Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2017/01470/и |
Дугаар | 1749 |
Огноо | 2017-08-04 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 1749
2017 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2017/01749 |
Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01686 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхрийцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бусаар иргэн Р.Энх-Амгалан болон Ч.Сүрэнцэцэг нарын гадаадад зорчих эрхийг хязгаарласан шийдвэр гаргаж Монгол Улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх ёстой эрхийг маань эдлүүлэхгүй байна. Энэ нь хууль бусаар иргэн бидний эрхийг хязгаарлаж байна. Хуулиар олгогдоогүй эрхийг захиргааны байгууллага эдлээд байна.
Иргэн Р.Энх-Амгалан нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр БНХАУ-д 14 хоног яваад ирье гэсэн хүсэлтийг гаргасан ч явуулаагүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.18, 16.13 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.
Хилийн хориг тавьсан байгаа гэх шийдвэрийг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй. Зөвхөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хилийн хориг тавьсан гэж л хэлдэг. Энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5/2784 тоот албан бичгээр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариу авсан.
Иймд Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нарын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон "гадаадад зорчих" эрхийг хууль бусаар хязгаарласан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нараас 164 649 020 төгрөгийг гаргуулж нэр бүхий 21 иргэнд олгохоор шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15/16, 15/17 тоот мэдэгдэх хуудсыг биечлэн өгч 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/15111 албан бичгээр гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4.-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Шүүгч яллах дүгнэлт үйлдэж, прокурор шийтгэх тогтоол гаргасан нь хэн ч харсан эрх хэмжээгүй этгээд гаргасан тул хүчингүй болох ёстой. Гэтэл шүүгч яг үүнтэй адил зүйлийг огт анхаарч харсангүй.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4-т "Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 133.2, 133.3-т зааснаас гадна дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гээд мөн зүйлийн 133.4.4-т "шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх" эрхтэй болохыг заажээ. Гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гагцхүү Улсын ерөнхий гүйцэтгэгч гаргана. Гэтэл эрх хэмжээгүй этгээдийн албан тоотоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль бус юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь цэргийн цол олгодог, шатлан захирах ёс үйлчилдэг, босоо тогтолцоотой байгууллага. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар "Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэх хөтлөх журам"-ыг батлан гаргасан бөгөөд аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгуулага, ажилтнууд дагаж мөрдөх ёстой.
Энэхүү журмын 2.5 дугаар зүйлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх 5 үндэслэлииг зааж өгсөн байгаа. Эдгээр үндэслэлийн аль нь ч байхгүй юм.
Анхан шатны шүүх Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг зүйлд зааснаар гадаадад зорчих, цагаачлах нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байгаа нөгөө этгээдийн өргөдөл гомдол байгаа бол гэсэн нөхцөлийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл нөгөө этгээд буюу төлбөр авагчийн өргөдөл гомдол байх ёстой юм. Төлбөр авагч иргэд Р.Энх-Амгалан гадаадад явж эмчлүүлэх нь манай эрхийг зөрчинө гэж ямар ч гомдол, өргөдөл гаргаагүй болох нь тогтоогдсон бөгөөд хэрэгт ийм баримт байхгүй. Гэтэл шүүгч хэрэгт байхгүй баримтыг байгаа мэтээр дүгнэж, шийдвэр гаргасанд гомдол гаргаж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр хариуцагч Р.Энх-Амгалан, Ч.Сүрэнцэцэг нараас 214 955 820 төгрөг гаргуулж нэр бүхий 21 иргэнд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбат нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/15111 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ж.Наранбаатарт төлбөр төлөгч Ч.Сүрэнцэцэг, Р.Энх-Амгалан нар төлбөр төлөхөөс зайлсхийж, улсын хилээр гарч болзошгүй гэх үндэслэлийг зааж хуульд заасан журмын дагуу тэдгээрийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүмүүсийн жагсаалтад оруулж, хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх саналыг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхгүй байгаа нь тэдгээрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хангалттай үндэслэл болох бөгөөд энэ нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан “гадаадад зорчих... нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай... байгууллагын өргөдөл, гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага түүний үндэслэлтэй бол...” иргэнийг гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарах юм.
Мөн төлбөр төлөгч Р.Энхсайхан, Ч.Сүрэнцэцэг нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд оруулсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15/17, 15/16 дугаар мэдэгдэх хуудсаар хариуцагч нарт мэдэгдсэнийг хариуцагч нар танилцаж гарын үсэг зуржээ.
Иймд шийдвэрийг танилцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн төлбөр төлөгч Р.Энх-Амгалан нь өвчний улмаас гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай гэх нэхэмжлэгч талын тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн “Наноори” эмнэлгийн эмчилгээний төлөвлөгөө гэх баримтад огноо тусгагдаагүйгээс Р.Энх-Амгалан одоогийн байдлаар эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн гэж дүгнэх боломжгүй юм. Түүнчлэн Р.Энх-Амгалангийн амбулаториор эмчлүүлэгсдийн 2 ширхэг картад эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл зарим үзлэгийн тэмдэглэл огноогүй, зарим тэмдэглэл нь 2007, 2008, 2009 онд хамаарч байгаа нь 2017 оны байдлаар эмчилгээнд гадаадад зайлшгүй явах шаардлагатай байна гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өрхийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд Р.Энх-Амгаланг зүрхний бичлэг хийлгэх, зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар тэмдэглэсэн боловч тэрээр эмчийн зөвлөгөөг дагаж эмнэлэгт үзүүлсэн баримтгүй байгаагаас нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА