай нөхрийг уруу татдаг гэж хэлээд нүүр самардах гээд дайраад байхаар нь би Эийн хоёр гарыг нь бугуйнаас бариад авсан юм. Би Э-тэй зууралдаад гэрийнх нь зүүн урд талд байх гал тогооны шүүгээний орчимд зогсож байтал гаднаас Б орж ирсэн. Б орж ирээд Э бид хоёрыг салгаад би гэрээс гартал араас Ө гарч ирээд намайг дугтарч дээш харуулан унагаасан. Тэгтэл Э миний дээр гарч суугаад, Ө хажууд суугаад намайг босгохгүй суганы орчмоос татаад байсан. Э дээр гарч суучихаад босохгүй намайг самардах гээд байхаар нь Э ийн хоёр гарыг бугуй хэсгээс нь барьж аваад хөлөөрөө Э ийг тийрч цаашлуулаад боссон юм. Тэгэхэд Э хавирга, хавирга гээд гэр рүүгээ орсон. Асуудал болсноос хойш 2 удаа Б.Э ийг аймагт авч ирж Нэгдсэн эмнэлэгт үзүүлж бичсэн эмнүүдийг нь авч өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх толгойн” 1-6 тоот Б.Ө ын гэрт түүний эхнэр /хохирогч/ Б.Э тэй “манай нөхрийг уруу татаж архи уулаа, цамцыг нь урсан байна, юм хийлгээд мөнгө өгдөггүй, дандаа архи өгдөг” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний цээжин тус газарт өшиглөн эрүүл мэндэд нь 5-р хавирга, өвчүүний холбоосын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх толгойн” 1-6 тоот Б.Ө ын гэрт түүний эхнэр /хохирогч/ Б.Э тэй “манай нөхрийг уруу татаж архи уулаа, цамцыг нь урсан байна, юм хийлгээд мөнгө өгдөггүй, дандаа архи өгдөг” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний цээжин тус газарт өшиглөн эрүүл мэндэд нь 5-р хавирга, өвчүүний холбоосын гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

       шүүгдэгч Н.Хийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Би 2021 оны 11 сарын 13-ны өдөр Ө-оор машин янзлуулах гэж суман дээр ирсэн. Тэгээд гэрээс нь хүний машин асаана гэж хамт гарч тэр хүнийхээ машиныг асаагаад дэлгүүрээс 1 шил архи аваад Б-ыд очиж архиа уучихаад орой Ө ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд орж цай уу гэхээр нь дагаж гэрт нь ороод Э-тэй маргалдсан. Гэрээс нь гараад нөхөр нь намайг түлхээд би дээшээ харсан байсан чинь Э миний гэдсэн дээр суугаад багалзуурдаад, нөхөр нь дараад байхаар нь тийрч боссон. Тэгсэн хавирганд нь таарсан.” гэх,

      хохирогч Б.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би бантан аягалаад нэг гартаа халбагатай, нөгөө гартаа аягатай эргэтэл 2 гар бариад өшиглөсөн. ...Би Баар аяга халбагыг авахуулж ширээн дээр тавиулсан. Тогоон дээрх бантангаа авч амжаагүй байтал чамайг гүйцээе гээд намайг багалзуурдсан. ....Тэгээд миний гараас шүүрээд, намайг амбаар байсан буйран дээр унагааж багалзуурдсан. Манай нөхөр салгаж арагшаа дартал миний гарыг салгалгүй 2 хөлөөрөө давсаг сав руу тийчсэн. Би яаж ч чадахгүй эргээд хартал Б хараад сууж байхаар нь гар салгаж өгөөч гэтэл ирээд салгаж өгсөн. Гараа салгаад уурандаа хэд маажчихаад гэр рүү орж цагдаа дуудсан гэх,

     гэрч Б.Ө ын:“...Н.Хбид хоёр машин дотор 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уусан. Н.Х той гэртээ очсон чинь манай эхнэр Н.Х руу уурласан. Тэгсэн Н.Х танай нөхрөөр гэрэл, дохио л үзүүлсэн болохоос юун сүртэй юм гэсэн. Манай эхнэр Э, Х хоёр хэрэлдээд барилцаад зүүн урд талын гал тогооны шүүгээ тачигнаад гарсан. Би гарч очиход Х амбаарын зүүн талд эхнэрийг унагаасан дээр нь сууж байсан. ...Яг хаана нь цохиж өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр хавирга, гэдэс өвдөөд байна гэж байсан.” гэх,

гэрч Ж.Б ы: “ 2021 оны 11 сарын 13-ны өдөр Х хөдөө гэрээсээ ирээд машиных нь гэрэл болохгүй байна. Ө дээр очиж янзлуулна гэж хэлээд явсан. Тэгээд харанхуй болсон хойно манай гэрт Х, Ө хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 0.5 литрийн “Хараа” нэртэй архитай ирсэн. Тэгээд Ө ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Хийг гарч ирэхгүй болохоор нь Ө ын гэрт яваад ортол Х гэрийнх нь зүүн талын орон дээр суусан байдалтай Б.Э хажууд нь зогсоод хоорондоо хэрэлдэж байсан. ...Тэгэхэд Х Э-тэй зууралдсан хэвээр гэрээс нь зүтгээд гараад явсан. ... Х босох гэж тийчилж байх үед Э Хийг тонгойж цохих гэж байгаад гэдэс хэсэгтээ Х ид өшиглүүлсэн юм. Би тэр хэдийг салгаад Хийг аваад явсан.” гэх

мөн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 281 дугаартай “...Хавирга, өвчүүний холбоосын гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зовхи, тохойд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  хохирогч Б.Э ийн Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Х ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Н.Х ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Э ийн эрүүл мэндэд5-р хавирга, өвчүүний холбоосын гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан байна.

       Хохирогч Б.Э нь 87.520 төгрөгийн эм тариа худалдан авсан баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба эм тариа авсан гэх цаг хугацаа  нь хэрэг учрал болсон цаг хугацаатай тохирч байх тул шүүгдэгч Н.Х оос 87.250 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эт олгох нь зүйтэй гэж үзлээ.

      Мөн хохирогч Б.Э шүүх хуралдаанд Н.Х-д зодуулсны улмаас  сав, бөөрний өвчтэй болсон. Бариа засал  хийлгэх төлбөр 2.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч энэ талаар шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Иймд хохирогчийн бариа засал хийлгэх төлбөр болох 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч Н.Х ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил  хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь мал маллаж эхнэр хүүхдийн хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар сургалтад хамруулах дүгнэлтүүдийг тус тус гаргаж байна.

 

        Хэрэгт шүүгдэгч Н.Х ийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны  тооллогын /малын А дансны/ хуулбар /хх-ийн 38-39/ авагдсан хэдий ч орлогын талаарх баримт авагдаагүй, шүүгдэгч сард ямар хэмжээний орлого олдог болох нь тодорхойгүй байх тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

    Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

       Шүүгдэгч Н.Х ийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч шүүхээс оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссаны дараа хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул улсын яллагч болон өмгөөлөгчийн шүүгдэгчид үүрэг хүлээлгэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

       Шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Н.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х оос 87.520 /наян долоон мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э т олгосугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Э ийн бариа заслын эмчилгээ хийлгэх 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР