| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00066/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгч *******х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Б- Б-д /РД:РБ00000000/ холбогдох эрүүгийн 1933001590086 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 00000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Цемент шохой” ХХК-д ахлах машинист ажилтай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Жимстэй хорооллын 1-10 тоотод оршин суух, ам бүл-3, эхнэр, ээж нэг хүүхдийн хамт амьдрах, ял шийтгэлгүй, Хатагин овгийн Балжиннямын Баянмөнх, /РД:ИФ00000000/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэр жимстэй хорооллын 1-20 тоотод оршин суух иргэн *******ын гэрийн тооноор нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.133.500 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.****** нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Жимстэй хорооллын 1-20 тоотод оршин суух иргэн *******ын гэрийн тооноор нэвтрэн орж, дунд гарын орчин цагийн бүрмэл ган аяга-1 ширхэг,бор шаргал өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж-1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж-1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж-1 ширхэг, цулгуй монетон бөгж- 1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй шармал 1 хос ээмэг авч хохирогчид 1.133.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Шүүгдэгч *******хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэр ажилтай байсан. Тэр өдөр манай ахын хүүхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтэнэ гэхэд нь би ахыгаа хүүхэдтэй нь оройны 20 цагийн үед би эмнэлэг рүү хүргэж өгсөн. Манай ах маргааш эм тариа аваад ирээрэй гээд надад 20,000 төгрөг өгсөн. Тэгээд би эмнэлгээс гараад явж байхдаа архи уумаар санагдаад байсан юм. Тэгэхээр нь би Сонио эгчээс эм тариаг нь зээлж аваад Шинэдэлгэр дэлгүүрээс 0.33 шилтэй архи авч ганцаараа уусан. Би ер нь ганцаараа архи уудаггүй юм. Архиа уучхаад гэртээ байж байсан чинь манай ах хөнжил, дэвсгэр даавуу аваад ир гэхээр нь 21 цаг өнгөрч байх үед хүргэж өгсөн. Тэгээд такси дуудчихаад таксигаа хүлээж байхдаа Шинэдэлгэр дэлгүүрээр дахиад нэг 0.33 шилтэй архи авч гэрийнхээ гадаа уучхаад гэр рүүгээ орж хүүхэдтэйгээ тоглоод байж байсан. Тэгээд би нойл орох гэж гарсан. Гэтэл нэг мэдсэн чинь айлын хашаанд орчихсон явж байсан. Би архи уучхаад гадаа гарч ороод өөрийгөө хянах чадваргүй болчихсон байсан. Өглөө сэрсэн чинь 2 цагдаа болон айлын хүүхэд гэрт орж ирээд гутлын мөр гэж яриад байсан. Тэгээд гараад үзсэн чинь миний гутлын мөр гэрээс гараад тэр айл руу ороод буцаж ирсэн байсан. Би айлаас авсан юмаа хаана хийснээ мэдээгүй байсан. Цагдаа халаасандаа үз гэж хэлсэн. Би өөрийнхөө ажлын хувцасны халаасанд хийчихсэн байсан. Тэр үед би юу юу авснаа сайн санахгүй байсан. Авсан эд зүйлээ тэр дор нь эзэнд нь буцаагаад өгсөн гэсэн мэдүүлэг.
Эрүүгийн 1933001590086 тоот хэргээс:
2. Хохирогч Б.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би болсон хэргийн талаар болон надад учирсан хохирлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж хүлээж авсан учраас одоо ямар нэгэн хохирол, гомдол байхгүй” гэх мэдүүлэг,/х.х-ийн 15-рт/
3.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед миний даралт ихсээд байхаар нь би өөрийн охин Нямдаваад хэлтэл манай охин манай гэрт ирээд намайг болон Мөнх-Оргилыг аваад гэр лүүгээ явсан. Тэр үед манай охин Нямдаваа манай гэрийг цоожлоод явсан. Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Оюунцэцэгийн охин Сараа гэж эмэгтэй манай охин Нямдаваа руу залгаад ээжийн чинь гэрт хүн орчихсон юм шиг байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай охин бид хоёр жимстэй хороололд байх манай гэрлүү очиход гэрт гэрийн өрхийг хойш нь болгоод нээчихсэн хаалгыг нь эвдээд хаячихсан байсан. Гэрт байсан эд зүйлсээ бүртгэхэд авдарт хийчихсэн байсан миний монетан хос ээмэг болон хоёр ширхэг монетан том жижиг бөгж, хоёр ширхэг мөнгөн бөгж, нэг ширхэг мөнгөн аяга, бүрмэл шар өнгийн хос ээмэг зэрэг эд зүйлс байсан тул цагдаад хандсан гэсэн мэдүүлэг,/х.х-ийн 16-рт/
4.Гэрч Ш.Н***н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 13 минутад манай хөрш айлын охин Сарантуяа миний гар утас руу залгаад танай ээжийн гэрт хулгай орсон юм шиг байна, цагдаа дуудаад маш хурдан ирээрэй гэж хэлсэн. Би ээжийн хамт машинаа асаагаад Жимстэй хороололд ээжийнхээ гэр лүү явсан. Тэр хооронд манай нөхөр М.Батбадрал цагдаад хулгай орсон талаар дуудлага өгсөн. Цагдаагаас гэр лүү орж болохгүй гэсэн учраас хажуу айлд ороод байж байсан. Тэгээд нөхөр Батбадралыг ажил дээрээс нь аваад буцаж очоод ул мөрийг нь харуулахад мөрийг нь дагаж явж байгаад нэг айл руу орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа үүдэн дээр ирж таараад үзлэгээ эхэлсэн. Тэгээд гэр доторх бүх юмны зургийг нь аваад хаалганы гадна мод хугарсан, тоононы нимгэн өрхний оосор тасарсан, хаалгаар шагайхад унь нь унасан байдалтай байсан. Тэгээд цагдаа нар үзлэгээ хийж байх явцдаа нөгөө мөр нь явсаар байгаад орсон хүний гутлыг нь бариад хүнийг нь дагуулаад манай хашаанд оруулж ирээд гараад явсан. Тэгээд цагдаа ганц хоёр зүйл тодруулж асуугаад тэгээд араас ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд явсан. Манай ээж Отгонбаярын гэрээс хос ягаан шигтгээтэй монетан ээмэг, ягаан шигтгээтэй ягаан монетон бөгж, талсттай монетан бөгж 1 ширхэг, 1 ширхэг шаргал шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй 1 ширхэг мөнгөн бөгж, бүрмэл ган аяга 1 ширхэг эд зүйлс алдагдсан байсан. Манай Жимстэй хороололд байдаг хүн байсан. Би урьд өмнө нь зүс харж байгаагүй, Үйлдвэрт ажилладаг хүн гэж хажуу талын айлын Оюунцэцэг эгч хэлж байсан” гэх мэдүүлэг/х.х-ийн 18-рт/,
5.Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ны үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 1.133.500 (нэг сая нэг зуун гучин гурван мянга таван зуун) төгрөг байна” гэсэн дүгнэлт/х.х-ийн 26-рт,/
6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн 00000072 аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хэргийн газрын үзлэгийн үеэр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь иргэн Б-с хурааж авсан гэх гутлын улаар үүсгэгдсэн байна” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 37-41-рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч Б.Б******н 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн *******ын гэрийн тооноор нэвтрэн орж, дунд гарын орчин цагийн бүрмэл ган аяга-1 ширхэг,бор шаргал өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж-1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж-1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж-1 ширхэг, цулгуй монетон бөгж- 1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй шармал 1 хос ээмэг авч хохирогчид 1.133.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд *******хийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос *******хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
Хохирогч ******* хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авч хохиролгүй болсон, гэрийн хаалганы эвдрэл засах 40.000 төгрөг төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.
Шүүгдэгч *******хөд шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
*******хөд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн болон бичгийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******хөд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Хохирогч ******* шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хатиган овогт Б-г байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******хийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар *******хөд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид *******хөд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******хөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА