Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 806

 

х

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

 

 

                                           Ж.Г, Д.М, Б.Б нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Дэлгэрмөнх,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх

яллагдагч Д.М, түүний өмгөөлөгч Д.Тамир

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1666 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Ж.Г, Д.М, Б.Б нарт холбогдох 1802001270049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ж-н Г, 1969 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух,

             Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйл, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 386А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн /РД: ....../;

Б овгийн Д-ийн М, 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:..... /;

 

Б овгийн Б-ийн Б, 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Шинжлэн Ухаан Технологийн Их сургуулийн 3 дугаар курст суралцаж байсан, ам бүл 8, эцэг, эх, 2 дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:....../;

 

Ж.Г нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг хууль бусаар Д.Мт 600.000 төгрөгөөр худалдсан,

мөн өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-04 тоотод 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 20.2 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Д.М нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг хууль бусаар Б.Бд 600.000 төгрөгөөр худалдсан,

мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-04 тоотод 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 4.8 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Б.Бий үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж...” гэжээ. Прокурорын яллагдагч нарт гардуулсан яллах дүгнэлт нь хэрэгт хавсаргасан яллах дүгнэлттэй зөрүүтэй байна. Тухайлбал, яллах дүгнэлтийн хавсралтын 6 дугаарт бичигдсэн хэрэгт байгаа яллах дүгнэлтэд “нийт 20.61 грамм шавар” гэсэн бол яллагдагч нарт гардуулсан хувь дээр 20.2 грамм гэсэн, хэрэгт байх яллах дүгнэлтэд 1.51 грамм гэсэн боловч гардуулсан яллах дүгнэлтэд 1.6 грамм гэсэн, хэрэгт байх яллах дүгнэлтэд 4.68 грамм гэсэн бол гардуулсан яллах дүгнэлтэд 4.8 грамм гэх зэргээр “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын жин зөрүүтэй байна. Мөн яллах дүгнэлтэд хэрэг гарсан газрыг ерөнхий байдлаар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэж бичигдсэн, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хаана, ямар нэртэй газар гарсан талаар тодорхой бичээгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичээгүй, яллагдагч Д.М нь “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн атлаа хаана хадгалсан гэж яллаж байгаа нь тодорхойгүй гэх өмгөөлөгч Д.Тамирын хүсэлт үндэслэлтэй байна. Иймд өмгөөлөгч нарын хүсэлтээр хэргийг Нийслэлийн прокурорт буцаах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Гт авсан цагдан хорих, яллагдагч Д.М, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Дэлгэрмөнх бичсэн эсэргүүцэлдээ: Прокурорын яллах дүгнэлт хэрэгт хавсаргасан яллах дүгнэлт, яллагдагч нарт гардуулж өгсөн яллах дүгнэлттэй зөрүүгүй, хэрэгт байгаатай адилхан яллах дүгнэлтийн хувийг л гардуулж өгсөн. Яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дахь хэсэгт зааснаар, хуулийн шаардлага хангаж үйлдсэн.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх заалтыг, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэх заалтуудыг хангаагүй нь шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул  хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1666 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

Яллагдагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

 

Яллагдагч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.М-ыг “шавар” гэх зүйлийг борлуулсан, хадгалсан гэж үзэж байгаа. Яллах дүгнэлтэд “Ж.Г нь Д.М-т 600.000 төгрөгөөр худалдсан, мөн Д.М нь Б.Бд 600.000 төгрөгөөр худалдсан” гэдэг байдлаар явж байгаа. Яллах дүгнэлтэд Д.М-ыг буруутгаж байгаа үйлдлүүдийг өмгөөлөгчийн зүгээс бүрэн гүйцэд шалгалгүйгээр зөвхөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Гэмт хэрэг хэзээ, хаана, хэдийд, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөлүүдийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Д.М Ж.Г-аас пүүз хямд үнээр авахаар 600.000 төгрөг өгсөн гэдэг нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогдсон. Энэ мөнгөөр мансууруулах бодис авсан гэж буруутгаж байгаа. Эд мөрийн баримтаар пүүзийг хурааж авсан боловч энэ пүүз ямар учиртай юм хэн, хэнээс авч байгаа талаар ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр Д.М Ж.Г-аас пүүз авсан талаар шалгах ёстой байтал шалгаагүй орхигдуулсан атлаа эд мөрийн баримтаар хураасан. Энэ 600.000 төгрөгөөр мансууруулах бодис хэн худалдан авч байгааг шалгаж тогтоогоогүй. Энэ байдлуудыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

Яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж заасан. Яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэйгээс гадна энэ хэргийн яллагдагч нарт гардуулсан яллах дүгнэлтэд бодисын хэмжээ зөрүүтэй байгаа талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой ярьж, яллагдагч Д.М-т гардуулсан яллах дүгнэлтийг хэрэгт хавсаргаж, энэ зөрүү тогтоогдсон гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй  байна. Хавтас хэргийн 63 дугаар талд бодисуудыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол байгаа. Энэ тогтоолоос үзвэл 26,3 грамм өвсийг хэрэгт хавсаргасан боловч, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 26,86 грамм гэж нэмэгдүүлж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзэж байна. Яллагдагч нарын холбогдсон хэргийн хувьд граммын тухай огт ярихгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илэрч байгаа төдийгүй граммыг ч шаардахгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага яригддаг. 0,55 граммын зөрүү гаргаж байгаа нь прокурор хууль ёсны байх, нотлох баримтад тулгуурлах шаардлагыг хангаагүй гэж шүүх дүгнэсэн. Үүнийг техникийн алдаа гэж үзэх боломжгүй. Эд мөрийн баримтаар 26.3 грамм үлдсэн гэдэг нь шүүхийн шинжилгээгээр хорогдоод үлдэж байгаа. Үүнийг ямар нэгэн хийсвэрээр нэмж тооцох, эсхүл 26,86 граммаар шүүхэд ирүүлсэн мэтээр тооцох, 0,55 грамм хаанаас үндэслэлгүйгээр нэмэгдсэн асуудал яригдсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ж.Г, Д.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн материалыг судлахад, Ж.Г-т нарт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт байгаа 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109 дүгээр яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагч нарт гардуулж өгсөн яллах дүгнэлтийн хавсралттай тулгаж үзэхэд зөрүүтэй байна. Тухайлбал, хэрэгт байгаа яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь заалтад “...Эд мөрийн баримтаар хураагдсан “...Swiss Chоcolate...” гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцагт савласан тусад нь гялгар уутаар хуйлж савласан нийт 20.67 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “...Wild Berry...” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн металл хайрцагт савласан 1.51 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “...Impact mints peach mints free...” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4.68 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2хх-230-231/ гэсэн байхад яллагдагч нарт гардуулсан яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь заалтад “...Swiss Chоcolate...” гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцагт савласан тусад нь гялгар уутаар хуйлж савласан нийт 20.2 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “...Wild Berry...” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн металл хайрцагт савласан 1.6 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “...Impact mints peach mints free...” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4.8 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хэргийн хамт хүргүүлэв гэжээ.

 

Прокурорын яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэх  бөгөөд хавтас хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн хавсралт нь яллагдагч нарт гардуулж өгсөн яллах дүгнэлтийн хавсралттай зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан “...эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө...”-ийн талаар яллах дүгнэлтийг хавсралтад тусгана гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны үйлдэж буй эрхийн акт эргэлзээтэй байдлыг үүсгэх зөрчлийг агуулах ёсгүй бөгөөд яллагдагчид гардуулсан яллах дүгнэлт хэрэгт байгаа яллах дүгнэлтээс зөрүүтэй байвал яллах дүгнэлтийг гардуулсан гэж үзэхгүй.

 

Харин шүүгчийн захирамжид “...яллах дүгнэлтэд хэрэг гарсан газрыг ерөнхий байдлаар бичсэн...гэмт хэрэг гарсан цаг, хугацааг бичээгүй...мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хаана хадгалсан гэж яллаж байгаа нь тодорхойгүй...” гэж заасан асуудлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, тогтоох боломжтой тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1666 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1666 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.ДАРЬСҮРЭН