Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00522

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг

даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаар шийдвэр

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар магадлалтай

А ЗДын нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох

“Бөх билэгт” садны засвар, тохижилтын ажлаас дутуу хийсэн болон огт хийгээгүй ажлын төсөв 72 005 733 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг хүчингүй болгож, магадлашгүй ажлын зардал, барьцаа хөрөнгө нийт 17 610 128 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Ц” ХХК нь 2013 онд “Бөх билэгт” садыг засаж тохижуулах АР-ЭБ-02/2013 дугаартай тендерт оролцож 259 800 000 төгрөгөөр уг ажпыг гүйцэтгэхээр шалгарч 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр бол 2013.06.21-2013.07.21-ний хооронд хийж дуусгах байсан боловч 2013.10.16-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухайн үед хүйтний улирал эхэлсэн, хэд хэдэн ажил дутуу байсан учраас ажил гүйцэтгэгч буюу “Ц” ХХК-ий зүгээс 2014 оны хавар дутуу ажлыг хийе гэсэн саналыг тавьж талууд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэрээнд зарим зүйл дутуу тусгагдсан учраас 2014.03.27-ны өдөр гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Мөн аймгийн Аудитын газраас “Бөхбилэгт” садны засварын ажилд хяналт шалгалт хийж “Бөхбилэгт” садыг засаж тохижуулахдаа зураг төсвийн дагуу хийж гүйцэтгээгүй байна гэж үзэж албан шаардлага ирүүлсэн. Тус албан шаардлагын дагуу “Ц” ХХК-ийг гэрээний үүргээ болон албан шаардлагыг биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Тийм учраас Эрдэнэбулган сумын Засаг даргын зүгээс шүүхэд нэхэмжпэл гаргасан. Нэхэмжпэгчийн зүгээс дутуу хийгдсэн ажил болох:

-сагсан бөмбөгийн талбайн шалыг резинэн хавтангаар хийж, гадна хайсыг зургийн дагуу хийх

-садны 4 буланд прожектор байрлуулах

-усан оргилуурын дотор талын шинээр цутгасан бетон дээр хар, цагаан өнгөт чулуу наах

- хөшөө тойрсон 12 жилийн баримлыг боржин цутгуураар хийх

- манаачийн байрыг дулаалах, байшингийн хөвөө хийх

- задгай тайзанд дутуу байгаа 2 ханан хаалт хийх зэрэг ажлуудыг гүйцээж хийлгэх, мөн огт хийгдээгүй ажил болох:

- 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл талбай хийх-27 229 690 төгрөг,

- автомашины зогсоол хийх-1 580 723 төгрөг, нийт 28 810 413 төгрөгийг “Ц” ХХК-аас гаргуулж Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжпийн санд төвлөрүүлж өгнө үү.

“Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээнд заагдсан ажлуудыг зургийн дагуу биш дутуу зөрүүтэй хийсэн байна. Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дутуу зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 64 531 988 төгрөгийг нэхэмжилж байна. “Бөхбилэгт” садны засвар тохижилтын ажлыг зургийн дагуу хийгээгүйгээс зарим ажлыг огт хийлгүй орхиж, зарим ажлыг зургаас зөрүүтэй дутуу хийсэн. Эдгээр алдаа дутагдлаа чанарын баталгаат хугацаанд засаж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс одоо бодит байдал дээр гүйцэтгэсэн ажлын тооцоог бодож үзэхэд нийт 173 037 756 төгрөгийн ажлыг хариуцагч тал хийсэн байна. Иймд огт хийгээгүй, дутуу зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 86 762 244 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 4 620 128 төгрөг, магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь 12 990 000 төгрөгийг хасаж 64 531 988 төгрөгийг “Ц” ХХК-аас нэхэмжилж байна.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 463 тоот захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Ц” ХХК-ийн дутуу хийсэн болон хийгдээгүй ажлын төсөв, зураг төсөвт заагдаагүй илүү хийсэн ажлын төсөв, нийтийн бие засах газрын төсөв, гүйлтийн замын төсвийг тооцон гаргасан байна. Иймд “Бөх билэгт” садны засвар тохижилтын ажлаас дутуу хийсэн болон хийгээгүй ажлын төсөв 97 548 425 төгрөг, гүйлтийн замын төсөв 4 522 304 төгрөг буюу нийт 102 070 729 төгрөгөөс “Ц” ХХК-ий илүү хийсэн ажлын төсөв 23 266 531 төгрөг, нийтийн бие засах газрын төсөв 8 298 465 төгрөгийг хасаад /102 070 729-23 266 531-8 298 465=70 505 733/ зөрүү нь 70 505 733 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс урьд нэхэмжилсэн 64 531 988 төгрөг дээр 5 973 745 /70 505 733-64 531 988/ төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 500 000 төгрөгийг нэмээд нийт 72 005 733 төгрөгийг “Ц” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ЗДа манай компаниас 28 810 413 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. 2014.06.24-ний өдөр “Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай гэрээ байгуулж манай компани “Бөх билэгт” садыг тохижуулах ажлыг 100 хувь бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Одоо хүртэл санхүүжилтийн дутуугаа авч чадахгүй байна. Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын манай компаниас нэхэмжилж байгаа 28 810 413 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрдэнэбулган сумын худалдан авах ажиллагааны ажилтан О.Жавзансүрэн өөрийн биеэр хянан шалгаж баталгаажуулан “гүйцэтгэл төсвийн дагуу 100 хувь байна” гэж дүгнэн гүйцэтгэлийн баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан.

2. Санхүүжилтийг хийхдээ бүх ажлуудыг төсвийн дагуу үзэж шалган олгосон. Үүнийг баталсан хариуцагчийн баримтыг бүх гүйцэтгэлийн баримтуудаас харж болно.

3. Манай компанийг ажлаа 100 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэн нэхэмжлэгч, улсын комисс хүлээн авсан.

4. Манай компани баталгаат засварын хугацаа буюу нэг жилийн дотор шаардлагатай нэмэлт ажил, засварыг хийж гүйцэтгэн баталгааны санхүүжилтээ гаргуулах хүсэлтээ хариуцагчид өгсөн. Аудитын хяналтын байгууллагаас баталгаат хугацаанд ажил гүйцэтгэл дутуу юм уу, эсхүл доголдлын талаар манай байгууллагад ямар нэгэн албан тоот бичиг ирүүлээгүй.

5. Хүлээн авснаас хойш тухайн “Бөх билэгт” саданд төсвөөс санхүүжүүлэн манаач ажиллуулж байсан тул хариуцагч бүрэн бүтэн байдлаа хадгалах үүрэгтэй байсан.

6. Материалыг хариуцагчийн хувийн компаниас авсан тул материалын чанарын асуудлаар хариуцагч өөрөө тайлбар гаргаж өгөх боломжтой.

Иймд бүхий л нотлох баримтуудад огт байхгүй, төсөвт байхгүй 72 сая төгрөг гаргуулах гэх огт үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч А ЗДа нь “Ц” ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул дутуу хийсэн ажлыг гүйцээж хийлгэх, огт хийгээгүй ажлын санхүүжилтийг буцаан авахаар нэхэмжилжээ. “Ц” ХХК нь “Бөх билэгт” садны засварын ажлыг зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч талаас магадлашгүй ажпын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь буюу 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөгийг “Ц” ХХК буцаан авах үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

А ЗДа “Ц” ХХК-тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг А ЗДа нь тухайн үед “Ц” ХХК-тай хамааралгүй этгээдтэй байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үед “Ц” ХХК-ий захирлаар Э.Дашзэвэг 2014.03.05-ны өдрөөс томилогдон ажиллаж байжээ.

2. “Ц” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэтгэх үүрэггүй. Уг гэрээ “Ц” ХХК-тай байгуулсан “Бөх билэгт” садны засвар тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, барилга байгууламж засвар тохижилтын ажпыг бүрэн гүйцэд хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хийгдсэн байх нь хууль зүйн үндэслэлгүй билээ.

3. Тухайн 01 тоот гэрээнд заагдсан ажлуудыг гүйцэтгэх төсөв байхгүй. Тендерт шалгарсан төсвийн дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн.

4. “Бөх билэгт” садны засвар тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний гүйцэтгэгч хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж улсын комисс ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн гэж ашиглалтад хүлээн авсан. Хэрэв тухайн ажлыг дутуу хийсэн гэж үзсэн бол дахин гэрээ байгуулах биш, харин тухайн дутуу ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр гомдол гаргах хууль эрх зүйн зохицуулалттай байжээ. Иймд А ЗДа “Ц” ХХК-тай хууль зөрчиж байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “”Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь буюу 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013.06.21-нд байгуулсан 02 тоот гэрээний ерөнхий нөхцлийн барьцаа хөрөнгө буюу 45 дугаар зүйлийн 45.2-т “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө...” гэж заасан. Өнөөдрийн байдлаар сумын Засаг дарга уг ажлыг бүрэн гүйцэд дуусаагүй гэж үзэн дутуу хийсэн болон огт хийгээгүй ажлыг хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний ерөнхий нөхцлийн зөрчил, гологдол арилгах буюу 32 дугаар зүйлийн 32.1-д “...төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил, гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана” гэж, 32.2-т “Зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдэл өгсөн тухай бүр гүйцэтгэгч уг зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана” гэж тус тус заасан. Гэтэл “Ц” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлаа бүрэн хийж дуусгаагүй, гарсан зөрчил, гологдлыг бүрэн арилгаагүй байж барьцаа хөрөнгөө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хучингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Бөх билэгт” садны засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр Эрдэнэбулган сумын Засаг даргатай “Ц” ХХК нь анх 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж дуусаагүй тул 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан. Өмнөх гэрээнд тусгагдсан ажил нь дутуу байсан тул 2014 оны 01 тоот гэрээ байгуулсан. Хэрвээ 2014 оны 01 тоот гэрээг хариуцагч тал хүчингүй гэж үзэж байгаа бол “Ц” ХХК-ий захирал Б.Булганчимэг захирлын эрхээ Э.Дашзэгвэд шилжүүлсэн тухайгаа захиалагч Эрдэнэбулган сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх байсан. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээнд “Ц” ХХК-ий тамга дарагдаж хууль ёсны гэж үзэн захиалагч тал дутуу санхүүжилтийг олгосон. Тухайн үед энэ гэрээг хийгээгүй бол захиалагч тал дутуу ажлыг хийлгэх талаар шүүхэд хандах, эсхүл 2014 онд олгосон 48 297 957 төгрөгийг олгохгүй байх байсан. Дээрх гэрээнүүд бүгд хоёр тал харилцан тохиролцож байгуулсан гэрээ тул хүчинтэй гэрээ гэж үзэж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 72 005 733 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ЗДад олгож; Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрмийн 8 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ЗДаас магадлашгүй ажлын зардал болон барьцаа нийт 17 610 128 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 517 978,67 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 246 001 төгрөгийг А ЗДаас гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “72 005 733” гэснийг “52 282 688” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 723 045 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ЗДаас магадлашгүй ажлын зардал болон барьцаа нийт 17 610 128 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А ЗДад холбогдох хариуцагч “Ц” ХХК-ий 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, магадлашгүй ажлын нөөц хөрөнгө 4 620 128 төгрөг, барьцаа хөрөнгө 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “517 978,67” гэснийг “419 364” гэж, “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, “сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 246 001 төгрөгийг А ЗДаас гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588 179 төгрөгөөс 489 564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 98 615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А ЗДын нэхэмжлэлтэй “Ц” ХХК- д холбогдох иргэний хэрэгт Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 129/1ШШ2018/00737 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2017 оны 02 сарын 21-нд нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх О.Жавзансүрэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хийгдээгүй байсан ажлуудын төсвийг нэмж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Гэтэл нэхэмжлэгч А ЗДа нь 2017 оны 03 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын ажилтан О.Жавзансүрэнд итгэмжлэл олгон төлөөлөх эрх олгосон. Энэ нь төлөөлөх эрх үүсээгүй байхад буюу хамааралгүй этгээд нэхэмжлэл гаргасныг харуулж байна.

Түүнчлэн 2018 оны 04-р сарын 12-ны өдөр О.Жавзансүрэн нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед түүний итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байсан тул энэ нь төлөөлөх эрх нь дуусгавар болсон этгээд нэхэмжлэл гаргасныг харуулж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 64.5-д тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч А ЗДа нь 2017 оны 03 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын ажилтан О.Жавзансүрэнд олгосон итгэмжлэл нь тодорхой хугацаа заагаагүй байдаг. Иймд 2018 оны 03 сарын 13-ны өдөр түүний төлөөлөх эрх дуусгавар болсон байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17- ны өдрийн 33 дугаартай магадлал нь нэхэмжлэх эрхгүй буюу хамааралгүй этгээд гаргасан нэхэмжлэл, төлөөлөх эрхгүй, төлөөлөх эрх нь дуусгавар болсон этгээдийн нэхэмжлэл дээр тус тус үндэслэгдсэн шийдвэрүүд байх тул тэдгээрийг хүчингүй болгож өгнө үү.

“Ц” ХХК нь 2013 оны 06 сарын 21-ний өдөр “Бөх билэгт” садны засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний үнийн дагуу төсөвт тусгагдсан зардлуудыг 100 хувь зарцуулж ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн. Гэтэл Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээлгэж өгөхөөс өмнө буюу 2013 оны 09-р сарын 18-ны өдрийн Эрдэнэбулган сумын Засаг даргын албан бичиг хэрэгт авагдсныг үндэслэн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байгаа нь хууль бус байна.

Шүүх 2014 оны 03 сарын 27-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний тухайд тухайн үед хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус байна. 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 01 гэрээ нь А ЗДа тухайн үед хамааралгүй этгээдтэй гэрээг байгуулсан байдаг тул хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь тодорхой байдаг. Иргэний хуульд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байсаар атал анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэнийг хэвээр үлдээж байгаа нь хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй гэдгийг харуулж байна.

Үндэслэх хэсэгтээ 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг байгуулах үед Б.Булганчимэг нь уг ажлыг захиалагч талд урьдчилан мэдэгдээгүй гэж дүгнэсэн байдаг. Б.Булганчимэгтэй байгуулсан 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх төсөв тусгагдаагүй, хандивын хөрөнгөөр гүйцэтгэх ажлууд байсан. Гэтэл хууль бусаар хариуцагчийг “ажлаа сольсноо” мэдэгдэх тухай хэрэгт холбогдолгүй үндэслэлээр тус маргаанд 01 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзжээ. Түүнчлэн өмнөх 2 удаагийн гэрээг байгуулах үед гүйцэтгэгч компанийн захирал нь Б.Булганчимэг байсан бөгөөд 3 дахь гэрээнд тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлажээ. Өмнөх 2 удаагийн гэрээг байгуулах үед гүйцэтгэгч компанийн захирал нь Б.Булганчимэг байсан бөгөөд үндсэн төсөв дээр үндэслэгдсэн байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.2.-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэж заасан байдаг. Үнэ буюу шалгарсан төсөв нь тухайн гэрээний үндсэн нөхцөл болдог. Гэтэл шүүх Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн хяналтын төсөв гэх урд өмнө нь огт бидэнд танилцуулж байгаагүй, хэзээ хийсэн нь тодорхойгүй төсвийг үндэслэж хийсэн хууль бус дүгнэлтийг нотлох баримтаар шууд үнэлж байгаа нь илт хууль зөрчсөн. Шалгарсан төсөвт 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл гэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл нь “хүүхдийн тоглоомын талбай” төсөв гэж гэрээний гүйцэтгэх ажлын хэсэгт тодорхой тусгагдсан байна. Шинжээчийн хяналтын төсөвт үндэслэсэн гэх шалгарсан төсөв буюу гэрээний үнийн дүнд огт байхгүй тоглоомын талбайн 17 637 320 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр нь хууль бус байна.

Шүүх 2014 оны 03 сарын 27-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажил дээр үндэслэсэн гэх боловч гэрээнд огт байхгүй дараах ажлуудын үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь илт хууль бус байна. Үүнд:

  • усан оргилуурын ажил 18 757 067,
  • бөх цогцолбор 1 692 228,
  • сагсан бөмбөгийн талбай 17 810 928.

Түүнчлэн үүнд ногдох нэмэгдэл зардал гэх 2 713 134, ашиг 9 625 149, татвар 7 379 281, нормчлолын сан 132 832 төгрөг, магадлашгүй ажлын зардал 1 475 847 гэсэн зардлуудыг нэмж 82 780 774 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь илт хууль бус байна. Манай компани тухайн жилийнхээ нормчлолын санг төлсөн бөгөөд татварын шалгалтад хамрагдан бүх татваруудыг төлсөн төдийгүй, магадлашгүй ажлынхаа гүйцэтгэл зургийг гаргаж 100 хувь хүлээлгэн өгсөн санхүүгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа болно. Гэтэл шүүх хэрэгт авагдаагүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт гүйцэтгэлийн нотлох баримтууд, 100 хувь гүйцэтгэсэн гэсэн хариуцагчийн баталгаажуулсан баримтууд бүрэн байгаа болно. Харин одоог хүртэл магадлашгүй ажлын зардлаа гаргуулж аваагүй сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа билээ.

Нэхэмжлэгчийн шаардлагаас давсан 82 780 774 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус байна.

Ажлын гүйцэтгэлийг гаргуулж шалган хүлээн авах бүрт барьцааны мөнгийг суутган авч ажлыг 100 хувь хүлээн авсан байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр хариуцагч засвар сэргээх ажлыг хийгээгүй, нэхэмжилж байгаа ажлууддаа барьцаа хөрөнгийн дүнгээ оруулж нэхэмжилж байгаа тул манай компанид олгох барьцааны хөрөнгийг олгуулахгүйгээр шийдвэрлэж байгаа давж заалдах шатны шийдвэр хууль бус байна.

Эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад хууль зөрчин шинжилгээ хийх захирамж гаргасан нь хууль бус байна. Түүнчлэн нэг талд хэт үйлчлэн шинжилгээтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн бүх хүсэлтийг үндэслэлгүй хүчингүй болгосон нь Иргэний хуульд заасан нотлох баримтаа үнэлүүлэх бүх эрхийг зөрчсөн юм. Гэрч асуулгах хүсэлтийг мөн хууль бусаар хүчингүй болгосон нь хариуцагчийн эрхийг бүхэлд нь зөрчсөн байдаг.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзансүрэнг 2017 оны 02 сарын 21-нд нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэлгүй байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2017 оны 02 сарын 08-ны өдөр 01/136 дугаар сумын Засаг даргын албан тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Харин 2017 оны 03 сарын 13-ны итгэмжлэл бол “Ц” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд хариуцагчийг төлөөлж оролцох тухай итгэмжлэл юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 06 сарын 30-нд нэмэгдүүлж дутуу, зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 64 531 988 төгрөгийг “Ц” ХХК-иас нэхэмжилсэн. Харин Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 129/ШЗ2017/03463 тоот захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Бөхбилэгт” садны засвар, тохижилтын ажлаас дутуу болон хийгээгүй ажлын төсөв 102 070 729 төгрөг байна гэж гарсан. Дутуу болон огт хийгээгүй ажлын төсвөөс “Ц” ХХК-ийн зураг, төсөвт тусгагдаагүй илүү хийгдсэн ажлын зардлыг хасаад 2018 оны 04 сарын 12-нд өмнөх нэхэмжлэлээ 7 473 745 төгрөгөөр нэмэгдүүлж 72 005 733 төгрөгийг нэхэмжилсэн.

2018 оны 04 сарын 12-ны нэхэмжлэл нь төлөөлөх этгээдийн эрх дууссан байхад гаргасан итгэмжлэл боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаагүй бөгөөд 2017 оны 06 сарын 30-нд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлал нь гарсан тул хууль зүйн хүчинтэй шийдвэр гэж үзэж байна.

“Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үеийн захирал Б.Булганчимэг нь 2013 оны 06 сарын 21-ний өдрийн АР-ЭБ-02/2013 дугаартай гэрээ, 2013 оны 09 сарын 18-ны 03 дугаартай гэрээг байгуулж, үлдсэн ажлаа дараа жил хийхээр үүрэг хүлээн дутуу санхүүжилтээ авсан бөгөөд тус үүргээ одоо болтол биелүүлээгүй тул Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

2014 оны №01 тоот гэрээг хариуцагч тал хүчингүй гэж үзэж байгаа бол “Ц” ХХК-инй захирал Б.Булганчимэг захирлын эрхээ Э.Дашзэгвэд шилжүүлсэн тухайгаа захиалагч Эрдэнэбулган сумын Засаг даргад албан ёсоор энэ талаар мэдэгдэх байсан. Нэхэмжлэгч тал 2018 онд л мэдсэн. 2014 оны 03 сарын 27-ны 01 тоот гэрээнд “Ц" ХХК-ийн тамга дарагдаж, хууль ёсны гэж үзэн захиалагч тал дутуу санхүүжилтийг олгосон. Тухайн үед энэ гэрээг хийгээгүй бол захиалагч тал дутуу ажлыг хийлгэх талаар шүүхэд хандах, эсвэл 2014 онд олгосон 48 297 957 төгрөгийг олгохгүй байсан.

Тухайн үеийн компаний захирал, одоогийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэг нь 2014 оны 03 сарын 27-нд №01 тоот гэрээг хууль бус гэж үзэж байгаа бол санаатайгаар Эрдэнэбулган сумын Засаг даргыг хууран мэхлэж үлдэгдэл санхүүжилт авах, дутуу хийсэн ажлаа хийхгүй байх залилангийн зорилготой байсан байж болзошгүй байна. Мөн Б.Булганчимэг нь захирлын эрхээ шилжүүлсэн байж компани тамгыг залилан мэхлэх зорилгоор ашиглаж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.

“Бөхбилэгт” садын засвар тохижилтын ажлын техникийн тодорхойлолтод 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой тоглоомыг байрлуулах талаар тусгасан бөгөөд ажлын явцад энэ ажлыг хийх талаар удаа дараа шаардахад тоглоомыг дараа байрлуулна гэж хойшлуулж байсан. Хариуцагчийн одооны хийсэн гэх тоглоомын талбай нь зургийн дагуу биш, стандартын дагуу резинен хавтангаар шалыг хийгээгүй, 30-40 хүүхэд зэрэг тоглох тоглоом байхгүй талбай юм. Шинжээч төсөв хийхдээ одоогийн байгаа ажлын төсөвт өртөгийг бодож дутуу хийгдсэн ажлын өртөг 17 637 320 төгрөг гэж гаргасан. Энэ дутуу хийгдсэн ажлын мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

“Ц” ХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүй, чанарын баталгаат хугацаанд засвар, доголдлыг засаагүй бөгөөд усан оргилуурын дотор талд өнгөт чулуун хавтан наагаагүй, усны шугамыг зургийн дагуу хийгээгүй, бохир ус зайлуулах 4 худагны 3- ыг хийгээгүй, бөх цогцолборын хавтан шаланд элсэн чигжээс хийгээгүй, хөшөө суурилуулах ханыг стандартын дагуу хийгээгүйгээс одоо болтол хөшөөг хананд суурилуулаагүй, сагсан бөмбөгийн талбайн хайсыг зургийн дагуу хийгээгүй, сагсны талбайн шалыг резинен хавтангаар хийгээгүй, шийдийг зургийн дагуу хийгээгүй, садны 4 буланд прожектер хийгээгүй оронд нь Эрдэнэбулган сумын хот тохижилтоос замын гэрэлтүүлгийн шонг гуйж аваад тавьсан байдаг. Эдгээр дутуу болон хийгдээгүй ажлын мөнгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

Хариуцагч тал чанарын баталгааны хугацаанд захиалагчийн шаардлагын дагуу дутуу болон чанаргүй хийсэн ажлаа хийгээгүй тул гэрээний дагуу захиалагч тал барьцаа хөрөнгийг олгохгүй байх нь хуульд нийцэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлал нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

А ЗДа “Цогт Өнжүүл” ХХК-д холбогдуулан “Бөх билэгт” садны засвар, тохижилтын ажлаас дутуу хийсэн болон огт хийгээгүй ажлын төсөв 72 005 733 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг хүчингүй болгож, магадлашгүй ажлын зардал, барьцаа хөрөнгө нийт 17 610 128 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Ц” ХХК-иас 72 005 733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс заримыг хангаж, нэхэмжлэгчээс 17 610 128 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч “Ц” ХХК-иас 52 282 688 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нь “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр дутуу хийгдсэн болон хийгдээгүй ажлын төсөвт өртөг 72 005 733 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна. 

Хариуцагч “Ц” ХХК нь “Бөх билэгт” садыг засан тохижуулах АР-ЭБ-02/2013 дугаартай тендерт оролцож шалгарсан тул зохигч 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Бөх билэгт” садны  засвар, тохижилтын ажлын гэрээ байгуулж, захиалагч Аймгийн Засаг дарга тендерийг 259 800 000 төгрөгөөр гүйцэтгүүлж, санхүүжилтийг гэрээний хавсралтын дагуу олгохоор, гүйцэтгэгч ажлыг 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн байна.

Гэрээний дагуу ажил бүрэн гүйцэд хийгдээгүй байхад 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ажлыг хүлээн авсан, санхүүжилтийг бүрэн олгосон, дутуу гүйцэтгэсэн ажлыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэхээр талууд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ.

Гэрээнд зааснаар “Ц” ХХК нь “Бөх билэгт” садны дотор гэрэлтүүлэг, явган хүний зам тавих, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай шинээр хийх, усан оргилуурыг сэргээх, манаачийн байр, жижиг гүүр, автомашины зогсоол хийх, бөх цогцолборын суурь хийх ажлыг бусад ажлын хамт /инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж/ хийж, хугацаанд нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэл гаргах үед хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол хийх ажлыг огт хийгээгүй, сагсан бөмбөгийн талбайн шалыг резинэн хавтангаар хийж, гадна хайсыг зургийн дагуу хийх, садны 4 буланд прожуктор байрлуулах, усан оргилуурын дотор талыг шинээр цутгасан бетон дээр хар, цагаан өнгөт чулуу наах, хөшөө тойрсон 12 жилийг боржингийн цутгуураар хийх, манаачийн байрыг дулаалах, байшингийн хөвөө хийх, задгай тайзанд хоёр ханан хаалт хийх зэрэг ажлуудыг дутуу гүйцэтгэсэн байна.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан  шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын төсвийг 82 780 774 төгрөг болохыг тогтоож, барилгын зурагт байхгүй илүү гүйцэтгэсэн ажлын 31 564 996 төгрөгийг хасч, үлдэх  51 215 778 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Барилгын төсөв зохиох дүрэм, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй байна.

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар “Ц” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан боловч тухайн үед зарим ажил дутуу байсныг үндэслэн мөн өдөр талууд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлыг гүйцэтгэж дуусгахаар харилцан тохиролцсон, гэрээнд зарим ажил дутуу тусгагдсан байсан тул 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай гэрээ байгуулснаас үзэхэд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй болохоо зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй байх тул ажлыг бүрэн гүйцэтгэж, актаар хүлээлгэж өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

а/ 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын талаар:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “...тус гэрээг байгуулахад компанийг төлөөлөх эрх бүхий этгээд өөрчлөгдөж, Э.Дашзэгвэ болсон байхад нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус болно...” гэжээ.

2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр зохигч дутуу ажлыг гүйцэтгэхээр харилцан тохирсон, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, тамгаа дарсан байх ба “Ц” ХХК-ийн захирал Э.Дашзэгвэ нь өмнөх захирал Б.Булганчимэгийн нөхөр, тэрээр гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3. дахь заалтыг баримтлан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс засч, тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

б/ Магадлашгүй ажлын зардал, барьцаа хөрөнгө нийт 17 610 128 төгрөгийг гаргуулахыг хүссэн талаар:

Барилгын төсөв зохиох дүрмийн 8 дугаар зүйлд зааснаар магадлашгүй ажлын нөөц хөрөнгө нь зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулагдах ба хариуцагч “Ц” ХХК-ийн зураг төсөлд тусгагдаагүй ажлын хөлсийг шүүх хариуцагчаас авах ёстой дутуу ажлын төлбөрөөс хасч тооцсон тул гэрээний дагуу магадлашгүй ажлын зардалд нэхэмжилсэн 4 620 128 төгрөгийг хариуцагчид олгох үндэслэлгүй.

Мөн гүйцэтгэлийн төлбөрөөс суутгасан барьцаа хөрөнгө нь гэрээнд зааснаар ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэгчид 50%-ийг төлөхөөр, үлдэх хэсгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацаанд гарсан бүх зөрчил, гологдол, засварыг гүйцэтгэгч бүрэн арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн түүнд төлөхөөр, эсхүл захиалагчаас дээрх зөрчил, доголдлыг засахад гарсан зардалд суутган тооцоход зарцуулагдах учиртай.

Хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлыг дутуу гүйцэтгэсэн, улмаар гэрээг цуцалсан тул барьцааны хөрөнгийг хариуцагчид  буцаан олгох үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.2.1. дахь заалтыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489 564 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД