Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 827

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

 

 

 

 

Б.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 494 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.О-т холбогдох 1811012270477 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Б-ын О, 1966 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПБ....../;

 

Б.О нь  2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хардалтын улмаас Ж.М-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Б-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ээс 275.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.М-д олгож, хохирогч Ж.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 494 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудаст “хохирогч Ж.М эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 4.800.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан 275.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул” гэж дурдаад нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдсэн 4.525.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хохирогч Ж.М нь шүүгдэгч Б.О-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо нэхэмжилсэн бөгөөд хуулийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Миний үйлчлүүлэгч Ж.М нь “тархины гүүр, бага тархины булан хэсгийн шваннома” хавдар өвчний улмаас группт байдаг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас тархины хавдарт нь өөрчлөлт гарсан эсэх талаар Соронзон үелзүүрт томографийн шинжилгээ өгөх болон бусад зайлшгүй шаардлагатай эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хохирлын баримтыг дутуу үнэлсэн тул хэргийг давж заалдах журмаар хянаж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлаар маргаж байсан. Хохирогчийн өмгөөлөгч “...хохирогчийн тархины хавдарт нөлөөлсөн эсэх талаар мэдэх гэж шинжилгээ өгөөд, шинжилгээ хийлгэхдээ төлсөн төлбөрийн баримтыг эх хувиар нь өгч байхад үнэлээгүй...” гэж хэлж байна. Гэтэл эмчийн хяналтын дэвтэрт тархины хавдрын шинжилгээг тодорхой хугацаанд үечилсэн байдлаар өгдөг учраас тэр шинжилгээ байна гэж тодорхой бичсэн байгаа. Анхан шатны шүүх 275.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв, бодитой гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

            Прокурор Э.Бадрал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нотлох баримтаа хуульд заасан үндэслэл бүхий журмын дагуу бүрдүүлж, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

           

ХЯНАВАЛ:

 

Хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.О нь  2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хардалтын улмаас Ж.М-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.М-ын “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 20 цаг 20 минутын орчим зээ охины хамт Д-ийн машинд суугаад хөдлөх гэж байтал гэнэт нэг эмэгтэй хаалга онгойлгоод шууд зүүн талын хацар луу цохиод, гэр бүл үймүүллээ, айлын нөхөр салгалаа, янхан, банзал гээд хэл амаар доромжлоод байхаар нь Д машинаасаа буугаад эхнэрээ цааш нь түлхээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

гэрч Р.Д-ийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим ажлаа тараад М-ын байрных нь гадаа ирээд байж байтал удалгүй М зээ охиноо дагуулаад гарч ирсэн. ...Машинд суугаад хөдлөх гэж байтал манай эхнэр О гэнэт гарч ирээд М-ын сууж байсан хаалгыг онгойлгоод “чи миний машинд суух ёстой юм уу” гээд цохих шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-16/,

 “...Ж.М-ын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл...” учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5042 дугаартай дүгнэлт /хх-22/ зэрэг хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Я.Баярсайханы “...хохирогч Ж.М-ын нэхэмжилсэн 4.800.000 төгрөгөөс 275.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 4.525.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, мөн анхан шатны шүүх хохирлын баримтыг дутуу үнэлсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд тооцон гаргахдаа ямар баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 275.000 төгрөгийн ямар баримт шаардлага хангасан талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийн 34, 35, 37 дугаар талд авагдсан хохирлын баримтуудыг үнэлж, шүүгдэгч Б.О-ээс 906.620 төгрөгийг гаргуулан, хохирогч Ж.М-д олгож, анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх 4.525.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоогүй байх бөгөөд тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Иймд хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлын “анхан шатны шүүх хохирлын баримтыг дутуу үнэлсэн” гэснийг хүлээн авч, “4.525.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 494 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зааснаар шүүгдэгч Б.О-ээс 275.000 /хоёр зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ж.М-д олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ээс 906.620 /есөн зуун зургаан мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Ж.М-д олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Я.Баярсайханы “4.525.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧИД                                            Д.МЯГМАРЖАВ                             

                                                      Л.ДАРЬСҮРЭН