Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 357

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “60 айл”-ын 3-28 тоотод оршин суух, /РД:ЛЮ72111870, утасны дугаар 96519907/, Халхууд овогт Жамъянгончигийн Ариунболдын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Баазын 8 айл”-ын 1-4 тоотод  оршин суух, /РД: ЛЮ96121314, утасны дугаар 95518888/ Овоот овогт Ганбаатарын Тамирт холбогдох  

“Зээлийн гэрээний гүйцэтгэл 2 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ариунболд, хариуцагч Г.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Ариунболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 8 дугаар сард 2 500 000 төгрөгийг 2-3 өдрийн хугацаатай Г.Тамирт зээлүүлсэн. Гэтэл Г.Тамир нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд 2 500 000 төгрөгийг хариуцагч Г.Тамираас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Ариунболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ; Би 2014 оны 10 дугаар сарын 31-нд Өөдөсийн хүү Г.Тамирт 2 500 000 төгрөг зээлүүлсэн. Надаас мөнгө авахаа ирэхдээ хоёулаа машинтай хамт ирээд “Тамирыгаа Эрээн рүү явуулах гэсэн юм, 2 000 000 төгрөг зээлүүлээч” гэсэн. Удаахгүй буцааж өгнө гэсэн болохоор нь зөвшөөрч мөнгө авч өгөхөөр банк руу ороход Тамир надтай цуг орж ирээд “удаахгүй өгөх юм чинь ах аа нэмээд 500 000 төгрөг зээлчих” гэхээр нь нэмж, нийт 2 500 000 төгрөг өгсөн. Энэ үед ээж Өөдөс нь гадаа машиндаа хүлээж байсан. Би энэ мөнгийг зээлүүлэхдээ эхнэртээ хэлээгүй юм. Зээлж авсан мөнгөө төлөхгүй удаасан тул манай эхнэр Цагдаагийн газарт гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөнгө зээлүүлсэн он сар өдрийг 2015 оны 8 дугаар сар гэж андуурч бичсэн байсан. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр банк хаахаас өмнө миний бие өөрийн биеэр очиж теллер дээрээс гүйлгээ хийж бэлнээр 20 000-ын дэвсгэрт 1 боодол, 5 000-ын дэвсгэрт 1 боодлыг авч Г.Тамирт өгсөн. Би өөрөө энэ хүнд мөнгө зээлүүлснээ мэдэж байгаа учраас өмгөөлөгч аваагүй. Гэтэл энэ залуу мөнгө зээлж аваагүй гэж байгааг гайхаж байна. Иймд Г.Тамираас 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Тамир шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Ариунболдоос 2015 онд 2 500 000 төгрөг гэрээ хийж аваагүй. Би энэ хүнийг сайн танихгүй, түүнтэй харьцаж байгаагүй. Харин ченж гэдгийг нь мэднэ. Би аав ээжийнхээ хамт амьдардаг, манай аав, ээж ченж хийдэг. Надад Ж.Ариунболдоос 2 500 000 төгрөг авах шалтгаан байхгүй. Гэнэт надаас их хэмжээний мөнгө нэхэж байгааг гайхаж байна. Харин Ариунболдын эхнэр ченж Хэрлэн гэгч нь манай ээжтэй хувийн таарамжгүй харьцаатай байдаг. Хэрлэн нь манай ээжийг элдэв үгээр дайрч доромжилж, түүний  нүдэнд гэмтэл учруулсан. Тэгээд эмчилгээний зардалд нь 1 500 000 төгрөг өгье гэсэн боловч үүнийгээ дутуу өгсөн гэж ээж хэлж байсан. Ариунболд нь ямар учраас надаас 2 500 000 төгрөг нэхэж байгааг ойлгохгүй байна. Хэргийн материалд ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа. Гэрч Алтанчимэг, Хэрлэнчимэг, Нандинцэцэг нарын мэдүүлэг байгаа боловч 2 500 000 төгрөгийг өгч авсан талаар гэрчилж чадаагүй. Зөвхөн ээж Өөдөсийн зан харьцааны талаар л хэлсэн байдаг. Үүнээс харахад хувийн харилцаанаас үүссэн маргааны улмаас нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Халхууд овогт Жамъянгончигийн Ариунболд нь хариуцагч Овоот овогт Ганбаатарын Тамираас “Зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх ба 2 500 000 төгрөг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Ж.Ариунболд нь хариуцагч Г.Тамирт 2 500 000 төгрөг зээлүүлсэн, мөн Цагдаагийн газарт гаргасан гомдол болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид мөнгө зээлүүлсэн он, сар, өдрийг андуурсан  болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  ХААН банкны Сүхбаатар тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 5630249997 дугаарын данснаас 2 500 000 төгрөгийн гүйлгээ хийсэн  ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/390 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, 

-гэрч Хавхчин овогт Цэдэнгийн Алтанчимэг /РД:ЛМ74040400/-ийн: Ж.Ариунболдыг сайн танихгүй. Г.Тамирыг танина. Тамирын ээж Өөдөстэй найзууд байсан. Би Өөдөсийн ломбарднаас мөнгө зээлээд, тэрийгээ төлж чадалгүй нилээд удсан. Өөдөс би Ж.Ариунболдоос 2 500 000 төгрөг авсан гэж ярьж байсан. Би яг өгч авсныг нь сайн мэдэхгүй. Манайх том машинтай байсан, ченжүүдийн түүхий эд, материалыг ачдаг учраас Ариунболдын эхнэрт “Өөдөс танайд мөнгөний өглөгтэй юм байна, танай ачааг ачаад Өөдөсийн мөнгийг цайруулъя” гэж хэлсэн. Ж.Ариунболд эхнэртээ Өөдөст мөнгө зээлүүлснээ хэлээгүй байсан байна лээ. Энэ асуудлаас хойш Ариунболдыг таньдаг болсон. Өөдөс бол боломжийн зан ааштай хүн биш, хүү Тамир нь мөрийтэй тоглоом тоглодог хүүхэд байсан. Тэр мөнгөний асуудлаас хойш Өөдөстэй уулзалдахаа больсон гэх мэдүүлэг,

-гэрч Моондой овогт Сайнбаярын Нандинцэцэг /РД:ЛЮ74053008/-ийн: Ж.Ариунболд, Г.Тамир нарыг сайн танина. Тамирын ээж Өөдөс надад хүү Эрээн явах гээд Ариунболдоос 2 500 000 төгрөг авсан гэж ярьж байсан. Энэ асуудлыг ярьж байхад хажууд Алтанчимэг, Эрдэнэчимэг, Алтантуяа гэх зэрэг хүмүүс байсан, энэ хүмүүс бас сонссон байх. 2-3 жилийн өмнөх асуудал байх. Хугацааг нь сайн санахгүй байна. Ариунболд нь Өөдөс Тамир хоёрт 2 500 000 төгрөг зээлүүлснээ эхнэртээ хэлээгүй нууж байсан юм билээ гэх мэдүүлэг,

-гэрч Боржигон овогт Дугарсүрэнгийн Хэрлэнчимэг /РД:ЛЮ72010402/-ийн: Ж.Ариунболд бол манай нөхөр, Тамир бол Өөдөсийн хүү нь юм. Өөдөсийн найзууд болох Алтанчимэг, Нандинцэцэг нарт манай нөхөр болох Ариунболд нь “Өөдөс надаас 2 500 000 төгрөг зээлсэн байгаа, Алтанчимэгийг Өөдөст 1 900 000 төгрөг өгөх бол битгий өг, Өөдөс надаас зээлж авсан 2 500 000 төгрөгөө өгөөгүй байгаа, тэрний оронд надад ачаа ачаад өгөөч гэж Алтанчимэгийн нөхөр Сэргэлэнд манай нөхөр Ариунболд хэлсэн байсан. Энэ асуудлыг Алтанчимэг надад ирж хэлсэн. Үүнээс хойш би Ариунболдыг Өөдөст мөнгө зээлүүлснийг мэдсэн. Би хэдэн онд өгснийг нь мэдэхгүй. Ариунболд надад 2015 оны 8 дугаар сард гэж хэлсэн. Тамир нь ах аа 2 -3 хоноод өгчих юм чинь 500 000 төгрөг нэмчих гээд 2 500 000 төгрөг авсан байсан. Бид хоёр цуг ченж хийдэг байсан учраас мөнгөний тооцоо хийхэд мөнгө дутаж байсан. Тэр үед Өөдөст мөнгө зээлүүлсэн талаар юу ч яриагүй гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Тамир нь гэрч Ц.Алтанчимэг, С.Нандинцэцэг Д.Хэрлэнчимэг нар намайг Ж.Ариунболдоос мөнгө авсан талаар хараагүй байж зөвхөн ээж Өөдөс, бид хоёрын зан харьцааны талаар мэдүүлсэн, худал мэдүүлэг гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулсан байх тул гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй юм. 

 

Нэхэмжлэгч Ж.Ариунболд, хариуцагч Г.Тамир нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх бөгөөд зээлдүүлэгч Ж.Ариунболд нь мөнгийг буцаан өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд хариуцагч Г.Тамираас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 500 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ариунболдод олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр хариуцагч Г.Тамир нь нэхэмжлэгч Ж.Ариунболдоос 2 500 000 төгрөгийг зээлж аваагүй, тухайн үед би Эрээн хот руу яваагүй, Улаанбаатар хотод “Рояаль академи” дээд сургуульд сурдаг байсан, хувийн харилцаанаас үүссэн маргааны улмаас нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах” талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ариунболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тамираас улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Овоот овогт Ганбаатарын Тамираас зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэлд                      2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Халхууд овогт Жамъянгончигийн Ариунболдод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ариунболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тамираас улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ