Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1936

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01936

 

 

С.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Түмэнжаргалд холбогдох,

 

2016 оны 02 дугаар сарын 19, 2016 оны 02 дугаар сарын 27, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг цуцалж, сарын хүүг 3 хувь болгон тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 78 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяраа

Хариуцагч: Н.Түмэнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Туул нь Н.Түмэнжаргалтай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 310 тоот зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай тус тус зээлж, өөрийн өмчлөлийн хувийн сууцыг барьцаалсан.

Гэрээний хугацаа хэдийгээр дуусгавар болсон боловч миний бие нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8 000 000 төгрөгөөс өөр төлөлт хийж чадаагүй юм.

Н.Түмэнжаргалтай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн СХД 310 тоот зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг /нийт дүн 50 000 000 төгрөг/ цуцалж өгнө үү.

Мөн иргэн Н.Түмэнжаргалтай байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийн хүү нь хэт өндөр буюу сарын 8 хувь байгаа нь зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул Иргэний хуулийн 282.2 дахь заалтыг үндэслэн сарын 3 хувь болгон бууруулж тогтоож өгнө үү.

Н.Түмэнжаргал нь С.Туулын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байх бөгөөд зөвхөн 30 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 2 400 000 төгрөг, 5 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 400 000 төгрөг төлсөн гэх мэтээр дурдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

С.Туул нь Н.Түмэнжаргалд холбогдуулан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага шүүхэд гаргаж байсан ба хариуцагч хаягтаа байхгүйн улмаас иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Иймд анз тооцох сүүлийн хугацааг С.Туулын шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 03 дугаар сарын 13 ны өдрөөр тооцох ёстой гэж үзэж байна.

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд зээлийн хүүнд 2 400 000 төгрөг төлсөн бөгөөд Н.Түмэнжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон 15 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг зээлэнд суутган, гар дээр 7 000 000 төгрөг өгсөн тул зээлийн үлдэгдэл 22 000 000 төгрөг болжээ. Хүүгийн өр байхгүй. Зээлийн гэрээний 5-д анзыг хоног тутамд 0,1 хувиар тооцохоор тохиролцсоны дагуу 1 хоногт тооцох анзын хэмжээ 22 000 төгрөг болж байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 25-наас 2017 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэл 353 хоног, нийт 7 776 000 төгрөгийн анз бодогдсон. Нийт 29 766 000 төгрөг болно.

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд хүүний төлбөрт 400 000 төгрөг төлсөн ба нийт 5 265 000 төгрөгийн анз бодогдсон. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 2 500 000 төгрөг байна. Нийт 7 500 000 төгрөг болно.

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай авсан. Дээрх зээлээс өмнөх 30 000 000 төгрөгийн зээлд 8 000 000 төгрөгийг төлж, гар дээрээ 7 000 000 төгрөгийг хүлээн авсан. Энэ зээлээс одоогоор нэг ч төгрөг төлөгдөөгүйг хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж заасныг зөрчиж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн үндсэн үүрэг дээр хүүгийн төлбөрийг хэмж, зээл, хүүний нийлбэрээс анз тооцсон нь хууль бус хэмээн үзэж байна. Учир нь гүйцэтгээгүй үүрэг гэдэг нь зээлж авсан 15 000 000 төгрөгийг хэлж байгаа бөгөөд түүн дээр хүүг нэмсэн нийт дүнгээс анз бодох нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. 15 000 000 /зээл/ + 2 400 000 /хүү/ + 7 500 000 /анз/ = 24 900 000 төгрөг болно.

С.Туул нь Н.Түмэнжаргалд /29 766 000 + 7 500 000 + 24 900 000/ 62 166 000 төгрөгийн өртэй байна. Үүнд үндсэн зээл 42 000 000 төгрөг, хүү 2 400 000, анз 17 766 000 төгрөг болж байна.

С.Туул болон түүний гэр бүл н.Лхагважав нарын бизнес нь бүрэн дампуурсан ба өөрсдийн бүхий л үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/04297 тоот захирамжаар 1 300 000 000 төгрөгийн төлбөрт тооцон Капитал банкинд хураалгасан, мөн шүүхийн 102/ШШ2016/00459 тоот захирамжаар "Кредит Юнион" ББСБ-нд 58 670 420 төгрөгийн төлбөр төлөхөөр болж, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзах үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсний дагуу хүүгийн хэмжээг сарын 4 хувиар тооцуулах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн анзын хэмжээг бууруулж, 10 000 000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс үндсэн зээл 42 000 000 төгрөг, анз 10 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг, нийт 53 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 25 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие С.Туултай хуулийн хүрээнд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр гэрээ байгуулсанаас хойш хугацаанд 1 сарын хүү болох 2 800 000 төгрөг 1 удаа төлсөн. Өөр ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байж гэрээнүүдийг цуцлах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх зээлийн гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 зүйл заалтуудыг үндэслэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ тул тэдгээрийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд С.Туулын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

С.Туул нь зээл авсанаас хойш хүү, үндсэн зээлээс нэг ч төлбөр төлөлгүй 15 сарын хугацаа өнгөрсөн. Энэ их хугацаанд түүнийг төлбөр тооцоогоо хийхийг удаа дараа шаардсан боловч янз бүрийн шалтаг тоочиж төлбөрийг барагдуулахгүй надад их хэмжээний хохирол учруулж байна.

Зээлдэгч С.Туул нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, 1 сарын хүүнд 2 400 000 төгрөг төлсөн, түүнээс хойш ямар ч тооцоо хийгээгүй, иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, бүгд 45  000 000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5 000 000 төгрөг зээлж 1 сарын дараа хүүнд 400 000 төгрөг төлж, өөр төлбөр тооцоо хийгээгүй. Үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөг,

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг зээлсэн ямар ч тооцоо хийгээгүй. Үндсэн зээл 15 000 000 төгрөг, 2 сарын хүү 2 400 000 төгрөг, алданги 8 700 000 төгрөг, бүгд 26 100 000 төгрөг болсон.

Иймд С.Туулаас нийт 78 600 000 төгрөгийг нэхэмжилж байна. С.Туулын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 310, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг цуцалж, сарын хүүг 3 хувь болгон тогтоолгох тухай Н.Түмэнжаргалд холбогдох нэхэмжлэгч С.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч С.Туулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 64 190 000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Түмэнжаргалд олгож, сөрөг нэхэмжлэлээс 14 410 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Туул төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 31 790 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190 Найрамдлын зам гудамж 11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, Ү-2201024709 улсын бүртгэлийн дугаартай 30 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Туулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 478 900 төгрөг гаргуулан хариуцагч Н.Түмэнжаргалд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

С.Туул, түүний гэр бүлийн хүн н.Лхагважав нар нь өндөр настай, ажил төрөл эрхэлдэггүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, бизнес нь бүрэн дампуурсан ба өөрсдийн бүхий л үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Баянгол, Сонгинохайрхан, Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04297 тоот захирамжаар 1 300 000 000 төгрөгийн төлбөрт тооцон Капитал банкинд хураалгасан, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00459 тоот захирамжаар "Кредит Юнион" ББСБ-д 58 670 420 төгрөгийн төлбөр төлөхөөр болж, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзах үззж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн анзын хзмжээг бууруулж 10 000 000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэй байгааг анхан шатны шүүх хүлээн авсангүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс анз болох 19 790 000 төгрөгийг 10 000 000 төгрөг болгож бууруулж, 9 790 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Туул нь хариуцагч Н.Түмэнжаргалд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 310, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг цуцалж, сарын хүүг 3 хувь болгон тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190 Найрамдлын зам гудамж 11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, Ү-2201024709 улсын бүртгэлийн дугаартай 30 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг барьцаалсан,

            2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор,

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8  хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцож зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэг, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн, гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Талууд зээлийн хүүгийн төлбөрт 2 800 000 төгрөг төлсөн талаар маргаангүй байх бөгөөд харин зээлийн гэрээнүүдийн хүү, анзын хэмжээ болон 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн хэмжээ маргаж байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний хүү хэт өндөр байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх бөгөөд төлбөрийн чадвар муудсан гэж тайлбарлаж, нотлох баримтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3006 тоот албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/17 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4297 тоот шүүгчийн захирамж, “ЖАТТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Капитал банкны мэдэгдэл зэргийг ирүүлжээ.

 

            Эдгээр баримтууд нь нэхэмжлэгч С.Туулын төлбөрийн чадвар муудсан гэдгийг нотлохгүй бөгөөд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх зээлийн гэрээнүүдээр талууд зээлийн хүү, алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч С.Туул зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2 800 000 төгрөгийг хасч тооцон, мөн шүүх хуралдаанд гэрч Л.Амарын мэдүүлгийг үнэлж, 8 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсныг үндсэн зээлээс хасч дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Иймд С.Туул нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 22 000 000 /30 000 000-8 000 000/ төгрөг, алдангид 9 790 000 /22 000 000Ч0.1% Ч445хоног/ төгрөг, нийт 31 790 000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 400 000 төгрөг төлсөн байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр хэсэгт заасны дагуу хязгаарлавал 2 500 000 төгрөгөөр тооцож, нийт 7 500 000 төгрөг,

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний төлөлт хийгдээгүй байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 15 000 000 төгрөг, хүү 2 400 000 /15 000 000Ч8%Ч2 сар/ төгрөг, алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул хуульд зааснаар хязгаарлавал 7 500 000 төгрөгөөр тооцож, нийт 24 900 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

            Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 зээлийн гэрээний үүрэгт 64 190 000 төгрөг /31 790 000+7 500 000+24 900 000/-ийг нэхэмжлэгч С.Туулаас гаргуулж, хариуцагч Н.Түмэнжаргалд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14 410 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 171 590 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА