Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2105000001890 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын ......-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух, /РД: /

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 214 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, З овгийн Д-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Б-н цээж рүү хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн, цээжний хөндийд нэвтрээгүй шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр 113-р сургуулийн ойролцоо өөрийн найзууд Б-  М-  нартай уулзсан. Тэгээд бид 3 Б- гийн Зурагтыг хуучин эцэст байрлах 4 давхар нийтийн байр руу явж хувцсыг нь авчхаад бид 3 Оюу төвийн нийтийн караокед орж 19 цагаас 20 цагийн хооронд орж Ц гэх найзыгаа дуудаж бид 4 нийт Елекс гэх 0.5 граммын архи, Соёрхол гэх 0.75 граммын архи, Хараа гэх нэртэй 0.75 граммын архийг хувааж уусан. Б- , М-  бид 3 Сэнгүр гэх 500 граммын 3 шилтэй пивыг хувааж уусан. М-  22 цагийн үед бага насны хүүхэдтэй учир түрүүлээд явсан Ц Б-  бид 3 тухайн караокеноос 23 цаг 40 минутаас 50 минутын хооронд гарч Өргөө кино театр руу явж байх замд үл таних залуутай маргалдаж зодолдсон. Зодолдож дуусчхаад толгой эргээд байхаар нь би гараараа цээжин дээрээ дарж үзтэл цус болчихсон байсан. Би их хэмжээний согтолттой байсан, биеэ удирдан жолоодох чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохиролд тооцож 200.000 төгрөгийг авсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М- , найз Б- нартай 20 цагийн үед Оюу төвийн караокед орж пиво ууж байтал Ц-  сүүлд ирсэн. Бид нар 3 шил архи ууж шөнийн 00 цагийн үед тухайн газраас гарч явсан. ...00 цаг 25 минутын үед Нэхий плазагийн урд Б- танихгүй залуутай маргалдаж байсан. ...Тэр залуу машин руугаа явсан. Би тухайн залууг машинаа унтраах гэж байна гэж бодтол машинаасаа нэг зүйл аваад Б-н  ардаас гүйсэн. Би ардаас нь явж байсан гэтэл тухайн үл таних залуутай хамт явж байсан эмэгтэй машин дотроос гарч ирээд найзыгаа аваад яваач гэж хэлсэн. Би Б-н ардаас хараад зогсож байтал тухайн үл таних залуу Б-н ардаас очоод 2 удаа цохиж байх шиг байсан. Ц-  тэр хоёрыг салгахыг оролдож байсан. Б- тухайн залуутай харилцан зодолдож байтал тухайн залуу Б-г  цохих үед гарт нь нэг юм гялалзаж байсан би тухайн залуугийн цаг байх гэж бодоод тоолгүй орхисон. Тэгээд тэр 2 зодолдоод салчхаад байж байтал Б- 113 дугаар сургуулийн ойролцоо очоод алга болчихсон би хайгаад олоогүй эргээд иртэл үл таних залуутай явж байсан эмэгтэй цагдаа дуудчихлаа гэж байсан. Б- намайг 113 дугаар сургуулийн ойролцооноос Б-  гээд аймар чанга орилж дуудсан. Би тэр хавиар 3-4 минут Б-г  хайж гүйтэл Б- 113 дугаар сургуулийн хойно хашаа түшчихсэн зогсож байсан. Би яваад очтол Б- миний цээжнээс цус гараад толгой эргээд байна гэж хэлэхээр нь би хартал Б-н  цээжнээс цус гарчихсан үзүүртэй юмаар зүсэгдсэн байсан удалгүй Б- уначихсан тэгээд би 103-руу залгаж түргэн дуудах гэтэл утсаа аваагүй тэгэхээр нь би 102 дугаар руу залгаж болсон зүйлийг хэлсэн. Цагдаа ирэлгүй удсан учир такси хөлсөлж Б-г  би Гэмтэл Согог Үндэсний төвд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

 

Гэрч Ч.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих өдөр хорооллын E март худалдааны төвөөс ажлаа тараад хүнс цуглуулчихсан нөхреө дуудсан гэтэл манай нөхөр Е март худалдааны төв рүү орж ирэхгүй байхаар нь би өөрөө хүнсээ аваад гарсан. Тэгээд Е мартаас гараад иртэл 3 согтуу залуу манай нөхөр лүү дайраад хоорондоо зууралдаад зогсож байсан. Би түрүүлээд машин руугаа явж байтал манай нөхөр цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд би машинд хүнсээ тавьчхаад машинаас гараад иртэл манай нөхөр тухайн залуучууд дээр доороо ороод ноцолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10952 дугаартай “...Б.Б-н  биед цээжний зүүн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн, цээжний хөндийд нэвтрээгүй шарх тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,  

 

Хохирогч Б.Б-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 47 тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50 тал/,

 

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Тухайн мэдүүлэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид баримтаар гарсан зардал болох 200.000 төгрөгийг өгсөн. Одоо баримттай мөнгө нэхэмжилбэл төлж барагдуулна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-н хувийн байдалтай холбоотойгоор гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б- өрөвч зөөлөн сэтгэлтэй, найзуудыгаа хөгжөөж байдаг, гаднаасаа догшин ууртай харагддаг ч гэсэн тусархуу зантай, гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай, үр хүүхдүүддээ сайн аав, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Намайг маш их халамжилж хайрладаг, эмэгтэй хүнийг их сайн хайрлаж чаддаг, би урт хугацаагаар ажилладаг манай нөхөр миний ажлыг ойлгож чаддаг. Миний эрүүл мэнд гадаад гоо сайханд их анхаардаг ажил орой тарсан үед дандаа намайг хүрч ирж авдаг. Хурдан уурладаг ч гэсэн уур нь хурдан гардаг цагаан сэтгэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 31 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 37-39 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 41-46 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Б-н  цээж рүү хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн, цээжний хөндийд нэвтрээгүй шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.Бадралын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 10952 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б-н  эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Д.Б-н цээж рүү хутгалсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь хохирогчийг хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10952 дугаартай тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 47 дахь талд 158.300 төгрөгийн баримт гарган өгсөн байна.

 

Үүнийг шүүгдэгч Д.Б- нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Б-н шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн баримтаар тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г-9149 дугаартай хар өнгийн эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогтой Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б-д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г-9149 дугаартай хар өнгийн эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Хохирогч Б.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА