Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14    

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Ж.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П т холбогдох эрүүгийн 2113001840006 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн, Ж.П , 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЮ92******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч Ж.П  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Д ыг үндэслэлгүйгээр бусадтай хардаж, хэрүүл маргаан үүсгэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн шүүх хуралдаанд талууд дараах байдлаар байр сууриа илэрхийлж мэтгэлцэв.

1.1. Шүүгдэгч Ж.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

1.2. Хохирогч Х.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Ж.П тэй эвлэрээд одоо хүртэл хүүхдийн хамт амьдарч байна. Би нөхрөө уучилсан, түүнд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр Ж.П т хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.

1.3. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.П  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд гэмт учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналтай байна гэв.  

2. Эрүүгийн 2113001840006 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2.1. Хохирогч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ж.П  нь гэрлээд нэг жилийн дараагаар архи согтууруулах ундаа их хэрэглэж улмаар намайг зоддог болсон. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө хүү бид хоёрыг унтаж байхад нөхөр Ж.П нь 00 цагийн үед гаднаас согтуу ирээд хүү бид хоёрыг сэрээгээд намайг ханан пийшингийн хажуугаар зогсоочхоод хүүхдийн минь дэргэд галын хайчаар толгой руу цохиход цус гарч би газарт унасан. Тэгээд намайг босгож аваад миний хамар луу баруун гарын тохойгоор 2 удаа цохиж хамарнаас цус гаргасан.

...Миний нөхөр Ж.П  2018 оны 07 дугаар сард хүү маань төрөөд 2 сартай байхад архи уучихсан үедээ анх зодсон. Тэр үед би хэнд ч хэлээгүй, дараа нь дахиад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сард мөн ирж зодсон. Энэ тухай төрсөн эгч Х.А д хэлсэн. Дараа нь 2021 оны 07 дугаар сард эгч Х.А  манай гэрт хонож байхад намайг зодсон. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө мөн согтуу ирж намайг зодсон. Тэр үед би эгч Х.А д залгаж хэлсэн боловч тэрээр такси байхгүй гээд ирж чадаагүй. Дээрх бүх үйлдлүүдэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Учир нь тэрээр намайг зодсоныхоо маргааш нь надаас уучлал гуйдаг. Мөн төрхөмдөө очсон байхад аав ээжээс минь уучлал гуйгаад намайг аваад явдаг. Манай нөхөр намайг хардалтаас болж зоддог. Өөртөө нь хамт гэрт ирж архи уусан хүмүүстэй хардаж, чи тэрэнтэй уулзсан уу, унтсан уу гээд хардаж сэтгээд зоддог.

...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.П  намайг зодсон үеийн зургийг би өөрийн гар утсаараа төрсөн эгч Х.А тай фейсбүүк чатаар харилцаж байх үедээ утасныхаа урд камераар зургаа авч явуулсан. Тухайн зураг нь чатаар явсан учраас миний утасны зургийг цомогт үлдээгүй. Харин тухайн зургийг эгч Х.А  анх мэдүүлэг өгөхдөө цагдаад хүлээлгэж өгсөн гэж надад хэлсэн. Харин би чатыг нөхөр маань уншчих байх гээд тухайн үеийн чатаа устгачихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 56, 60 дугаар тал/,

2.2. Гэрч С.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сард нэг өдөр өглөө эрт Х.А  над руу залгаад та нар хурдан ирцгээ Ж.П  архи ууж ирээд Х.Д ыг зодоод хүч өгөхгүй байна гэхээр нь нөхөр бид хоёр очиход гэрт нь Х.А  хүүхэдтэйгээ, Х.Д , Ж.П  нар байсан ба Ж.П  согтуу байсан.

...Миний бэр Х.Д  2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр М.Ж  руу утсаар залгаж Ж.П  шөнө агсам тавиад унтуулсангүй гэж ярихаар нь 19 цагийн үед хүү Ж.А , Ж.И  нарыг дагуулаад Ж.П ийн гэрт очиход тэдний гэрт худ Х.Ш , түүний охин Х.А  нар байсан ба Х.А  Ж.П ийн хэл амаар доромжилж, хэрүүл маргаан гаргаж байсан бөгөөд бэр Х.Д  уйлаад сууж байсан. Х.Д ын хамраас цус гарсан байдалтай Ж.П  шөнө согтуу ирээд намайг зодлоо гэж хэлсэн.

...Намайг Ж.П ийн гэрт очиход унтлагын өрөөний орны доод хэсэг цус мэт улаан зүйлээр бохирлогдсон байсан.

...хүү Ж.П  2021 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Х.Д ыг дахиж зодохгүй гэж баримт бичиг өгч байсан. Тэр үед би ч худаасаа уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 63 дугаар тал/,

2.3. Гэрч Х.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд ээж Х.Ш й бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 30 минутын үед Ж.П ийн гэрт очиход Х.Д ын уруул ам нь хавдсан, хуйх нь шалбарсан байдалтай сууж байсан. Тэгээд бид нар Ж.П ийн аав, ээжийг дуудаж, дараа нь Ж.П , Х.Д  нарыг цагдаагийн газар дагуулж ирсэн. Бид нар анх гэрт нь очиход Х.Д ын толгой болон уруул амнаас нь цус гоожсон, цус нь ор, дэр болон гэрт нь гоожиж бохирлогдсон байсныг би гар утсаараа зургийг нь авч цагдаад гаргаж өгсөн.

...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ж.П  согтуу ирж Х.Д ыг зодож байсан удаа байгаа. Тухайн үед би өөрөө мэдээгүй. Харин дүү Х.Д  надад хэлэлгүйгээр ээжид хэлээд гэртээ зугтааж очсон байхад Ж.П  ээжтэйгээ хамт очиж, уучлалт гуйгаад манай ээжид би дахиж Х.Д ыг цохиж зодохгүй гэх утгатай баримт бичиж өгч байсан асуудлыг ээж надад хэлж байсан. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын эхээр байсан байх бид нар коронавирусийн вакцины 2 дугаар тунг тариулчхаад өдөр хүүхдүүдээ дагуулаад Ж.П ийн гэрт очиж хоноход Ж.П  нь шөнийн 03 цагийн үед согтуу ирээд эхнэрээ зодоод эхэлсэн. Тэгээд би босоод очиход Ж.П  Х.Д ын үсийг нь гартаа ороогоод барьсан байдалтай толгойг нь орны хажууд байсан шүүгээг мөргүүлж, гараараа толгойн тус газарт нь цохиж зодож байхад би очоод Х.Д ыг салгах гэсэн боловч Ж.П  намайг заамдаж барьж аваад надтай зууралдсан. Гэхдээ намайг зодоогүй...

...Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед Х.Д  над руу залгаж уйлаад та хүрээд ирээч Ж.П  согтуу ирээд намайг зодоод байна гэж хэлсэн. Тэр үед шөнө байсан болохоор такси олдоогүй учир би очиж чадаагүй. Маргааш нь нэг нүд нь хөхөрчихсөн зургаа над руу мессенжерээр явуулж байсан. Тэр зургийг нь би цагдаад гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,

2.4. Гэрч Х.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хамгийн бага охин болох Х.Д  нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед над руу залгаад өчигдөр Ж.П  согтуу ирээд намайг зодлоо. Миний бие өвдөөд байна. Та нар хүрээд ирээч гэхээр нь том охин Х.А г дагуулаад Ж.П ийн гэрт очсон. Бид очиход Х.Д ын толгой, уруул, ам нь хавдсан байдалтай уйлаад сууж байсан.

...2021 оны 05 дугаар сарын 17-ны шөнө байх Х.Д  хүүхдээ тэврээд манай гэрт уйлаад ирсэн. Би охиноосоо юу болсон талаар асуухад Ж.П  цохиж зодоод болохгүй байна. Би гэрээс зугтаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр охиноо явуулалгүй гэртээ хонуулаад байж байхад маргааш нь билүү, нөгөөдөр нь Ж.П  ээжтэйгээ хамт манай гэрт ирээд надаас болон охин Х.Д ээс уучлалт гуйсан. Би тэгэхэд Ж.П т дахиж битгий архи уугаарай, эхнэрээ битгий зодоорой гэж хэлэхэд надаас дахин уучлалт гуйж би одоо дахиж зодохгүй, тийм асуудал гаргах юм бол та намайг битгий өршөөгөөрэй, би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлээд би одоо Х.Д ыг дахиж цохиж зодохгүй гээд надад баримт бичиж өгөөд охиныг минь дагуулаад явсан. Тэр баримтыг нь би цагдаад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар тал/,

2.5. Гэрч М.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хүү Ж.П  2021 оны 05 дугаар сард эхнэр Х.Д ыг зодож гэрээсээ зугтаад төрхөмдөө очсон байхад нь эхнэр С.Р  бид хоёр очиж худаас уучлалт гуйгаад дахиж хүүгээ бэрт гар хүргэхгүй гэж хэлээд хүү Ж.П  нь хадам ээждээ бичиж хийж өгөөд Х.Д ыг гэртээ аваад харьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

2.6. Гэрч У ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөрш болох Х.Д  нь манай гэрт 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө орж ирсэн. Тэр үед нөхөр болох Ж.П  зодоод байхаар нь гараад зугтчихлаа гээд манайд ойролцоогоор 1-2 цаг орчим байж байгаад буцаад гэртээ орно гээд гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

2.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаартай “1. Иргэн Х.Д ын биед дээд уруулд хавантай, баруун бугалганд, баруун чихний ар талд, духны баруун талд тус тус хөх ягаан туяатай цус хуралттай. зулай хэсэгт шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн Х.Д ын дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн цөм нэг хугацаанд шинэ гэмтлүүд.

3. Иргэн Х.Д ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Иргэн Х.Д  нь урд өмнө хүүхэд төрүүлж байсан ба бэлгийн замд ямар нэгэн гэмтэл үүссэгүй тул шинээр орсон эсэхийг нарийн тогтоох боломжгүй байна.

6. Иргэн Х.Д ын биед бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,

2.8. Яллагдагч Ж.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө өөрийн найз Б.Е тай хамт тэдний гэрт Чингис нэртэй 0.75 литрийн 2 шил архийг хувааж уусан. Тэдний гэрт хүн байхгүй байсан учраас бид хоёр хоёулхнаа уг архийг ууж дуусгаад Б.Е  унтаж амарна гэхээр нь би тэдний гэрээс гараад гэр лүүгээ алхаж харьсан. Тэгээд гэртээ очиход гэрт манай эхнэр Х.Д , хүү П.Б ыс хоёр унтаж байсан. Би архи их уусан бас дээрээс нь гадна алхаж явсан болохоор нилээд согтуу ирсэн учир ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд эхнэрийг гараараа нэг хоёр удаа цохиж байснаа санаж байна. Бусдыг нь санахгүй байна.

...Би 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөн архи уусан үедээ эхнэр Х.Д ыг зодсон минь үнэн. Тэгээд эхнэр төрхөмдөө очсон учраас хадам ээж Х.Ш д дахиж эхнэрийг зодохгүй, хэрвээ зодвол хариуцлага хүлээхэд бэлэн гэж бичиж өгсөн одоо би хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй.

...Манай хадам эгч Х.А  2021 оны 07 дугаар сарын эхээр манайд ирж хоносон нь үнэн. Тэр үед би мөн архи ууж согтуурсан байсан учир эхнэр Х.Д ыг зодсон минь үнэн. Гэхдээ би яг өдрийг нь санахгүй байна.

...10 дугаар сард эхнэр Х.Д ыг зодсон мөн согтуу байсан учраас хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар тал/.

3. Шүүгдэгч Ж.П ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

3.1. Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.П т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч С.Р, Х.А, Х.Ш, М.Ж, У  нарын мөрдөн шалгах ажиллагааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Д ыг үндэслэлгүйгээр бусадтай хардаж, хэрүүл маргаан үүсгэн  (1) 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, (2) 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө, (3) 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, (4) 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө тус тус зодсон үйл баримтууд тогтоогджээ.

Дээр дурдсан хэргийн үйл баримтуудын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Р, Х.А, Х.Ш, М.Ж, У нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулж, бодит байдлаар нь тал бүрээс дүгнэж үзэхэд агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд хохирогч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй тохирсон байна.

Шүүгдэгч Ж.П ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Х.Д ын эрүүл мэндэд гэмтэл учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

3.2. Хууль зүйн дүгнэлт. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга “зодсон” гэх шинж нь (1) гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх, (2) байнга зодсон шинжтэй болохыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий этгээд” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг; мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх заалтад заасан “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг”, 6.1.2 дахь заалтад заасан “сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг”, 6.1.3 дахь заалтад заасан “эдийн засгийн хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг”, 6.1.4 дэх заалтад заасан “бэлгийн хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг” тус тус ойлгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.П, хохирогч Х.Д  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж /хавтаст хэргийн 134 дүгээр талд/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг нь тогтоогдож байх тул шүүгдэгч, хохирогч нар нь  гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд, мөн шүүгдэгч Ж.П  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн субъектэд тус тус хамаарна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодох шинжийг 3 буюу түүнээс дээш удаа зодсоныг ойлгох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.П ийн эхнэр Х.Д ыг байнга буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө тус тус зодсоноор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, эхнэр Х.Д ын халдашгүй байх Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд эсэн мэнд амар тайван амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүмүүжил, төлөвшлийн эсрэг “бие махбодын хэлбэр”-ээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатайгаар үйлдсэн үзлээ.

3.3. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Ж.П т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Х.Д ын зүгээс гэмт хэргийн хохирол болон хор уршигт мөнгөн хэлбэрээр иргэний нэхэмжлэлээ гаргаагүй, нэхэмжлэх зүйл байхгүй хэмээн удаа дараа мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.П ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

4. Шүүгдэгч Ж.П т эрүүгийн хариуцлага оногдуулах талаар.

Улсын яллагчаас Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч Х.Д ээс прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй,

Шүүгдэгч Ж.П ээс хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Ж.П  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийн хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ж.П ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүгдэгч Ж.П  нь хувийн байдлын хувьд 1992 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хугацаат цэрийн алба хаасан нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.П  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.П  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ж.П ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.П т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 8, 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

5. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.П  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хутга 1 ширхэг, гарын хайч 1 ширхэг зэргийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.П т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.П ийг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 8, 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.П  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хутга 1 ширхэг, гарын хайч 1 ширхэг зэргийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.П т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ