| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0100/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/13 |
| Огноо | 2021-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
2021 12 23 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,
Улсын яллагч: Д.Ундармаа /томилолтоор/,
Шүүгдэгч: Б.М, Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М , Э.С /РД:УП96092908/ нарт холбогдох эрүүгийн 1911026121176 дугаартай хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, охин, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 8-75 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 4-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.С,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.М, Э.С нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дуулга бааранд үйлчлүүлж байсан Д.Эрдэнэ-Отгоныг согтуурсан биеэ хянах чадваргүй байхад нь банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг картаас 12 удаагийн үйлдлээр 4.256.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны 17 тооцооны төв доторх АТМ-аас бэлнээр авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.Эрдэнэ-Отгон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд би ажлынхаа гурван залуугийн хамтаар 2 шил 0.75 литрийн Экс нэртэй архи уусан. Тэгээд би ажлынхаа 3 залуугаас салаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дуулга бааранд орж суусан. Тэр үед би нэлээн уусан биеэ хянах чадваргүй байсан. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Тэр камерын бичлэгийг харж байхад миний хажууд 2 эмэгтэй сууж байсан. Тэгээд тэр 2 эмэгтэй надтай нэлээн юм ярьж байгаад миний картыг уншуулж 3 пиво авхуулж байсан. Тэгээд миний картыг аваад эргүүлж өгөөгүй. Тэгээд би маргааш өглөө нь гэртээ сэрсэн. ...Миний голомт банкны картаас 4.258.000 төгрөг гарсан. ...Миний утас унтарсан байсан. Би утсаа хэзээ унтарсныг сайн мэдэхгүй байна. Миний дансны мэдээлэл мессэжээр ирдэг. Тэгээд би маргааш өглөө нь утсаа асаатал завсаргүй мессэж ирсэн. Тэгээд би картаасаа мөнгө гарсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
Гэрч Х.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний санаж байгаагаар тухайн үед манай эхнэр Э.С над руу Б.М миний төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэж өгье хүрээд ир гэнээ гэж надад хэлэхээр нь би өөрөө эхнэрээ Б.Мийн гэрт хүргэж өгөөд халтуурны ажилдаа явсан. Тэгээд нэлээд удаан машинтайгаа халтууранд яваад нилээд шөнө болсон байх үеэр эхнэр Э.Слуу залгахад Далайхүү төвийн АТМ-д байна гэж хэлэхээр нь тэр газар яваад очсон юм. Тэгээд хэсэг машиндаа хүлээж сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь ATM байрлах газарт яваад ороход Б.М тэр хоёр АТМ-ээр үйлчлүүлээд зогсож байхаар нь би юу хийж байгаа юм гээд асуусан чинь Б.М манай эгч мөнгө явуулсан юм гэж хэлсэн. Ингээд тэндээс гараад Б.Мийг гэрт нь хүргэж өгөөд эхнэр бид хоёр шууд гэртээ харьсан.Б.М-г хүргэж өгөхөд гээд явахад тэр манай эхнэрт бэлэг 50.000 төгрөг өгөөд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
Гэрч Д.Пүрэв-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 сарын эхээр манай ах Эрдэнэ-Отгон 4.000.000 гаруй төгрөгтэй картаа бааранд сууж байгаад үл таних 2 эмэгтэйд картын пин кодоо өгөөд юм авхуулсан чинь картыг нь тэр чигт нь авч яваад дотроос нь мөнгө авсан гээд ярьж байсан. Тэгээд уг асуудлаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан юм. Уг хэргийн талаар нь нарийн мэдэхгүй, гэхдээ ерөнхийдөө бол хэлж байсан. ....Эрдэнэ-Отгон Монголд хэзээ ирэх талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ойрын 1 жилийн хугацаанд ирэхгүй байх, ер нь анх явахдаа 3 сарын хугацаатай явсан боловч буцаж ирээгүй тул нэг хэсэгтээ ирэхгүй байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед би гэртээ байж байсан чинь хуурай дүү Б.М төрсөн өдрийг чинь урьдчилан тэмдэглэж өгье гээд намайг гэртээ дуудахаар нь би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Б.Мийн гэрт очсон юм. Тухайн үед миний төрсөн өдөр 09 дүрээр сарын 29-нд болдог байсан боловч би урьдчилан тэмдэглэхээр болоод хоол идэж ярилцаад суусан юм. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад гадуур гарахаар болоод Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 17-н автобусны буудал орчимд байх нийтийн караоке болон баартай “Соёл” гэдэг газар 23 цагийн үед орсон. Караокед ороод бид хоёр пиво уугаад бараг цаг гаран дуулсан санагдаж байна. Тэгээд тэндээсээ гараад Б.М бид хоёр замын эсрэг талд байх Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” гэдэг нэртэй бааранд ороод нэлээн бүжиглэж байгаад би ариун цэврийн өрөө орчхоод буцаад ирсэн чинь нэг үл таних залуу манай ширээнд Б.М-тэй хамт суучихсан юм яриад байсан. Тэгсэн Б.М “манай эгчийн төрсөн өдөр болж байна чи дайлахгүй юм уу" гэх мэтээр тэр залуутай яриа өдөөд байсан чинь тэр залуу өөрийн "хаан банк”-ны картаа энгэрийн халааснаасаа гаргаж ирээд картын нууц кодоо бид хоёрт сонсогдохоор хэлээд Б.Мд өгсөн, Б.М надад картыг өгөөд 3 ширхэг пиво аваад ир гэж хэлсэн. Тэгээд би баарны тэкен дээр очоод 3 шил пиво авч ирээд ширээн дээр тавиад тэр залуу руу "Май картаа аваарай” гээд өгөх гэтэл тэр залуу авахгүй нэлээн их картыг хийчихсэн ба намайг картыг халаасандаа хийхийг Б.М харсан эсэхийг мэдэхгүй согтсон байхаар нь би картыг буцааж өгөхгүйгээр өөрийн хувцасны баруун халаасандаа асуухаар нь байгаа гэж хэлсэн чинь Б.М гарч тамхи татъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт гараад байж байтал Б.М тэр залуугийн виза картад байгаа дансны үлдэгдлийг нь шалгаж үзье гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайхүү” үйлчилгээний төвийн хаан банкны АТМ дээр очоод картыг нь уншуулж үзтэл 4.300.000 төгрөг байсан. Тэгэхээр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад уг картад байгаа мөнгийг авахаар тохиролцоод АТМ дотор байсан мөнгөний машинуудаар ээлжлээд хэд хэдэн удаа бэлэн мөнгө гаргаж аваад бид хоёр хуваагаад өөрсдийн хувцасны халаасруугаа хийсэн. Тухайн үед өөрийгөө болон Б.Мийг хэдэн төгрөг авсныг сайн мэдээгүй тоолохгүйгээр авсан юм. Анх гэрээс гарахдаа нөхөр Оюунбаатарт намайг болохоор ирж аваарай гээд хэлсэн байсан тул би мөнгийг авч дуусгаад би нөхөр Оюунбаатарыг ирээд аваач гээд дуудсан чинь манай нөхөр Оюунбаатар Б.М бид хоёрыг “ATM” дотор байхад өөрийн “Аванте Х” маркийн 75-87 УНР улсын дугаартай автомашинтайгаа хүрч ирээд авсан юм. Нөхрийг ирэхээр нь бид хоёр манай нөхрийн машинд суугаад явсан ба замдаа эхлээд Б.Мийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байдаг гэрт нь хүргэж өгөх гээд явж хоёр гэртээ хариад тухайн үедээ унтсан юм. Би бусдын мөнгийг авсан гэж тухайн үедээ нөхөр Оюунбаатарт хэлээгүй байсан. Маргааш өглөө нь халаасанд хийсэн мөнгөө тоолоод үзэхэд 1.950.000 төгрөг байсан. Тэгээд уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан юм.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-76-р хуудас/,
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 19 цагийн үед Э.С эгч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 5-11 тоотод байх манай гэрт ирсэн. Бид 2 хамт хэсэг байж байгаад Э.С эгчийн төрсөн өдрийг тэмдэглэхээр “Дуулга” гэх нэртэй бааранд орсон. Тэнд бид 2 хүний 2 шил пиво ууж байгаад талбай руу гараад бүжиглэсэн. Талбай дээр нэг залуу бид 2-той бүжиглэж байгаад манай ширээнд бид 3 хамт суусан. Тэгээд би тэр залууд "манай эгчийн төрсөн өдөр болж байгаа юмаа хамт хэсэг пиво уу?” гэж хэлтэл тэр залуу “за” гэж хэлээд картны нууц кодоо бид хоёрт сонсогдохоор чанга хэлээд Э.С эгчид өөрийн “Голомт” банкны картаа өгсөн. Тэгээд Э.С эгч тайкэн дээр очоод тэр картаар тооцоо хийгээд 3-4 шил пиво авч ирээд бид 3 хамт уугаад суусан. Тэгээд Э.С эгч тэр залуугийн картыг буцааж өгөөгүй ба би картыг Э.С эгчид байгааг мэдэж байсан юм. Тэгээд удалгүй бид 2 гарахаар шийдээд нөгөө залууг ганцааранг нь орхиод гараад явсан ба гадаа гараад бид хоёр картын үлдэгдэлийг шалгаж үзээд картнаас мөнгө авахаар болоод бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Далайхүү” худалдааны төвийн “ATM” дээр очоод Э.С эгч картыг халааснаасаа гаргаж ирээд картны үлдэгдлийг шалгахад дансанд 4.300.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тэгэхээр нь бид хоёр ээлжлээд картанд байсан мөнгийг АТМ үүдээс гаргаж аваад халаасруугаа хийж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Э.С эгчийн нөхөр нь саарал өнгийн суудлын машинтай ирэхэд бид 2 мөнгөө аваад дуусчихсан байсан. Э.С эгчийн нөхөр нь бид хоёрыг мөнгө авсныг тухайн үедээ мэдээгүй, Э.С эгч тэр 2 намайг Сүхбаатар дүүрэг дэх гэрт маань хүргэж өгсөн. Би гэртээ ороод халаасан доторхи мөнгөө тоолж үзэхэд 2.250.000 төгрөг байсан. Тэгээд би тэр мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэрэг 83-85-р хуудас/,
Хохирогч Д.Эрдэнэ-Отгоны Голомт банк дахь 1805029481 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 13, 49-53-р хуудас/,
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Далайхүү төвийн Хаан банкнаас бэхжүүлж авсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-46-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/,
Шүүгдэгч Э.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57-р хуудас/,
Шүүгдэгч Э.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 52-р хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Э.С-тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дуулга бааранд үйлчлүүлж байсан хохирогч Д.Эрдэнэ-Отгоны өмчлөх эрхийн эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдаж, хохирогчийн согтуурсан биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч уг картнаас 12 удаагийн үйлдлээр 4.256.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны 17 тооцооны төв доторх АТМ-ээс бэлнээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Эрдэнэ-Отгон, гэрч Х.Оюунбаатар, Д.Пүрэв-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэ-Отгоны Голомт банкин дахь 1805029481 дугаартай дансны хуулга, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.М, Э.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.С нь шүүгдэгч Б.М-тэй бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дуулга бааранд үйлчлүүлж байсан хохирогч Д.Эрдэнэ-Отгоны өмчлөх эрхийн эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдаж, хохирогчийн согтуурсан биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч уг картнаас 12 удаагийн үйлдлээр 4.256.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны 17 тооцооны төв доторх АТМ-ээс бэлнээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Эрдэнэ-Отгон, гэрч Х.Оюунбаатар, Д.Пүрэв-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэ-Отгоны Голомт банкин дахь 1805029481 дугаартай дансны хуулга, хяналтын камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.М, Э.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М, Э.С нар шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Б.М, Э.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, Э.С нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг зөв журамлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.М, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М, Э.С нарын бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэ-Отгонд 4.256.000 төгрөгийн хохирол учирчээ.
Шүүгдэгч Б.М, Э.С нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.250.000 төгрөгийг Б.Мээс, 2.006.000 төгрөгийг Э.Саас тус тус гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 гудамж, 61 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Дуламсүрэнгийн Эрдэнэ-Отгон /РД:ФА85022174/-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М, Э.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.М, Э.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч нар нь хэдийгээр урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Шүүгдэгч Б.М, Э.С нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтанд зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хугацаанд 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж заасан хуулийн үйлчлэлд шүүгдэгч Б.М, Э.С нарын 2019 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг нь хамаарч байна.
Мөн хуулийн “...7 дугаар зүйл Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэсний 7.1 дэх хэсэгт Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтын шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.М, Э.С нь байнга оршин суух хаягтай, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө хэн аль нь илэрхийлжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.М, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногтой тэнцүү байхаар тогтоож 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нарыг тогтоосон зам, чиглэл, маршрутын дагуу зорчих буюу ажил хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхдээ тогтоосон маршрутын дагуу зорчих, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух хаягаас гадагш зорчихгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн саналыг харгалзан хэрэгт хадгалахаар дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М, Э.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурь даж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нарыг ажил хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхдээ тогтоосон маршрутын дагуу зорчих, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух хаягаас гадагш зорчихгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.С нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.М, Э.С нарт сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мээс 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Э.Саас 2.006.000 /хоёр сая зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Дуламсүрэнгийн Эрдэнэ-Отгон /РД:ФА85022174/-д олгосугай.
6. Шүүгдэгч Б.М, Э.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.М, Э.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР