| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0144/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
улсын яллагч Х.Ө,
шинжээч К.Х, Х.Е,
хохирогч Ш.Б ,
хохирогчийн өмгөөлөгч Т.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т ,
шүүгдэгч Ш.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ж т холбогдох эрүүгийн 2113000000159 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 08 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.Ж , РД:Б392******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Мухар” гэх газарт мал хариулж яваад иргэн Ш.Б тай бэлчээрийн газрын талаар маргалдан харилцан зодолдож, иргэн Ш.Б гийн баруун гарын чигчий хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ш.Ж мэдүүлэхдээ: Би мал хариулж явж байхад 2 айлын мал нийлэх гэж байхаар нь би дундаа чулуу шидсэн. Уг чулууг шидсэнээс болоод намайг хохирогч хэл амаар доромжилсон. Тэгээд хохирогч миний цээж тус газарт цохисон, цохисноос болоод миний хүзүүнд явж байсан хос нүдтэй дуран хугалчихсан. Тэгээд дахид цохих гэж байхад, би гараас нь хүчтэй атгаад бариад авсан. Тэгэхэд хохирогч надад чи миний хурууг хугалчихлаа, цагдаад дуудна гэж яваад өгсөн. Тэгээд би өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэв.
2. Хохирогч Ш.Б мэдүүлэхдээ: Бид нарын хэрүүл хийгээд байгаа газар хэний ч эзэмшлийн газар биш. Бид хоёр бэлчээрийн газрын маргааны улмаас зодоон гарсан. Ш.Ж эхлээд миний цээжний зүүн хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон тэгэхээр нь би эргүүлээд түүний цээж рүү баруун гараараа цохисон. Тэгээд тэр эргүүлээд миний баруун гарыг чанга атгасан тэр үед миний чигчий их өвдсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгнө чи, миний хурууг хугалчихлаа гэж хэлээд гэртээ явчихсан. Би хуруу маань мултарчихсан байна гэж хэлээгүй. Би хуруу маань мултарч, үүнийг өөрөө буцаагаад оронд нь хийж авсан гэж хэлж байгаагүй.
Үүний дараа Ш.Ж манайд ирээд надаас уучлалт гуйсан. Тэгэхэд би “чи хийсэн хэргээ хүлээн зөвшөөр, тэгэхээр нь би өргөдлөө буцааж авна” гэж хэлсэн. Ш.Ж болохоор “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, та хуруугаа өөрөө хугалчихсан” гэж хэлсэн.
Ш.Ж нь миний гаргасан зардал болон өөрийн төлсөн мөнгийг төлөхгүйгээр хоёулаа уг газарт эвтэй, найртай амьдарч болох байсан. Миний хохирлыг бүрэн төлж өгөх юм бол би Ш.Ж ийг уучилна гэв.
3. Шинжээч Х.Е мэдүүлэхдээ: Ш.Б өөрийн биеэр ирж үзүүлсэн. Эмчийн тавьсан онош болон рентген зургийг үндэслээд гэмтлийн зэрэг тогтоосон.
Ш.Б гийн биед баруун гарын сарвууны чигчий хуруу бага зэрэг хавдсан үений хөдөлгөөн хязгаарлагдсан эмзэглэлтэй байна. Рентген зураганд баруун гарын сарвууны 5 дугаар чигчий хурууны 3 дугаар үений толгой хэсгээр хугаралттай гэсэн оноштой байсан. Далд хугарал гэмтэл тогтоогдсоноор шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл гаргасан. Би 2 дугаар үен гэж анзаараагүй гэж бичсэн байна. Энэ нь чигчий хурууны 3 дугаар үен байна гэв.
4. Шинжээч К.Х мэдүүлэхдээ: Хохирогч Ш.Б гийн чигчий хурууны 2 дугаар үен хугарсан гэдгийг рентген зураг, М эмчийн тодорхойлолт, Е эмчийн үзлэг зэргийг үндэслэсэн. Мөн тухайн үед би өөрөө хохирогчийн биеийг үзсэн. Шинжээч Е дүгнэлтдээ 3 дугаар үен гээд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Рентген зургаас тодорхой харагдаж байгаа.
Е эмч шинээр орсон болохоор техникийн шинжтэй алдаа гаргасан байх. Миний тогтоосноор хохирогч Ш.Б гийн чигчий хурууны 2 дугаар үений уг хэсгээр хугарсан байна.
Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргахдаа журамд зааснаар өмнө нь Е ын гаргасан шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь тусгана. Дараа нь урьд хийгдээгүй орхигдсон нэмэлт шинжилгээнүүдийг дурдаж бичнэ. Дүгнэлт хэсэгт нь сүүлд нэмэлт шинжилгээгээр гаргасан дүгнэлтээ бичдэг юм.
Шивнүүрийн ясыг дээд талаас нь тоолж болно, анатоми физиологиор доод талаас нь тоолох ёстой. Практикт тоолох систем нь харилцан адилгүй байдаг. Дээрээс нь тоолох тохиолдол байдаг. Жишээ нь шүдний ангиллын олон улсын дүрэм, Монгол улсын дүрэм, A,B,C систем, тооны ангилал гэх мэтээр 5 ангилдаг. Ясны хувьд ч тийм тохиолдол байдаг гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000159 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Ш.Б гаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ш.Б , гэрч С.М , О.А , Ж.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай хохирогч Ш.Б гийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт, мөн аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 523 дугаартай нэмэлт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт, яллагдагч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Ж ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Ж ийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан,
Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг бүрэн төлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байна, хохирогчийн зүгээс харин ч энэ хэрэгтэй холбоотой гарсан зарим зардлыг нэхэмжлэхгүй байгаа, хохирогчид учирсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлүүлж өгөх дүгнэлтийг,
Шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед хохирогч намайг гуйлгачин хэмээн доромжилсон гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ш.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Мухар” гэх газарт мал хариулж яваад иргэн Ш.Б тай бэлчээрийн газрын талаар маргалдан харилцан зодолдож, иргэн Ш.Б гийн баруун гарын чигчий хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь эрүүгийн 2113000000159 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: - Хохирогч Ш.Б гийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр бэлчээрийн газрын маргааны улмаас тэр зодооныг эхлүүлсэн. Ш.Ж эхлээд миний цээжний зүүн хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон ба тэгэхээр нь би чи битгий хүн зодоод байгаарай гээд эргүүлээд түүний цээж рүү баруун гараараа цохисон. Тэр үед түүний цээжний зүүн хэсэгт дуран байсан учраас биед нь чанга цохигдоогүй тэгээд дахиад тэр намайг цохих гээд гар далайхад би түүний гарыг барьж авсан. Тэгээд тэр эргүүлээд миний баруун гарыг чанга атгасан тэр үед миний чигчий их өвдсөн юм. Тэгээд би цагдаад дуудлага өгнө чи миний гар хугалчихлаа гэж хэлээд гэртээ харьсан. Ш.Ж намайг нэг л удаа цохисон ба харин 2 дахь удаагаа цохих гэж байхад би түүний гарыг барьж авсан.
Ш.Ж 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж уучлалт гуйсан тэгэхэд нь би чамайг уучилъя чи харин хийсэн хэргээ хүлээн зөвшөөр гэж хэлэхэд чи хуруугаа өөрөө хугалсан, би чиний хурууг хугалаагүй шүү чиний цамцны ханцуйгаас татсан шүү гээд хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Бид хоёрын зодолдсон гэх газрын ойр орчимд айл байхгүй бэлчээрийн тал газар болсон юм. Би танд гаргаж өгсөн баримтын дагуу хохирлоо нэхэмжилж байна. Мөн дээрээс нь аймаг руу 2 удаа ирж буцсан таксины зардал 40.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Намайг шүүхээс шүүх хуралдаанд заавал оролц гэж дуудах юм бол ирж оролцоно. Ш.Ж т хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
... Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ногооннуур сумын цагдаагийн хэсэгт хэсгийн төлөөлөгч Ж.Т т мэдүүлэхдээ Ш.Ж намайг зүүн гараараа цохих гэж байхад нь би баруун гараараа барьж авсан тэгээд миний баруун гарыг хүчтэй нугалж баруун гарын чигчий хурууг хугалах шиг болсон, тэгээд би чамайг цагдаад мэдэгдэх болно гэж хэлсэн хэсгийн төлөөлөгч буруу ойлгож бичсэн байна. Аймгийн төвд шүүх эмнэлэгт үзүүлэхэд ч гэсэн би баруун гарын чигчий хуруугаа үзүүлсэн, мөн рентген зураг авхуулсан байгаа болно. Би тухайн өдөр С.М тэй миний хуруу мултарчихсан байна, сая би өөрөө буцаагаад үенд нь оруулчихлаа, цагдаад дуудлага өгсөн манайд машин байхгүй очиж чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс биш цагдаа битгий дагуулж ир гэж хэлээгүй. Би аймаг руу нийтдээ 2 удаа таксигаар энэ удаад өөрийн машинаар ирсэн эдгээр гарсан хохирлыг нэхэмжлэх болно. Манай сумаас аймаг руу нэг талдаа 10.000 төгрөг, ирж очихын 20.000 төгрөг гэсэн үг. Намайг шүүхээс шүүх хуралдаанд дуудах юм бол ирж оролцоно. Ш.Ж т хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
...Хохирлын хувьд шүүгдэгч Ш.Ж нь 264.200 төгрөгийг төлж өгсөн ба одоо өмгөөлөгчид төлсөн 350.000 төгрөг, унааны зардал 135.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Гэрч С.М ийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ш.Ж , О.А ийн хамт Ш.Б гийн гэрт очсон. Тэгээд Ш.Ж та намайг уучлаарай, хоёулаа одоо эвлэрье гэхэд Ш.Ж “чи тэгвэл хэргээ өөрөө хүлээ, намайг зодож миний гар хугалсан гэдгээ хүлээн зөвшөөр” гэхэд Ш.Ж би таныг цохиогүй, би худал хэрэг хүлээж чадахгүй гэхэд тэгвэл асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ гээд тэдний гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
- Гэрч О.А ийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Ногооннуур сумын 5 дугаар баг Мухар гэх газарт нөхөр хүүхдийн хамт амьдардаг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед манайхаас 1 км орчим зайнд Ш.Б гийнх нүүж ирсэн. Тэгээд тэднийх малаа бас авч ирсэн байсан ба орой 17 цагийн үед манай хоёр гэрийн мал нийлэх гэж байхад манай нөхөр явган алхаад тэдний малыг цааш нь эргүүлээд өөрийн малыг малын хашаа руу туугаад явж байхад Ш.Б ардаас нь гарч ирээд манай бэлчээрт мал хариуллаа гээд тэр хоёр хоорондоо зодолдсон байсан. Би хэн хэнийгээ зодсоныг хараагүй, зодоон дууссаны дараа очиход Ш.Б миний гарыг хугалчихлаа гээд байхаар нь би тэр хоёрын хажууд зогсоод тэгвэл би цагдаа дуудъя гээд хүргэн ах С.М рүү залгаад Ш.Б нүүж ирээд энд хэрүүл маргаан гаргаад Ш.Ж гарыг нь хугалчихлаа гэж байна. Та цагдаа дагуулаад ир гэж ярьсан тэр үед Ш.Б бидний хажууд хамт байсан. Тэгээд Ш.Б юм ярихгүй шууд гэртээ харьсан. Тэгээд би нөхрөө дагуулаад гэртээ очоод 20-30 минутын дараа хүргэн ах С.М над руу залгаад би цагдаа дагуулаад очих гэж байтал Ш.Б над руу залгалаа, миний хуруу мултарчихсан байна, би өөрөө буцаагаад оруулчихлаа, цагдаад дуудлага өгөөд хэрэггүй гэж хэллээ шүү гэж надад хэлсэн. Тэгээд би нөхөртөө энэ талаар хэлсэн. Болсон асуудал энэ юм. Би нөхөр Ш.Ж , хүргэн ах С.М ийн хамтаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ш.Б гийн гэрт очоод нөхөр маань уучлалт гуйгаад, нөхөр Ш.Ж “хоёулаа эвлэрье” гэхэд “чи хэргээ хүлээн зөвшөөр, намайг зодож гарыг минь хугалсан гэж хэлэх юм бол би өргөдлөө буцааж авна” гэхэд нөхөр маань би таны гарыг хугалаагүй, та өөрөө л хүчтэй татаж аваад л гэмтээсэн шүү дээ, би таныг зодоогүй байж тэгж худлаа ярьж чадахгүй гэхэд тэгвэл хоёулаа хуулийн дагуу шалгуулъя гээд тэднийхээс гараад явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Е ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай “1. Ш.Б гийн биед баруун сарвууны 5 дугаар хурууны 2 дугаар үеийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №523 дугаартай нэмэлт шинжилгээний “1. Шинжилгээнд хүргүүлсэн хохирогч Ш.Б гийн ирүүлсэн эмнэлгийн материалууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Хохирогч Ш.Б гийн биед нэмэлт шинжилгээгээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №470 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан /4 долоо хоногоос дээш/ сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Иргэн Ш.Б гийн биед нэмэлт шинжилгээгээр баруун гарын 5 дугаар хуруу /чигчий хуруу/ 2 дугаар шивнүүрийн үений уг хэсгээр далд хугарсан, саажилттай, хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
- Шинжээч К.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нэмэлт шинжилгээгээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг 4-өөс дээш долоо хоногийн турш сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байна. Б гийн биед нэмэлт шинжилгээгээр баруун гарын 5 дугаар хуруу буюу чигчий хурууны 2 дугаар шивнүүрийн үений уг хэсгээр далд хугарсан саажилттай, хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдсон байна.
Чигчий хурууны 2 дугаар үен хугарсан гэдгийг рентген зураг, М эмчийн тодорхойлолт, Е эмчийн үзлэг зэргийг үндэслэсэн. Мөн тухайн үед би өөрөө хохирогчийн биеийг үзсэн. Шинжээч Е дүгнэлтдээ 3 дугаар үен гээд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Рентген зургаас тодорхой харагдаж байгаа.
Е эмч шинээр орсон болохоор техникийн шинжтэй алдаа гаргасан байх. Миний тогтоосноор хохирогч Ш.Б гийн чигчий хурууны 2 дугаар үений уг хэсгээр хугарсан байна.
Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргахдаа журамд зааснаар өмнө нь Е ын гаргасан шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь тусгана. Дараа нь урьд хийгдээгүй орхигдсон нэмэлт шинжилгээнүүдийг дурдаж бичнэ. Дүгнэлт хэсэгт нь сүүлд нэмэлт шинжилгээгээр гаргасан дүгнэлтээ бичдэг юм.
Шивнүүрийн ясыг дээд талаас нь тоолж болно, анатоми физиологиор доод талаас нь тоолох ёстой. Практикт тоолох систем нь харилцан адилгүй байдаг. Дээрээс нь тоолох тохиолдол байдаг. Жишээ нь шүдний ангиллын олон улсын дүрэм, Монгол улсын дүрэм, A,B,C систем, тооны ангилал гэх мэтээр 5 ангилдаг. Ясны хувьд ч тийм тохиолдолд байдаг” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ш.Ж нь хохирогч Ш.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хохирогч Ш.Б гийн эрүүл мэндэд “баруун сарвууны 5 дугаар хурууны 2 дугаар үений далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Ш.Ж ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдалд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэж үзэхэд шүүгдэгч Ш.Ж ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ш.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ш.Ж ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Б гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд өгсөн шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хохирогч Ш.Б гийн зүгээс шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт нийтдээ 264.200 төгрөгийг шүүгдэгч Ш.Ж ээр төлүүлж авсан ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа өмгөөлөгчид төлсөн 350.000 төгрөг, унааны зардал 135.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хохирогч Ш.Б гаас гэмт хэргийн хор уршигт унааны зардалд нэхэмжилсэн 135.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул уг мөнгийг гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгч Ш.Ж ээс гаргуулан олгох нь үндэслэлтэй гэж үзлээ. Харин хохирогч Ш.Б гийн өмгөөлөгчид төлсөн гэх 350.000 төгрөгийн талаар нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б гийн өмгөөллийн хөлс 350.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэх тухай дүгнэлтийг,
Хохирогчоос эрүүгийн хариуцлагыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх тухай тайлбарыг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргах дүгнэлтгүй,
Шүүгдэгчээс хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөхийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх тухай дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ш.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ш.Ж нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нотлогджээ.
Шүүгдэгч Ш.Ж нь хувийн байдлын хувьд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 08 дугаар багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/192 дугаартай тодорхойлолтоос үзэхэд ам бүл 3, эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр 4, хонь 30, ямаа 30 тус тус тоолуулсан мал маллаж амьдардаг байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ш.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Ш.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ж т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Ж ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ж ээс унааны зардал 135.000 (нэг зуун гучин таван мянга) төгрөг гаргуулан хохирогч Ш.Б д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ш.Б гийн өмгөөллийн хөлс 350.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ