Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00674

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02072 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

Ц.Бийн нэхэмжлэлтэй

ЧД-ийн ЭМНДХт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтанчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чулуун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б миний бие 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст үйлчлэгчээр ажилд орж, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа орсон. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцсан ажил үүргээ хангалтгүй хийж байгаа гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ЧД-ийн ЭМНДХийн үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б нь тус хэлтэст 2011 оноос хойш үйлчлэгчээр ажиллах хугацаандаа цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа байнга хангалтгүй биелүүлдэг бөгөөд удаа дараа удирдлага болон ажилчдаас шаардлага тавьж байсан боловч алдаа дутагдлаа засч залруулахгүй байсан. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгч Ц.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т үйлчлэгчийн ажлын чиг үүргийг заасан ба үүнд байгууллагын ажил эхлэхээс өмнө байцаагч ажилтнуудын өрөө тасалгааг цэвэрлэж бэлэн байх, их цэвэрлэгээг тодорхой хугацаанд хийж байх, ажлын ая тухтай орчинг бүрдүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллах ёстой байтал ажилчдаас цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгаа тухай удаа дараа санал гомдол амаар болон бичгээр ирсний дагуу Ц.Бт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлэн улмаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02072 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.Бийг ЧД-ийн ЭМНДХийн Үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ЧД-ийн ЭМНДХээс 3 523 555 төгрөгийг гаргуулж Ц.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.Бийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ЧД-ийн ЭМНДХт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Г.Маргад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, ЧД-ийн ЭМНДХээс 141 527 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын Г.Маргад гэснийг Ц.Б гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтанчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэр магадлалыг 2019 оны 01-р сарын 15-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж заасан хэдий ч үйлчлэгчийн ажлын байранд мэргэжил шаарддаггүй бөгөөд үүнийг тайлбарт заасан комисс, хөндлөнгийн байгууллага, магадлах комисс нь шалган тогтоох боломжгүй, зайлшгүй шалган тогтоох, дүгнэх боломжит ажлын байр биш юм. Үйлчлэгчийн ажлын байрны гол зорилго нь цэвэрлэгээ үйлчилгээг сайн хийж гүйцэтгэх ёстой байтал үйлчилгээ хангалтгүй байгаа талаар удаа дараа ажилчдаас гомдол ирсэн нь нэхэмжлэгч ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байгааг нотолдог. Мөн үйлчлэгчийн ур чадварын талаар хөндлөнгийн байгууллага, комисс нь дүгнэлт гаргах боломжгүй зөвхөн тухайн ажлын байранд байнгын цэвэрлэгээ үйлчилгээг хүртэж байгаа ажилтнууд буюу хэрэглэгч л үйлчлэгчийн ажлын ур чадвар сайн байгаа эсэх, ажилдаа тэнцэх эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой юм. Анхан болон давж заалдах шатны шүүх үйлчлэгчийн ажлын байранд заавал салбарын буюу мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гарсан байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийг ажилдаа тэнцэхгүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнээд байгаа нь хэрэгт хамгийн ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг илт үгүйсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасныг зөрчсөн, хэргийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг үнэлэлгүй хэт нэг талыг барьж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байсан талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд байнга ажилдаа хариуцлагагүй ханддаг байсан. Ажилчдын удаа дараа амаар болон бичгээр гаргасан гомдлууд нь үйлчлэгчийг ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл шүүх тухайн ажлын байр зайлшгүй шалган тогтоох боломжтой ажлын байр мөн үү биш үү, мөн бодит нөхцөл байдлыг дүгнэлгүй хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ЧД-ийн ЭМНДХт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг алдаатай бичсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

 Ц.Б нь 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс ЧД-ийн ЭМНДХт үйлчлэгчээр ажилласан байна.

Ажил олгогч  2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан Ц.Бийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дах хэсгийг баримталсан боловч тушаалд ...38.1.1... гэж алдаатай заасан гэж тайлбарласан ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна. Хариуцагч нь тушаалын үндэслэлээ “...Ц.Б нь цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа байнга хангалтгүй гүйцэтгэдэг, ажилчдаас цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаа талаар гомдол ирсэн, удирдлагаас шаардлага тавьдаг боловч ахиц гардаггүй...” гэж тодорхойлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч санаачлагаараа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалж болдог байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Ц.Б нь ажил мэргэжилдээ ур чадварын хувьд тэнцэхгүй болсон үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, ажил олгогчийн тушаал хууль бус тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3 523 555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т нийцжээ.

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс тухайн эрх зүйн акт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ажилтан ажил мэргэжилдээ ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлийг ажил олгогч нь гэрчийн мэдүүлэг, ажилтнуудын гомдол гэсэн баримтаас өөр баримтаар нотлоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл хангалттай баримтаар нотлогдоогүй талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 26-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА