Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  т холбогдох 2116001730008 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамт ... тоотод түр оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Х овогт Х-н М.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч  нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Аптай аймгийн ... тоотод хамтран амьдрагч Б.Гийг “намайг зайл гэж хөөлөө” хэмээн цээжний баруун тал руу нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “элэгний няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч  гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Х.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Тэр үед чи гэрээс зайл гэж хөөгөөд орон дээр хэвтэж байсан чинь facebook ороод хэн рүү чат бичээд байгаа юм гээд хардаад тийм асуудлаас болоод өшиглөсөн. Тийм асуудлаас болоод ганц удаа биед нь халдсан. Буруугаа ойлгож байна. Орон дээр хэвтэж байсан. Тэгээд ирээд зайл гээд юм авч шидээд байхаар нь гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Хамтран амьдраад 10 хонож байсан. Одоо тусдаа амьдарч байгаа. Түүнээс уучлалт гуйсан, хохирлыг нь барагдуулсан. Ойролцоогоор нэг сая төгрөг өөрт нь өгсөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь 300,000 төгрөг өгсөн. Дараа нь эмнэлгээс гарч ирэхэд нь ойр зуурын эм тарианы мөнгө өгсөн. Цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой зардал гарах юм бол төлнө. Би цочмог ууртай. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй. Гэм буруугаа ухамсарлан ойлгож байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гадаа гарч автобус угаах гэхэд манай бага хүү дагаж гарах гээд уйлаад байсан. Хамтран амьдрагч чи суу гээд хүүг загнаад байсан. Бүр загнаад байхаар нь би дагуулаад гарч машин угаасан юм. Тэгээд орж ирсэн чинь хүүхдээ өмөөрлөө муу пизда чинь гээд тэгээд намайг хардаад, маргалдаад, хэрээлдээд байсан. Тэгснээ миний гэдэс, хэвлийн тус газарт өшиглөсөн. Тэгэхээр нь зугтаагаад гарсан чинь араас гарч ирээд барьж гэр лүү оруулж байгаад үснээс зулгааж дахин зодсон. ...Орон дээр хүүхэдтэйгээ хэвтэх гэтэл баруун талын хавирганы орчимд хатгаж өвдөөд байхаар нь маргааш өглөө нь дуудлага дуудаад хүрч ирээд эмчид үзүүлэхэд элэгний няцрал байна хэвт гээд хэвтүүлсэн. Одоогийн байдлаар 15 хоног хэвтэж байна. ... бид хоёр 2021 оны 08 дугаар сарын 20-нд танилцсан. 3 сар болж байна. Би хүүхдээ эцэгтэй нь хааяа нэг утсаар яриулдаг юм. Тэгэхээр намайг тэр хүнтэй хардаж, хэрүүл маргаан хийдэг юм... гэсэн мэдүүлэг /ХХ7, 26/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хөдөөнөөс аймгийн төв дээр орж ирээд эмнэлэгт хэвтүүлээд явж байтал 103-аас над руу нэг сувилагч залгаад танай том охин Б.Г чинь яаралтай түргэн тусламжийн тасаг дээр ирчихсэн байна. Та хүрээд ир гэж дуудсан. Ингээд би яваад очтол эмнэлэгийн орон дээр хэвтчихсэн эмчилгээ хийлгэж байхаар нь яав юу болов гээд асуутал хамтран амьдрагч Х.М намайг шөнө цээж рүү өшиглөсөн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ76/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 419 дугаартай “... 1. Иргэн Б.Гийн биед элэгний няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /ХХ12-13/,

Б.Гийн 2964 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ36-52/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч т 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.М-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Г нь шүүгдэгч Х.М-аас нэхэмжлэх мөнгө төгрөг, гомдол санал огт байхгүй гэж мэдүүлж байгаа хэдий ч  хавтаст хэргийн материалаас үзэхэд хохирогч нь тухайн зодооноос болоод автобус баазын сахиулын ажлаа хийхээ болиод аавынхаа хашаанд гэрээ нүүлгэж барьсан нөхцөл байдал харагдаж байна. Иймд хохирогч нь ажилгүй болсоны улмаас учирсан цалин хөлстэй холбоотой асуудал болон хойшид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Г хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Х-н Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч т танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Г хохирол төлөгдсөн, хохирогч нь хойшид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА