Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

 

2021        12        28                                             2022/ШЦТ/03                                

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Цэрэннадмидийн Түвшинд холбогдох 2121002480475 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* Түвшин. /РД: *******/

 

Шүүгдэгч Цэрэннадмидийн Түвшин нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанид туслах ажилтнаар ажиллаж байсан *******т хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор өгч ажиллуулаагүйн улмаас ******* нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр барилгын талбай дээр ажиллаж байх хугацаандаа кранд өргөгдсөн хавтанд хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь баруун шагайн үений хоёр хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн ажил болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр *******т баригдаж буй Маршал хотхоны барилга дээр ажиллаж байсан. 19 цагийн орчим нэг хүн намайг дуудаж хавтан буулга гэсэн. ...Би зуурмагаа орхиод цагаан өнгийн шланз маркийн тээврийн хэрэгсэл дээрээс дээврийн хучилтын хавтанг краны жолооч Баяраа, Ганаа нарын хамтаар гурвуулаа буулгах гэж байсан. Хоёр дахь хавьтанг буулгахдаа урьдын адил хавтанг *******цалсан төмөр утасны краны гогцоонд хийж, Баяраа кранаар өргөсөн. Өргөөд удаагүй байхад кран барьж байсан хавтанг өргөж буй чигээр нь хажуу тийш хөдөлгөх гэж байгаад миний хөл болон шланз маркийн тээврийн хэрэгслийн хажуу талын тэвш хоёрын хооронд хавчуулсан. ...Миний баруун шагайны 2 хавчаар яс хугарсан. ...Намайг анх ажилд орсноос хойш хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Тухайн хавтан буулгах ажил нь миний ажлын чиг үүрэгтэй хамааралгүй бөгөөд би зуурмаг бэлтгэх болон өрлөгийн ажил хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

            Гэрч Э.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос улаан өнгийн шланз маркийн машинтай 20 ширхэг дээврийн хучилтын хавтан Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр *******т баригдаж буй Lux town барилгын талбайд ирж зогссон. Тухайн хавтанг ирэхээр нь би Ган-Эрдэнэ гэх залуугийн хамт буулгаж байсан. Би кранаар хавтанг өргөх үүрэгтэй, Ган-Эрдэнэ хавтанг краны гогцоонд оосорлож байсан.  Мөн туслах ажилтан Хатанбаатар хамт оосорлож байсан. Би 3 дахь ширхэг хавтангаа өргөх гээд Хатанбаатар, Ган-Эрдэнэ нар оосорлосон. Би Хатанбаатарыг наанаасаа холд гэхэд холдохгүй байж байгаад  хавтан болон шланз маркийн машины тэвшний хаалт хоёрын хооронд хөлөө хийж хавчуулсан. ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг Д.Мөнгөнцэцэг гэх инженер өгдөг байсан. Тухайн өдөр зааварчилгааг өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

            Гэрч П.Гэрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сард барилгын тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөл аваад гүйцэтгэх захиралаар *******г, ерөнхий инженер Д.Мөнгөнцэцэгийг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Б.Тэгшжаргалыг даамлаар томилсон. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Э.Эрдэнэбаярыг авто краны жолоочоор томилж ажиллуулсан. Би компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн явагддаг талаар мэдэхгүй.  Ажил ихтэй учраас барилгын ажилтай тэр бүр танилцаад байдаггүй. Намайг ажилтай эзгүй үед ******* гэх хүн хариуцах үүрэгтэй. Уг хүмүүсийг томилсон тушаал байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг гүйцэтгэх захирал *******, ерөнхий инженер Д.Мөнгөнцэцэг, талбайн даамал Б.Тэгшжаргал нар өгөх ёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 

            Гэрч Б.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс П.Гэрэлбаатар захирлын тушаалаар Lux town барилгын даамал ажлыг эрхэлж байна. ...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим баригдаж буй барилгын хажууд эсгий гэрт сууж байхад ... нэг хүүхэд ирээд “Хатанбаатар гэх хүн хөлөө хавчуулсан юм шиг байна” гэсэн... хэсэг хугацааны дараа барилгын талбайн хажуугаар явахад Хатанбаатар гэх хүн хавтан буулгаж байсан краны хажууд гутлаа тайлаад сууж байсан. Би очоод яасан бэ гэж асуусан чинь  “сая хавтанд цохиулчихлаа, хавдах гээд байх шиг байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

            Гэрч Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Гранд лакс констракшин ХХК-д ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ...миний ажлын чиг үүрэг тодорхой заагдсан байдаг ба уг заалтанд барилгын угсралттай холбоотой бүх асуудал хариуцаж ажиллана гэсэн байсан. Би ямар нэг байдлаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэг хүлээгээгүй. Барилгын ажил эхэлсэн 2-3 хоногт би зааварчилгаа өгч байсан. Барилгын ажил яаж явагдах, аюулгүй байдлаа хэрхэн хангах ёстой талаар ерөнхий ойлголт өгч байсан. Түүнээс хойш хөдөлмөрийн аюулгүй байдлын  ажилтантай болно. Мэргэжлийн албан тушаалтан томилно гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34/

 

 

            Гэрч П.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Доор ирж зогссон шланзнаас Эрдэнэбаяр кранаар өргөж Хатанбаатар гогцоог  хийж байсан. Бид 5-6 тооны хавтанг буулгаад байж байхад доор хэн нэг нь ёоё гээд чанга хашгирах шиг болсон. Гэтэл Хатанбаатар гэх хүн хавтанд даруулсан гэж байсан. ...хамгийн анх 6 сард хэдхэн хоног Д.Мөнгөнцэцэг инженер хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байсан. Түүнээс хойш одоог хүртэл ямар нэгэн зааварчилга өгөөгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

            Шүүгдэгч М.Түвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...осол болох үед *******ыг манай байгууллагын зүгээс хавтан буулгах ажилд томилоогүй байхад өөрөө дур мэдэн хавтан буулгаж байгаад гэмтэл авсан хэдий ч манай компаний хариуцан ажиллуулж байгаа барилгын талбайд осол гарсан учир энэ асуудалд маргах зүйл байхгүй. Хохирогч талд эмчилгээний зардлыг нөхөн төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 410 дугаартай дүгнэлтэнд:

  1. *******ын биед баруун шагайн үений хоёр хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчилэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шагайний үений хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 44-45/

 

            Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12-06-033-002 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Ажил олгогч түүний эрх олгосон албан тушаалтан иргэний хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”-д заасныг

            2. Байгууллагын аюулгүй ажиллагааны дүрэм баталж, мөрдөж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”-д заасныг,

            3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”-д заасныг,

            4. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийж эрсдлээс сэргийлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”-д заасныг,

            5. Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг батлаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл ажилчдад олгоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” 15.3 “Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ”-д заасныг,

            6. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм,

            7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”-д заасныг тус тус зөрчиж байна гэжээ.  /хх-ийн 49-52/

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

            - Хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 13/

            - Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18/

            -  Шинжээч Д.Цэрэндоржийн мэдүүлэг /хх-ийн 58/

            - М.Түвшингийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-67/

            - Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл /хх-ийн 70-71/

            - Цагийн бүртгэл /хх-ийн 72/

            - ******* ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 73/

            - Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 74-76/

            - М.Түвшинг ажилд томилсон тушаал /хх-ийн 83/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч Цэрэннадмидийн Түвшин нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанид туслах ажилтнаар ажиллаж байсан *******т хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор өгч ажиллуулаагүйн улмаас нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр барилгын талбай дээр ажиллаж байсан хохирогч ******* нь кранд өргөгдөж байсан хавтанд хөлөө хавчуулж улмаар эрүүл мэндэд нь баруун шагайн үений хоёр хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Э.Эрдэнэбаяр, П.Гэрэлбаатар, Д.Мөнгөнцэцэг, Б.Тэгшжаргал, П.Даваадорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 410 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12-06-033-002 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт Цэрэннадмидийн Түвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 2,400,000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Цэрэннадмидийн Түвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэннадмидийн Түвшинд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА