Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

            Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

            Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва /томилолтоор/,

            Шүүгдэгч: Б.М-, Э.Э- , тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0157/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Э-н Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Б-н М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102003900296 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ....... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ..........тоотод оршин суух, /РД:/

Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Э-н Э.

 

2. Монгол Улсын иргэн, ............ төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа шивээс хийдэг гэх, ам бүл 1, ............... тоотод оршин суух, /РД:/,

Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н М.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э-  нь Б.М-тэй бүлэглэн хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн нарангийн 18-37 тоотод байрлах нийтийн байрны 8 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 1.0021 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, энэ үйлдэлд шүүгдэгч Б.М- нь Э.Э- тай хамтран оролцож дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дугаартай прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоолууд /хх-ийн 4-5, 50 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 10, 11-12 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-20 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 21-22, 23-28 тал/,

 

Гэрч Ч.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М-  буюу М- , Э- буюу Э-  нартай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түрээсийнхээ байранд бид 3 уулзалдсан. Тэр хоёр гэртээ хоёулаа байдаг. Тухайн үед орой 18-19 цаг болж байсан байх. Намайг гэрт нь орж ирэхэд М- , Эрдэнэ 2 өвсийг бонгогоор татаж байсан. Тэр үед нь би татаагүй архи уусан. Тэр 2 өвс татаад байхаар нь нь би ч гэсэн сонирхоод хэд сорж үзээд чадахгүй болохоор нь больчихсон. Тэгээд салцгаасан ба дараа нь 2021 оны 09 сарын 05-ны өдөр гэж санаж байна бид нар Амрита нэртэй бааранд орсон. Бааранд пиво ууцгааж байгаад өглөө 04 цаг болж байхад гарсан. Баарнаас гараад гэр гэртээ харьсан. Дараа нь 2021 оны 9 сарын 06-ны өдөр нь би М- , Э- хоёрын гэрт нь очсон ба намайг очиход нэг охин байсан ба Жожи гэж дуудаж байсан. М- , Э- хоёрыг Жожигоос асуухад гараад явсан шүү дээ гэж хэлсэн. Улмаар унтаж байтал гэнэт цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 тал/,

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Э- буюу Э- , М-  нарын гэрт 18 цаг 50 минутын үед очсон. Тухайн өдөр би ажлаасаа гэрт нь очсон ба хоол идээд байж байтал хаалга тогшсон. Би хаалгыг нь нээхэд гурван хүн байсан ба цагдаа байна гэж хэлсэн. Бид нарыг гараа ардаа аваад үйл хөдлөл хийхгүй байхыг сануулаад гэрт нь нэгжлэг хийсэн. Орон доороос нь ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг нь хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4142 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Э.Э-  9 дүгээр сарын 06-нд 01221714 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-55 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4140 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

“1” гэж дугаарласан цаасан дугтуйтай нунтаг ургамал мэт зүйлээс Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydconnabinol/ илэрсэн.

Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydconnabinol/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

“1” гэж дугаарласан цаасан дугтуйтай нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.0021 гр байсан ба шинжилгээнд 0.1 гр-г зарцуулав...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4141 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.М- ЕС00212512 2021.09.06 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецнийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-75 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 713 дугаартай “...1. Э.Э-  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй.

2. Э.Э-  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Э.Э-  нь сэтгэцийн өвчингүй байна.

4. Э.Э-  нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Э.Э-  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Э.Э-  эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Э.Э-  нь одоогоор сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 717 дугаартай “...1. Б.М- нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй.

2. Б.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.М- нь сэтгэцийн өвчингүй байна.

4. Б.М- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.М- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Б.М- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Б.М- нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Б.М- нь одоогоор сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 100-101 тал/,

 

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр ярьсан. Дахиж нэмж ярих шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/,

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Хэд хоногийн өмнө түрээсний байранд хамт амьдардаг найз Э-  гэрт ирэхдээ мансууруулах өвс гэх зүйлийг хэнээс авсан талаар мэдэхгүй. Э-  бааранд орсон гэж хэлсэн. ...Анх удаа Эрдэнэбилэг буюу Эрдээтэй хамт байхдаа хэрэглэсэн. Тухайн үед сонирхлын журмаар хэрэглэж үзсэн. Хэрэглэсний дараа нойр хүрч байсан. Би унтаад өгсөн. ...Э-  8 дугаар сарын сүүлээр шоудаж ирэхдээ өвстэй ирсэн. Яг хэнээс авсан гэдгийг мэдэхгүй, миний хувьд тухайн өвснөөс нь маргааш сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 39, 47 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өвс гэх зүйлийг Э-  орой гэрт авчирсан. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг ,

 

Шүүгдэгч Э.Э- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр ярьсан. Дахиж нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/,

Шүүгдэгч Э.Э- ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр найз Мөнхөөтэй хамт Тэнгис кино театрын баруун талд байдаг “Үйлдвэр” гэдэг нэртэй бааранд орсон. Баарны ариун цэврийн өрөөнд өмнө нь сагсан бөмбөг тоглож байхдаа танилцсан залуутай тааралдсан. Тэр залуу надаас “юм авах уу” гэж асуусан. Би “юу юм” гэж асуухад “мансууруулах өвс” гэж хэлсэн. Би тэр залууд “явъя” гэж хэлэхэд тэр залуу “30.000 төгрөгөөр худалдана” гэж хэлсэн. Би өөрт байсан мөнгөнөөс 30.000 төгрөгийг бэлнээр тэр залууд өгөөд цаасанд боосон мансууруулах өвс авсан. Би өмнө нь мансууруулах өвсийг хэрэглэж үзээгүй болохоор яаж хэрэглэдэг талаар мэдэхгүй байсан. Тэгээд тэр залуу надад яаж хэрэглэхийг нь зааж өгсөн. Би тэр залуугийн зааж өгснөөр жижиг усны хуванцар сав, тугалган цаас, хуйлсан мөнгөн дэвсгэрт ашиглаж бонго гэж зүйл хийж байгаад годоо амьдарч байгаа түрээсийн байрандаа мансууруулах өвсөө хэрэглэсэн. Намайг хэрэглэх үед надтай хамт Мөнхөө, М-  2 байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед М-  хэрэглэсэн. Мөнхөө хэрэглээгүй. Би баарны ариун цэврийн өрөөнд мансууруулах өвс худалдан авч байхдаа ганцаараа байсан. Мөнхөө өөр газарт бүжиглээд байж байсан. Үлдсэн мансууруулах өвсөө өөрийнхөө орны доод талд хадгалж байсан. Тэрийг цагдаа нарт гаргаж өгсөн. ...Тэр залууг хаана амьдардаг, бүтэн нэрийг нь хэн гэдэг болох, яаж холбогдох талаар юу ч мэдэхгүй. Уг мансууруулах бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан. ...Би баарнаас шууд гэртээ хариад М- т үзүүлсэн, тухайн үед М-  нэг их зүйл хэрэглээгүй, тэгээд маргааш нь бид хоёр нөгөө өвсөө тамхины цаасанд хийж байгаад сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 36, 38 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...сэтгэцэд нөлөөт бодисыг Амрита баарнаас авсан. Хууль бус гэдгийг нь мэддэггүй байсан. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ийн хувийн байдалтайгаар холбоотойгоор  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-119 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129, 137 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 134 тал

шүүгдэгч Э.Э- ын хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-119 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125, 138тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 134 тал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э- , Б.М- нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтас хэргийн 33, 35, 36, 38, 39, 47 дахь талуудад авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

 

Шүүгдэгч Э.Э-  Б.М- нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-37 тоотод байрлах Нийтийн байрны 8 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 1.0021 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дугаартай прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоолууд, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрч Ч.Түвшинзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч М.Мөнхбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4140, 4142 дугаартай дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр болон шүүгдэгч Э.Э- , Б.М- нарын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

 

          Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт хуульчилсан ба 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э- ын сэтгэцэт нөлөөт мансууруулах бодисыг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Амрита баарнаас авч, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-37 тоотод байрлах нийтийн байрны 8 тоотод хадгалсан үйлдэлд шүүгдэгч Б.М- нь хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсонд тооцогдоно.

          Шүүгдэгч Э.Э- , Б.М- нар 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг ашиглах, хадгалах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Э.Э- , Б.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Мөн прокурор яллах дүгнэлтдээ “...ганц Э- ын өөрийнх нь өгсөн мэдүүлгээр хориглосон мансууруулах эм болох бодисыг хууль бусаар олж авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

   2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Э- , Б.М- нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 713 дугаартай, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 717 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгч Э.Э- , Б.М- нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Э- , Б.М- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдэл холбогдол, оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал, талуудын ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э- т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э- , Б.М- нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч Г.Сүхээгийн шүүх хуралдаанд гаргасан “...зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан №1 гэж дугаарласан зураасан зураглал бүхий цагаан өнгийн цаасанд боосон өвч мэт зүйл 1.002 грамм бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон, №1 гэж дугаарласан зураасан зураглал бүхий цагаан өнгийн цаасанд боосон өвс мэт зүйл 1.002 грамм бодисыг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э- , Б.М- нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгч Э.Э- , Б.М- нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Э-н Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Б-йн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Э- т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э- , Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан зураасан зураглал бүхий цагаан өнгийн цаасанд боосон өвс мэт зүйл 1.002 грамм бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э- , Б.М- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА