Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хажекберийн Талгат |
Хэргийн индекс | 161/2022/0002/Э |
Дугаар | 2022/ШЦТ/06 |
Огноо | 2021-12-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/06
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
орчуулагч, хэлмэрч Б.А,
улсын яллагч А.Д,
хохирогч Ш.А,
хохирогчийн өмгөөлөгч С.Т /цахимаар/
шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж т холбогдох эрүүгийн 2113000000188 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.Ж , РД:БЮ76******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай малын захын дэргэд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 17-18 цагийн хооронд үл ялих шалтгаанаар иргэн Ш.А ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ш.А бид хоёр хоорондоо маргалдсан нь үнэн. Гэхдээ түүнийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүртэл зодоогүй. Хохирогчийн надаас нэхэмжилж байгаа хохирлын мөнгөний зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Хүн чанар гаргаж эмнэлэгт хэвтсэн мөнгийг төлж өгье гэж бодож байна.
Хохирогч Ш.А аас уучлалт гуйх гэж эмнэлэг дээр очиход, ах, эгч нар нь бүгд цугларсан, бүгд намайг муулаад явж байсан болохоор би айгаад уулзаж чадаагүй. Зодоон болох үед би согтуу байгаагүй. Очиж чадаагүй явсан.
Ш.А надад ойрын харилцаатай миний дүү болж явдаг хүн. Ш.А А гэдэг хөгшин хүний нүүрний тус хэсэгт гэмтэл учруулж, нүүр нь хөхөрсөн байсан. Би тухайн үед зодолдож байсан хүмүүсийг салгах гэж оролдсон. Тухайн үед Ш.А А гэдэг хүн руу дахин дахин дайрч байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн А гэдэг хүн Ш.А ыг чанга бариад зогсож байхад ч надад дайраад зууралдаж байсан. Ш.А над дээр ирээд намайг заамдаж аваад намайг багалзуурдаж эхлэхэд миний толгойнд цус харвах шахсан. Тухайн үед Ш.А ухаанаа мэдэхгүй согтуу байгаагүй, ухаанаа бүрэн мэдэж байсан гэв.
Хохирогч Ш.А мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний малын захад мал зарж байсан. Бид М.Ж ийг “Ж ” гэж дууддаг байсан. Тэгээд миний бие малын зах дотор байрлах Ж гийн биллиард тоглуулдаг газарт ороход дотор хэсэг хүмүүс хөзөр тоглоод сууж байсан. Тэдний хажууд би хэсэг хугацаанд сууж байгаад гадагшаа гарахад Ш.А , хөгшин А хоёр нэг нэгийгээ заамдсан байдалтай гадаа зогсож байсан. Тэгээд би тэднийг салгах зорилгоор та нар яагаад байгаа юм бэ гэж байхад М.Ж ирээд та нар яагаад миний ах хөгшин А ийг зодож байгаа юм вэ гээд миний зүүн нүд тус газар толгойгоороо нэг удаа мөргөхөд би зүүн нүдээ гараараа дарахад, тэрээр дахиад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би толгойгоо бариад сууж байхад хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд миний хоёр шүд уруул маань сэтэрч гэмтэл авч ухаан алдаж унасан байхад намайг Цагдаагийн газрын машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Би 5 хоног эмчилгээ хийлгүүлж байхад миний ах дүү, хамаатан садангууд бүгд эмнэлгийг үүдийг сахиж байгаагүй. Би эмнэлэгт хэвтэж байхад А.Ж ирж “...бие чинь яаж байна, зүгээр үү” гэж нэг ч удаа ирж асууж байгаагүй. Миний хохирлыг төлж өгөөгүй. Тиймээс миний хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна.
Тухайн үед ухаанаа мэдэхгүй хэмжээний согтуу байгаагүй. Ганц хоёр шил архи уусан. Шүдээ эмчлүүлээгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000188 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Ш.А , гэрч С.С , Б.А , Х.А , Ш.А , Т.А , Х.А , М.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Ж ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай малын захын дэргэд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 17-18 цагийн хооронд үл ялих шалтгаанаар иргэн Ш.А ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн 2113000000188 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: - Хохирогч Ш.А ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний малын захад мал зарж байсан. Тэгээд миний бие малын зах дотор байрлах Ж гийн биллиард тоглуулдаг газарт ороход дотор хэсэг хүмүүс хөзөр тоглоод сууж байсан. Тэдний хажууд би хэсэг хугацаанд сууж байгаад гадагшаа гарахад Ш.А , хөгшин А хоёр нэг нэгийгээ заамдсан байдалтай гадаа зогсож байсан. Тэгээд би тэднийг салгах зорилгоор та нар яагаад байгаа юм бэ гэж байхад М.Ж ирээд та нар яагаад миний ах хөгшин А ийг зодож байгаа юм вэ гээд миний зүүн нүд тус газар толгойгоороо нэг удаа мөргөхөд би зүүн нүдээ гараараа дарахад, тэрээр дахиад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би толгойгоо бариад сууж байхад хөлөөрөө өшиглөсөн.
...миний бие М.Ж т зодуулсны улмаас аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Энэ үед 230.000 төгрөг төлсөн. Миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай эхнэр надад өдөр бүр хоол цай авч ирж байсан. Мөн эмнэлгээс гарсан ч нэг, хоёр удаа эмнэлэгт ирж үзүүлж байсан. Энэ үед Х гэх таксины жолоочтой тохирч үйлчлүүлсэн ба таксинд 150.000 төгрөг төлсөн. М.Ж т зодуулсны улмаас хоёр шүд гэмтсэн ба шүдний эмчилгээнд 200.000 төгрөг гарна гэсэн. Мөн томограф зураг авхуулахад 36.000 төгрөг төлсөн. Энэ хэрэгт өмгөөлөгч сонгож авсан ба уг өмгөөлөгчийн хөлсөнд 800.000 төгрөг төлсөн. Миний бие тав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба энэ үед ажил хийгээгүй. Би өдөрт 200.000 мянган төгрөг олдог байсан. Тийм учраас тав хоногийн 1.000.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл надад М.Ж 2.434.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 40 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Гэрч С.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа тарах гэж байхад ээж М над руу залгаж авга ах Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдад зодуулсан эмнэлэгт байна гэнэ. Чи хурдан очоод биеийн байдлыг хараарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиход авга Ш.А нь нэлээн согтуу байдалтай толгой өвдөж байна, нүд хавдаж юм харахгүй байна гэх зовуурьтай сууж байсан.
Ах Ш.А аас таныг хэн зодсон бэ гэж асуухад Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын зах дээр найз Ш.А , М.Ж гэх залуутай маргалдаж байхаар нь би очиж салгахаар очиход намайг М.Ж миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон гэж хэлсэн. Иймд би ах Ш.А ыг зодсон гэх М.Ж т гомдол гаргаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
- Гэрч Б.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө малын захад хувиараа малын ченж хийдэг бөгөөд өнөөдөр оройн 17 цагийн үед малын хашаа дотор хүмүүсийн орилолдсон дуу чимээ гараад байхаар нь харахад Ш.А нь нэг хөгшин хүнтэй ноцолдоод байх шиг харагдсан. Тэгж байтал тэр хоёрыг салгахаар Ш.А явж очиход малын захад биллиард тоглуулдаг М.Ж нь Ш.А ыг барьж аваад тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгээд бид нар М.Ж , Ш.А нарыг салгах хооронд М.Ж нь Ш.А ы нүүр ам хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, толгойгоороо нүүр хэсэг рүү мөргөж авсан. Тэгээд тэнд байсан Х.А , Хурманхан нар салгаж авсан. Удахгүй Ш.А ы нүүр, нүд хэсэг нь хавдаж эхэлсэн ба удахгүй тэнд цагдаа нар ирсэн.
...Эхлээд тэр хоёр харилцан бие биетэйгээ зодолдож эхэлсэн ба сүүл рүүгээ М.Ж нь Ш.А ы нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан М.Ж нь Ш.А ы нүүр хэсэг рүү хүчтэй мөргөж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
- Гэрч Х.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр оройн 17-18 цагийн үед малын хашааны хажууд биллиард ажиллуулдаг байшингийн хажууд хүмүүсийн орилолдсон дуу чимээ гараад байхаар нь би тэдний хажууд очиход Ш.А нь нэг хөгшин хүнтэй маргалдаад, ноцолдоод байх шиг харагдсан. Тэгж байтал Ш.А ирээд тэр хоёрыг салгасан юм. Тэгтэл М.Ж гэх залуу ирээд Ш.А ыг барьж аваад Ш.А ы нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, толгойгоороо нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэгээд тэнд байсан танихгүй хүмүүс тэр хоёрыг салгаж авсан.
...М.Ж нь Ш.А ы нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, толгойгоороо нүүр хэсэг рүү мөргөж байсан. Яг хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй байна. Ш.А нь тухайн үед нэлээн согтуу М.Ж ийн хувцаснаас зуураад байх шиг байсан. Ш.А нь М.Ж ийг цохисон асуудал байгаагүй.
...Ш.А , Ш.А , М.Ж нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
- Гэрч Ш.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын захаас идэшний адууны үнэ сураглах зорилгоор 15 цагийн үед ганцаараа очсон юм. Тэгээд малын зах дээр очиж найз Ш.А тай уулзсан. Тухайн үед Ш.А халамцуу байсан бөгөөд хоёулаа нэг юм хувааж уух уу гэхээр нь би тэгье гээд хажууд байсан хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архийг Ш.А худалдан авч бид хоёр уг архиа дэлгүүр дотор хувааж уусан.
...Архи дуусаад Ш.А бид хоёр хэн хэн нь нэлээн согтсон байдалтай гадагшаа гарсан юм. Тэгээд миний толгой эргээд ухаан орж гараад байхаар нь би гадаа зогсож байсан. Тэгээд би нэг ухаан ороход биллиард ажиллуулдаг байшингийн гадна нэг өвгөнтэй харилцан заамдалцаж байсан. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна. Тэр өвгөнийг Х.А гэдэг, малын зах дээр малын ченж хийж мал зардаг өвгөн тул би танина. Бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Х.А нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ бид хамт уугаагүй, өөр хүмүүстэй уусан байх. Х.А бид хоёр яагаад хоорондоо маргалдаж заамдалцаж байсныг би санахгүй байна. Х.А намайг цохиогүй би ч түүнийг цохиогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
- Гэрч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын зах дотор мал зарж байсан. Гэтэл 17 цагийн үед малын захын хажууд биллиард ажиллуулдаг байшингийн гадна хүмүүсийн орилсон дуу чимээ гараад байхаар нь юу болоод байгааг харах гээд очиход Ш.А толгойгоо бариад газарт сууж байсан. Хажууд нь М.Ж ийг хүмүүс гараас нь барьсан боль боль гээд зогсоод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
- Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 13 дугаарт багт байрлах малын захын хажуугаар 16-17 цагийн үед өнгөрөөд явж байсан юм. Тэгтэл Ш.А нэг залуутай хоёулаа согтуу биллиардын гадаа орилоод хашхираад, ийш тийш унах шахаад алхаж чадахгүй зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөөд явж байхад Ш.А намайг гэнэт заамдаад авсан, тэгэхээр нь чи яаж байна тавиач гэхэд М.Ж гэх биллиард ажиллуулдаг залуу биднийг хараад салгах гэж иртэл Ш.А тэй хамт явж байсан залуу М.Ж ийг түлхээд, заамдаад хоорондоо ноцолдоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 540 дугаартай “1. Иргэн Ш.А ы биед баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн нүдний салстад цус харвасан. дээд уруулын салст хэгзэрсэн, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай, мурийлттай, баруун дээд хөмсгөнд шархтай, дээд эрүүний 11, 21 шүд эмаль /хатуу хальс/ бага зэрэг сэтэрсэн гэмтлүүд тогтоогдлоо.
2. Иргэн Ш.А ы биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн Ш.А ы гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Иргэн Ш.А ы дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/
- Яллагдагч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
Ш.А Х.А ийг заамдаж барьж авсан байхыг хараад гүйж очоод тэр хоёрыг салгаж байхад Ш.А гүйж ирээд намайг заамдаж барьж авсан. Тэгээд зогсохгүй намайг хэд хэдэн удаа мөргөх үед би толгойгоороо хамгаалсан. Ш.А маш хүчтэй байсан ба намайг заамдаж боох үед би өөрийгөө хамгаалах зорилгоор баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэр үед тухайн газарт байсан хүмүүс бид хоёрыг салгаж авсан.
Тэр өдөр Ш.А өөрөө согтуу ирж зодооныг түрүүлж гаргасан. Би түүнийг цохиж биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ш.А бид хоёр нэг нэгнийгээ сайн танина. Тийм учраас хоорондоо учраа олох байх гэж бодож байна. Би өөрийн гаргасан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.
...би түүнийг эмнэлэгт хэвтэх хэмжээнд зодоогүй. Гэхдээ би эмнэлэгт хэвтсэн гэх 230.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-109/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ж ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Хохирогч Ш.А аас “М.Ж нь надаас уучлалт гуйгаагүй, надад учирсан хохирлын мөнгийг бүрэн төлүүлж өгнө үү” гэсэн тайлбарыг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байгаа, хохирогчийн хохирлыг төлүүлж өгөх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Ж ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ зодооныг Ш.А өөрөө эхлүүлсэн, тухайн цаг хугацаанд би согтууруулах ундаа хэрэглээгүй, хохирлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч М.Ж нь хохирогч Ш.А ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч М.Ж, хохирогч Ш.А нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь хэрэгт авагдсан гэрч Х.А ы мэдүүлэг, шүүгдэгч М.Ж , хохирогч Ш.А нарын согтуурлын хэмжээг цагдаагийн байгууллагаас шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч М.Ж ийн эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл учраагүй нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 538 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн тухай дүгнэлтэд дурджээ.
Шүүгдэгч М.Ж нь хохирогч Ш.А ы эрүүл мэндэд “баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн нүдний салстад цус харвасан. дээд уруулын салст хэгзэрсэн, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай, мурийлттай, баруун дээд хөмсгөнд шархтай, дээд эрүүний 11, 21 шүд эмаль /хатуу хальс/ бага зэрэг сэтэрсэн” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж , хохирогч Ш.А нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус үйлдэл нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Ж ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.А ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Ш.А ы зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч М.Ж ээс эмчилгээний зардалд 230.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа ар гэрээс нь хоол унд зөөх явцад гарсан зардал 150.000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэхэд гарах зардал 200.000 төгрөг, шүүх эмнэлгийн актын төлбөр 18.000 төгрөг, томограф зураг авхуулсан төлбөр 36.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, гэмт халдлагад өртөж эмчилгээ хийлгэсэн цаг хугацаанд ажил болж олох байсан орлого 1.000.000 төгрөг, нийт 2.434.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байна.
Хохирогч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлэхэд 230.000 төгрөгийн төлбөр төлсөн нь түүний өвчний түүх /хавтаст хэргийн 4-14, 18 дугаар хуудас/, үүдэн хоёр шүдэнд бүрээс хийлгэхэд 200.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын шүдний эмчилгээ үйлчилгээний “А” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хоол унд зөөхөд 150.000 төгрөгийн зардал гарсан нь иргэн С.Х н 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн хор уршигт нийт 580.000 төгрөгийг шүүгдэгч М.Ж ээс гаргуулан хохирогч Ш.А д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Ш.А ы шүүх эмнэлгийн актын төлбөр 18.000 төгрөг, томограф зураг авхуулсан төлбөр 36.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, гэмт халдлагад өртөж эмчилгээ хийлгэсэн цаг хугацаанд ажилгүй болж олох байсан орлого 1.000.000 төгрөг, нийт 1.854.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг,
Хохирогчоос эрүүгийн хариуцлагын асуудлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх хүсэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах дүгнэлтгүй,
Шүүгдэгчээс хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөхийг хүсэж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч М.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Ж нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Ж ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт дүгнэлт хийсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж т оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Ж т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж ийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж т оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж ээс эмчилгээний зардал 230.000 төгрөг, унааны зардал 150.000 төгрөг, шүдний эмчилгээнд гарах зардал 200.000 төгрөг, нийт 580.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.А д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ш.А ы шүүх эмнэлгийн актын төлбөр 18.000 төгрөг, томограф зураг авхуулсны төлбөр 36.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, олох байсан орлого 1.000.000 төгрөг, нийт 1.854.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ