Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

.    

                                                                      

 

 

 

 

        2022            01           04                                 

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч А.Азжаргал,

иргэдийн төлөөлөгч П.Одсүрэн,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхтайваны Мд холбогдох эрүүгийн 2111 00000 0096 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, ах, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилт 3-275 тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2 жилээр тэнссэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж уг хорих ялд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоосон ба 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 6 жил 8 cap 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар оногдуулсан ялын зарим болох 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хөрөнгө хураахгүйгээр 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Боржигон овгийн Мөнхтайваны М /РД: /,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Эрдэнэ-Ундрахын хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 03-04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гүнтийн зуслангийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “миний уух гэж байсан пивыг авч явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж иргэн А.Эрдэнэ-Ундрахын хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би найз Хүрлээ, Шинээ нартай 21 цагийн үед уулзаад тэндээсээ Хүрлээгийн танил ахын ЧД-ийн 19-р хороо Өвөр гүнтэд байх зангийн байшин руу 22 цагийн үед Хүрлээ, Шинээ, Эрхэмбаяр, Бат-Эрдэнэ нарын хамтаар очсон. Тэгээд бид дөрөв тэр орой 2 ширхэг 2 литрийн пиво хувааж уугаад байж байхад орой Дөдө гэх залуу 2 эмэгтэйн хамтаар ирээд уугаад унтацгаасан. Тэгсэн маргааш өглөө босоод байж байтал Бат-Эрдэнэ, Эрхэмбаяр, Хүрлээ гурав дэлгүүр орж 1 шил 1 ширхэг пиво авч ирээд ууцгаасан тэр үед Эрхэмбаяр, Бат-Эрдэнэ нарын дүүгийн төрсөн өдөр болно найзууд нь ирнэ гэж байсан ба Шинээ, Эрхэмбаяр нар найзуудыг нь авчирна гээд явсан ба тэгж байтал орой 23 цагийн үед Шинээ, Эрхэмбаяр нар Амгаланбаатар, Хүслэн, Эрдэнэ-Ундрах, Мөнхжин, үл таних 2 эмэгтэй нартай хамт ирцгээсэн. Тэр хүүхдүүдийг танихгүй байсан ба хоорондоо танилцацгаасан ба бид нар хоорондоо танилцаад хоол ундаа хийцгээж идээд хоол унд идээд 1 ширхэг 0,75 литрийн архи, 10 ширхэг 2 литрийн том пиво ууцгааж эхэлсэн ба хоорондоо яриа хөөрөө өрнүүлээд инээж ханиагаад зүгээр сайхан харилцаатай байсан ба би тухайн үед би бас нэлээн их согтсон байсан ба өмнөх өдөр нь уусан байсан тул илүү их согтоод байсан ба зарим зүйл орж гараад байгаа юм. Тэгж байтал нөгөө хүүхдүүд явахаар болоод баяртай, гээд гар барьцгаагаад байсан санагдаж байгаа ба би нэг сэргэсэн Шинээ бид хоёр байшинд байсан ба Шинээ унтаад би пиво уугаад ширээн дээр сууж байсан. Тэгээд би буцаж согтоод юу болсон талаар огт санахгүй байгаа юм. Маргааш өглөө унтаж байхад цагдаа нар орж ирээд Шинээ, Хүрлээ бид гурвыг цагдаагийн байгууллага руу аваад явсан...” гэх /хх-ийн 85 дах тал/,

Хохирогч А.Эрдэнэ-Ундрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд байшин руу очоод Бат-Эрдэнэ надад 2 ширхэг 2 литрийн пиво өвөртөө хийгээрэй гээд өгөхөөр нь өвөртөө хийчхээд бид хоёр байшингаас гараад буцаад уруудаад хашаанаас гарах гээд явж байтал Хүрлээ ах араас ирээд яагаад пиво аваад явчхаж байгаа юм бэ гээд уурлаад байсан ба Бат-Эрдэнэ рүү дайраад муудалцаад байсан. Тэгэхээр нь байх аа одоо явлаа гэж хэлээд салгах гэж байхад гэнэт миний араас М гэх нэртэй жижигхэн бор ах хүрч ирээд миний гэдэсний зүүн тал руу гараараа цохих шиг болсон. Тэгэхээр нь би намайг цохичихлоо гэж бодоод зогсож байтал гэнэт час хийгээд хатгаад өвдөөд эхэлсэн. Тэгэхээр нь цамцаа сөхөөд үзэхэд миний хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдсан шархтай, уг шархнаас өөх гарсан, бага зэрэг цус гараад байсан ба гэнэт тэрийг хараад айгаад би газар халтираад унасан. Тэгсэн Бат-Эрдэнэ намайг хараад хутгалчихсан байна ш дээ гээд намайг аваад явсан ба М, Хүрлээ ах нар үлдсэн. Тэгээд манай найз нар намайг аваад гэмтлийн эмнэлэг явсан...Шинээ Дөөдөө, М, Хүрлээ гэх хүмүүсийг танихгүй, тухайн өдөр танилцсан...М гэх ах миний гэдэс рүү иртэй зүйлээр хатгасан. Харин би ямар зүйл байсныг сайн хараагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн анзаараагүй намайг анх гэдэс рүү цохих шиг болсон чинь иртэй зүйлээр хатгасан байсан. Пиво авч явлаа гээд Хүрлээ ах, М нар Бат-Эрдэнэ бид хоёр луу уурлаад байсан ба тэрнээс гэнэт М ах намайг иртэй зүйлээр хатгасан...М ах миний эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээтэй холбоотой бүх зардлыг барагдуулсан. Надад гомдолтой зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 11-13 дах тал, 35-37 дах тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1047 дугаартай дүгнэлтэд:

А.Эрдэнэ-Ундрахын биед хэвлийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж нэвтэрсэн шарх, чацархай, нарийн гэдэс, хэвлийн ар гялтанд хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 45-47 дах тал/,

Гэрч Б.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод 23 цагийн үед Гүнтийн зуслан дээр ирсэн. Тэгээд бид хэд архи ууцгааж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны үүрийн 03 цагийн үед манай эхнэр залгахаар нь бид хэд харихаар болоод гадаа машиндаа сууцгаасан. Тухайн үед гэрээсээ гарахаас өмнө А.Эрдэнэ-Ундрах гэх дүүдээ гарч ирэхдээ хэдэн пиво аваад гараад ирээрэй гэж хэлсэн юм. Бид хэд гадаа гарч ирсний дараа 5-10 минут Эрдэнэ-Ундрахыг хүлээсэн. Тэгтэл удалгүй гарч ирээд ахаа би дотор байгаа хүмүүст хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд үзсэн чинь нэг төө хэрийн шархтай байсан. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлэг ороод цагдаагийн байгууллагад хандсан юм. Байшин дотор хоорондоо маргалдсан зүйл огт байгаагүй. Би хэн хутгалсныг мэдэхгүй, хараагүй. Автомашин луу ирэхдээ хутгалуулсан ирсэн ба Бат-Эрдэнэ сугадаад хамт ирсэн. Тэгээд Эрдэнэ-Ундрахыг М гэх ах хутгалсан гэж хэлсэн” гэх /хх-ийн 16-17, 19 дах тал/,

 Гэрч Б.Хүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэ-Ундрахаас хэн хутгалсан талаар асуухад Дөлөө ах /М/ намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгсэн бид нар дээр М ах хүрээд ирэхээр нь та яаж байгаа юм бэ юу болчхов гээд асуухад М “ахын дүү наадах чинь гайгүй байхаа, гэхдээ ахыгаа уучлаарай” гэж хэлсэн ба нэлээн согтуу байсан. Эрдэнэ-Ундрах цус алдаад байсан тул бид нар яаралтай эмнэлэг явсан...Бат-Эрдэнэ нь Ундрах-Эрдэнийг түшсэн, гэдсээ гараараа дарсан байдалтай ирсэн. Гэдэс хэсэгт цус их хэмжээгээр гараагүй өөх нь гараад унжсан байсан” гэх /хх-ийн 21-22 дах тал/,

 Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь эргээд хартал М ах, Хүрлээ ах нар байсан. Тэгэхээр нь бид хоёр хүлээгээд зогсоход өөрсдөө хүрээд ирсэн ба М “миний уух гэж байгаа пивыг та хоёр яагаад аваад явчхаж байгаа юм бэ? өөрөө уумаар байна гээд бид хоёр луу уурлаад байсан. Тэгэхээр нь Эрдэнэ-Ундрах бид хоёр 2 ширхэг пивоо М ахад өгсөн. Тэр үед Эрдэнэ-Ундрах М ахтай маргалдаад байсан. Тэгсэн М ах Эрдэнэ-Ундрахын гэдсэнд буюу хэвлийд 1 удаа хутгалчихсан. Тэгсэн Эрдэнэ-Ундрах газар унаад гэдсээ гараараа дараад хэвтээд өгсөн чинь М ах яваад өгсөн. Тэгээд би Эрдэнэ-Ундрахыг босгоход надад намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь хувцсыг нь сөхөөд үзэхэд гэдэс хэсгээс хутгалсан шархтай өөх нь гарсан, цус гарч байхаар нь би гараараа цусыг дараад Эрдэнэ-Ундрахыг түшээд найз нар луугаа явсан...М гэх ах Эрдэнэ-Ундрахын гэдэс рүү хутгаар хатгасан. Хар өнгийн иштэй жижиг хутга байсан. Гэхдээ би хутгыг хаанаас гаргаж ирсэн талаар хараагүй. Угаасаа байшинд хар өнгийн иштэй гурван жижиг хутга байсан тэд нарын нэг байсан. Пиво авч явлаа гээд М уурлаад байсан ба тэрнээс болоод Эрдэнэ-Ундрах маргалдахад М хутгалсан” гэх /хх-ийн 24-25 дах тал/,

 Гэрч Ч.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэ-Ундрах, Бат-Эрдэнэ хоёрыг ирээгүй болохоор хүлээгээд байж байтал 10 гаруй минут орчим болсон. Тэгсэн Бат-Эрдэнэ автомашины хаалга онгойлгосноо Ундрах хутгалуулчихлаа гээд хэлэхээр нь гайхаад Эрдэнэ-Ундрахыг автомашинд суулгаад цамцыг нь сөхөөд хартал хутгалуулсан, өөх гарсан, бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь хэн хутгалсан талаар асуухад Бат-Эрдэнэ нь М хутгалсан гэж хэлсэн. Тэгсэн М автомашины гадаа ирсэн байсан ба Хүслэнтэй уулзаад байсан ба бид нар удалгүй гэмтлийн эмнэлэг явсан...М гэх ах хутгалсан. Бат-Эрдэнэ Эрдэнэ-Ундрахыг хутгалахад хамт байсан” гэх /хх-ийн 29 дах тал/,

 Гэрч М.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...машинд хүлээж байтал Бат-Эрдэнэ автомашины хаалга онгойлгосноо Ундрах хутгалуулчихлаа гээд хэлэхээр нь гайхаад Эрдэнэ- Ундрахыг автомашинд суулгаад цамцыг нь сөхөөд хартал хутгалуулсан өөх гарсан бага зэрэг цус гарсан байдалтай байсан.М гэх ах хутгалсан. Бат-Эрдэнэ Эрдэнэ-Ундрахыг хутгалахад хамт байсан" гэх /хх-ийн 31 дах тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-7 дах тал/,

     Шүүгдэгч М.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дах тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дах тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, гэж шүүх үнэлэв.

Гэм буруутайд тооцох тухайд

Шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 03-04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гүнтийн зуслангийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “миний уух гэж байсан пивыг авч явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж иргэн А.Эрдэнэ-Ундрахын хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч: “... Иргэн М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн эрүүл үедээ гэмт хэрэг үйлдэж байсан байна. Иймд хариуцлага хүлээх нь зүйтэй байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 хэсэгт заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0385 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 8 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 10 сар 8 хоногоор тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар

Хохирогч Эрдэнэ-Ундрах хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй /хх-ийн 88 дах тал/  гэх тул шүүгдэгч М.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй ажлын хэсэг 14 см, 11 см урт бариултай, нийт урт 25 см, өргөн 1,5 см мөнгөлөг өнгийн металл хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхтайваны Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмнөх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0385 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 08 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 10 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй ажлын хэсэг 14 см, 11 см уртын бариултай, нийт урт 25 см өргөн 1,5 см мөнгөлөг өнгийн металл хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            П.АРИУНБОЛД                                     ШҮҮГЧИД               С.БАТГЭРЭЛ

   Л.ГАЛБАДАР