Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

 

2021        12        28                                              2022/ШЦТ/05                               

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Ариунболдод холбогдох 2121000000473 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар баг ******* гэх газарт оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* Ариунболд. /РД: *******/

 

Шүүгдэгч ******* Ариунболд нь 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд үйл ажиллагаа явуулдаг “Баян” зочид буудлаас хохирогч Д.Идэрбаатарын LG-Q8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гаднах таксины зогсоол дээр иргэн Г.Сувдцэцэгийн гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А51 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Д.Идэрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би эхнэр Ундраагийн хамтаар “Баян” зочид буудалд ажилд нь хань болох гээд байж байхад 21 цаг 50 минутын орчимд гаднаас үл таних 20-25 орчим насны 2 залуу орж ирсэн. Тэгээд 4-лээ буудалд орно, 2 ортой өрөө авъя гэхээр нь өрөөгөө үзүүлэх гээд цааш явахдаа би үүдний ширээн дээр хар хөх өнгийн LG маркийн Q8 загварын гар утсаа үлдээсэн. ...Хяналтын камер шалгахад хүрэн бор өнгийн куртиктэй залуу нь миний гар утсыг авсан байсан. 2021 оны 6 дугаар сарын сүүлээр Мобиком салбараас 480,000 төгрөгөөр худалдан авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Гэрч Д.Ганчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...биднийг өрөөнд байж байхад буудлын ресепшин ах орж ирээд та хэдийг орж ирэхэд танай өрөөнд цэнэглэгчтэй утас байсан уу гэж асуусан. Бид байгаагүй гэдгээ хэлэхэд тэр ах үүдний камер шүүж үзэхэд сая та хэдтэй мэндлээд байсан залуу аваад гарсан байна. Тэр залууг олж өг гэхээр нь бид нар тэр залууг хаана юу хийдэг талаар нь мэдэхгүй болохоор цагдаад ханд гэж хэлсэн. ...Ариунболд  намайг 2014-2017 оны хооронд Политехникийн коллежид сурч байхад манай нөгөө ангид байсан болохоор мэндтэй явдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Гэрч У.Борчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд бид 2 заасан ширээнийх нь 2 талд байсан сандал дээр нэг нэгээрээ суухад уг ширээн дээр candy crush тоглоом тавиад дэлгэцнийх нь гэрэл асаалттай хар өнгийн гар утас байсан. ...гаднаас Хунтайж нөгөө дээлтэй залуу болон 2 хүүхний хамт орж ирсэн. Хунтайж буудалд 2 ортой өрөө аваад 4-лээ орохоор нь би араас нь орох гэтэл буудлын ах нэмж 5000 төгрөг өг гэсэн. Тэр мөнгийг Хунтайж өгөөд би орохдоо Сийлэн /Ариунболд/ гэх залууг явуулсан. Өрөөнд ороод Чөдрөө гэх залуутай танилцаад сууж байхад буудлын ажилтан ах орж ирээд миний гар утсыг хараагүй юу гэхээр нь би тэр үүдний ширээн дээр нэг утас харагдаж байсан шүү дээ гэж хэлсэн. Гэтэл буудлын ах утас байхгүй байна, түрүүн чамтай орж ирсэн залуу аваад гарсан бололтой гээд араас нь гарсан. Энэ хооронд буудлын ажилтан ахын эхнэр нь камер шүүж үзэхэд нөгөө гар утас зарна гэж байсан Сийлэн /Ариунболд/ аваад гарч байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-21/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах  ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бат-Эрдэнэ ахын гар утсыг 160,000 төгрөгөөр зарах гээд уулзахад нөгөө залуу бэлэн мөнгө байхгүй, найзаасаа аваад өгье гээд Парис баар руу ороход найз нь байхгүй байсан. ...Баян буудалд орсон байх гээд уг буудал руу хамт очсон. Тэгээд буудлын хүнээс найзынхаа нэрийг хэлээд танайд ийм хүн орсон уу гэхэд буудлын ах асуугаад ирье, наанаа хүлээж бай гээд цаашаа явсан. Би нөгөө залуугийн хамт ширээний 2 талд байсан сандал дээр нэг нэгээрээ суухад ширээн дээр дэлгэцнийх нь гэрэл асаалттай хар өнгийн гар утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгээд  удаагүй байтал нөгөө залуугийн найзууд бололтой 2 залуу, 2 хүүхэн орж ирсний нэг нь надтай хамт Политехникийн сургуульд сурч байсан Ганчөдөр гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

Хохирогч Г.Сувдцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой нөхөр Шинэбаяр, дүү Жаргал нарын хамт СӨҮЛ караокед орж пиво уух зуураа дуу дуулсан. Ингээд караоке хаахаар нь гараад 24-р байрны такси зогсоолоос таксинд суух гээд  нөхрийн хамт очсон чинь нэг танихгүй согтуу залуу намайг я.... минь хэдээр явах юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад я.... шиг харагдаад байна уу гээд хэрүүл маргаан болж зууралдсан. Би дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байсан болохоор ахыгаа дуудах гээд утсаа үзсэн чинь утас маань байхгүй байсан. Тэгээд хүний утсаар өөрийн дугаар руу залгахад нэг дуудаад тасраад холбогдох боломжгүй болсон. ...би өөрийн гар утсаа хүлээж авсан тул гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

 

Гэрч А.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой эхнэр Г.Сувдцэцэгийн хамт караокед орж үйлчлүүлсэн. Ингээд 00 цагийн үед караоке хаахаар нь 24 дүгээр байрны урд талын такси зогсоолоос таксинд суух гээд очиход хэдэн согтуу залуу манай эхнэрт хандаж я.... минь явах уу гэж асуухаар нь миний уур хүрээд маргаан болсон. Манай эхнэр караокегоос гарахдаа утсаа халаасандаа хийж байхыг нь би өөрөө харсан. Маргаан болоод дууссаны дараа утсаа үзэхэд байхгүй болохоор нь цагдаад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой Бумбаяр ах түүний найзын хамт караокед пиво уусан. Ингээд гарч яваад Парис баарны үүдэнд Тогтохоо гэх ахтай таарсан. Тогтохоо ах намайг манайд очиж хоно гэхээр нь зөвшөөрөөд явж байсан чинь 24 дүгээр байрны гадаа олон хүмүүс бужигнаад байхаар нь очиж харсан чинь нэг согтуу эгчийн халааснаас гар утас нь газарт унасан. Тэгэхээр нь би уг гар утсыг аваад 15 дугаар байрны гадаа очиж байж байгаад буцаад 24 дүгээр байр руу Тогтохоо ахтай уулзах гээд очиход цагдаа нар ирсэн байсан бөгөөд намайг шалгаж утсыг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01-04, 51-52/

- Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09, 57/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10, 73/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/

- Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15/

- Гэрч Б.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 34-35/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40, 74/

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх-ийн 49-50/

- Илтгэх хуудас /хх-ийн 58/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 72/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 80/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд үйл ажиллагаа явуулдаг “Баян” зочид буудлаас хохирогч Д.Идэрбаатарын LG-Q8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гаднах таксины зогсоол дээр хохирогч Г.Сувдцэцэгийн гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А51 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Ганчөдөр, У.Борчулуун, Б.Бат-Эрдэнэ, А.Шинэбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  ******* овогт ******* Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                                                                                    

Шүүхээс шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт нь 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялуудыг нэмж нэгтгэн нийт  500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт нь 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Идэрбаатарт 350,000 төгрөгийн, Г.Сувдцэцэгт 500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь “шүүгдэгч *******оос хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай. 

                                                                                                                                                                           

2. Шүүгдэгч ******* Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

  

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА