| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2021/00065/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Мөнхнасан,
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 2133000000072 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн сайхан сумын "Зуурмаг" хиамны цехэд зуурагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхэд, хадам аав, 2 дүүгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Дөмбөн хороолол 5-10 тоотод оршин суух Цэст овогт ******* /регистрийн дугаар ЛБ00000000/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Шим" худалдааны төвийн барааны дэлгүүр дотор иргэн *******гийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох HUAWEI Ү6 загварын гар утсыг завшиж 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Эрүүгийн 2133000000072 тоот хавтаст хэргээс
3.2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөгчөөс HUAWEI Ү6 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд.
4. Хохирогч ******* мэдүүлэхдээ “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ ааруул аваад “Шим” худалдааны төв орж худалдагч Сундуй гэх хүнд өгөх гээд явсан. Тэгээд худалдааны төв ороод Сундуйтай уулзаад ааруулаа өгөөд дэлгүүрээс гарсан. Харих замдаа хүүхэдтэйгээ ярих гээд утсаа хайсан боловч олоогүй. Тэгээд өөрийнхөө дугаар руу хүний утаснаас залгаж үзтэл холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дэлгүүр дээр буцаж очоод Сундуйтай уулзаад би чамд сая аль лангуун дээр байхдаа юм өгөв өө гээд асуутал энэ лангуу гээд нэг хүүхдийн гутал хувцас зардаг лангуун дээр очсон. Тэгээд тухайн лангууны хяналтын камерыг шүүлгэхэд би гар утсаа лангуун дээр мартаад гараад явсан байсан, тэгсэн өндөр туранхай биетэй цэнхэр өнгийн жинс өмд, түрийтэй гуталтай үсээ боосон эрэгтэй хүн орж ирээд лангуун дээр орхиод гарсан миний rap утсыг аваад явсан байсан. Миний гээсэн утас HUAWEI Ү6 загварын гар утас байсан ба би мобикомоос 559,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдан авах гэрээн дээр утасны сериал дугаар 860026041315197 гэж бичсэн байсан... гэжээ. /хх-ийн 55-56-р хуудас/
5.Гэрч ******* мэдүүлэхдээ “...манай нөхөр дүү бид 3 гэртээ бүрээс авах гээд төв орсон. Тэгээд үйлчилгээний төвөөр гэрийн бүрээс хайтал байхгүй байсан. Тэгээд үйлчилгээний төвөөс гарах гэж байгаад би өөртөө нэг чихэвч, нусны алчуур аваад гарсан. Тэгээд гадаа гараад зам гарах гээд явж байтал манай нөхөр ******* надад хайраа тэнд утас хаячихсан байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би аан тийм үү хаячихсан байсан бол яах вэ дээ гэж хэлсэн. Тэгсэн ******* за тэгвэл би ороод авчихъя гээд дэлгүүр лүү гүйгээд яваад өсгөн. Би үйлчилгээний төв дотор өөрийн авсан чихэвчээ мартсан байсан учир миний чихэвчийг аваад ирээрэй гээд хэлтэл манай нөхөр дүү хоёр үйлчилгээний төв рүү буцаад орсон. Тэгээд нэг их удалгүй үйлчилгээний төвөөс гараад ирсэн. Манай дүү миний чихэвчийг авч ирж өгсөн. Араас нь манай нөхөр ийм утас байна гээд HUAWEI Ү6 загварын улаан өнгийн хавтастай гэртэй гар утас аваад гараад ирсэн. Тэгээд манай нөхөр утасгүй болохоор өөрөө барьж байсан юм...” гэжээ. /хх-ийн 13-р хуудас/
Яллагдагч ******* мэдүүлэхдээ “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Эрдэнэчимэг, дүү Нямбаяр нарын хамт үйлчилгээний төв орж гэрийн бүрээс авах гээд гарсан. Тэгээд үйлчилгээний төв ороод бид гурав нэг чихэвч авъя гээд гар утасны хэрэгсэл зарж байсан лангуун дээр очоод юмнуудыг нь үзэж байтал тухайн лангууны хажуугийн хүүхдийн хувцас зардаг лангуун дээр нэг улаан өнгийн гэртэй утас байхыг нь харсан. Цаана нь нэг хүн зогсож байсан. Тэгэхээр нь эхнэртээ нэг чихэвч авчхаад үйлчилгээний төвөөс гараад явсан. Тэгээд би эхнэр дүү хоёртоо сая нэг утас лангуун дээр байна лээ гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр өө тийм үү тэгээд авахгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээд би буцаад үйлчилгээний төв ороод утас харагдсан лангуун дээр очтол хүн аваагүй байж байсан. Ойр хавьд нь хүн байгаагүй лангууны худалдагч нь харагдахгүй болохоор нь очоод лангуун дээр нь байсан утсыг аваад гадуур хувцасныхаа халаасанд хийгээд гараад явсан. Тухайн утас нь кодгүй байсан болохоор шууд ашиглах боломжтой байсан. Би өөрөө барих гар утасгүй байсан болохоор барих гээд авчихсан юм аа. Тухайн гар утас хэний гар утас гэдгийг нь мэдээгүй. Тухайн гар утас нь HUAWEI Ү6 загварын гадуураа улаан өнгийн гэртэй бор шаргал өнгийн утас байсан. Шилэн дэлгэц нь дээд талдаа бага зэрэг цуурсан байсан. Тухайн гар утсыг би одоо өөрөө ашиглаж байгаа...” гэжээ. /хх-ийн 48-р хуудас/зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Шим" худалдааны төвийн барааны дэлгүүр дотор иргэн *******гийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох HUAWEI Ү6 загварын гар утсыг завшиж 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Ойр хавьд нь хүн байгаагүй лангууны худалдагч нь харагдахгүй болохоор нь очоод лангуун дээр нь байсан утсыг аваад гадуур хувцасныхаа халаасанд хийгээд гараад явсан...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******, гэрч *******, гэрч Н.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 425,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* “Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Цэст овгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийн завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэ