Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

улсын яллагч: Ц.Уртнасан /томилолтоор/;

шүүгдэгч: Э.Төрмөнх, Б.Батмөнх, О.Амарбаясгалан, тэдгээрийн өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чогсом овогт Энхбаярын Төрмөнх, Боржигон овогт Ламчуны Батмөнх, Хорхон овогт Одхүүгийн Амарбаясгалан нарт холбогдох 201625020506 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 248 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1 тоотод байрлах нийтийн байранд түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, УХ92072312 регистерийн дугаартай, Чогсом овогт Энхбаярын Төрмөнх,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 2 дугаар гудамжны 31 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 2 дугаар гудамжны 41 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, УИ94092837 регистерийн дугаартай, Боржигон овогт Ламчуны Батмөнх,

 

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 669 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, УШ92120170 регистерийн дугаартай, Хорхон овогт Одхүүгийн Амарбаясгалан.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Д.Батцоожид хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг зөрчин, догшин авирлан танхайрсан,

мөн яллагдагч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нар нь иргэн Д.Батцоожийн эзэмшлийн 62-02 УНЧ улсын дугаартай “Хьюндай Верна” маркийн автомашины урд салхины шил, урд хоёр хаалганы шил, хоёр талын толийг нь санаатайгаар устган, гэмтээж 441.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

            Шүүгдэгч Э.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Л.Батмөнх, О.Амарбаясгалан бид 3 Сансарын туннелиэс такси бариад 100 айлын автобусны буудлын ТҮЦ-ийн хажууд явж байтал таксины жолооч “машин шүргэчихлээ” гэж хэлсэн. Тэгээд бид 3 буугаад нөгөө шүргэсэн жолоочтой маргалдаж байгаад явсан. Гэтэл нөгөө машины жолооч залуу ганцаараа байснаа 5-10 минутын дараа  арван хэдэн залуучуудтай ирээд бид гуравтай зодоон үүсгэсэн. Тэгээд бид 3 дийлэхгүй байсан учраас өөрсдийгөө хамгаалахын тулд машиных нь цонхыг хагалсан. Зодоон дууссаны дараа бид 3 өөр такси бариад гэр рүүгээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Л.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э.Төрмөнх, О.Амарбаясгалан бид 3 Сансарын туннелиэс такси бариад 100 айлын автобусны буудал дээр очсон. Тэгтэл тухайн таксины урдуур нэг машин орж гуперийг нь шүргэсэн. Таксины жолооч залуу “машин шүргэчихлээ” гэж хэлэхээр нь “очоод уулз, уулз” гэж хэлэхэд уулзахгүй байхаар нь “гурван ах нь очиж уулзъя” гэж хэлээд нөгөө машины залуу дээр очтол “би шүргээгүй” гээд муудалцсан. Тэгээд 2-3 минутын дараа нөгөө залуу 2 машинтай 10 гаруй залуучуудтай ирээд бид гуравтай зодоон үүсгэсэн. Бид 3 машиных нь цонхыг хагалсан нь үнэн. Тэгээд өөр такси бариад гэр рүүгээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч О.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э.Төрмөнх, Л.Батмөнх бид 3 гэр рүүгээ харих гээд Сансарын туннелиэс такси барьсан. Гэтэл тухайн таксийг “Верна” маркийн машин шүргэсэн. Тэгээд бид 3 нөгөө машины жолоочид “цагдаа дуудаж яах юм, тохироод явчихаач” гэж хэлсэн. Тэгээд бид нарын хооронд буудал дээр маргаан болсон. Тэгтэл 5-10 минутын дараа “Верна” маркийн машинтай залуу 2 машинтай найзуудаа дуудсан. Нөгөө залуугийн машины хажууд зодоон болсон бөгөөд би машиных нь 2 талын толийг хугалсан. Тэгээд бид 3 такси бариад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, хохиролын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-16/, зураг таньж олуулах ажиллагааны тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/, хохирогч Д.Батцоож /хх-ийн 26-30/, гэрч Б.Төмөрсүх /хх-ийн 32-33/, Р.Энхболд /хх-ийн 34-35/, Л.Билгүүн /хх-ийн 36-37/, Н.Энхзаяа /хх-ийн 38-39/ нарын мэдүүлэг, Э.Төрмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг  /хх-ийн 50-52, 61.63/, О.Амарбаясгалангийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-56, 64-66/, Л.Батмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-60, 67-69/, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 79-82/, Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-89/, Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 90-92/, Э.Төрмөнхийн хувийн байдалтай холбоотой баримтууд /93-98/, Л.Батмөнхийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 99, 105-106/, О.Амарбаясгалангийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 100-104/, хохирол төлсөн баримт /хх-ийн 18/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг гагцхүү тэдгээрийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар шүүх хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарыг  бүлэглэн, догшин авирлан танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

 

Гэтэл Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт холбогдох гэмт хэргийн нотлох ажиллагаа зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан явагджээ. Хэдийгээр хохирогчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулсан байх боловч гэмт хэргийн улмаас нэр төр, бие эрхтэн, эд хөрөнгийн хохирол үзэж эрхээ сэргээлгэх шаардлага тавьж байцаан шийтгэх ажиллагаанд хэргийн нэг тал болон оролцож буй этгээдийн мэдүүлгийг нөгөө талын гэм бурууг нотлох гол баримт гэж үзэх нь учир дутагдалтай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шүүгдэгчид сонсгосон ялын талаар тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх олгосон, мөрдөн байцаагч байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн  бодитой шалгахыг  үүрэг болгосон.

 

Түүнчлэн хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй бөгөөд яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэрэг учрал болсон өдөр Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нар “…хүний автомашиныг (такси) шүргэчихлээ, мөнгө төгрөгийг нь өгөөд сал… ” гэх зэргээр хохирогч Д.Батцоожтой маргалдсан, улмаар дээрх маргаанаас үүдэн хохирогч Д.Батцоожийг “олон залуучууд дуудаж зодууллаа, зодоон үүсгэсэн” хэмээн андууран ойлгож, дургүйлхэн хохирогчийн эзэмшлийн “Хьюндай Аксент Верна” маркийн 6202 УНЧ дугаартай автомашины урд салхины шил, урд хоёр хаалганы шил, хоёр толь зэргийг устгаж, гэмтээсэн үйл баримт хохирогч, шүүгдэгч нарын хэн альны мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тайлбар, мэдүүлэгт дурдсан “…мөнгө өг, эсхүл архи авч өг хэмээн дарамталсан, хэнийг нь мэдэхгүй ч хүч хэрэглэн араас хавирч унаган толгой руу өшиглөсөн, 3 этгээд зугтаахад араас нь цагдаагийн машинтай хөөсөн …” гэх мэдүүлгийн эх сурвалж хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй төдийгүй мөрдөн байцаалтаар хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдийн аль нь бодитой эсэх, тэдний мэдүүлгийг харьцуулан шалгаж батлах, эсхүл няцаах учиртай атал зөвхөн хохирогчийг байцаах төдийгөөр хязгаарлажээ.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэсэн зарчмыг хэрэглэх үндэслэл болсноос гадна дан ганц хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдийг бүхэлд нь үгүйсгэж,  Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарыг бүлэглэн эрээ цээргүй авирлаж, адал балмад үйлдлээ удтал үргэлжүүлсэн, хохирогчид биеийн хүч хэрэглэн, нийгмийн амгалан тайван байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд халдаж танхайрсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Ийм учраас шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг”-ийн автобусны буудал орчим хохирогч Д.Батцоожтой “автомашин шүргэсэн” гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар хохирогч Д.Батцоожийг “олон залуучууд дуудаж зодоон үүсгэсэн, зодууллаа” хэмээн андуурч ойлгон, дургүйлхэж түүний эзэмшлийн “Хьюндай Аксент Верна” маркийн 6202 УНЧ дугаартай автомашины урд салхины шил, урд хоёр хаалганы шил, хоёр толь зэргийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

 

хохирогч Д.Батцоожийн /хх-ийн 26-31/: “…2016 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 00 цагийн орчим өөрийнхөө машиныг угаалгачихаад явж байсан. Явж байгаад ундаа авах гээд “100 айлын” автобусны буудал дээр зогссон юм. Машинаасаа буух гэтэл 3 согтуу залуу ирээд “чи машин шүргэчихлээ, яаж байгаа юм, очиж хар” гээд байсан…Тэр машин нь шаргал өнгийн “Приус 10” маркийн 6189 УНП дугаартай машин байсан… Би тэр машины миний зөрсөн тал болох зүүн талыг харахад зүв зүгээр байсан…Гэтэл тэр залуучууд машиныхаа баруун урд талын гуперийг шүргэсэн гээд жижигхэн зураас харуулаад байсан юм. Тэгэхээр нь би “би машиныг чинь шүргээгүй, тэглээ ч би зүүн талаар чинь зөрсөн байхад та нар яагаад баруун гуперээ харуулаад байгаа юм…” гэж хэлсэн…Гэтэл тэр 3 залуу надаас “30.000 төгрөг өгөөд тохироод яв, эсхүл 1 шил архи авч өг” гэж нэхээд байсан…Тэр 3 залуугийн үсээ ардаа боосон залуу намайг заамдаж аваад түлхээд нөгөө хоёртойгоо цаашаа яваад өгсөн… Нэг нь миний араас хавирч унагаад толгойн ар хэсэг рүү өшиглөсөн. Хэн өшиглөснийг хараагүй…Би босоод шууд хашлага давж гүйгээд замын эсрэг талд гарсан. Замын цаанаас харж байтал өөр нэг цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашин ирээд тэндээс хэдэн залуучууд буугаад нөгөө 3 залуутай зодолдоод эхэлсэн. Нэг их сүртэй удаан зодоон болоогүй, “Приус 20” машинтай залуучууд нь яваад өгсөн…Би цагдаа дуудсан юм, цагдаа дуудаад залгаад байж байтал үсээ ардаа боосон залуу миний машины урд талын салхины шил рүү пивоны шил шидсэн, яг юу шидэж хагалсныг мэдэхгүй байна. Халзан залуу нь цаад талын цонх, толийг хагалж эвдэж байсан…Цагаан өнгийн “Приус 20” машинтай залуучуудыг би танихгүй, нөгөө 3 согтуу залуу л тэр залуучуудыг надтай хамт явж байна гэж андуурсан юм шиг байна лээ…” гэх мэдүүлэг,

 

Э.Төрмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50-52, 61-63/: “…2016 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед би өөрийн найз Амарбаясгалан, Батмөнх нартай Сансарын туннель дээр байх “White” бааранд орж 1 шил 0,75 грамын архи авч уугаад шөнийн 2 цагийн үед баарнаасаа гарч такси бариад харих гээд явж байтал 100-н айлын автобусны буудал дээр манай таксины жолооч “өө пизда машин шүргэчихлээ ш дээ” гээд машинаасаа буусан. Таксины жолооч буугаад “Верна” маркийн машины жолоочтой маргалдаад байсан. Бид таксинаас буугаад “Верна Аксент”-ын жолоочид “чи одоо 20.000-30.000 төгрөг өгөөд тохироод салчихаач дээ” гэж хэлсэн. Тэр залуу “би шүргээгүй юм чинь юу гэж мөнгө өгч байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо ямар арчаагүй юм бэ, хүний машин шүргэчихээд” гэж хэлсэн. …Тэгээд байж байтал замын эсрэг талаас 10-аад залуус гүйж ирээд Амарбаясгаланг зуураад авсан. Тэгэхээр нь бид 2 тэдгээр залуусаас Амарбаясгаланг салгаж аваад хэсэг зууралдаж байгаад салсан. Тэр залуус зам гараад гүйхэд нөгөө “Верна Аксент”-ын залуу хамт гүйгээд явчихсан. Тэгэхээр нь бид “Верна”-гийн залууг л тэр залуусыг дуудсан юм байна гэж бодсон. Эхлээд Амарбаясгалан, Батмөнх хоёр машиных нь толийг өшиглөж хугалсан. Би газраас чулуу авч машиных нь урд салхины шил рүү шидэж хагалсан…” гэх мэдүүлэг,

 

Л.Батмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 57-60, 67-69/: “…2016 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед би найз Төрмөнх, Амарбаясгалан нартай Сансарын туннельд байрлах “White” нэртэй бааранд орж 1 шил архи, хүний 1 шил пиво уусан. Ойролцоогоор цаг гарангийн дараа баарнаас гарч такси барьж харихаар явсан. Замдаа 100-н айлын автобусны буудлын дэлгүүрээс тамхи авах гээд зогссон. Гэтэл хажуугаар мөнгөлөг саарал өнгийн “Верна Аксент” шахаж орж ирээд манай таксиг шүргэсэн. Амарбаясгалан тамхиа авах гээд ТҮЦ рүү орсон байсан. Төрөө бид хоёр хүлээгээд сууж байхад манай таксины жолооч нөгөө машины жолоочтой яриад зогсоод байсан. Бид буугаад тэр 2 дээр очтол нөгөө “Верна”-гийн жолооч “би машин шүргээгүй” гээд гүрийгээд байсан. Би таксины урд талд сууж явсан болохоор шүргэснийг нь мэдэж байсан. Тэгээд бид “ахын дүү шүргэчихээд яагаад гүрийгээд байгаа юм бэ, мөнгө төгрөгөө өгөөд тохироод салаач дээ, пизда” гээд жоохон хараал хэлсэн. Нөгөө жолооч цаашаа яваад машиндаа суухаар нь “зугтаах гэж байна” гэж бодоод таксины жолоочид “наадах чинь зугтаах гээд байгаа юм биш үү, түлхүүрийг нь авчихаач” гэж хэлсэн. …Тэгээд Төрмөнх бид 2 өөр таксинд суусан. Гэтэл гэнэт хар өнгийн “Приус-20”, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Королла” маркийн машинтай 10 гаруй залуус ирээд Амарбаясгалан руу дайрч бид хоёрыг “гараад ир” гээд орилоод байсан. Бид зодуулахгүй гэсэндээ тэдэнтэй зодолдсон. Бид тэднийг нөгөө “Верна Аксент”-ын залуу дуудчихлаа гэж бодсон. Сүртэй зодоон болоогүй, тэд зам гараад зугтаасан. Тэгээд бидний өөдөөс чулуу шидээд байсан. Бид уур хүрээд тэр “Верна Аксент”-ийн хоёр талын хаалганы шилийг би чулуугаар хагалсан. Төрмөнх урд салхины шилийг нь хагалсан. Амарбаясгалан юуг нь эвдсэнийг хараагүй…” гэх мэдүүлэг,

 

О.Амарбаясгалангийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 53-56, 64-66,/: “…2016 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед би Төрмөнх, Батмөнх гэх 2 найзтайгаа Сансарын туннельд байрлах “White” нэртэй бааранд орж 1 шил архи, хүний 1 шил пиво уусан. Тэнд 1 цаг орчим байж байгаад гараад харих гээд такси барьсан. Бид тамхи авах гээд 100-н айлын автобусны буудал дээр зогссон. Тэгтэл бидний сууж явсан таксины жолооч “өө миний машиныг шүргэчихлээ” гэж хэлсэн. Шүргэсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Таксины жолооч нөгөө жолоочид “чи машин шүргэчихлээ” гэхэд нөгөө машины жолооч “би шүргээгүй” гээд байсан. Тэгэхээр нь бид буугаад нөгөө жолоочид “чи хүний машин шүргэчихээд мөнгө төгрөгийг нь өгөөд салаач ээ, мангар бацаан минь” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад Төрмөнх, Батмөнх 2 өөр таксинд суусан.  Би дэлгүүрээс тамхи аваад татаад зогсож байтал гэнэт хэсэг залуус ирээд дайрсан. Тэгэхээр нь би цамцаа тайлаад өөдөөс нь зодолдсон. Манай 2 араас ирээд хэсэг зууралдаж байтал нөгөө залуус замын цаашаа зугтаад явсан. Тэгээд замын цаанаас бид нар руу мөс, чулуу шидээд байсан. Тэдгээр залуусыг “Верна Аксент”-ийн залуу дуудсан гэж бодсон. Тэгээд уур хүрээд би түүний машины баруун талын толийг өшиглөж хугалсан. Төрмөнх урд салхины шилийг нь чулуу шидэж хагалсан. Батмөнх 2 талын хаалганы шилийг нь чулуу шидэж хагалсан…” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Р.Энхболдын /хх-ийн 34-35/: “ Би 2016 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 100-н айлын автобусны буудал дээр өөрийн “Спайсо” маркийн цэнхэр өнгийн машинтай хүн авах гээд зогсож байсан. Би 100-н айлын буудлаас 7-н буудал руу машинаараа хүн зөөдөг юм. Гэтэл миний зүс таних Төрөө гэх залуу 1 найзтайгаа миний машинд орж суугаад надаас “тамхи байна уу” гэж асуусан. Би Төрөөд 1 ширхэг тамхи өгөөд дөнгөж асаагаад сууж байтал буудал дээр Төрөөгийн найз болох Амараа гэх залууг хэдэн залуус зодож байсан. Би Төрөөд “хөөе найзыг чинь зодоод байгаа юм биш үү” гэхэд Төрөө нөгөө найзтайгаа миний машинаас буугаад явсан. …Би тэр зодсон гэх залуусыг харж байгаагүй. Ямар ч байсан Амарааг нилээд олон залуу тойрчихсон байсан. Автобусны буудал дээр ямар, ямар машин зогсож байсныг нь санахгүй байна…” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Төмөрсүхийн /хх-ийн 32-33/: “…Шаргал өнгийн “Приус-20” маркийн 6189 УНП дугаартай машин миний нэр дээр байдаг машин юм. 2016 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө миний машин манай гэрийн гаднаас хөдлөөгүй. Манайх “Сандэй Плаза”-гийн гадаа павилион ажиллуулдаг юм. Орой 22 цагийн үед гэррүүгээ нарны замаар явж харьсан. Би тухайн өдөр хүнд машинаа өгч явуулаагүй. Миний машиныг манай хүү Тулга хааяа барьдаг. Гэхдээ манай хүү Тулга өөрийнхөө машины явдаггүй өдөр буюу 5 дахь өдөр л барьдаг. Би хүүгээсээ “2016 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 100-н айлын хавиар явсан уу, зодоон цохион хийсэн үү” гэж асуухад “яваагүй, ямар ч зодоон цохион хараагүй” гэж хэлсэн. Машиныг өөр машин шүргэсэн эсэхийг асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,

 

Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарын буруутай үйлдлийн улмаас “Хьюндай Аксент Верна” маркийн 6202 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролын шууд зардал 441.000 төгрөг болохыг тогтоосон “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх 80-82/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, зураг таньж олуулах ажиллагаа, уг ажиллагааны явцад бэжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нар нь хохирогч Д.Батцоожид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 526.800 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч санал, хүсэлтгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 114/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, дүгнэлт хийж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлж үзсэнээс гадна шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Чогсом овогт Энхбаярын Төрмөнх, Боржигон овогт Ламчуны Батмөнх, Хорхон овогт Одхүүгийн Амарбаясгалан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан  дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Төрмөнх, Л.Батмөнх, О.Амарбаясгалан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ