Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

   

                                                           

 

 

 

   

2022        01         13                               

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Э.Т,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Энхтүвшингийн Тд холбогдох эрүүгийн 2111 00000 1301 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, харилцаа холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Энхтүвшингийн Т, /Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Энхтүвшингийн Т нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фэйсбүүкт “мөнгө зээлүүлнэ” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж, Э.Солонгыг урьдчилгаа шимтгэл төлөх ёстой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5099191913 дугаарын дансаар 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 733 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Т.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Т нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фэйсбүүкт “мөнгө зээлүүлнэ” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж, Э.Солонгыг урьдчилгаа шимтгэл төлөх ёстой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5099191913 дугаарын дансаар 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Э.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Munkhbat Munhuu Мөнхбат Мөнхөө гэсэн нэртэй фэйсбүүк хаягтай үл таних хүн мөнгө зээлүүлнэ гэсэн зарыг фэйсбүүк орчинд байршуулсан байсан учир зарын дагуу холбогдож 40 сая төгрөг зээлэхээр болж улмаар 1,200,000 төгрөгийн шимтгэл төлөх ёстой гэхэд нь итгээд өөрийн 5040350440 гэсэн данснаас 5099191913 гэсэн данс руу 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийж холбогдох боломжгүй болсон. Тухайн Munkhbat Munhuu Мөнхбат Мөнхөө гэсэн нэртэй фэйсбүүк хаягтай хүн нь өөрийгөө зуучлагч гэсэн утгатай чат бичиж байсан. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй. Шимтгэлээ хурдан хийхгүй бол илүү өндөр шимтгэл төлөх болно гэсэн учир би яараад мөнгөө шилжүүлсэн. Би утсаар ярьж болон чатаар ярьж чадаагүй зөвхөн чатлаж байсан... “ гэх /хавтаст хэргийн 13-14 дугаар тал/,

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Munkhbat Munhuu Мөнхбат Мөнхөө гэх фэйсбүүк хаягийг мэднэ. Миний найз болох Э.Т ашигладаг ... Би энэ фэйсбүүк хаягийг ашиглаж хэрхэн мөнгө олдгийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан бусдад зээл гаргаж өгнө, зээлийг нь нэмж өгнө гэх зэргээр чатлаад байсан...” гэх /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ ... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Munkhbat Munhuu” гэсэн нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээж түүгээрээ онлайн орчинд бусдад зээл олгоно гэх утгатай за оруулсан юм. Тэгсэн надтай Э.Солонго гэх нэртэй хүн холбогдоод мөнгө зээлмээр байна хэрхэн зээлэх вэ? 40,000,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд урьдчилга 1,200,000        төгрөг өгвөл 40,000,000 төгрөг зээлэх боломжтой гэхэд тэр хүн зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь би “oneXbet” олон улсын цахим бооцооны тоглоомыг цэнэглэдэг хүний 5099191913 дугаарын дансыг өгсөн юм. Тэгэхээр нь би “oneXbet” тоглоом цэнэглэдэг хүн 1,200,000 төгрөгөөр тоглоом цэнэглэнэ гээд хэлчихсэн байсан юм. Тэгсэн уг данс руу 5040350440 дугаарын данснаас 1,200,000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгийг би “oneXbet” тоглоом цэнэглэсэн ба өөрийн тоглодог 345684101 дугаартай id хаягаасаа өөрийн 5057614124 дугаарын данс руу шилжүүлэн авчихсан юм. Тэгээд би мөнгө шилжүүлсэн хүний фейсбүүкийг блок хийгээд өөрийн хуурамч фейсбүүкээ устгачихсан ба нөгөө хүнээс авсан 1,200,000     төгрөгийг өртэй байсан тул өрөндөө өгөөд дуусгачихсан юм ...” гэх /хавтаст хэргийн 34-35х, 53-54 дугаар тал/,

Мөн Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 21, 36 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-7х, 20-26х, 41-46 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/, шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Э.Солонгийн мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас Э.Солонгыг урьдчилгаа шимтгэл төлөх ёстой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5099191913 дугаарын дансаар 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Э.Т нь хохирогч Э.Солонгод учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, Голомт банканд дадлагажигч хийж байгаа гэх ажил эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан 6 сарны хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж,  оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Э.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Э.Солонго хохирлын 1,200,000 төгрөгөө хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 62 дугаар тал/-д авагдсан байх тул шүүгдэгч Э.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энхтүвшингийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.АРИУНБОЛД