Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1747

 

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01747

 

 

 “Эйч си констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эйч си констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Чингис ланд девелопмент групп” ХХК,

Хариуцагч “Их нүүдэл Монгол медиа групп” ХХК-д тус тус холбогдох,

 

Баталгааны төлбөрт төлсөн 1 756 665 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “Чингис ланд девелопмент групп” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч "Эйч си констракшн" ХХК нь хариуцагч “Чингис ланд девеломент групп” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу "Эйч си констракшн" ХХК нь “Чингис ланд девеломент групп” ХХК-ийн данс руу 600 000 ам.долларыг шилжүүлсэн.

Түүнчлэн “Их нүүдэл Монгол медиа групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Хулганбаатар нь дээрх компаниудыг зуучилж гэрээ байгуулахад өгсний хөлсөнд 100 000 ам.долларыг авсан.

Гэрээний дагуу "Эйч си констракшн" ХХК нь БНСУ-ын Замын зураг төсөл гаргадаг компаниар 16 000 000 вон буюу 32 000 000 төгрөгөөр зураг төсөл хийлгэсэн.

Хариуцагч “Чингис ланд девеломент групп” ХХК-ийг ажлаа эхлүүлэхийг шаардсан боловч ажлаа эхлүүлэхгүй хойшлуулсанаар 4 сар өнгөрсөн байсан. Эцэст гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул "Эйч си констракшн" ХХК-ийн зүгээс 600 000 ам.долларын эргүүлэн өгөхийг шаардсан боловч нэн даруй буцаан шилжүүлэх болохоо мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн.

Гэрээний асуудлаар “Чингис ланд девеломент групп” ХХК болон "Их Монгол Медиа Групп" ХХК-ийн удирдлагуудтай хэд хэдэн удаа зөвшилцлөөр асуудлыг шийдэх гэж Монгол улс, Солонгос улсын хооронд ирж очиход гарсан онгоцны тийзийн зардал 15 000 000 вон буюу 30 000 000 төгрөгийн шууд зардал гарсан.

Анх нэхэмжлэл гаргахдаа долларын ханшийг гэрээ байгуулсан өдрөөр тооцож дээрх 2 компаниас 1 322 965 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч гэрээ байгуулснаас хойш гэрээний нөхцөл биелэгдээгүйгээс өнөөдрийг хүртэл "Эйч си констракшн" ХХК алдагдалд орсон тул 700 000 ам.долларыг өнөөдрийн ханш буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар тооцож зөрүү 371 700 000 төгрөг болж байна.

Иймд "Чингис ланд девеломент групп" ХХК-аас 600 000 ам долларыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож зөрүү 318 600 000 төгрөг, мөн замын зураг төсөл гаргуулахад зарцуулсан төлбөр 32 000 000 төгрөг, ирэх очих онгоцны тийзийн 30 000 000 төгрөг, “Их нүүдэл Монгол медиа групп” ХХК-иас 100 000 ам долларыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож зөрүү 53 100 000 төгрөгийн хамт нийт 1 756 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Чингис ланд девелопмент групп ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Маргаан бүхий гэрээнд дурдагдсан "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлийн 1000 км хатуу хучилттай хурдны авто замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх эрхийг манай компани анх 2012 онд сонгон шалгаруулалтаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө санхүүжилтыг зарцуулж байна.

Төслийг хэрэгжүүлэх явцад, давагдашгүй хүчин зүйл буюу Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, хууль бус үндэслэлгүй шийдвэр зэргээс шалтгаалан төсөл, гэрээний хэрэгжилтийн хугацаа анх тооцоолсноос хоцорсон тул "Эйч си констракшн" ХХК-тай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-тэй холбоотой маргаан үүссэн.

Гэрээний 7.4-т заасны дагуу манай компани асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд бидний саналыг хүлээж авбал нэхэмжлэгч талтай хэлэлцээр хийж, эвлэрлийн замаар маргааныг шийдвэрлэн, гэрээний төлбөрийг график гарган шийдэхэд бэлэн байна.

Мөн дээрх нэхэмжлэлд дурдагдсан “Их нүүдэл Монгол медиа групп” ХХК нь манай компаниас тусдаа, бие даасан хариуцагч байх тул уг компанитай холбогдох асуудлыг тусгаарлан, шийдвэрлэж өгөхийг албан ёсоор хүсч байгаагаа илэрхийлж байна гэжээ.

 

Хариуцагч Их нүүдэл Монгол медиа групп" ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх нэхэмжлэгч талтай зуучлалын гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй юм. Зуучлалын гэрээ алга болсон тул хэрэгт өгч чадаагүй. Нэхэмжлэгчийн нзхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан 433 000 000 төгрөгийг "Чингис ланд девеломент ррупп" ХХК-иас нэхэмжилсэн байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Чингис ланд Девелопмент Групп" ХХК-ээс 1 354 738 548 төгрөгийг, хариуцагч “Их нүүдэл Монгол медиа групп" ХХК-иас 188 995 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эйч си констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 056 800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Чингис ланд девелопмент групп" ХХК-иас 1 354 995 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 6 932 925 төгрөгийг, хариуцагч "Их нүүдэл Монгол медиа групп” ХХК-аас 1 102 925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эйч си констракшн” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09009 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Чингис ланд девелопмент групп" ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "...хариуцагч "Чингис ланд девелопмент групп" ХХК-иас 600 000 ам.доллар буюу 1 322 965 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв" гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. 2014 оны 12 дугаар сарын 04-ний Монголбанкны албан ханшаар бодоогүй, харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн нэхсэн өндөр ханшаар тооцсон нь буруу юм. Иймд Монгол банкны албан ханшаар тооцож үзвэл 1 132 547 000 төгрөг болж байгаа бөгөөд 222 191 548 төгрөгийг манай компаниас илүү төлүүлэхээр заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох барилгын зураг зуруулсны хөлс 16 500 000 вон буюу 29 205 000 төгрөг, Чингис хаан зочид буудалд байрласан хөлс 1 474 000 төгрөг, онгоцны тийзийн үнэ 601 400 вон буюу 1 094 548 төгрөг нийт 31 773 548 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Манай компани хурдны замын ажлын зургийг Монгол улсад одоогоор мөрдөгдөж байгаа хууль, норм норматив стандартын дагуух аргачлалаар цогцоор нь шийдвэрлэж байгаа ерөнхий гүйцэтгэгч компани учраас туслан гүйцэтгэгчээр ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан компанид 20 км замын зургийг тусад нь зуруулах шаардлага байхгүй. Гэрээн дээр ч замын зураг зуруулах болон бусад зардлуудыг төлөх талаар огт дурьдаагүй.

Иймд нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн үнийн дүнгээс үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн нэхэмжилсэн 222 191 548 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Эйч Си Констракшн” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үүрэгт хариуцагч “Чингис ланд девелопмент групп” ХХК-иас 1 322 965 000 төгрөг, хариуцагч “Их нүүдэл Монгол медиа групп” ХХК-иас хохирол 188 995 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 433 700 000 төгрөгөөр нэмэгдүүлж, “Чингис ланд девелопмент групп” ХХК-иас гаргуулахаар шаардсаныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Эйч Си Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Солонгос улсын иргэн Ким Ён Ил нь иргэн Д.Энхцэцэгт нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг олгосон итгэмжлэлийн эх хувь хэрэгт баримтаар авагдаагүй, орчуулгын хувь нь эх хувь болохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг шалгаагүй алдаа гаргажээ. /хх 7, 79/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг гаргахдаа мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болох эх хувь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх журмыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулсан гэрээг албан бичиг /англи хэлнээс орчуулсан хх 12, 14-26/ зэрэг бичгийн баримт нь орчуулгын хувь байх бөгөөд уг орчуулгын хувь дээр нотариатын тэмдэг дарагдсан нь эх хувьтай тэнцүүлэн үнэлэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хуулиар тогтоосон журмын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч биш хуулийн этгээд нь өөрийн байгууллагын гаргасан баримт бичигт “хуулбар үнэн” тамга дарах учиртай. Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь бусдын баримт бичиг буюу бэлэн мөнгөний орлогын баримт, тодорхойлолт зэрэг баримтад “хуулбар үнэн” тэмдэг дарсан байхад шүүх анхаараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн бичгийн нотлох баримтад заасан шаардлагыг хангаагүй алдаа гаргажээ.

 

Иймд анхан шатны шүүхийн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Чингис ланд девелопмент групп” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 270 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА