Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч А.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б т холбогдох эрүүгийн 2213000000014 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Б , 2001 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БК01321618.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны дэргэд иргэн Б.Б ыг цахим сүлжээнд маргалдсан хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно гэв.

Хоёр: Эрүүгийн 2213000000014 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл /хяналтын камерын бичлэг/-т үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.Б, гэрч Е.С, Н.Б, Х.М, С.О, С.Б, Х.Х, Б.Е  насанд хүрээгүй гэрч Б.О, С.А  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт, яллагдагч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны дэргэд иргэн Б.Б ыг цахим сүлжээнд маргалдсан хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5 дугаар тал/,

- Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны өрөөндөө хэвтэж байтал А гэх охин намайг дуудаад доор хоёр хүүхэд ирсэн байна, чамд юм өгнө гэж хэлхээр нь би доошоо буусан, надтай цуг манай өрөөний С  араас буугаад ирсэн. Тэгээд байрны хаалгаар гарахад хоёр залуу байсан ба нэг залуу нь урьд нь надтай фейсбүүкээр чаталсан, инстаграммаас зургийг нь харж байсан Улаанхус сумын А ийн Б  гэдгийг таньсан, харин нөгөөдөх нь танихгүй залуу байсан. А.Б  надад ийшээ булан эргэе гэхээр нь би тэгье гээд байрны баруун урд булангаар эргэж очиход урдуур бүлэг хүүхдүүд зогсож байсан, харанхуй байсан болохоор царай зүсийг нь харж чадаагүй. Тэгж байтал надтай цуг булан эргэж очсон А.Б  нь миний хамар руу нэг удаа цохиж авсан.

...А.Б  эхэлж намайг баруун гараараа миний хамар хэсэг рүү хүчтэйгээр цохиж авах үед би арагшаагаа газарт унасан. Тэр үед А.Б  дахин над руу дөхөж ирэх үед нь би нүүрээ гараараа хамгаалаад дээшээ харж хэвтэх үед Б  эхлээд миний зүүн шанаа хэсэгт өшиглөхөд нь би баруун хажуу тийшээ хэвтэх үед тэр миний нуруу, өгзөг хэсэг рүү 2-3 удаа өшиглөж авсан.

...Намайг Б  л цохиж унагаагаад дараа нь өшиглөсөн юм. Б ийн хажууд явсан залуучууд намайг өшиглөж зодоогүй. ...би газарт унасны дараа Б  дахиж над руу дөхөж алхаж ирэнгүүт би нүүрээ гараараа хамгаалаад хэвтэхэд тэр миний зүүн шанаа хэсэгт нэг удаа өшиглөж авсан. Тэгээд баруун тал руугаа харж хэвтэх үед миний нуруу хэсэг, өгзөг хэсэг рүү 2-3 удаа өшиглөж авсан. ...Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй болно, хохирлоо бүрэн төлүүлж авсан, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 26, 30 дугаар тал/,

- Гэрч Е.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зодоон болох өдөр манай найз Б ыг Улаанхус сумын Б  гэх залуу өшиглөж байсан, тэр үед харанхуй байсан болохоор яг хаагуур нь өшиглөснийг сайн анзаарч хараагүй. Тэгээд Б  намайг харангуут шууд зугтъя гэж хэлээд орилох үед хажууд зогсож байсан залуучууд талбай руу зугтаж эхлэхээр нь би надаас намхан нуруутай хүүхдийг заамдаад барьж авахад хажуунаас нэг залуу цүнхээрээ миний баруун дагз хэсэг рүү хоёр, гурван удаа цохисон. ...өөр залуучууд намайг бүлэглэж өшиглөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байрны урдуур хүүхдүүдийн орилсон дуу чимээ гарахаар нь цонхоор харахад дотуур байрны баруун урд буланд бүлэг хүүхдүүд зодолдож байхаар шууд байрны нэгдүгээр давхар руу буугаад гадагшаа гарахад нөгөө хүүхдүүд тал тал тийшээ тараад явсан урд шатанд байрны М  гэх эмэгтэй хүүхэд С ийг бариад зогсож байсан ба харин Б  доошоо тонгойгоод хамарнаас нь цус гарсан сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

- Гэрч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Б ыг байрны урд хаалганаас үл таних хоёр хүүхэд дагуулж авч яваад байрны баруун булан эргэж явсны дараа хэсэг хугацааны дараа би араас нь очиход нэг хүүхэд түүнийг газарт унагааж авсан өшиглөж байсан. ...Б  цохиулж газарт унах үед би хажууд нь байгаагүй. ...араас нь С ийн хамт явж очиход Б  газарт уначихсан нэг хүүхэд түүний нуруу, хөл рүү өшиглөж байснаа зугтъя гэж орилоод зугтаад явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

- Гэрч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны шүүхийн байр руу харсан зүг рүү буюу баруун талын буланд очоод зогсож байхад Б  нь хажуудаа явсан дүүгийнхээ хамт дотуур байр руу очоод нэг залууг дуудаж гаргаж ирээд бидний зогсож байсан газар руу дөхөж ирэнгүүт Б  нь шууд нөгөө байрнаас гаргаж ирсэн залуугийн хамар тус газар нь баруун гараараа нэг удаа цохиход нөгөө залуу гэдрэгээрээ газарт унасан. Тэр үед Б т зодуулсан үл таних залууг дагаж дотуур байрнаас гарсан эрэгтэй хүүхэд О ийг барьж авахад Б ын дүү Е  шууд уг хүүхэд рүү дайрч, түүнийг гартаа барьж явсан цэнхэр өнгийн цүнхээрээ цохиж авсан. Тэр үед Х , Б , Е  бид гурав тал тал тийшээгээ зугтаж байгаад хойшоогоо харахад О , Е  нар нөгөө залуутай зодолдож байсан. Дотуур байрнаас хүүхдүүд гарч ирээд О , Б , Е  нарыг зодчих байх гэж бодоод дахиж эргэж очиход Е , О  нар нь нийлж сүүлд байрнаас гарч ирсэн эрэгтэй хүүхдийг нийлээд зодож байсан. Тухайн үед дотуур байрнаас хэд хэдэн эмэгтэй хүүхдүүд гарч ирсэн ба Е , О  нарыг зодож байсан хүүхэд нь О ийг барьж авахад нь бид тэднийг салгаж аваад зугтсан. ...Би уг зодоонд оролцоогүй, зүгээр хараад зогсож байсан. Б  болон түүний найзад гар хүрч зодсон асуудал огт болоогүй. Зодоонд Б , О , Е  нар л оролцсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/,

- Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн баруун талд байрлах дотуур байрны урд талаар яваад баруун буланг тойрч гараад зогсож байтал Б  нь дүүгээ дагуулаад байрны урд хаалга руу яваад өгсөн ба хэсэг хугацааны дараа нэг залууг дагуулж бид нар зогсож байсан газар руу хүрч ирэнгүүт Б  сайн уу гэж хэлснээ шууд залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэр үед нөгөө залуу шууд гэдэргээ арагшаа нуруугаараа унах үед Б  түүнийг хэд хэдэн удаа өшиглөж байсан бөгөөд дотуур байрнаас бас нэг залуу эмэгтэй хүүхэдтэй цуг гарч ирэхэд Б  өшиглөснөө болиод сүүлд гарч ирсэн залуу руу дайрахад эмэгтэй хүүхэд газарт унасан залуугийн хажууд очиж зогссон. ...Б  тэр залуугийн хамар хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж авсан. Дараа нь нөгөө залуу арагшаагаа газарт унахад Б  түүнийг хэвлий, цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Газарт унасан залууг Б  ганцаараа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/,

- Гэрч Б.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б  нь тэр хоёр залуугийн нэгнийх нь хамар хэсэг рүү шууд цохиж авах үед цохиулсан залуу газарт уначихсан. ... газарт унасны дараа бид айж сандраад хойшоогоо гүйгээд явчихсан. ...Бүлэг зодоон огт болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дугаар тал/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Хайратын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай “1.Иргэн Б.Б ын биед тархины доргилт, хамрын яс хугарсан нурууны хавдартай, мурийлттай, хамрын нурууны ташуу байрлалтай зүсэгдсэн шархтай, зүүн талын дээд эрүүний 1 араа шүд нь эмал хугарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн Б.Б ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн Б.Б ын биед нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Иргэн Б.Б ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 113-114 дүгээр тал/,

- Яллагдагч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Б  гэх залууд уулзахдаа түүний хамар руу баруун гараараа нэг удаа цохиж унагаагаад улмаар түүнийг газарт унасан байхад нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Эхлээд зүүн хацар руу нь нэг удаа, дараа нь нуруу, өгзөг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. ...түүнд хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Б ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд “тархины доргилт, хамрын яс хугарсан нурууны хавдартай, мурийлттай, хамрын нурууны ташуу байрлалтай зүсэгдсэн шархтай, зүүн талын дээд эрүүний 1 араа шүд нь эмал хугарсан” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Б аас мөрдөн шалгах ажиллагаанд “надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй болно, хохирлоо бүрэн төлүүлж авсан, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Б т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А.Б  нь хохирогч Б.Б ын гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн саналд яллагдагч А.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэх санал гаргасныг яллагдагч А.Б  нь өмгөөлөгчийн хамт танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 169 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч А.Б т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Б  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б т оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, шүүгдэгч А.Б т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг эрүүгийн 2213000000014 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б т оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч А.Б т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн                                                                                                                                                                                                                     СД бичлэг 2 ширхгийг эрүүгийн 2213000000014 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ