Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

2021        12         28                                            2022/ШЦТ/ 01

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* Амархүүд холбогдох эрүүгийн 21210000000451 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн механикч мэргэжилтэй, “Талын уран хийц” ХХК-д туслах ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг *******ы ******* тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* Амархүү /РД: *******0/

           

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг *******ы 80 айлын байрны гадаа 14 настай *******, *******, ******* нарыг зодож *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчим найз Энх-Амгалан, Буянхүү нарын  хамт найз Хувьтөгөлдөрийн гэр болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг *******ы 50 дугаар байранд очиж байж байгаад орой 20 цагийн орчимд гэртээ харих гээд бид гурав гарсан. Бид нарыг байрнаас дөнгөж гарахад араас үл таних 2 залуу хөөе та нар  хүрээд ир гэж дуудсан. ...Тэр 2 залуу та нар яагаад хаалга нүдээд байгаа юм бэ гэхээр нь  бид гурав нүдээгүй шүү дээ гэхэд нэг залуу нь гараа зангидаж байгаад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. 2 удаа баруун хацар дээр алгадсан. Тэгээд би газар унахад миний нурууны доод ахар сүүл хэсэгт өшиглөсөн. Мөн үсдэж босгоод хажуу тийш шидсэн. ...араас нөгөө 2 ах машинтайгаа ирээд бид нарыг суучих хүргээд өгье гэхээр нь би машинд суулгүй гэртээ алхаж хариад цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим бид гурав найзынхаасаа гараад явж байхад машинтай үл таних 2 хүн ирж зогсоод яагаад хаалга нүдээд байгаа юм бэ гэж хэлээд бид 3-ыг зодсон. Эхлээд манай найз Энхдавааг зодсон. Тэгэхээр нь би зугтсан чинь араас хөөж ирээд намайг алгадаад хавсарч унагаасан. Тэгээд буцаж Энх-Амгалан руу очоод түүнийг зодсон. Тэр хүн намайг зодчихоод явахдаа ална шүү гөлөгнүүд минь, дахин энүүгээр үзэгдвэл зүгээр орхихгүй шүү гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үл таних залуу бууж ирээд  шууд миний хоолойноос багалзуурдаад толгой руу цохисон. Газар унахдаа уруулаа шалбалсан. Тэр залуу гартаа цагаан өнгийн бинт ороосон байсан. Явахдаа *******ы 80 айлд дахин үзэгдэхгүй шүү, ална шүү гөлөг минь гэж хэлсэн. Тэгээд манай 2 найзыг  барьж аваад зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

Гэрч Ц.Цэнгэлбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой ажлаа тараад Амархүүгийн хамт гэртээ очиход манай эхнэрийг 2 хүүхдийн хамт гэртээ байхад нь хаалга байн байн тогшоод зугтаад байна гэхээр нь цонхоороо хөөе болиоч гэхэд юу гээд байгаа юм бэ муу п... минь гэж хэлсэн. Тэгээд би орой Амархүүгийн хамт баруун тийшээ авах гээд гарахад нөгөө хүүхдүүд байрны гадаа байхаар нь Амархүү нааш ир ахын дүү гэхэд нэг өндөр банди ирээд чи Батхүү гэж мэдэх үү гээд томроод байхаар нь Амархүү тэр хүүхдийг 2 удаа алгадсан. Тэгээд хажууд нь байсан хүүхдийг алгадаад, 1 хүүхдийг нь хавирч унагаад та нар зүгээр байгаарай, 80 дугаар байрны энд хүүхдүүд олуулаа явж байгаад асуудал гарвал та нартай ярьна шүү гэж хэлээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

*******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би найз Цэнгэлбатынд оршин суудаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд манай найз Цэнгэлбатын эхнэр  Ундармаа чи яасан их оройтдог юм бэ гээд хүүхэд нь уйлсан байдалтай байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хэн нэг хүн өдөржин хаалга нүдээд байна гэж хэлсэн. ...хүнсний дэлгүүрийн үүдэнд 5 хүүхэд байхаар нь очоод яагаад хаалга нүдээд байгаа юм бэ гэхэд нэг биерхүү өндөр залуу нь би юм уу п.... минь, чи ер нь намайг таних уу гэхээр нь уур хүрээд тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад, хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 595 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед тархи доргилт, зүүн дээд болон доод 1-р /2.1 болон 3.1/ шүднүүдийн сулрал, дээд уруулын салстын язрал, хамрын зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 28-39/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 596 тоот дүгнэлт /хх-ийн 46-47/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 597 тоот дүгнэлт /хх-ийн 42-43/

- Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37, 41, 45/

- Насанд хүрээгүй хохирогч *******гийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 14-15/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

- Бэлэн мөнгөний баримт /хх-ийн 83/

- Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч З.Туул нарын гаргасан хүсэлт /хх-ийн 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* Амархүү нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг *******ы 80 айлын байрны гадаа 14 настай *******, *******, ******* нарыг зодож *******гийн  биед тархи доргилт, зүүн дээд болон доод 1-р /2.1 болон 3.1/ шүднүүдийн сулрал, дээд уруулын салстын язрал, хамрын зөөлөн эдийн няцрал  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******, насанд хүрээгүй гэрч *******, *******, гэрч Ц.Цэнгэлбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 595 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Бодонгууд овогт ******* Амархүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч З.Туул нар нь “шүүгдэгч *******гээс 80.000 төгрөг авсан бөгөөд энэ удаа нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, шүдэндээ эмчилгээ хийлгэж байгаад тухайн үед нь гарсан зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Харин насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч З.Туул нарын цаашид гарах эмчилгээний зардлын  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 80.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* Амархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Амархүүг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч З.Туул нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 80.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА