Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч *******,

Насанд хүрээгүй хохирогч *******с,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Одончимэг,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2133000240058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатарт төрсөн, 400настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “*****” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, **** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Тугчин овогт ******* /регистрийн дугаар ХП00000000/

           Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч ******* нь “******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг, Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгын 3 дугаар заалтуудыг тус тус зөрчиж, техник эзэмших мэргэжлийн үнэмлэхгүй Э.Отгонхүүгээр трактор жолоодуулсан, тус ХХК-д аман хэлцлээр ажиллаж байсан *******сөд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас *******с нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутагт тракторын эд ангид цохигдон эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд ******* нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч *******с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай хамаатны эгч нэг ажил байна явах уу? гэхээр нь тэр ажилд яваад өдөр нь ийм зүйл болсон. Трактор барьж байсан хүн нь санаандгүй харахгүйгээр шууд хөдөлчихсөн. Ийм л зүйл болсон. Одоо миний нуруу өвддөг. Мөн хамар битүүрээд байдаг болсон...” гэв.

 

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Одонцэцэгийн өгсөн: “...Одоо хүүхдээ эрүүл саруул болгож авах хүсэлтэй байна. Би ганцхан хүүтэй. ******* урьд хийгдсэн эмчилгээний зардлыг хариуцан төлсөн. Мөн 2,000,000 төгрөг бидэнд өгсөн. Хүү маань цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед:  

 

1. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дугаар тал)

2. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал)

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №453 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

1.*******сийн биед гавал тархины битүү гэмтэл, духны ясны хугарал, тархины эдийн няцрал, нүүрний олон ясны хугарал /баруун, зүүн талын хоншоор ясны урд болон арын хана, хоёр талын хоншоор ясны дотор хана, баруун талын хоншоорын ар хананы хугарал, зүүн талын хацар ясны нум/, баруун эгэмний ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ба гадна хана, хоёр нүдний ухархайн дээд ба дотор хананы бяцарсан хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр ба хоёр нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.

3.Гавал тархины битүү гэмтэл, духны ясны хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүрний олон ясны хугарал /баруун, зүүн талын хоншоор ясны урд болон арын хана, хоёр талын хоншоор ясны дотор хана, баруун талын хоншоорын ар хананы хугарал, зүүн талын хацар ясны нум/, баруун эгэмний ясны хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн доод ба гадна хана, хоёр нүдний ухархайн дээд ба дотор хананы бяцарсан хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр ба хоёр нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана.

4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэжээ. (хавтаст хэргийн 15-17 дугаар тал)

4. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №18-06-018/21 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д "үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг хэлнэ гэж зааснаас үзэхэд уг осол үйлдвэрлэлийн талбай дээр болсон байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд "... Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно." гэж зааснаас үзэхэд хохирогч *******с нь "*******" ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан байна.  

3. "*******" ХХК нь ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгыг 2021.08.01-ний өдөр өгөөгүй байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлахад "*******" ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаа томилж ажиллуулаагүй байна.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэж зааснаас үзэхэд *******сөд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх шаардлагатай байсан байна.

6. *******сөд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажил олгогчийн зүгээс олгоогүй байна.

7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж зааснаас үзэхэд *******с нь үйлдвэрлэлийн осолд өртсөн байна.

 8.Ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсад мөрдөж байгаа стандартыг хангасан эсэх, техник тоног төхөөрөмжийг стандартын дагуу угсарсан, хэрэглэсэн эсэх гэсэн асуултад хариулах боломжгүй байна.

9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэж зааснаас үзэхэд "*******" ХХК-ийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж болохоор байна.

10. "*******" ХХК нь ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдпэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг, Техник эзэмших мэргэжлийн үнэмлэхгүй Э.Отгонхүүгээр трактор жолоодуулсан нь Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгын 3 дугаар заалтуудыг зөрчсөн байна.

11.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй болно...” гэжээ.   (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал)

5. Насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Одонцэцэгийн мэдүүлэхдээ “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг Орхон аймагт дүүгийнхээ хүүхдийг эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад үдээс хойш оройхон яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна манай бэр Батцоож над руу залгаад “...Та Сант сумын эмнэлэг дээр хүрээд ир Төгсөө беларуснаас унасан юм шиг байна” гэхээр нь “би Эрдэнэтэд байна, очих болоогүй байна, чи юу ч болсон очоод байж бай...” гэж хэлчихээд дүүгийнхээ хүүхдийн гарыг гипсдүүлээд байж байхад над руу Батцоож дахин залгаад “Төгсөөг одоо эмнэлгийн машинтай Эрдэнэт рүү авч явах гэж байна, та наанаа хүлээгээд байж бай гэхээр нь би “би энд хүлээгээд яах вэ, урдаас чинь явж байя” гэж хэлээд Эрдэнэтээс гараад явж байх замдаа Хөтөлийн машинтай таарсан. Тэгээд би Хөтөлийн машинд суугаад хүүхдээ хараад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очсон юм. Манай хүүг Ариунтөгс гэдэг. Одоо 17 настай. Сэлэнгэ аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Одоо 12 дугаар ангид орно. Манай дунд хүү байгаа юм. Манай хүүгийн биеийн байдал одоогоор ерөнхийдөө сайн биш, гэртээ хэвтрийн дэглэмд байгаа. Ер нь л байнга нэг хүн хажууд нь байж асардаг юм. Орхон аймагт хүргэгдсэнийхээ дараа рентгэн ЭХО, томограф гэх мэтийн шинжилгээнүүдэд хамрагдсан. Мөн нүүр хэсгийн яс цөмөрсөн гээд хагалгаанд орсон. Тэгээд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг 9 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд эмнэлэгээс гарсан. Эмч нар хэлэхдээ манай хүүгийн эгэмний яс цуурсан байна гэж хэлсэн. Мөн манай хүүгийн нүдэнд их цус хурсан байсан одоо л ерөнхийдөө гайгүй болж байна. Нүдийг нь мөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө манай бэр Батцоож над руу залгаад “*******” ХХК-д халтуурны ажил байна гэнэ. Трактор талбайд 3 тойроод ирэхээр нь арын төхөөрөмжийнх нь шороо унагаах ажил гэнээ. Та Ариунтөгсийг ажиллуулах уу” гэхээр нь би “трактор дээр сууж бариад явдаг юм биш биз дээ” гээд асуусан чинь “үгүй, суухгүй ирээд зогсохоор нь шороог нь унагаадаг гэнэ” гэхээр нь би хүү Ариунтөгсдөө хэлсэн чинь манай хүү ажиллая гэхээр нь хүүгээ явуулсан юм. Ийм зүйл болно гэж тухайн үед бодоогүй...” гэжээ.  (хавтаст хэргийн 52 дугаар тал)

6. Насанд хүрээгүй хохирогч *******с мэдүүлэхдээ “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байсан. Би тухайн үед Сэлэнгэ аймгийн Сант суманд гэртээ байсан. Гэрт манай эцэг эх дүү нар бүгд байсан. Тэгсэн манай ээж П.Одонцэцэг тариан талбайн дээр тракторын арын ирдэг самны зэрлэгийг нь унагаах ажил байна гэнэ, чи явах юм уу гэж асуухаар нь тэгье гээд намайг нэг ах ирж машинаараа аваад “*******” гээд компанийн газар дээр очсон. Тэгээд намайг очиход манай доод ангийн Энэрэл гэх хүүхэд тэнд ажиллаж байсан. Тэгээд бид хоёр хамт талбайд уринш хийж байсан тракторын газар хагалдаг төхөөрөмжийн эргэдэг дугуй цанд наалдсан шороог нь цохиж унагаах ажлыг хийсэн. Тэгээд орой 18 цагийн орчим байсан байх цагийг сайн санахгүй байна би шороог нь унагаагаад тракторын баруун талд газар хагалдаг төхөөрөмжийн урд зогсож шороог нь унагаагаад зогсож байтал гэнэт трактор урагшаа хөдлөөд явчихсан. Тэгээд би цохигдоод газар унахад тракторын ард чирж байсан төхөөрөмж миний дээгүүр гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Надад ямар ажил хийлгэх гэж байгаа талаар хэн нэгэн хэлж зааварчилж өгөөгүй. Намайг гэрээс дагуулж ирээд байрладаг газраас нь бээлий аваад шууд талбай дээр очсон. Хамт ажиллаж байсан хүмүүсээс яаж хийдгийг нь хараад хийсэн. Уул нь хажууд байдаг ах болсон уу гэж асуугаад тэгээд трактор хөдөлдөг байсан. Харин осол болох үед хэн нэгэн нь дохио өгөөгүй, шороог нь салгаж дуусгаагүй байсан. Шороог нь салгаж дуусаагүй байхад хөдөлсөн. Миний хамар байнга битүүрдэг, дээр нь ажил хийх гээд юм өргөхөөр нуруу өвддөг, удаан хугацаанд дуу чимээ чагнахаар толгой эргэж өвдөж байна. Бас нүдний хараанд өөрчлөлт орсон. Эмчилгээ хийлгэмээр байна...” гэжээ. (хавтаст хэргийн 55-56 дугаар тал)

7. Гэрч ******* мэдүүлэхдээ “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 01 дүгээр багийн "*******” ХХК2021 оны 06 дугаар сард ирээд манай найз Мөнхтамир гэдэг залуу энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд “энд ерөнхийдөө хяналт маягаар намар хүртэл ажиллаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд техник хэрэгслийг хариуцаж засах туслах ажилтанаар ажиллаж байгаа юм. 2021 оны 08 дугаар 01-ний өдөр манайд ажилладаг Буяа гэдэг ах сумаас 2 хүүхэд авчирсан юм. Тухайн хүүхдүүд нь манай “*******" ХХК дээр ирж сонгины зэрлэг зулгаах, цагаан толгой тасдах гээд ажилд ажиллаж байсан. Энэрэл гэдэг хүүхэд нь намайг анх энэ байгууллагад ажиллахаар ирэхэд ажиллаж байсан юм. Тэгээд тухайн 2 хүүхдийг 10 цагийн үед Буяаа ах бригад дээр авчраад уриншны ажилд дискэнд наалдсан шороог салгах ажилд авч тариан талбай руу техникийн жолоочоор Отгонхүү, Буяаа ах, тухайн 2 хүүхэд явсан юм. Тэгээд удалгүй Буяа эргэж ирээд “та энд байгаад яах уу Эрдэнээ ахыг явуулчих гэнээ” гээд хүрээд ирсэн юм. Тэгээд би тэд нарт туслахаар тариан талбай дээр очсон юм. Намайг очиход ажил эхэлсэн 1 удаагийн явалт хийгдсэн байсан бөгөөд би тухайн 2 хүүхэдтэй хамт дискэнд наалдсан шороог нь лоомоор цохиж унагаачихаад явуулсан юм. Тэгээд тиймэрхүү маягаар ажил үргэлжилж байгаад өдөр хоолондоо ороод тэгээд 13:30 цагийн үед дахин ажил эхэлсэн. Тэгээд мөн урьдны адил ажил явж байгаад 16 цаг 10 минутын үед тракторын түлшны труп мултарсан юм. Тэгээд тэрийгээ засаад трактороо асаагаад талбайгаа 1 тойрог яваад ирсэн. Тэгээд нөгөө 2 хүүхдийн хамт шавраа цохисон. Тухайн үед тракторын зүүн талын 3 диск шавартай нөгөө талдаа 2 диск шавартай байсан. Тэгээд би Энэрэл гэдэг хүүхдийн хамт зүүн талын 3 дискний шаврыг цохисон юм. Нөгөө Ариунтөгс гэх хүүхэд нөгөө талын 2 дисний шаврыг цохиж байсан бөгөөд би шавраа цохиж дуусаад хартал нэгийг нь цохиод дуусгасан 2 дахиа цохиж байхаар нь Энэрэлийг хамт цохиод унагаачих гэж хэлчхээд портер машин руугаа явчихсан юм. Миний унаж явсан портер маркийн 96-38 УНХ улсын дугаартай машин 10-20 метрийн зайтай байсан бөгөөд машин дээрээ очоод утсанд дуудлага ирсэн байхаар нь утсаар ярьж байхад трактор хаазлаад хөдлөх шиг болохоор нь хартал нөгөө 2 хүүхдийн нэг нь харагдсан. Тэгээд гайхаад харсан чинь нөгөө хүүхэд нь газар хэвтэж байсан юм. Тэгээд очиход Ариунтөгс гэдэг хүүхэд ёооё гэж орилсон байдалтай хэвтэж байсан юм. Тэгээд би очоод биеийн байдлыг нь асуусан чинь “толгой өвдөж байна” гэж байсан бөгөөд амнаас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд би нэг шүд нь уначихсан юм уу гэж харсан. Яг шүд унасан эсэхийг нь мэдэхгүй байна нүүр ам нь битүү шороо болчихсон байсан юм. Тэгээд би Отгонхүүд хандаж “чи хойшоо хардаггүй юм уу” гэж хэлэхэд харсан хүн харагдаагүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Отгонхүү портерт нөгөө Ариунтөгс гэдэг хүүхдийг түшиж суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд араас нь явах гэсэн чинь унаа байхгүй зам хол бригад хүртэл 2-3 км зайтай байсан болохоор тракотороороо бригад ороод тэндээс унаа авч эмнэлэг дээр очсон юм. Тэгээд эмнэлэг дээр очиход дусал залгасан байсан. Эмч “ямар ч байсан эгэм хугарсан байна. Дотор гэмтэлтэй байж магадгүй тул төв газар бараадуул” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн машинаар Орхон аймгийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн тракторыг Балган гэдэг Сант сумын нэг ах барьдаг юм. Энэ трактор нь "*******" ХХК-ийн эзэмшлийн трактор юм. Манай компани захирал Эрдэнэбат тухайн техникийг Отгонхүүгээр бариулаад уринш хийлгэж байсан юм. Тэгээд бороо ороод талбай шавар ихтэй байсан учраад ажил зогсоод Эрдэнэбат захирал Улаанбаатар хот явсан бөгөөд бороо зогсохоор ажилдаа гараарай гэж хэлээд явсан байсан юм. Тэгээд бид нар өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажилд гарах гэж байгаад шавар ихтэй гээд больчихсон юм. Тэгээд өнөөдөр гарсан юм. Отгонхүү нь хаврын тариалалтад тухайн техникийг унаж ажиллаж байсан юм. Тухайн техникийг унаж ажиллах талаар Эрдэнэбат захирал зөвшөөрөл өгсөн байх. Би хэний зөвшөөрлөөр ажилласан гэдгийг мэдэхгүй байна. Урьд нь нэг ах ажилладаг байсан бөгөөд тэр хүн нь байхгүй байсан болохоор Буяа ах тэр 2 хүүхдийг авчирсан байх. Хүн олох талаар Эрдэнэбат захирал хэлсэн байх сайн мэдэхгүй байна. Би тухайн өглөө нь хаана сурдаг вэ? гэж асуусан чинь Ариунтөгс Сант сум гэж хэлсэн. Тэгээд 10 жилийн сурагч юм уу? гэхэд тийм 10 жилийн сургуульд сурдаг гэж хэлж байсан. Энэрэл нь бол ажиллаж байсан. Ариунтөгс нь ажиллаж байгаагүй. Энэрэл нь ирээд ажиллаад байдаг болохоор эцэг эх нь мэддэг байсан. Ариунтөгсийн ээжид нь утсаар хэлж зөвшөөрөл авсан гэж байсан. Ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж байгаагүй. Өнөө өглөө бас зааварчилгаа өгөөгүй. Хариуцсан хүн байдаг эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ХАБ инженер гэж хүн байдаггүй юм байна лээ. Трактор жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байх гэж бодож байна. Сайн мэдэхгүй байна. Ариунтөгс, Энэрэл нартай уриншны ажилд хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй. "*******" ХХК нь газар тариалангийн чиглэлээр ажил хийдэг...” гэжээ. (хавтаст хэргийн 75-76 дугаар тал)

8. Гэрч*-***** мэдүүлэхдээ “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 01 дүгээр багийн “*******” ХХК-д 2021 оны 04 дүгээр сард туслах ажилтнаар ажиллаж байна. 2021 оны 08 дугаар 01-ний өдөр тус “*******” ХХК-ийн тариалангийн талбайд ойролцоогоор 20 га талбайд уринш хийхээр тракторанд диск зүүж тариалангийн талбайг хагалж ажиллаж байсан. Ингэж ажиллахад Эрдэнэ, Энэрэл, Ариунтөгс нарын хамтаар ажиллаж тракторанд зүүсэн дискны завсар шавар ороод байсан. Тэгээд Эрдэнэ, Энэрэл, Ариунтөгс нар дискэнд наалдаж орсон шаврыг лоомоор цохиж унагаж байсан. Ингээд ойролцоогоор 10 удаагийн шавар цэвэрлэх үйлдэл хийсэн. Тэгээд би шавараа унагаж дууссаны дараа сигналдаж хүмүүсээ холдуулаад хөдөлдөг байсан. Хамгийн сүүлд шавар унагаж дуусаад тэгээд хүмүүсээ холдсон эсэхийг хартал Эрдэнэ лоомоо барьчихсан эргээд алхаж явсан. Тэгээд би баруун жигүүрээ шалгаад хартал харагдах орчин муу байсан. Тэгээд би трактортайгаа хөдлөсөн. Тэгсэн Ариунтөгс дискний дугуйнд дайруулчихсан байсан. Би аль улсад үйлдвэрлэсэн трактор болохыг мэдэхгүй. “*******” ХХК-ийн захирал нь Эрдэнэбат гэх хүн байдаг. “*******” ХХК-ийн захирал Эрдэнэбат гэх хүн уринш хий гэх хэлж яриад тэгээд би тухайн талбайд уринш хийсэн. Ариунтөгс гэх хүн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирж ажилласан хэний ямар зөвшөөрлөөр ирсэн талаар мэдэхгүй. Тухайн үед би утсаар яриад л ажилд орсон түүнээс гэрээ байгуулж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Надад Трактор жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Ариунтөгс, Эрдэнэ, Энэрэл нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар би мэдэхгүй. Би туслах ажилтан гэж явдаг. Би тариалангийн мэргэжлийн хүн биш...” гэжээ. (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал)

9. Гэрч ******* мэдүүлэхдээ: “...Ер нь бол Энэрэл гэдэг хүүхэд манай компанид урд нь олон удаа ирж ажилласан байсан юм. Тэгээд уринш хийх гэтэл дискэнд шороо наалдаад явахгүй байсан болохоор манай захирал Эрдэнэбат “хүн олж ажиллуулах хэрэгтэй байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би сумын төвөөс хүн хайж байсан юм. Тэгтэл Энэрэл ажиллахаар болсон урд нь бас ажиллаж байсан болохоор нь зөвшөөрсөн. Энэрэлд би дахиад хүн олох хэрэгтэй байгаа талаараа хэлсэн байсан юм. Энэрэлийг би тухайн өдрийн өглөө нь очиж авчирсан байсан юм. Тэгээд хүн олдохгүй болохоор нь сумын төвд байдаг Цоож гэдэг эмэгтэйтэй ярьж хүн асуухад нэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг ажиллуулахаар болоод 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөөний 10 цагийн үед сумын төвөөс очиж Ариунтөгс гэх хүүхдийг гэрээс нь авчирсан юм. Тэгээд тухайн хүүхдийг сумын төвөөс аваад талбай дээр ирэхэд КАТ маркийн трактортой ***** жолооч *******г аваад уринш хийхээр бригадын төвөөс ерөнцийн зүгээр баруун хойд талд байрлах сумын төвийн урд хэсэгт байдаг усалгааны системтэй талбайд уринш хийж байсан юм. Тэгээд хүүхдээ буулгах гэсэн чинь Отгонхүү Эрдэнээг портертой нь явуулчих машины сүүдэрт нь суугаад байж байхад амар байх гэхээр нь бригад ороод Эрдэнээ гэх залууг портертой нь Ариунтөгсийг суулгаад талбайруу явуулсан. Тэгээд өдөржингөө тэр 4 ажиллаж байгаад үдээс хойш 16-17 цагийн үед ***** над руу утсаар залгаад та эмнэлэг дээр хүрээд ирээч харахгүй хөдлөөд хүүхэд яачихлаа гээд учир битүүлэг юм ярьсан. Тэгэхээр нь би хүүхэд дайрчихсан юм байхдаа гээд араас эмнэлэг дээр очсон юм. Намайг очиход эмнэлгийн гадаа дөнгөж очиж байсан тэгээд хүлээн авахын эмч гарч ирээд эмнэлгийн хүлээлгийн өрөөнд оруулсан. Хүүхэд ямар ч байсан ярьж байсан бөгөөд нүүр ам нь нил шороо болсон машины кабинд байсан юм. Би ямар гэмтэлтэй байсныг хараагүй ямар ч байсан цус гоожсон юм мэдэгдээгүй. Тэгээд эмнэлэгт ороод Орхон аймаг руу авч явахаар болсон. Эмнэлгийн ажилтан Одмаа эгэм бэртсэн байна гэж хэлсэн өөр гэмтэл гээд байх зүйл мэдэгдэхгүй байна. Дотор гэмтэл байхыг үгүйсгэхгүй тийм болохоор авч явах хэрэгтэй гээд түргэн тусламжийн машинаар аваад явсан. Би Цоож гэдэг хүнтэй ярьж байгаад ажиллуулахаар болсон бөгөөд эцэг эхэд нь хэлсэн байсан байх. Намайг гэрийнх нь гадаа машинтай очиход хүүхэд ганцаараа гүйж гарч ирээд машинд суусан. Би бээлий авсан эсэх талаар нь асуухад авсан гэж байсан. Гэрийнх нь гадаа очиход 2 машин байсан болохоор эцэг эх нь мэдэж байгаа гэж бодсон. Тухайн хүүхдээс оюутан билүү дүү гэж асуухад би 12 дугаар ангид сурдаг гэж хэлсэн юм яг насаа бол хэлээгүй. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Өдрийн 30,000 төгрөгөөр ажиллуулахаар ярьсан. Би бодохдоо 7 хоногийн ажил байгаа юм байна даа гэж бодож байсан бөгөөд яг хэдэн хоног ажиллуулах талаараа огт ярилцаагүй. Бээлий байхгүй болохоор нь бээлий өгөөд болгоомжтой ажиллаарай гэж хэлээд явуулсан юм. Трактор уриншаа хийгээд талбайгаа тойроод тариалангийн талбайн захад ирэх үед нь уринш хийдэг дискэнд наалдсан шавар шороог лоомоор цохиж унагаачихаад хүлээгээд байж байдаг юм. Тэгээд дахиад тойроод ирэхээр нь шавараа цохиж унагаах зэргээр ажил хийж байсан. Түүнээс тракторын дискэн дээр сууж явдаг асуудал байхгүй. Би тухайн компанид тракторын жолооч ажилтай. Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би бригадыг хариуцаж байсан юм. Хэд хоног бороо ороод ажил зогсох үед Эрдэнэбат захирал надад бороо зогсохоор хүн олоод уриншаа хийж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот явсан байсан юм. Надад агуулахын түлхүүр нь байдаг юм тэгээд ч намайг ахимаг насны хүн болохоор надад хариуцуулж үлдээгээд явсан байх. Отгонхүү нь манай компанид 2021 оны 04 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотоос ирж ажилд орсон юм. Отгонхүү нь манайд ирээд тариалалтын сүүл үед Ариунбулган гэх хүнтэй ээлжлэн КАТ гэх тракторыг жолоодож ажил үүрэг гүйцэтгэж байсан юм. Отгонхүүд механизм жолоодох эрхийн үнэмлэх байдаг эсэх талаар мэдэхгүй байна. Эрдэнэбат захирал трактор жолоодох эрх зөвшөөрөл өгсөн байх. Тухайн трактор нь Эрдэнэбат захиралтай "*******" ХХК-ийн эзэмшлийн трактор юм. 2007-2008 оны үеэс эхлэн тухайн трактор манай компанид ажиллаж байгаа. Урьд нь ХАБ-ын инженер гэдэг хүн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан юм. Тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд тийм хүнгүй болоод хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөө больсон. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүмүүс ажилд гарах үед нь ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа гээд байх зүйл өгөөгүй. Би бээлий өгөөд ажилд гарахдаа болгоомжтой байгаарай гэж хэлээд гаргасан...” гэжээ.  (хавтаст хэргийн 86-87 дугаар тал)

10. Насанд хүрээгүй гэрч Б.********* мэдүүлэхдээ “... Би тухайн “*******” ХХК-д 2021 оны 05 дугаар сараас эхлэн туслах ажилтнаар ажиллаж байна. Би үтрэм болон ногооны ажил хийж байсан. Зундаа уриншны ажилд дискны цана хооронд орсон шороог лоомоор унагаах ажил хийж байна. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө би бригад дээр ирсэн байсан бөгөөд би трактортой нь талбай руу уринш хийхээр Отгонхүүгийн хамт гарсан байсан юм. Тэгээд 10 цагийн үед араас Буяа гэдэг ах манай дээд ангийн хүүхэд болох Ариунтөгсийг надтай хамт ажиллуулахаар талбай дээр авчирсан юм. Тэгээд буцаж бригад яваад Эрдэнээ ахтай хамт портертой Ариунтөгс ирсэн. Тэгээд талбай дээр Отгонхүү ах трактороо жолоодоод уриншаа хийгээд Эрдэнээ ах, Ариунтөгс бид гурав портер дотороо байж байгаад трактор талбайгаа нэг тойроод ирэхээр очиж дискний цана хооронд орсон шавар шороог лоомоор цохиж унагаад байж байсан юм. Тэгээд үдээс хойш 17-18 цагийн үед санагдаж байна Отгонхүү ах трактортойгоо уриншаа хийгээд талбайгаа тойроод ирж зогссон тэгээд бид гурав тарактор дээр очсон. Биднийг очиход трактор дискээ өргөчихсөн диск цана зэрэг нь газраас хөндийрсөн байдалтай ертөнцийн зүгээр зүүн урагшаа чиглэлд харсан байдалтай зогсож байсан юм. Дискний зүү талын цана хооронд 3 газар шавар орсон байсан баруун талд нь 2 цана шавар болсон байсан бөгөөд Эрдэнээ ах бид хоёр зүүн талд нь буюу 3 шавар болсон цаныг цохиж Ариунтөгс баруун талын 2 шаврыг цохиж байсан юм. Тэгээд Эрдэнээ ах бид хоёр дуусахад Ариунтөгсийн талд 1 үлдсэн байсан. Тэгээд Эрдэнээ ах бид хоёрыг цохичих гэж хэлээд портер руугаа явсан бид хоёр цохиж байсан чинь трактор хөдөлсөн. Тэгээд би хажуу тийшээ холдоод эргээд хартал Ариунтөгс дискний баруун урд талын рамны орчимд шавар цохиж байгаад дискэнд мөргүүлж унаад дискны баруун талын эхний эгнээний цана доогуур ороод дискны баруун талын дугуйны баруун талаар нь өнхөрөөд ард талаар нь гарч ирсэн юм. Тэгээд Эрдэнэ ах бид хоёр очиход шороонд хутгалдаад нүүр ам нь шороо болсон амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд Отгонхүү ах портер маркийн машинаар сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд Эрдэнээ ах бид хоёр нөгөө трактороо бригадруу авч явсан. Би тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Ариунтөгс гэх хүүхэд тухайн компанид урьд өмнө нь сонгино тарих, зэрлэг зулгаах ажилд ирж ажиллаж байсан. Уринш хийх ажилд ажиллаж байгаагүй өчигдөр анх удаа л ирж ажилласан юм. Намайг тэнд ажиллаж байгааг манай гэрийнхэн мэдэж байсан. Ариунтөгсийг ар гэрийнхэн нь мэдсэн эсэхийг би мэдээгүй. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Өдрийн 30,000 төгрөгийн цалин авч ажилладаг юм. Отгонхүүд механизм жолоодох эрхийн үнэмлэх байдаг эсэх талаар мэдэхгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө бид нарыг ажилд гарах үед нь ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй. Ямар нэгэн хамгаалах хувцас хэрэглэл өгдөггүй. Бээлий л өгсөн. Намайг энд ажиллах хугацаанд огт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Буянравжих гэдэг ах биднийг ажилд гарах үед болгоомжтой ажиллаарай гэж хэлж байсан. Ариунтөгс бид хоёрыг ажил хийлгэж байгаа хүмүүс хэдэн настайг мэдэж байсан. Ажил хийхийг албадсан асуудал ар гэрээс болон компаниас байхгүй. Ариунтөгсийг хэн нэгэн уринш хийж байсан диск рүү түлхсэн асуудал байхгүй. Тэнд бид хоёр зэрэгцээд зогсож байсан. Тракторын жолооч дотороо байж байсан...” гэжээ. (хавтаст хэргийн 89-90 дүгээр тал)

11. Яллагдагч ******* мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойш 16 цагийн үед манай бригадын Буянравжих гэх ажилтангаас талбай дээр уриншний дискний шавар унагаж байсан хүүхэд гэмтсэн гэж хэлсэн юм. Тэгээд сумын эмнэлэг рүү авч явж байна гэж надад утсаар хэлсэн. Энэ хугацаанд би Улаанбаатар хот руу авч ирж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаарлагатай юм байна гэж бодсон юм. Тэгтэл сумын эмч зөвлөсний дагуу дотор гэмтэлтэй байж магадгүй гэсэн тул хамгийн сайн эмнэлэгтэй газар буюу Орхон аймгийн эмнэлэг рүү авч явахаар болоод Хөтөлийн эмнэлгээс машин дуудаж Орхон аймаг руу авч явсан юм. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан бөгөөд утсаар яриад зөвлөгөө заавар өгч байсан. Тэгээд Орхон аймагт очоод эмнэлэгт үзүүлэхэд нүүрний яс хугарсан гэсэн анхны онош гарсан юм. Би тэгээд амь насанд аюултай байсан бол онгоцоор тээвэрлэж хот руу хүргэх юм уу эмч авчирна гээд захиалга өгчихсөн байсан юм. Тэгтэл Орхон аймгийн эмнэлгийн Гэмтлийн эмч нараас тархи, амь насанд аюулгүй байна. Эрүү нүүрний мэргэшсэн эмчид яаралтай хандаж хагалгаанд оруулах шаардлагатай байна. Хүүхдийн яс хурдан бороолж эдгэрдэг гэсэн юм. Тэгээд Улаанбаатар хотоос тэр шөнөдөө би энэ төрлийн гэмтлийн мэргэшсэн хамгийн сайн эмч гэгдэх Хэнтий эмчийг Орхон аймагт авчирч маргааш нь хагалгаанд оруулсан юм. Тухайн хүүхдийн эмчилгээнд болон бусад зардалд одоогоор 20 гаран сая төгрөгийг зарцуулсан байгаа. Би тухайн хүүхдийг огт танихгүй. Урьд нь манайд ажиллаж байгаагүй байх. Ажлын төлөвлөгөөг би гаргадаг бөгөөд ажил хийх хүнийг сумын төвд зар тавих буюу танил хүмүүсээс асууж олдог юм. Тухайн хүүхдийн Буянравжих гэх хүн нэг хүүхэд оллоо ажиллуулах уу гэж асуухаар би болохоор бол ажиллуулчих гэж хэлсэн юм. Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "*******" нэртэй компани юм. Захирлаар нь миний бие өөрөө дангаараа ажилладаг бөгөөд ямар нэгэн хувь нийлүүлсэн хүн аж ахуй нэгж байхгүй, төлөөлөн удирдах зөвлөл гэж байхүй нэг хүний буюу миний өөрийн өмч юм. Урьд Эрдэнэбаяр гэдэг ХАБ-ын инженер байсан юм. 2020 оны хавраас эхлэн тийм ажилтангүй болсон. Тухайн мэргэжлийн ажилтан авахаар зар тавиад хайсан боловч одоог хүртэл ажилтан олдохгүй байгаа юм. Би өөрийн хэмжээнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг, бичлэг  зэргийг үзүүлдэг байсан. Гарын үсэг зуруулдаг юм. Тухайн хэрэг гарах үед би өөрөө байгаагүй Улаанбаатар хотод байсан юм. Тийм болохоор тухайн хүүхдэд зааварчилгаа өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Отгонхүүг механизм жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Үнэмлэхтэй эсэхийг асуугаагүй шалгаж үзээгүй юм. Тухайн техникийг жолоодож ажил хийхийг би зөвшөөрч үүрэг өгсөн юм. Манай тухайн КАТ маркийн техникийн жолооч Ариунбулган гэх хүн хэрэг гарах үед ажлаа хаяад явчихсан байсан. Тэгээд би ажлаа тасалдуулахгүйн тулд Отгонхүүгээр тухайн техникийг жолоодуулсан юм. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал)

12. “*******” ХХК-ийн хувийн хэргийн хуулбарууд (хавтаст хэргийн 117-190 дүгээр тал)

13. Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-116 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь “********” ХХК-ийн захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол Газар Шим” ХХК-ийн ногоон талбайд ажиллаж байсан *******с нь тракторын эд ангид цохигдон эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Насанд хүрээгүй хохирогч *******сийн “...ажил хийхэд аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа, зөвлөмж өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй...” гэх мэдүүлэг,

- Гэрч Бат-Эрдэнийн “...Нөгөө Ариунтөгс гэх хүүхэд нөгөө талын 2 дискний шаврыг цохиж байсан бөгөөд би шавараа цохиж дуусаад хартал нэгийг нь цохиод дуусгасан 2 дахиа цохиж байхаар нь Энэрэлийг хамт цохиод унагаачих гэж хэлчихээд портер машин руугаа явчихсан юм. Миний унаж явсан портер маркийн 96-38 УНХ улсын дугаартай машин 10-20 метрийн зайтай байсан бөгөөд машин дээрээ очоод утсанд дуудлага ирсэн байхаар нь утсаар ярьж байхад трактор хаазлаад хөдлөх шиг болохоор нь хартал нөгөө 2 хүүхдийн нэг нь харагдсан. Тэгээд гайхаад харсан чинь нөгөө хүүхэд нь газар хэвтэж байсан юм. Тэгээд очиход Ариунтөгс гэдэг хүүхэд ёооё гэж орилсон байдалтай хэвтэж байсан юм. Тэгээд би очоод биеийн байдлыг нь асуусан чинь “толгой өвдөж байна” гэж байсан бөгөөд амнаас нь цус гарсан байдалтай байсан. Ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж байгаагүй. Өнөө өглөө бас зааварчилгаа өгөөгүй. Хариуцсан хүн байдаг эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ХАБ хариуцсан инженер гэж хүн байдаггүй юм байна лээ...” гэх мэдүүлэг,

-Гэрч Н.******* “...2021 оны 08 дугаар 01-ний өдөр тус “*******” ХХК-ийн тариалангийн талбайд ойролцоогоор 20 га талбайд уринш хийхээр тракторанд диск зүүж тариалангийн талбайг хагалж ажиллаж байсан. Ингэж ажиллахад Эрдэнэ, Энэрэл, Ариунтөгс нарын хамтаар ажиллаж тракторанд зүүсэн дискны завсар шавар ороод байсан. Тэгээд Эрдэнэ, Энэрэл, Ариунтөгс нар дискэнд наалдаж орсон шаварыг лоомоор цохиж унагаж байсан. Ингээд ойролцоогоор 10 удаагийн шавар цэвэрлэх үйлдэл хийсэн. Тэгээд би шавараа унагаж дууссаны дараа сигналдаж хүмүүсээ холдуулаад хөдөлдөг байсан. Хамгийн сүүлд шавар унагаж дуусаад тэгээд хүмүүсээ холдсон эсэхийг хартал Эрдэнэ лоомоо барьчихсан эргээд алхаж явсан. Тэгээд би баруун жигүүрээ шалгаад хартал харагдах орчин муу байсан. Тэгээд би трактортайгаа хөдөлсөн. Тэгсэн Ариунтөгс дискний дугуйнд дайруулчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******* “...Тэгээд уринш хийх гэтэл дискэнд шороо наалдаад явахгүй байсан болохоор манай захирал Эрдэнэбат “хүн олж ажиллуулах хэрэгтэй байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би сумын төвөөс хүн хайж байсан юм. Тэгтэл Энэрэл ажиллахаар болсон урд нь бас ажиллаж байсан болохоор нь зөвшөөрсөн. Энэрэлд би дахиад хүн олох хэрэгтэй байгаа талаараа хэлсэн байсан юм. Энэрэлийг би тухайн өдрийн өглөө нь очиж авчирсан байсан юм. Тэгээд хүн олдохгүй болохоор нь сумын төвд байдаг Цоож гэдэг эмэгтэйтэй ярьж хүн асуухад нэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг ажиллуулахаар болоод 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөөний 10 цагийн үед сумын төвөөс очиж Ариунтөгс гэх хүүхдийг гэрээс нь авчирсан юм. Урьд нь ХАБ хариуцсан инженер гэдэг хүн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан юм. Тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд тийм хүнгүй болоод хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөө больсон. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүмүүс ажилд гарах үед нь ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа гээд байх зүйл өгөөгүй. Би бээлий өгөөд ажилд гарахдаа болгоомжтой байгаарай гэж хэлээд гаргасан...” гэх мэдүүлэг,

-Насанд хүрээгүй гэрч Б. Энэрэлийн “...Ариунтөгс бид гурав портер дотороо байж байгаад трактор талбайгаа нэг тойроод ирэхээр очиж дискний цана хооронд орсон шавар шороог лоомоор цохиж унагаад байж байсан юм. Тэгээд үдээс хойш 17-18 цагийн үед санагдаж байна Отгонхүү ах трактортойгоо уриншаа хийгээд талбайгаа тойроод ирж зогссон тэгээд бид гурав тарактор дээр очсон. Биднийг очиход трактор дискээ өргөчихсөн диск цана зэрэг нь газраас хөндийрсөн байдалтай ертөнцийн зүгээр зүүн урагшаа чиглэлд харсан байдалтай зогсож байсан юм. Дискний зүү талын цана хооронд 3 газар шавар орсон байсан баруун талд нь 2 цана шавар болсон байсан бөгөөд Эрдэнээ ах бид хоёр зүүн талд нь буюу 3 шавар болсон цаныг цохиж Ариунтөгс баруун талын 2 шаврыг цохиж байсан юм. Тэгээд Эрдэнээ ах бид хоёр дуусахад Ариунтөгсийн талд 1 үлдсэн байсан. Тэгээд Эрдэнээ ах бид хоёрыг цохичих гэж хэлээд портер руугаа явсан бид хоёр цохиж байсан чинь трактор хөдөлсөн. Тэгээд би хажуу тийшээ холдоод эргээд хартал Ариунтөгс дискний баруун урд талын рамны орчимд шавар цохиж байгаад дискэнд мөргүүлж унаад дискны баруун талын эхний эгнээний цана доогуур ороод дискны баруун талын дугуйны баруун талаар нь өнхөрөөд ард талаар нь гарч ирсэн юм. Тэгээд Эрдэнэ ах бид хоёр очиход шороонд хутгалдаад нүүр ам нь шороо болсон амнаас нь цус гарсан байдалтай байсан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө бид нарыг ажилд гарах үед нь ямар нэгэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй. Ямар нэгэн хамгаалах хувцас хэрэглэл өгдөггүй. Бээлий л өгсөн. Намайг энд ажиллах хугацаанд огт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Буянравжих гэдэг ах биднийг ажилд гарах үед болгоомжтой ажиллаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №453 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №18-06-018/21 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /*******ыг “Монгол Газар Шим” ХХК-ийн захирал болохыг тодорхойлсон,

-Шүүгдэгч *******ын “...Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан.

 

Дээрх нотлох баримтуудаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн нутаг дэвсгэрт “Монгол Газар Шим” ХХК-иас газар тариалангийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн компанийн захирал ******* нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг эзэмшээгүй *******сийг туслах ажилтнаар ажиллуулж, улмаар хэрэг болох үед аюулгүй ажиллагааны зааварчилга, зөвлөмж өгөөгүй зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэд хэдэн хэм хэмжээг ноцтой зөрчсөний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учиржээ.

 

Ийнхүү “Монгол Газар Шим” ХХК-иас үйл ажиллагаагаа явуулахдаа шүүгдэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэм хэмжээ бүрийг заавал биелүүлэхээр хуульчилж өгсөн хэм хэмжээ зөрчсөн байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

 

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс  “...урьд гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч ******* төлсөн. Мөн 2,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Одоо хүү *******сийн нуруу өвддөг, хамар битүүрдэг зовиуртай. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай...” тухайгаа илэрхийлсэн.  

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******с нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, торгуулийн ялыг 06 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх талаар санаачилгатай хандсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиролдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан   шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

           

                        Шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн байх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ гэх тул улсын яллагчийн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.        

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тухай хяналтын прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий СД 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Тугчин овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******с нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тухай хяналтын прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

            8.Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий СД 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА