Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 020/2013/0241/З |
Дугаар | 221/МА2016/0082 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0082
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Л.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 6-ны өдрийн 359 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжинд 6591 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа... Манай газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжаар хүчингүй болгож байсан. Энэхүү захирамжийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байгаа… Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хууль зөрчиж, олгосон газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “К” ХХК-д сунгаж олгосон. Уг газрыг “К” ХХК-д эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн эзэмшил газраас шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирал С.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Улсын тэргүүний 13 дугаар сургууль нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Газрын тухай хуулиар тогтоон олгосон 23940,0 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалтын газартай 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдөр кадастрын зураг бүхий 21/0038 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулж, ашигладаж байсан. Газар эзэмших гэрээ дахин хийгдээгүй... Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжаар “К” ХХК-д эзэмшүүлсэн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжийн хавсралтын 24 дэх заалтыг хүчингүй болгосон захирамж гаргасан боловч хэрэгжээгүй. Бид Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжаар дээрх 464 дүгээр захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь зөв зүйтэй болсон... гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.2. 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “К” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...1. Бодит байдлын талаар: “К” ХХК нь 2005 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамжинд орших 6591 м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмших болсон. Газар эзэмших эрх нь Нийслэл, дүүргийн Засаг дарга нар буюу төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг баримтлан гаргасан хууль ёсны захирамж шийдвэрүүдээр олгогдож, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр баталгаажсан талаар нэхэмжлэлдээ удаа дараа дэлгэрэнгүй тайлбарласан. Дээрх эзэмшил газрыг өөрийн дураар бус, газрын харилцаатай холбогдох хууль тогтоомжийг баримтлан газар эзэмших эрх олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эзэмшиж байгаа, өнөөдрийг хүртэл эзэмшил газрын хэмжээ болон эзэмшигч, газар эзэмших зориулалт ч өөрчлөгдөөгүй, газар эзэмшигчийн үүргийг огтхон ч зөрчөөгүй боловч энэхүү газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргаас өөрийнхөө гаргасан шийдвэрийг ямар нэг шалтгаан зааж хүчингүй болгох шийдвэрийг одоогийн байдлаар 3 удаа гаргаад байгааг давж заалдах шатны шүүхийн онцгой анхааралд авахыг хүсэж байна.
Эхний удаа Нийслэлийн Засаг даргаас 2010.10.12-ны өдөр “Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай” 706 дугаар захирамж гаргаж, тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байсан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх манай нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянаад бүхэлд нь, газрын маргаан бүхий талууд харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулан газар эзэмших эрхээ хуулийн дагуу шилжүүлсэн, компани нь газар эзэмшигчийн хувиар Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, газар эзэмшүүлэхээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, Засаг даргаас шийдвэр гаргахдаа компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хууль бус үндэслэлээр шийдвэр гаргасан, компанийн эзэмшил газар дээр барьж байгуулагдсан, байгуулагдах барилга байгууламжууд нь барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгаврууд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан шийдвэр, техникийн зөвлөлийн хурлын шийдвэр, барилгын эскиз зураг зэрэг шаардлагатай бүх төрлийн баримт бичгийн бүрдлийг хангасан гэж тус тус дүгнэж, Засаг даргын дээрх 706 дугаар захирамжийг хүчингүй болгосон 525 дугаар шийдвэрийг 2010.12.21-ний өдөр гаргасан.
Шүүхийн энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тухайн үедээ Нийслэлийн Засаг даргаас 340 дүгээр захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2013.03.15-ны өдөр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/250 дугаар захирамж дахин гаргаж, манай компанийн газар эзэмших эрхийг 2 дахь удаагаа хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. “К” ХХК нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүрэг, Нийслэлийн газрын албатай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлсээр ирсэн, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор олгогдсон энэхүү газар дээр барьж байгуулсан барилга, байгууламжид 4 тэрбум төгрөгөөр тооцогдох хөрөнгө оруулсан байгаа. Газрын тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, хууль зүйн хангалттай үндэслэлгүй, Нийслэлийн Засаг даргын 2013.03.15-ны өдрийн А/250 дугаар захирамжийн талаар дор дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдийг шүүхийн анхааралд толилуулсан.
Үүнд: Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн үндэслэлийг “К” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэжээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд агуулгаар нь багцлан авч үзвэл, газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэй эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зэрэг болон бусад эрх эдэлж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, газрын төлөв байдал, чанарыг алдагдуулахгүй байх, бусдын газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээхээр тус тус томьёологдсон байна. Хуулийн дээрх заалтыг үндэслэн нөхцөл байдлыг судлан үзэхэд бодит байдал дээрээ манай компани газар эзэмшигчийн талаар заасан шаардлагуудыг зөрчөөгүй, газрыг зориулалтын дагуу эзэмшиж байгаа, газар эзэмших эрх олгосон шийдвэр, хамтран ажиллах гэрээ, газрын алба, болон бусад эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын өгсөн барилга байгууламж барих зөвшөөрөл, тодорхойлолт, техникийн нөхцөл зэрэг болон бусад баримтуудаар хөдөлгөөнгүй нотлогдож байгаа гэж үзэх боломжтой.
13 дугаар сургууль нь төлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудаар төлөөлүүлэн газар эзэмших эрхийнхээ зарим хэсгийг “К” ХХК-д тодорхой зорилготойгоор сайн дураараа шилжүүлсэн гэж үзэх үндэстэй. Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрх бүхий эзэмшигчийн албан ёсны санал хүсэлтийг зөвшөөрөн, газар эзэмших эрхийнх нь зарим хэсгийг бусдад шилжүүлсэн шийдвэр гаргасан болох нь илэрхий зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, дуусгавар болгох, хүчингүй болгох, эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах зэрэг газар эзэмших эрхэд өөрчлөлт оруулах хэлбэрүүдийг тусгайлан зааж, хэрхэн шийдвэрлэвэл зохих журмуудыг нэг бүрчлэн хуульчилж өгсөн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргаас манай компанийн эзэмшиж байгаа газрын эзэмшилд өөрчлөлт оруулахдаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэж үзсэн байна.
Газрын тухай хуульд заасан аливаа газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмших ёстой, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох бол зөвхөн хуульд тусгайлан /хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1/ заасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой бөгөөд аливаа албан тушаалтан зөвхөн хуулийн энэхүү заалтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Энэ нь Нийслэлийн Засаг даргыг дээр дурдсан хуулийн заалтыг илт зөрчсөн илэрхий хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэх хангалттай үндэслэл болно. Гэтэл бодит байдал дээрээ 13 дугаар сургуулийн эзэмшилд байсан газрын зарим хэсэг манай компанийн эзэмшилд шилжсэн процесс нь анхны газар эзэмшигч болох 13 дугаар сургууль Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэй эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэдэг эрхээ хэрэгжүүлсэн, Засаг дарга тэрхүү эрхээ хэрэгжүүлэх эрхийг нь зөвшөөрч зохих журмын дагуу шийдвэрээ гаргасан тул газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг анхнаасаа зөрчсөн гэж үзэх боломжгүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн агуулгаас үзэхэд манай компанид газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон шийдвэр буюу захирамжийг гаргасан албан тушаалтан буюу тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр хууль бус үйлдэл гаргаж, бусдын газар эзэмших эрхийг дураараа өөрчилсөн юм бол тэрхүү үйлдэл нь хуульд заасан журмын дагуу шалгагдан тогтоогдсон, түүнийг гэм буруутай гэж үзсэн, түүнд хариуцлага хүлээлгэсэн байх шаардлагатай байна. Хэрэв Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан юм бол энэхүү хууль бус шийдвэрээс бий болсон үр дагавар буюу “К” ХХК-д газар эзэмшүүлсэнээс шалтгаалан учирсан бүх хохирлыг хууль бус шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг дарга буюу Нийслэлийн захиргаа шууд хариуцах учиртай.
Энэ нь манай компани гэм буруутай этгээд буюу Нийслэлийн Засаг даргаас 4 тэрбум төгрөгөөр тоологдох хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг тодорхойлж байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл хууль бус үйлдэл гаргасан этгээд, албан тушаалтан хуульд заасан хэлбэрээр тогтоогдоогүй төдийгүй, хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрт энэ талаар дэлгэрэнгүй зааж, шалган тогтоосон нөхцөлд газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Бүхэлд нь авч үзвэл, манай компанийн эзэмшиж байгаа газартай холбогдсон маргаанд анхны эзэмшигч 13 дугаар сургууль, шилжүүлэн эзэмшигч “К” ХХК, газар эзэмших эрх олгосон, хүчингүй болгосон Нийслэлийн Засаг дарга гэсэн 3 субьект оролцож байгаа бөгөөд хууль бус үйлдэл буюу эс үйлдэхүй гаргасан, эсхүл хууль бус шийдвэр гаргасан аль нэг талын гэм буруу тогтоогдсоны эцэст газрын эзэмшил эцэслэн шийдвэрлэгдэх ёстой. Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн хувьд шүүхэд хянан шийдвэрлэгдсэн баримт, шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт зэргээс үзэхэд газар эзэмшигчийн бүрэн эрхийн дагуу газрынхаа зарим хэсгийг бусдад сайн дураараа шилжүүлж, газар шилжүүлсэн этгээдтэй хамтран ажиллаж ашиг олох гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр зохих орлого олж, ашиг хүртсэнийхээ дараа газрын эзэмшлээ бусдад хууль бусаар алдсан мэтээр асуудалд хандаж байгаа нь тодорхой байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү хэргийн маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болон хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, хохирсон этгээдийн хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг асуудлыг хамтатган шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Дээр дурдсан үндэслэл, товч тайлбараас үзэхэд тус компанид газар эзэмших эрх олгосон, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн гэм буруутай үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тогтоогоогүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлууд тогтоогдоогүй байхад хуулийн заалтыг илт буруу тайлбарлаж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010.10.12-ны өдрийн 706 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн хангалттай үндэслэлгүй, хууль ёсоор газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар: “К” ХХК нь Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийг нэг талаас төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор гаргасан, заавал хэрэгжих агуулгатай, хүчин төгөлдөр болсон, хэрэгжсэн, газар эзэмшигч их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, цаашид газрын эзэмшилд өөрчлөлт оруулбал зайлшгүй хамтатган шийдвэрлэх ёстой үр дагавар бий болсон зэрэг нөхцөл байдалтай шууд холбогдсон, нөгөө талаас 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, олон зуун иргэний өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж баригдсан газрын эзэмшлийг бүхэлд нь хүчингүй болгож, газрыг чөлөөлөх буюу дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг зайлуулах агуулгатай, хууль тогтоомжийн заалт, хуулиар тогтоосон журам талаас нь авч үзвэл, газрын эзэмшлийг хүчингүй болгоход заавал баримтлах заалтыг баримтлалгүй, харин хуульд огт заагдаагүй үндэслэлийг баримталсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, илт нэг талын эрх ашгийг харгалзсан, хууль бус шийдвэр гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2013.03.15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг утга, агуулга, хэлбэрийн хувьд алдаатай, бодит байдалд байхгүй газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж үнэлэлт дүгнэлт хийсэн атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэв маргаан бүхий захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны акт хууль бус байна гэсэн зохицуулалтыг шууд зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Газрын тухай хуулийн зохицуулалт илтэд зөрчигдсөн хууль бус үйлдлийг тогтоохын оронд нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагагүй, шүүхийн шийдвэрлэх ёсгүй, нэхэмжлэлд хамааралгүй гуравдагч этгээдийн газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэлээ.
Цаашид газрын аливаа маргааныг хуульд зааснаар бус зөвхөн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч өөрийн үзэмжээр маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг шийдвэрлэх зарчмыг дураараа зөрчих боломжийг олгох сөрөг хандлага бий болгохоос гадна нэг хэсэг газрын асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал баримтлах иргэний эрх зүйн харилцааны суурь зарчмыг тойрон гарах үл ойлгогдох байдал бий болгох үр дагавартай. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэн хэрэгтээ нэг агуулгатай, нэг оролцогч нартай маргааныг 3 дахь удаагаа шийдвэрлэсэн бөгөөд эхний шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дахин хоёр удаа тогтоохдоо эсрэгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрүүдэд тодорхой байгаа. Зүй нь, захиргааны хэргийн шүүхийн 2010.12.21-ний өдрийн 525 дугаар хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан тул 2015.10.05-ны өдрийн 622 дугаар шийдвэрийн заавал харгалзах бодит үндэслэл болж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэж, хүчингүй болгосны эцэст шүүх дахин үнэлэлт дүгнэлт хийх ёстой байсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн “К” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ өмнөх Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэл нь ерөнхий боловсролын 13 дугаар сургууль нь “төрийн байгууллага” гэж үзсэнтэй холбоотой гэж ойлгогдож байна.
Боловсролын тухай хуульд боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэж, Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн гэж тус тус тодорхойлогдсон байна. Ерөнхий боловсролын сургууль нь өмчлөлийн болон санхүүжилтийн хэлбэрээр төрийн өмчийн, хувийн өмчийн зэрэг ялгаатай сургалтын байгууллага болох нь маргаангүй тул ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6-д заасан эрхийг эдлэхгүй гэж үзсэн Засаг даргын захирамжийн үндэслэл илт хууль бус... Шүүхээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн заалтыг илтэд буруугаар тухайлбал, хуулийн 35 дугаар зүйлийн агуулгыг гуйвуулан газар эзэмшигчийн хуульд заасан бүрэн эрхийг огт болохгүй мэтээр тайлбарласан төдийгүй нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр анхан шатны шүүхэд хянагдаагүй, дүгнэгдээгүй нөхцөл байдал байсан мэтээр үндэслэл гаргасан нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээс өөр аргагүй.
Шүүх 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө оруулалт, хохирлын асуудал гарч ирсээр байтал нэхэмжлэгчийн ямар ч ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.05-ны өдрийн 622 дугаар шийдвэр хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт материалууд хангалттай цугларсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой байсаар атал нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг ойлгоогүй, маргааныг хянан шийдвэрлэхийн тулд баримтлах ёстой хуулийн холбогдох заалтуудыг буруу ойлгон хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар хянан шийдвэрлээгүй орхигдуулсан тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013.03.15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
“К” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн баруун талд байршилтай 6591 м.кв газрыг нэхэмжлэгч “К” ХХК-д эзэмшүүлсэн шийдвэрүүдийг дээрх захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий газар буюу “К” ХХК-д эзэмшүүлсэн 6591 м.кв газар нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр, мөн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 470 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын 13 дугаар сургуульд эзэмшүүлсэн газартай буюу тус сургуулийн биеийн тамирын талбай байрлах газартай давхацсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэгж талбарын 18639311570660 дугаартай “К” ХХК-ийн эзэмшил 6591 м.кв газрын байршлын кадастрын зураг, нэгж талбарын 18639311641681 дугаартай 13 дугаар сургуулийн эзэмшил газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, мөн тус сургуулийн газрын тойм зураг, 2005 оны агаарын зураг зэргээр нотлогдож байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл байхгүй байхад, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасныг зөрчиж “К” ХХК-д газар эзэмшүүлсэн нь буруу гэж үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших шийдвэрүүдийг өөрөө 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжаараа хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлт болон нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК нь анхнаасаа хуулийн дагуу эзэмшээгүй болох нь тогтоогджээ.
Тиймээс анхан шатны шүүх нь Ерөнхий боловсролын сургууль өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлэх Газрын тухай хуульд заасан эрхийг эдлэхгүй, нөгөөтэйгүүр, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулиас 5916 м.кв газрыг нэхэмжлэгч “К” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх талаар ямарч хүсэлт гаргаагүй, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамж нь Газрын тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хөндөөгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамж нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан гэх үндэслэлээр гарсан, харин Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дээрхээс өөр үндэслэлээр хүчингүй болгосон. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын албан бичигт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг ба тухайн хэрэгт Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль гуравдагч этгээдээр оролцоогүй байдаг. Үүнээс үзэхэд шүүх нэг асуудлыг дахин шийдвэрлэсэн асуудал байхгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР