Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 351

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

         Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Дэлгэр” багийн “Бор шороот” гэх газар оршин суух,  Орлойн овогт Лувсандоржийн Шагдарсүрэнгийн

 

          “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Л.Чоймболын хүүхэд болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Шагдарсүрэн, прокурор Ц.Роза, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хүсэлт гаргагч Л.Шагдарсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;  Миний эцэг Л.Чоймбол  нь 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлж байсан ба цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар магадлалаар цагаатгагдсан. Миний бие хэлмэгдэгч Л.Чоймбол гэдэг хүний голомтонд өссөн хамгийн бага хүү нь юм. Цагаатгалын комиссоос нөхөн олговорын авах гэж байгаа тул шүүхэд садан төрлийн холбоо тогтоолгох шаардлагатай байна.       

          Иймд Лувсандоржийн Шагдарсүрэн намайг Л.Чоймболын хүүхэд болохыг тогтоож өгнө үү гэв.

 

           Прокурор Ц.Роза шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хэлмэгдэгч Лувсандоржийн Чоймбол нь 1938 онд улс төрийн хэрэгт хилсээр баривчлагдан ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн бөгөөд Улсын Дээд Шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 сарын 15-ны өдрийн 142 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Хүсэлт гаргагч Лувсандоржийн Шагдарсүрэн нь хэлмэгдэгч Лувсандоржийн Чоймболын хүүхэд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

          

         Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Орлойн овогт Лувсандоржийн Шагдарсүрэн нь  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Л.Чоймболын хүүхэд болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

           Хүсэлт гаргагч Л.Шагдарсүрэнгийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Л.Чоймболын хүүхэд болохоо тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.  

       

           Хэлмэгдэгч Лувсандоржийн Чоймболыг 1938 оны 6 дугаар сарын 10-нд улс төрийн хэрэгт баривчилж, Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн ба БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар магадлалаар Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017

оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02/1764 тоот архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

         Хүсэлт гаргагч Лувсандоржийн Шагдарсүрэн нь хэлмэгдэгч Лувсандоржийн Чоймболын хүүхэд мөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба Үндэсний төв архивын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03-2/1267 дугаар лавлагаанд: Хан Хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошууны 1929 оны хүн амын тооллогын бүртгэлийн 1-р хорин өрхийн 27 дугаар хуудсанд: Лувсандоржийн Содов эр, 53 настай, дүү Чоймбол эр 51 настай, хөвгүүн Гомбожав 10 настай, мөн Данигаасүрэн 8 настай, мөн Жамбал 6 настай, зээ Дэлэг лам 19 настай, гэргий Лхам 33 настай, дүү Дугуй эм 49 настай, сайн дураар хамтарсан Долгор эм 32 настай, зээ Должин эм 28 настай, охин Дулам эм 12 настай, мөн Дарь эм 4 настай, зээ Цэрэндулам эм 8 настай, охин Нэргүй 1 настай бүгд Халх гэж бүртгэгдсэн, 

          -Үндэсний төв архивын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03-2/1268 дугаар лавлагаанд: Хэнтий аймгийн Уулбаян сумын 6 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 44 дүгээр хуудсанд: Чоймпилын Гомбожав эрэгтэй 14 настай, ах Лувсандоржийн Чоймпил лам 55 настай, Лувсандоржийн Долгоржав эмэгтэй, 36 настай, Лувсандоржийн Батгарав эмэгтэй, 4 настай гэж бүртгэгдсэн,

          -Үндэсний төв архивын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03-2/1269 дүгээр лавлагаанд: Хэнтий аймгийн Уулбаян сумын 6 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 42 дугаар хуудсанд: Лувсандоржийн Содов эрэгтэй, 57 настай, эхнэр Гэнэн 38 настай, охин Содовын Дулам 16 настай, хүү Содовын Дамдинсүрэн 12 настай, хүү Содовын Жамбал 10 настай, охин Содовын Дарь 8 настай, хүү Содовын Буд 5 настай гэж бүртгэгдсэн,

         -Үндэсний төв архивын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03-2/1270 дугаар лавлагаанд: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 31 дүгээр хуудсанд: Лувсандоржийн Гомбожав эрэгтэй, 25 настай, Лувсандоржийн Долгор эмэгтэй, 44 настай, Лувсандоржийн Бадангарав эмэгтэй 13 настай, Лувсандоржийн Шагдарсүрэн эрэгтэй , 9 настай гэж бүртгэгдсэн байна. Мөн аймаг, сум, багийн 1956 оны 2 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 17 дугаар хуудсанд; Лувсандоржийн Шагдарсүрэн эрэгтэй, 22 настай, эх Лувсандоржийн Долгоржав 59 настай, дүү Лувсандоржийн Жамбалрагчаа эмэгтэй, 6 настай гэж бүртгэгдсэн,

        -Үндэсний төв архивын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03-2/1271 дугаар лавлагаанд: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 36 дугаар хуудсанд: Гэнэнгийн Цэрэн эрэгтэй, 46 настай, Гэнэнгийн Дондов эмэгтэй, 22 настай, Гэнэнгийн Гэнэн эмэгтэй, 78 настай, Гэнэнгийн Сүхбаатар эмэгтэй, 5 настай гэж бүртгэгдсэн байна гэж,

          Мөн аймаг, сумын 6 дугаар багийн 1956 оны 2 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 44 дүгээр хуудсанд; Гэнэнгийн Бухаа эрэгтэй, 25 настай, эх Гэнэнгийн Юмжид 62 настай, дүү Гэнэнгийн Сүхбаатар эмэгтэй, 17 настай, эгч Гэнэнгийн Шар 25 настай гэж бүртгэгдсэн байна гэжээ.

 

          Дээрх баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч Лувсандоржийн Шагдарсүрэн нь хэлмэгдэгч Лувсандоржийн Чоймболын хүүхэд болох нь тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Шагдарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орлойн овогт Лувсандоржийн Шагдарсүрэн нь 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж,  БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар магадлалаар цагаатгагдсан Лувсандоржийн Чоймболын хүүхэд болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ