Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0031/Э |
Дугаар | 2022/ШЦТ/42 |
Огноо | 2022-01-05 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/42
2022 01 05 2022/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Б.Энхжин,
улсын яллагч: Т.Төмөртулга,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 210802300000 тоот хэргийг 2021.12.15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, М гал Х ХХК-д менежер ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Дамбадаржаа 0-00-0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баянмонгол хороолол 000-00 тоотод оршин суух, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:**0000000/ Баяжих овогт О-ын М нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн АТМ-ээс Б.Аын итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картаас 310000 төгрөгийг авч завшсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Цагдаагийн байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
- Хохирогч Б.Аын “2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр миний төрсөн өдөр болсон ба тухайн өдөр 19 цагийн орчимд хорооллын эцсийн И-март дэлгүүрээс зүс таних дүү ******* гэх хүний хамт хүнс аваад ******* миний Хаан банкны картаар тухайн тооцоог хийсэн. Тэгээд би архи согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зүс таних дүү *******ээр гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний Хаан банкны 55......90 тоот данснаас 06 цаг 35 минутад 50000 төгрөгийн зарлага гарсан ба удалгүй 14 цаг 27 минутад 310000 төгрөгийн зарлага гарсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хх-10/,
...Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний Хаан банкны 55......90 тоот данснаас 06 цаг 35 минутад 50000 төгрөгийн зарлага гарсан гэсэн ба тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сайн санахгүй байсан ба дараа нь бодоход би өөрөө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Дархан плазагийн АТМ-сээ 50000 төгрөгийг авсан байна. Харин 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 27 минутад миний Хаан банкны данснаас 310000 төгрөгийн зарлага гарсан тул гомдолтой байна.
...Би тухайн АТМ-н доторх болох гаднах хяналтын камерын бичлэгийг үзлээ. Тус бичлэгт гарч буй улаан пүүзтэй, цэнхэр өмд цамцтай, саарал өнгийн саравчтай малгайтай залуу бол миний зүс таних дүү *******ийн бичлэг байна. Зүс таних дүү ******* нь миний картаас 310000 төгрөг авсан байна.
...Тухайн өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд *******эд виза картаа өгч дэлгүүрээс юм авахад чи төлбөр хийгээрэй гэж хүлээлгэж өгсөн. Дараа нь надад виза картаа өгөлгүй миний данснаас зөвшөөрөлгүй мөнгөнүүд авсан байсан.” гэх мэдүүлэг /хх-10-11, 13/,
- 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 50/9406 дугаартай Хаан банкны албан бичиг /хх-17/,
- 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-19/,
- Б.Аын Хаан банкны 55......90 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-22/,
- Яллагдагч *******ийн “2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байж байхад танил Б.А ах залгаад “гэрт хүрээд ирээч хоёулаа гадуур амжуулах ажил байна” гэж хэлэхээр нь гэрт нь очсон. Тэгээд Б.А ах бид хоёр гадуур явж байгаад Баянгол дүүрэг хорооллын эцсийн И-март гэх дэлгүүрийн гадаа ирээд бид хоёр орсон. Тухайн үед бид хоёр дэлгүүрээс хүнсний юм авахад би тооцоог Б.А ахын виза картаар хийсэн. Надад виза картынхаа нууц үгийг хэлсэн. Тэр өдөр би Б.Аыг ахыг гэрт нь хүргэж өгөөд виза картыг нь өөрт нь өгөөд оруулсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө эрт Б.А ах манай хадмын гэрт согтуу орж ирээд хадам ээжтэй юм ярьж байгаад гэр рүүгээ явахаар болоод би гэр рүү нь хүргэж өгсөн. Тэгтэл Б.А ах надад виза картаа өгөөд “дэлгүүр ороод уух юм аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс ус аваад Б.А ахад усыг нь өгөөд виза картыг нь өгөөгүй. Би Б.А ахыг гэрт нь хүргэж өгөөд буцаад Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо Цамбагаравын автобусны хойд талын АТМ-ээс 310000 төгрөгийг авсан. Тухайн үед би ганцаараа байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-46/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан виза картыг ашиглан 310000 төгрөгийг АТМ-аас бэлнээр гарган авч завшсан нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Ат 310000 төгрөгийн хохирол учирсан байх ба ******* нь хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу *******ээс 310000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас *******эд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгч ******* “Миний буруу хохирогчид мөнгийг нь өгөх зөндөө боломж байсан, дандаа согтуу байсан. Байцаагчид хэлэхээр “би мөнгө авах боломжгүй” гэсэн. Ар гэрээ ганцаараа авч явдаг байдлыг минь харгалзан үзнэ үү” гэх тайлбар тус тус гаргалаа.
Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.04.24-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор 13 сая төгрөгийн буюу бусдын үлэмж хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь эсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, баривчлах ялыг биечлэн эдэлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар хувь, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-36, 51-52/ тус тус тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баяжих овогт О-ын Мийг 310000 төгрөгийн хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баяжих овогт О-ын Мэд 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Баяжих овогт Отгонбатын Мээс 310000 /гурван зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгосугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******эд мэдэгдсүгэй.
8. Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг дискийг *******эд холбогдох эрүүгийн 2108023000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ