Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

       2022          01          21                                   2022/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Анударь,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэргийг 2022.01.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, “Г п м г” ХХК-д туслах зураглаач ажилтай, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мандал овоо 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Т т  ж овогт Бын Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 1-36 тоот гэртээ Э.Отэй маргалдаж, үсдэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Э.О-ийн: “Би Б.Э гэх эмэгтэйтэй найзлаад 12 жил болж байна. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...би Б.Эын гэрт нь ороод цай уугаад байж байтал Б.Э хувцсаа солих гээд жижиг өрөөндөө орсон юм. Тэр үед Б.Эын дүү ******* “та нар ойр ойрхон гарч байгаа шүү битгий давраад байгаарай” гээд уурласан. Тэгэхээр нь би “хэрвээ нөхөр хүүхэдтэй болчих юм бол бид нар өөрсдөө гарах завгүй болчихно. Одоо гаралгүй яадаг юм бэ” гэж хэлэхэд ******* намайг “шээс чинь чи яаж чадах юм” гэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа алгадах үед ******* миний нүүр, шүд орчим гараараа нэг удаа цохиод үснээс зулгаагаад байхаар нь би тавиулах гэж байгаад нүүрийг нь бага зэрэг самардчихсан юм. Тэгсэн ******* баруун гараараа миний үснээс зулгаагаад доошоо дараад миний нуруу, толгой руу өшиглөсөн” гэх мэдүүлэг /х.х-24-25/,

- Гэрч Б.Эын: “хоорондоо маргалдаад байхаар нь харахад Э.О, дүү *******ийг гараараа алгадсан. Гэтэл ******* зөрүүлээд нүүр, уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаад авахаар нь би очиж тэр хоёрыг салгаад дүү *******ийн хоёр гараас нь бариад боль гэж хэлээд хорих үед Э.О манай дүү рүү дайрахаар нь ******* түлхэж унагаагаад үстэж байгаад доошоо дараад нуруу руу нь нэг удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /х.х-12/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11930 дугаартай “Э.О-ийн биед 2 шүдний сулрал, нэг шүдний эмтрэл, уруулын дотор салстын цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-16-17/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 1-36 тоот гэртээ өөрийн эгч Б.Эын найз Э.Отэй “эгчийг авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, үсдэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн энэхүү үйлдэл нь тухайн үед талуудын хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан үүссэн, шууд санаатай үйлдэл байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль санаатай үйлдлийн улмаас Э.О-ийн биед 2 шүдний сулрал, нэг шүдний эмтрэл, уруулын дотор салстын цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11930 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505дугаар зүйлийн 505.1-д“ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгахыг хохирогч Э.О нь шаардах эрхтэй, шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын төлбөрийг  нөхөн төлж, хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Э.О нь эмчилгээ, шинжилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүй ба прокурорын газарт “..учирсан гэмтлийг засах явцад үүссэн эмнэлгийн бичиг болон худалдан авсан эмийн баримт байхгүй. Мөн тийм нөхцөл байдалд хүрсэндээ маш их харамсаж байгаа бөгөөд хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-52/ Иймд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргахаасаа татгалзсан, нотлох баримт гаргаж өгөөгүйгээс шалтгаалан өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэл шийдвэрлэх боломжгүй тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч Э.О нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар *******ээс нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-37/ тогтоогдож байна.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй. Мөн тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэх нь тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдал, яллагдагч, хохирогч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, хохирогч “гомдолгүй” гэсэн зэргийг харгалзан прокурортой тохиролцон орж ирсэн ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу 90 хоногийн хугацаанд эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т Т ж Бын Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т Т ж овогт Бын Тт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Э.О нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.О нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ