Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

     2022          01          06                                    2022/ШЦТ/52

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж *******д холбогдох эрүүгийн 2108005000000 тоот хэргийг 2021.12.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, халх, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Буянт-Ухаа 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-503 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Бурхант овогт Энхтайвангийн С нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танил болох С.Бийн гэрээс гарахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд С.Бийн эхнэр Б.Дгийн эзэмшлийн Самсунг А10 загварын гар утсыг хууль бусаар авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Б.Дгийн цагдаагийн байгууллагад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “Сараа гэдэг эмэгтэй утас аваад явсан” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Хохирогч Б.Дгийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхрийг таньдаг Сараа гэх эмэгтэй манай гэрт согтуу пиво оруулж ирж манай нөхөртэй хамт уусан юм. Тэгээд тухайн эмэгтэй надад хандаж “утсаа өгөөч такси дуудаад явах гэсэн юм” гээд гэрийн гадаа байж байгаад аваад явчихсан юм. Удалгүй би араас нь гараад харахад гар утас аваад явчихсан байсан. Дараа өдөр нь манай нөхөр рүү Сараа залгахаар нь би утсыг нь аваад ярихад “би утсыг чинь гэрт чинь оруулж тавьсан авч яваагүй” гээд байсан. Тэгээд тухайн үедээ цагдаад хандаагүй манай аавын бие муу байсан болохоор цагдаад хандаж чадаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч З.Бийн өгсөн: “2020 оны 11 сарын сүүл үеэр манай гэрт урьд өмнө хамт эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан Сараа гэх эмэгтэй манай гэрт ирээд хэсэг байж байгаад явсан юм. Сарааг явсны дараа миний гар утас байхгүй болсон. Энэ тухай манай эхнэр мэдээд цагдаад гомдол гаргасан байна лээ. Тухайн гар утас нь Самсунг А10 загварын утас бөгөөд лизингээр мобикомоос авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 231 дугаартай “Самсунг А-10 гар утас 250000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

- Яллагдагч *******ийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 109/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* С.Бийн гэрээс гарахдаа  “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд Б.Дгийн эзэмшлийн Самсунг А10 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь тухайн эд зүйлсийг хууль бусаар авснаар төгсгөл болдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба дээрэмдэх гэмт хэргийн онцлог бол хохирогчоос эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч байгаа үйлдлийг болон хохирогчийн зүгээс өөрийн эзэмшиж буй эд хөрөнгийг хууль бусаар авч байна гэдгийг ухамсарлан мэдсэн онцлогтой байдаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогчоос “гар утсаа өгч байгаач, такси дуудаад өгье” гэж хэлээд гар утсыг нь хохирогчийн өөрийнх нь зөвшөөрлөөр авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* хохирогчийн өөрийнх нь зөвшөөрлөөр гар утсыг нь аваад гадаа гарсны дараа утсыг нь буцааж өгөлгүйгээр цааш авч явсан болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байх тул *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж өөрчлөн, *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Дд мөнгөн дүнгээр 250000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд ******* нь хохирогчид гар утасны мөнгө гэж 250000 төгрөг бэлнээр өгсөн, хохирогчийг гомдол саналгүй болгосон тул ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олж авсан эд зүйлийн хохирол болох 250000 төгрөгийг хохирогчид бэлнээр өгсөн, бусдад төлбөргүй байгаа нь Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуульд заасан өршөөлийг үзүүлэх үндэслэл болно.

Гэвч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өршөөлд хамаарч байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байна.

Дээрх нөхцөл байдлыг судалж үзэхэд ******* өршөөл үзүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй, ашиггүй байх тул түүнийг өршөөлд хамааруулахгүй байхаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-116/ тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдлыг харгалзан Шүүгдэгч С.Сийг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бурхант овогт Э-гийн Сийг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бурхант овогт Э-гийн Сд 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Дгийн хохирол төлбөрт 250000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           С.СЭРЖМЯДАГ