| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 23.2.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,
шүүгдэгч Б.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.К т холбогдох эрүүгийн 2113001830007 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.К , 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 0 дүгээр багт оршин суудаг, тус сумын 3 дугаар сургуульд нягтлан бодогч ажилтай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЛ85******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.К нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай гудамж талбайд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед бусадтай хэрүүл маргаан үүсгэх үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Цэнгэл сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Э ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б.К мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001830007 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн алба хаагч Ж.Э ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, СД нимгэн хуурцаганд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.Э, гэрч С.С, М.Б, К.С, насанд хүрээгүй гэрч К.Н, С.Б, Д.Б, Ж.М, Т.А, яллагдагч Б.К нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-225 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Р гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22/07 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.К ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.К нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай гудамж талбайд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед бусадтай хэрүүл маргаан үүсгэх үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Цэнгэл сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Э ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 4-6 дугаар тал/,
- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Ж.Э ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 32-34 дүгээр тал/,
- Хаан банкны Цэнгэл сум дахь тооцооны төвөөс гаргуулан авсан СД нимгэн хуурцаганд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 55 дугаар тал/,
- Хохирогч Ж.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Цэнгэл сумын хэсгийн цагдаагаар ажилладаг ба тус өдөр Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр болох сумын төвд гудамж талбайд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад К.А нь надад ирж Хаан банкны тооцооны төвийн урд зодоон болж байна гэж хэлсэн. Тухайн үед цаг 18 цаг 30 минут болж байсан байх К.А тэй хамт зодоон болж буй газарт очиход засмал зам дээр мөнгөлөг өнгийн Ланд круйзер 200 маркийн 1010 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба хажууд нь 4094 БӨН улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Замын хажуу талын шороон дээр К.Р ийг Б.К нь заамдчихсан хэрэлдээд зогсож байхаар нь би очоод Б.К ийг “та хоёр зодолдохоо боль” гээд Б.К ийн гарыг К.Р ийн энгэрээс татаж авахад тэрээр миний гадуур хувцаснаас заамдаж “чи яах гээд байгаа юм, чамайг энд байх, байхгүйг би мэднэ шүү” гэж хэл амаар доромжилж улмаар миний баруун талын мөрдсөнд байсан энгэрийн камерыг газарт шидсэн. Тухайн үед миний өвлийн хүрэмний баруун талын мөрний хэсгийг урсан. Тэгээд би түүнд “та наад үйлдлээ боль, миний тавьж байгаа шаардлагыг биелүүлээд таны гаргасан үйлдлийг цагдаагийн хэсэгт очиж шийдье” гэсэн боловч үгэнд орохгүй надтай зууралдаад байсан. Энэ хооронд К.А нь К.Р болон С.С нарыг машинд нь суулгаад явуулсан ба би К.А ий хамтаар Ж.М , Б.К нарыг цагдаагийн хэсэгт авч ирээд Б.К , Ж.М нарын согтолтын зэргийг тогтоох зорилгоор драйгер үлээлгэх гэхэд үлээхээс татгалзсан. Тэгээд Б.К ийг төрсөн ах нь болох Б.Е т, Ж.М ыг түүний аав нь болох М.Ж д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн.
... Би эрх, үүрэгтэйгээ танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг Б.К шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсаны дагуу 410.000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн. Надад цаашид хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84-92 дугаар тал/,
- Гэрч С.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Б.К , К.Р ийн цээж, толгой руу гараараа цохиж байхад хэсгийн цагдаа Ж.Э ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр үед Ж.М зодоонд оролцоогүй гэхдээ К.Р ийг чамайг ална гээд орилоод байсан ба түүнийг манай сумын нэг залуу барьж байсан учраас түүнийг зодоонд оролцуулаагүй. Б.К цагдаагийн шаардлага биелүүлэхгүй түүнтэй зууралдаж байгаад энгэрийн камерыг газарт унагаагаад чиний энд байх байхгүйг бид шийднэ шүү гээд орилоод байсан. Тэгээд би хүү К.Р ийг дагуулаад аваад гэр рүү харьсан. Б.К , К.Р рүү чулуу шидэж толгойг нь оносон тэгээд ахиад зууралдаж байгаад цээж, толгой руу нь гараараа олон удаа цохисон. К.Р нь Б.К намайг хэл амаар доромжлох үед зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Б.К ийн хамраас нь цус гарсан. Өөр зодсон үйлдлийг нь хараагүй. Ж.М , К.Р ийг зодоогүй гэхдээ хамгийн эхлээд тэр машиныхаа хаалгыг нээгээд манай машиныг зурсан тэрнээс л болж хэрүүл маргаан гарч улмаар зодоон болсон. Б.К , Ж.М нар хоёулаа согтуу байсан. Ж.М согтуу мөртлөө машин жолоодож хөдөлгөөнд оролцож байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-94 дүгээр тал/,
- Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.К ийг болиулах гэхэд манай хадам ээжийг хэл амаар доромжлоод байх шиг байсан ямартай ч чанга чангаар орилж байсан, тэгээд ахиад газраас чулуу авах гэж байхад К.Р барьж аваад зууралдаж байхад цагдаа ирсэн бөгөөд цагдаа тэр хоёрыг салгаж байхад Б.К цагдаагийн цээж рүү гараараа 2-3 удаа цохисон тэгээд энгэрт нь байсан хар өнгийн энгэрийн камерыг газар руу шидээд цагдаагийн хувцаснаас зууралдаж заамдалцаж байгаад цагдаа түүнийг цагдаагийн хэсэг рүү аваад явах шиг болсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 99-100 дугаар тал/,
- Гэрч К.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд дахид чулуу шидэхэд ах К.Р биднийг хамгаалах гээд машины урдуур ороход түүнийг толгойг оносон тэгээд ээж намайг цагдаа дуудаарай гэхээр нь би машинаас буугаад цагдаагийн хэсэгт ирэхэд хүн байхгүй байсан. Тэгээд би том ах К.А руу утасдаж цагдаа байхгүй байна та цагдаа дуудаарай гэж хэлээд буцаад машин руу очиход цагдаа ирчихсэн байсан ба Б.К цагдаагийн шаардлага биелүүлэхгүй заамдалцаж, энгэрт нь байсан энгэрийн камерыг газар руу шидсэн тэгээд цагдаа та нар явцгаа гэхээр нь би машиндаа очиж суугаад байж байхад ээж С.С , ах К.Р нар машинд ирж суугаад бид нар гэртээ харьсан болсон асуудал энэ юм. Б.К , Ж.М нар согтуу байсан, өөрийн үйлдлээ хянахгүй хүмүүсийн үгэнд орохгүй, цагдаагийн тавьсан шаардлагыг ч мөн адил биелүүлэхгүй байсан. Б.К цагдаагийн алба хаагчийн энгэрээс заамдаж бид энэ сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар байна, чамайг энд байх байхгүйг бид мэднэ гэж орилоод түүний энгэрт байсан энгэрийн камерыг газар руу шидсэн. Яг цагдааг зодож, цохиж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-104 дүгээр тал/,
- Гэрч Т.А йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие цагдаагийн газрын мэдээлэл технологийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Цэнгэл сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Э ын албаны хэрэгцээнд ашиглаж байгаа энгэрийн камер нь албанаас тавьж олгосон 32 ӨВ багтаамжтай М505С маркийнх байв. Уг энгэрийн камерыг асааж үзэхэд бичлэг, зураг авахад хэвийн боловч бичигдсэн бичлэгийн яриа, дуу сонсогдохгүй байгаа нь энгэрийн камерын чанга яригч нь гэмтсэн байна. Дээрх эвдрэл гэмтэл нь ижил төрлийн энгэрийн камерын ажиллагаатай чанга яригчаар солихгүй бол ажиллах боломжгүй. БНХАУ-ын хил хаалттай байгаа учраас сэлбэг олдохгүй, дуу бичигч болон бичлэгийн дуу сонсогдохгүй тул албаны хэрэгцээнд ашиглах боломжгүй юм. Цагдаагийн албан хаагчийн албан хэрэгцээний энгэрийн камерын дансан дахь үнэ нь 350,000 төгрөг байдаг. Энэ загварын энгэрийн камерт засвар үйлчилгээ хийсэн хэдий ч өмнөх шигээ хэвийн тогтвортой ажиллах боломжгүй тул шинээр солиулах нь зүйтэй юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121 дүгээр тал/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-225 дугаартай “Тогтоолд дурдагдсан 2021 оны 11 дүгээр сарын байдлаар эрэгтэй цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрэм 200.000, албан хэрэгцээнд хэрэглэдэг энгэрийн камер 210.000, нийтдээ 410.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 184-187 дугаар тал/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Р гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22/07 дугаартай мөр судлалын “1. Шинжилгээнд хүргүүлсэн хувцасны баруун мөр хэсэгт 14,5 см хэмжээтэй гэмтэл үүссэн байх ба уг гэмтэл нь оёдлоороо урагдсан байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. 2. Дээрх үүссэн гэмтлүүдийг шинэ, хуучин аль болохыг тогтоох боломжгүй. 3. Дээрх хувцсанд үүссэн ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 193-194 дүгээр тал/,
- Яллагдагч Б.К ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрх, үүрэгтэйгээ танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчөөр А.С ыг сонгож авсан өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Би Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Ө гийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Цэнгэл сумын цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тухайн үед би согтуу байсан учраас цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн юм. Би Ж.Э д учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсаны дагуу 410.000 төгрөгийг бэлнээр төлсөн хохирлын тал дээр маргаан байхгүй. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт олгоно уу. Би өөрийн хийсэн хэрэгт хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна, урьд өмнө нь цагдаагийн газар хэлтэст шалгагдаж ял шийтгэл эдэлж байгаагүй надад хуулийн хөнгөлөлт олгож өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 214-217 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.К ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.К ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид... халдаж үйлдсэн гэж цагдаагийн... байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эд зүйлд халдаж, эвдэж гэмтээснийг ойлгоно.
Цагдаагийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтад “хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах” бүрэн эрхтэй байна.
Шүүгдэгч Б.К ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.К ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.К ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.К ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э д цагдаагийн байгууллагаас албаны хэрэгцээнд зориулж олгосон албаны хувцас болох хүрэм урагдаж 200.000 төгрөг, энгэрийн камерыг гэмтээж 210.000 төгрөг, нийт 410.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Хохирогч Ж.Э аас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.К ээр бодит хохиролд 410.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлүүлж авсан болохыг, өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.К ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч Б.К т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.К т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.К нь хохирогч Ж.Э тай сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн саналд яллагдагч Б.К т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух хаягаа өөрчлөх, бусад газар зорчих тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргасныг яллагдагч Б.К хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /2 дугаар хавтасны 16-17 дугаар тал/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүхээс шүүгдэгч Б.К т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.К т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.К урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.К нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.К т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.К т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.К т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.К нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.К нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрэм, энгэрийн камер 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Э д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.К т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.К ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.К т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.К т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.К нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.К нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрэм, энгэрийн камер 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Э д буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Х т даалгаж, 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн 2113001830007 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.К т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.К т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ