Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

улсын яллагч: Ц.Уртнасан /томилолтоор/;

шүүгдэгч: Н.Лхамжав, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Нарантуяагийн Лхамжавт холбогдох эрүүгийн 201625021037 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 34 дүгээр байрны 59а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИИ89111036 регистерийн дугаартай, Бэсүд овогт Нарантуяагийн Лхамжав.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Н.Лхамжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айр Маркет” билетийн кассны урд зам дээр М.Золбоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Лхамжав мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед Хүслэн гээд найзтайгаа таксинд явж байхад Золбоо, Нармандах, Дэлгэрсайхан, Нямбаатар нар “хүрээд ир” гээд дуудсан. Биднийг яваад очтол тэд Дэлгэрсайханы ажлын гадаа машин дотор 1 шил архи уугаад дуусч байсан. Тэгэхээр нь нэмж 1 шил архи аваад тэрнээс нь би 2 татсан. Би хохирогч Золбоотой хуурай ах дүүгийн холбоотой. Бид урьд Энэтхэг улсад хамт сурч байсан юм. Золбоо, Нямбаатар нар хамт явна гэхээр нь би тэр хоёроор жоохон тоглосон чинь Золбоо урдаас орилоод маргалдсан. Тэгээд явж байгаад “буух уу, бууя” гээд зодолдсон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Цаашид дахин гэмт хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Золбоо /хх-ийн 9/, гэрч А.Дэлгэрсайхан /хх-ийн 10/, П.Нямбаатар /хх-ийн 11/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4595 тоот дүгнэлт /хх-ийн 15/, Н.Лхамжавын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/, Н.Лхамжавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, Н.Лхамжавын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, Н.Лхамжавын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-36/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 37/, хохирогч М.Золбоогийн хүсэлт /хх-ийн 52/, шинээр Н.Лхамжавын ажил байдалын тодорхойлолт 1 хуудас, “Жонан дагдан миндоллин” хийдийн тодорхойлолт 1 хуудас, Н.Лхамжавын зан байдлын тодорхойлолт 1 хуудас, Н.Лхамжавын Энэтхэг улсад шашны сургуульд сурч төгссөн сертификатын хуулбар 1 хуудас  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Лхамжав нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутагт байрлах “Эйр Маркет”-нэртэй газрын урд зам дээр хохирогч М.Золбоог хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч М.Золбоогийн /хх-ийн 9/: “...Би 2016 оны 03 сарын 30-ны өдөр өөрийн найз Нямбаатартай хамт офицерт байрлах найз Дэлгэрсайханы ажил дээр очсон. Нармандах мөн ирсэн. Тэгээд бид тэнд байж байгаад орой Дэлгэрсайханы ажил нь дуусаад “уулзацгаасан юм чинь” гээд Нармандахын машинд 1 шил архи хувааж уусан. Архи уугаад арай дуусаагүй байхад Лхамжав ах, Хүслэн хоёр ирсэн. Бид ууж байсан 1 шил архиа хувааж уугаад дахиад 1 шил архи авч уусан. Тэгээд-Нармандах гэр рүүгээ яваад бид нар Хүслэнгийн машинд суусан. Лхамжав ах “хороолол орно” гээд Нямбаатар бид нар “Төв номын сангийн урд төв зам дээр бууна” гээд явцгаасан. Тэгсэн Лхамжав ах “Гандан дээр буучих” гэсэн. Тэгэхээр нь би “арай хол байна ш дээ, номын сан дээр буулгачих” гэж хэлсэн. Тэр үед би согтуу байсан болохоор “хөгийн пизда” гэж хэлсэн. Тэгсэн чинь Лхамжав ах уурлаад “ахыгаа чи юу гэнээ” гээд машин дотор маргалдсан. Гэтэл Лхамжав ах “буух уу” гээд төв номын сангаас хүүхдийн 100 руу эргээд машин зогсоод бид 2 буусан. ...Лхамжав ах баруун гараараа миний нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохисон. Тэгэхэд нь би газарт унасан. Тэгээд босоод ирсэн чинь аман дотор цус болоод юм ярьж чадахгүй байсан. Нямбаатар дундуур орж ирээд салгасан. Тэгтэл Лхамжав ах дахиад зүүн хацар руу цохисон. Нямбаатар дундуур орж ирээд салгаад бид хоёр урагшаа төв номын сангаас унаанд суугаад гэррүүгээ харьсан. Шөнө нь би унтаж чадахгүй өвдөөд, эрүү юм ярьж чадахгүй, юм идэж чадахгүй байсан. Тэгээд маргааш нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь хацарны яс цөмөрсөн байна гээд хагалгаанд орсон. Эмчилгээ хийлгэсэн баримттай 220.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Дэлгэрсайханы /хх-ийн 10/: “...Гэнэт Лхамжав, Золбоо 2 муудалцаад “буучих уу” гэх мэтээр маргалдсан. Тэгснээ төв номын сангаас хүүхдийн 100 руу эргээд зогсоод зам дээр Золбоо, Лхамжав хоёр буусан. Лхамжав Золбоогийн нүүрлүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэр үед Нямбаатар Золбоог салгаж аваад Хүслэн бид 2 Лхамжавыг аваад салаад явцгаасан...” гэх мэдүүлэг,

гэрч П.Нямбаатарын /хх-ийн 11/: “...Золбоо бид 2 замдаа бууж Нисэх явах байсан. Гэтэл Лхамжав ах бид хоёрыг “Гандан дээр буулгана” гээд тоглоод хэлсэн  чинь Золбоо гэнэт уурлаад Лхамжав ахтай “буучих уу” гээд муудалцаад эхэлсэн. Тэгээд машин хүүхдийн 100 руу эргээд зогсоод тэр 2 буугаад, Лхамжав ах Золбоог нэг удаа цохисон., Золбоо газар унахаар нь би дундуур нь орж салгах гэтэл Лхамжав ах намайг давуулаад дахиад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Лхамжавын буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Золбоогийн биед “зүүн гайморовын хөндийд урд хана, гадна ханын хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, зүүн ухархайн гадна ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхи хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи алимны салстад цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4595 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 15/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Н.Лхамжавын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

 Н.Лхамжав нь хохирогч М.Золбоог “ахыгаа хөгийн пизда гэх зэргээр хэл үгээр доромжиллоо” хэмээн буруутган маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Лхамжавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн материаллаг хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн баримт хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч Н.Лхамжав анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. Харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Н.Лхамжав гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг бичлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар болон прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоосон байна. Гэвч хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, тайлбар, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  мэдүүлсэн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг 2016 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, залруулсан болно. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тогтоож залруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд онцгой нөлөө үзүүлэхгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг тэмдэглэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Нарантуяагийн Лхамжавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхамжавыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхамжавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Лхамжав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхамжавт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Лхамжавт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ