Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0084

 

“Д н” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Д н” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Н.Б, П.Э, С.Л, Х.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д н” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийгмийн даатгалын байгууллага манай тайланг тогтмол хүлээн авч байсан, 74 тоот актад тусгагдсан үйл ажиллагааг зөрчил гэж үзээгүй байхад дээд шатны байгууллага нь 2 жил өнгөрч, хуримтлагдсаных нь дараа шимтгэл нөхөн төлүүлэх, дээр нь алданги ногдуулж байгаа нь нийгмийн даатгалын газар тайланг сар бүр хүлээн авахдаа шалгаж, заавар зөвлөгөө өгөх, хэрэв зөрчил илэрвэл тухай бүр анхааруулж байх үүргээ биелүүлээгүй, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчмаас гажиж, хохироож байна.  

Улсын байцаагчийн 74 дүгээр актын үндэслэл болсон “Гэрээгээр ажлын хөлс олгосон жагсаалт”-нд орсон 16 гэрээ тус бүрийн хугацаа нь доод тал нь 5 хоног, дээд тал нь 30 хоног байгааг харахад “Д н” ХК болон бригадын ахлагч нартай байгуулсан “Ажил гүйцэтгэх “гэрээний үр дүнд байнгын орлого олгож, байнгын ажлын байр бий болгоогүй, түр зуурын ажлын байрыг бий болгож нэг удаагийн орлогыг олгосон  нь  илт  тодорхой  байхад  улсын  байцаагч  нар  хуулийг  буруу  хэрэглэж,

үндэслэлгүй  акт  тавьсан байна... Иймд, улсын  байцаагч нарын 2015 оны 05 дугаар

сарын 14-ний өдрийн 74 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Д н” ХК нь иргэдтэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ажиллуулсан бол тэдгээрийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, гэрээгээр тохирсон хөлс”-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх зүйн үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь эдгээр хүмүүст эрсдэл бий болоход тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь хязгаарласан. Иймд, 74 тоот акт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д н” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо: ...1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчин “Д н” ХК-ийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр ажиллаж байгаа нэр бүхий 16 иргэдэд эрсдэл бий болоход тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг хязгаарласан үйлдлийг зөв гэж шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... 2. Шүүгч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаныг хүлээн зөвшөөрч нотолсон боловч “байнгын бус, түр зуурын шинжтэй орлого” олж байсан гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.  

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс”-нд нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж тодорхой заасан байхад 32 дугаар зүйлийн 32.1.4-д заасан “...түүнтэй адилтгах бусад орлого”-той адилтган авч үзсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг илэрхийлж байна. 4. Иргэний хуулийн 343, 349 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний үргэлжлэх хугацааны асуудлыг хуульд заагаагүй, энэ нь нэг удаагийн болон үргэлжилсэн үйлдлээр илэрч болох бүх төрлийн ямар ч ажил үйлчилгээ байж болно. Гэтэл  байнгын  шинжтэй  орлого олж буй нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл  ногдуулахаар байна гэж хуулийг буруу тайлбарлаж улмаар “байнгын шинжтэй   орлого гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан “байнгын ажлын байр” гэсэн ойлголттой төсөөтэй байдлаар ойлгож, хэрэглэх нь зүйтэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж хуульчилсан нь ажил олгогч байнгын бус түр зуурын ажлын байранд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр хөдөлмөрийн харилцааг зохицуулах боломжтойг шүүгч анхаарч үзсэнгүй. 5. “Д н” ХК-ийн нэр бүхий 16 иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, иргэдийг хохироосон үйлдлийг зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж хуульчилсаныг зөрчсөн. 6. “Д н” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан нэр   бүхий 16 иргэний тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь хязгаарласан үйлдлийг шүүхийн  шийдвэрээр зөв гэж үзсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан эрхийг нь давхар хязгаарласан байна.

7. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д заасныг илт зөрчин байнгын шинжтэй орлого гэж ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэсний үр дүнд тодорхой хугацаанд, байнгын давтамжтайгаар орлого олох буюу харьцангуй удаан хугацаагаар орлого олж байхыг ойлгохоор байна гэж Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд хугацааг тохиролцон урт богино хугацаа тогтоох эрхтэй байтал шүүгч “ удаан хугацаагаар орлого олж байсныг ойлгоно” гэж гэрээний хугацааг буруу тайлбарлажээ. 8. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа ямар ч байж болох байтал заавал урт хугацаатай, байнгын орлого олох ёстой гэж шүүгч үзээд гэрээнд заасны дагуу 5-30 хоног ажиллаж, байнгын бус, түр зуурын шинжтэй орлогыг олж байсан болох нь ажил гүйцэтгэх гэрээнээс харагдаж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёсгүй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийг буруу ойлгон тайлбарласан байна. 

9. Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нийгмийн даатгалд байнгын ажлын байранд, тодорхой хөдөлмөр эрхэлж байгаа этгээд албан журмаар даатгуулна гэж үзэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх албан журмаар даатгуулах зохицуулалтыг буруу ойлгон тайлбарлажээ. Эдгээр 16 хүн нь гэрээгээр тодорхой хөдөлмөр эрхэлж, тодорхой үүрэг хүлээсэн субьект байхад шүүгч анхааран үзээгүй байна. “Д н” ХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан эдгээр 16 хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь зөв гэсэн шийдвэр гарснаар хамгийн эрсдэлтэй хүмүүсийн нийгмийн баталгааг хангаагүй хязгаарласан үйлдлийг шүүхийн зүгээс дэмжиж байгаад харамсаж байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “Д н” ХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Н.Б, П.Э, С.Л, Х.Х нарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актыг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 “Д н” ХК нь “Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг зөрчиж, 2013, 2014 онд барилгын ажилчдад олгосон 121188655 төгрөгийн гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй” гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар дээрх актыг үйлджээ.

“Ерөнхий ба туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан шавардлагын ажил гүйцэтгүүлэх гэрээ”, “ханын чулуун хавтангийн ажил гүйцэтгүүлэх гэрээ”, “В блок өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ”, “шалны чулуун хавтангийн ажил гүйцэтгүүлэх гэрээ”, “ханын цагаан замаскны ажил гүйцэтгүүлэх гэрээ”, “дотор заслын ажил гүйцэтгүүлэх гэрээ” гэх мэт барилгын ажил гүйцэтгүүлэх нийт 16 гэрээг “Д н” ХК нь иргэдтэй байгуулж, уг ажлын гүйцэтгэлд ажлын хөлс тооцон олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд гэрээний талууд тодорхой нөхцөл болзлыг харилцан хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлүүдэд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс” гэж зааснаар дээрх гэрээ, хэлцлээр олгосон ажлын хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод хамаарах тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр акт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх, “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын заалт,  мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулах хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д заасан хөдөлмөрийн хөлстэй холбоотой тайлбарласан тайлбар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр” гэсэн хуулийн тодорхойлолт зэргийг байнгын шинжтэй орлого гэсэн ойлголттой төсөөтэй байдлаар ойлгож, хэрэглэх нь зүйтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд дээрх хуулийн заалт болон тогтоол нь ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг зохицуулаагүй, түүнд хамаарахгүй юм.

Тодруулбал, ажилтан нь байнгын шинжтэй орлого олсноос үл хамааран, мөн Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь “Ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний эрх зүйн гэрээний талууд нь адил тэнцүү эрх, үүрэгтэй байдгаараа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ажил олгогч, ажилтан нарын хооронд захирах, захирагдах харилцаанаас ялгаатай гэж байдаг тул “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нөгөө тал болох бригадын ахлагчид бригадынхаа ажилчдыг нийгмийн даатгалд хамруулахыг шаардах эрх, үүрэг “Д н” ХК-д хуулиар олгоогүй” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх дүгнэлтээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилтан ажиллуулснаар “Д н” ХК нь ажилтныг албан журмаар даатгуулах үүргийг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч хуулийн этгээд нь бусдаар ажил гүйцэтгүүлэхээр 16 ажил гүйцэтгэх гэрээг байгууллан уг гэрээгээр ажил олгогчийн үүргийг хүлээж, эрх эдлэн оролцож байгаагийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг биелүүлэх болохоос гэрээний нөгөө тал болох ажил гүйцэтгэгч иргэн /бригадын ахлагч/ энэ үүргийг хүлээх, биелүүлэх үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэж, хуулийг явцууруулан тайлбарлаж, нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.

Тиймээс маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр акт нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч “Д н” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин дээрх маргаан бүхий актаар тогтоосон зөрчилд 13.330.753 төгрөгийн алданги ногдуулсныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэнд хамааруулан захиргааны хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасныг баримтлан “Д н” ХК-ийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан “Д н” ХК-ийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актаар ногдуулсан төлбөр болох 13330753 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулсугай.   

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА

              ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

              ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР