Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0061

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ч, гуравдагч этгээд Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын даамал Б.Д, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Засаг даргын 2004 оны 07 сарын дугаар 06-ны өдрийн 89 дүгээр шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ, 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 97 дугаар захирамжийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын 1-1а-д байрлах 600 /0.06/ м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших өмчлөх эрхийн 0042123 тоот гэрчилгээг надад албан ёсоор өгсөн. Тухайн үед хашаа хатгах боломжгүй байсан. 15 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан учраас энэ хугацаандаа эзэмших байх гэж ойлгож байтал 2008 оны 07 сарын 03-ны өдөр Есөнбулаг сумын газрын даамал А.Н нь Б.Год 0170213 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан өгч, миний эзэмшил өмчийн газар орон сууц барьж, хууль бусаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001319 дугаар гэрчилгээг авч, өөрийн эзэмшилд бүртгүүлж, миний эрх ашгийг хохироож байна. Ү-0518001319 дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Б.Год олгосон газар эзэмшүүлэх эрхийн зөвшөөрлийг олгосон 31 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Г нь хувийн сууцныхаа өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8 дахь хэсгүүдэд зааснаар нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн бүртгүүлжээ. Улсын бүртгэлийн Ү-0518001319 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын даамал Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар захирамжаар Б.А-, Ч.Пүрэвээ, А.Дашдөлгөөн нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Есөнбулаг сумын, Жаргалант баг, Жаргалантын 1-1 тоотын 600 м.кв газрыг өмчлүүлсэн. Есөнбулаг сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр захирамжийг үндэслэн Б.Год Жаргалант багийн Жаргалантын 1-1а тоот хашааны 833 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0170213 дугаар эрхийн гэрчилгээг газрын даамал А.Н олгосон байна. Сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар захирамжаар 2008 оны 31 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Тухайн үед Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын 1-1, 1-1а гэж нэг хашааг 2 янзаар дугаарласан техник алдаа гаргаж байсан талаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2008 он хүртэл айлын хашаанд оршин сууж байгаад тэр хашааныхаа хажуу талын өндөр далантай газрыг тэгшлүүлж, тухайн үеийн Есөнбулаг сумын Засаг дарга, газрын асуудал хариуцсан даамал нарт өргөдөл гаргасны дагуу газар эзэмших гэрчилгээ аван, кадастрын зурагт оруулж байшин барьсан. Нэхэмжлэгч Б.А- намайг байшин барьж байхад огт ирж уулзаагүй, харин өнөөдөр буюу олон жилийн дараа нэхэмжлэл гаргаж байна. Нийт байшингийн талбай бага байхаар нь зохих хэмжээгээр сунгаад 833 м.кв болсон. Дараа нь хэмжихэд хааш хаашаагаа 30 м.кв талбайг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Хаягжуулалтыг тухайн үеийн багийн Засаг дарга Далайчойнхор Жаргалантын 1-1а гэх хаягийг өгсөн. Иймд, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Гын газар эзэмших эрхийн 0170213 дугаар гэрчилгээ, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001319 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ч давж заалдах гомдолдоо: …Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн ИХШХШТХууль, ЗХХШТХуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн оролцогч нарыг зөв тогтоогоогүй, засаг захиргааны нэгжийн хувьд маргаж буй обьектын хаягийг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн хөөн хэлэлцэх хугацааг зөв тогтоогоогүй мөртлөө улсын бүртгэлийг хүчингүй болгож, Б.Гын эрх ашгийг хохироосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Б.А-ын газар өмчлүүлэх тухай Засаг даргын захирамж Жаргалант 1-1 гэсэн хаягтай гарсан бөгөөд Б.Гын эзэмшиж байгаа газар болон үл хөдлөх хөрөнгийн хаяг нь Жаргалант 1-1а гэсэн хаягтай байгаа. Улсын бүртгэлд Жаргалант 1-1 гэсэн тоот хаягт Х.Энхбат гэдэг айлын үл хөдлөх хөрөнгө, газар бүртгэлтэй байгаа. Энэ Засаг захиргааны нэгжийн хаягаар бол хэрэгт хариуцагч, гуравдагч этгээдийг буруу тогтоосон. Газар эзэмших, өмчлөх эрхийн кадастрын зургийг давхардуулан гаргаж өгч иргэний эрх ашгийг хохироосон байгууллага нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар байсан.

Нэхэмжлэгч Б.А- нь газар эзэмшиж ашигласныхаа төлбөрийг төлөөгүй, газар өмчилж авсан эрхээ 10 жил хэрэгжүүлээгүй, Б.Гыг тухайн гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмшиж байгааг мэдсээр байж 10 жил өнгөрсний дараа өөрийнхөө эрх ашгийг зөрчиж байна гэж шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Б.Гын хувийн сууцны өмчлөх эрхийг бүртгэхэд эргэлзээтэй баримт байгаагүй бөгөөд бүртгэлийн байгууллага нь хууль заасны дагуу бүртгэлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ганболд давж заалдах гомдолдоо: Миний газар эзэмших эрхийг шүүхээс хүчингүй болгосон. Би Монгол Улсын иргэн хүн, газар эзэмших эрхтэй. Иймээс уг актыг хүчингүй болгож, газар эзэмших эрхээ сэргээлгэх маргаан үүсгэнэ. Би 2008 оны 07 дугаар сарын 03-ны 0170213 дугаар 833 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар кадастрын зургаа гаргуулан, иргэнд газар өмчлүүлэх гэрээгээ хийж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар өргөдөл болон холбогдох материалаа өгч 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн Ү-0518001319 дугаар гэрчилгээг хуулийн дагуу авсан. Энэ асуудлыг энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь зүйтэй. Тухайн газрыг 2004 онд Б.А- авсан гэх боловч 2015 оны 07 дугаар сарыг хүртэл ямар ч чимээ сураггүй байсан нь сонин байна. Иргэн хүн ч гэсэн ийм хариуцлагагүй байж болдог юм уу. Хэнээс болж бид хохирох ёстой вэ. Би одоо нялх зээтэйгээ цуг амьдардаг. Хаана амьдрах юм. Бидний ариун цагаан хүч хөдөлмөрөөрөө босгосон байшин болон үнэн шударгаар авсан бичиг баримтыг хүртэл хүчингүй болгосон байна. Энэ хэргийг хариуцах эзэнтэй болгож өгөөч гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Б.А- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын даамал Б.Дд холбогдуулан “газар эзэмших эрхийн 0170213 дугаар гэрчилгээг хүчингүй болгох, мөн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Чүлтэмсүрэнд холбогдуулан “эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001319 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн “Гуравдагч этгээд Б.Г нь тус сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр захирамжийг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн 0170213 дугаар, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001319 дугаар гэрчилгээг авчээ. Уг гэрчилгээнүүдийг хуулийн дагуу авсан гэх нь өөрийнх нь болон шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа хэдий ч тус сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/152 дугаар захирамжаар дээрх 31 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Иймээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн болон өмчлөх эрхийн гэрчилгээ хууль тогтоомжийн дагуу олгогдсон гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нар нь “гуравдагч этгээд Б.Год газар эзэмшүүлэхээр олгосон Есөнбулаг сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар нэмэгдүүлсэн байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулж, эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба  тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

1.      Нэхэмжлэгч Б.А- “Өнгөрсөн жилээс хойш газартай болох гээд өргөдөл Газрын албанд өгөхөд таны өөрийн чинь эзэмшил, өмчлөлд тодорхой хаягтай газар байна, та энэ газраа олж ав гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна” гэж, хариуцагч газрын даамлаас “Есөнбулаг сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр захирамж хүчингүй болсон. Тухайн үед Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын 1-1, 1-1а гэж нэг хашааг 2 өөр дугаарласан нь техникийн алдаа гаргаж байсан талаар хүлээн зөвшөөрч байна” гэж, хариуцагч улсын бүртгэгчээс “Б.А-д газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж 1-1, Б.Гын эзэмшиж байгаа газар болон үл хөдлөх хөрөнгийн хаяг нь Жаргалант 1-1а хаягтай байгаа” гэж, гуравдагч этгээд Б.Г “...2008 оныг хүртэл айлын хашаанд оршин сууж байгаад тэр хашааныхаа хажуу талын өндөр далантай газрыг тэгшлүүлж, тухайн үеийн сумын Засаг дарга, газрын асуудал хариуцсан даамал нарт өргөдөл гаргасны дагуу газрыг эзэмших гэрчилгээ авсан” гэж тус тус тус тайлбарлаж байгаатай холбогдуулан холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллага, албан тушаалтны ямар буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг хөндөгдсөн, зөрчигдсөн эсэхийг тодруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Год анх хаана газар эзэмшүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх эдгээртэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зөв юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын даамлын буруутай үйл ажиллагааг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх, гуравдагч этгээд Б.Год маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Есөнбулаг сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр захирамжийг 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/152 дугаар захирамжаар сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгосон бөгөөд газар эзэмших захирамжийн үндсэн дээр газар эзэмших гэрчилгээг эзэмшүүлдэгийг шүүх анхаарах шаардлагатай байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, гуравдагч этгээд Б.Г маргаан бүхий газрыг одоо ямар эрхийн актаар эзэмшиж байгаа болох, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын даамлын болон тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Чын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн эсэх, одоо нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтнаар ямар үйлдэл, шийдвэр гаргуулахаар шаардлага гаргасан, эдгээр үйл ажиллагааг явуулснаар түүний эрх хэрхэн сэргэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, үүнтэй холбоотой захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулах нь зөв юм.

Тиймээс анхан шатны шүүх нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулахаас гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.188 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР                   

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР