Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0054

 

“Ц-Э м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц-Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмалын газар нь бидний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалж, захиргааны хэргийн шүүхээс тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэж, холбогдох актыг гаргах хүртэл 9 сар, хайгуулын ажлын үр дүнд илэрсэн нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэхээс хууль бусаар татгалзаж, шүүхийн байгууллагаас зохих бүртгэл хийхийг даалгах шийдвэр гаргах хүртэл 10 сар, нийтдээ 19 сарын хугацааг алдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлт гаргах үед холбогдох мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулаагүй зэрэг гэм буруутай үйл ажиллагаа явуулсан.

Түүнчлэн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны шийдвэр гарч, үүний дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тус газраас ирүүлсэн 3 хувь гэрээний төслийг баталж явуулсаар байхад санаатайгаар хугацаа хожиж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс хууль бусаар татгалзаад байна. Иймд, ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт м­алтмалын газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн  нэмэгдүүлсэн  шаардлагадаа: Захиргааны  байгууллага,  албан

тушаалтнаас манай байгууллагад учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү

гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1,  53.1.1-д заасны дагуу “Ц-Э м” ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа 2014 онд дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, сунгах хууль зүйн үндэслэл байхгүй... Кадастрын хэлтэс нь дээрх шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь бүртгэж ажилласан болон тусгай зөвшөөрөл дуусгавар болохоос өмнө хуульд заасан үүргээ биелүүлж ажиллах оролдлого хийгээгүйгээс нэхэмжлэгчид өөрт нь хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул манай байгууллагаар хохирол төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.  Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ц-Э м” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 5372Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг хариуцагч Ашигт малтмалын газарт даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4, 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газраас манай байгууллагад учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа давж заалдах гомдолдоо: ...Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д заасны дагуу  “Ц-Э м” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу нэртэй 14744,19 га талбай бүхий газарт хайгуулын 5372Х тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа 2014 онд дууссан байна. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсон, мөн өргөдлийг нөхөн авч болохоор хуулиар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна. Уг тусгай зөвшөөрлийн дуусгавар болгох бүртгэл хийгдсэн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж байгаагүй.

“Ц-Э м” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372Х дугаар тусгай зөвшөөрлийн нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээс хойш нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн /тухайн үед мөрдөж байсан заалтын дагуу23 дугаар зүйлд заасан ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн боловч уг заалтын дагуу тавигдах шаардлагуудыг хангаагүй байснаас уг гэрээ байгуулагдаагүй. Кадастрын хэлтэс нь цаг тухай бүр нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн зарчимд нийцээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийн Централшиа майнинг ХХК-ийн 5372Х дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Шүүх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хохирол гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК нь 2003 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хүрзэт” ХХК-д олгосон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 5372Х тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр “Ц-Э м” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, мөн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Эдгээр шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага нь 5372Х тусгай зөвшөөрлийн эрхийг 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 дугаар шийдвэрээр сэргээж, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн, мөн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр нөөцийг улсын нэгдсэн санд бүртгэсэн байна.

            Хариуцагчаас “5372Х тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа 2014 онд дууссан, нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж байгаагүй, тусгай зөвшөөрлийн нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээс хойш ашиглалтын өмнө гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй байснаас уг гэрээ  байгуулагдаагүй” хэмээн маргаж байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК нь  2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуулын 5372Х тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллагын хууль бус актын улмаас дээрх хугацаагаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх 9 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 5372Х тусгай зөвшөөрлийг бүрэн эзэмшээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ашигт малтмалын газрын архивт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, гэрч Д.Маасүрэн, Д.Баттулга нарын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд уг гэрээ байгуулагдах боломжтой байхад Ашигт малтмалын газрын хэлтсүүдийн хамтын уялдаагүй байдал, албан тушаалтнуудынх нь ажлын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг хугацаандаа төлж байсан, шинжээч томилуулах, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр /ЭБМЗ/ хэлэлцүүлэх болон ЭБМЗ хуралдах хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг, мөн ашиглалтын нөөц батлуулах, ашиглалтын өмнөх гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, алдагдсан хугацааг сунгахыг Ашигт малтмалын  газарт  даалгах  нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны

шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

            2. Анхан шатны шүүх “захиргааны байгууллага, албан тушаалтнаас учруулсан хохирол болох 35 сая төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэхдээ захиргааны актын улмаас учирсан хохирол гэж шууд үзэхгүй, “нэхэмжлэгч тал шүүхэд хандаж өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд эрх зүйн буюу мэргэжлийн туслалцаа авсан үйлчилгээний төлбөр гэж үзэхээр байна” гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч хуулийг буруу хэрэглэжээ.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь буруу юм. Иймээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ашигт малтмалын газраас байгууллагад учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР