Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа  даргалж,

            Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

            Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар,

            Шүүгдэгч О.Ч- , түүний өмгөөлөгч А.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0656/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О.Ч- холбогдох эрүүгийн 2102004660327 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ...  дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эцэг, эх, дүүгийн хамт ... дүүргийн ....дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух, /РД: / урьд ял шийтгэлгүй, Т овогт О.Ч- .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Ч-  нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... тоотод байрлах нийтийн байрны 8 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 15.24 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ч- ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...1 гэж дугаарласан гаанс мэт төмөр материалтай зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутны хамт 28.5 грамм өвс эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн “...О.Ч- ын биед үзлэг хийсэн ажиллагаа, биеэс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай...” санал /хх-ийн 21 тал/,

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 22 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4767 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан гаанс мэт төмөр материалтай зүйл 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец-ийн II жагсаалтад багтдаг болно. 2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жинг нь 15.2453 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 35-36, 37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4766 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. О Ч  УХ 650 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 830 дугаартай “...О.Ч-  нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Ч-  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Ч-  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Ч-  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.Ч-  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/,

 

Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгааны материал /хх-ийн 83-90 тал/,

 

Шүүгдэгч О.Ч- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр буюу 25-аас 30-ны үед Сэлэнгэ аймгийн Ээж мод гэх газрыг үзэхээр гэр бүлийнхэний хамт буюу ээж М- , эмээ Т- , эгч С- , эхнэр А-  нарын хамт эгч С- гийн Т маркийн тээврийн хэрэгслээр явсан. Сэлэнгэ аймгийн Ээж мод гэх газарт очиж мөргөчхөөд буцах замдаа бие засах гээд нэг газарт замын хажууд зогсоод шээж байхдаа интернэтээс харж байсан мансууруулах ургамал байж болзошгүй ургамал ургасан байхаар нь олж хараад гараараа зулгааж аваад өөрийнхөө өмсөж явсан хантаазны энгэрийн халаасанд хийчихсэн байсан. Ингээд Улаанбаатар хотод ирээд хантаазаа тайлаад гэрийнхээ хувцасны өлгүүрт өлгөөд дотор өвс байгаа гэдгээ марчихсан байсан. Би Сэлэнгэ аймгаас түүсэн өвсөө гэртээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу цагдаагийн байгууллагад баригдах хүртлээ хадгалсан. Би өвс байгаа гэдгээ мартчихсан байсан. Ингээд цагдаад баригдсан. Би өвсийг сонирхоод түүсэн. Гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Одоо маш их харамсаж байна. Буруутай үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.М- гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүүгийн зан байдлын хувьд төрсөн цагаасаа тайван, дөлгөөн, уур уцааргүй, хүнд тусархаг, сургуульд байхдаа урлаг, спортын авьяастай гэр бүлийнхэндээ түшигтэй, элдэв хурц аашгүй хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...найз нөхөдтэйгээ уулзлаа гээд гадуур гардаггүй, ажил гэр гэсэн маршрутаар явдаг. Амарсан үедээ гэртээ надтай хамт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 62 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67, 69 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/, сурагчийн хувийн хэрэг, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70-76 тал/, түр оршин суух хорооны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 77 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээлэл, диспансерийн хяналтын карт, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баруун уушигний гялтангийн сүрьеэ /А16.5/ оноштойгоор хяналтад орж 1 дүгээр бүлгээр сүрьеэгийн эм ууж эмчийн хяналтад эмчлүүлж байгаа нь үнэн болно. Цаашид дахилт өгч сэдрэх эрсдэлтэй тул сүрьеэгийн эмчийн хяналтад 5 жил тогтмол үзүүлж байх шаардлагатай. Эмчилгээ хяналтын маягтын дугаар /CY-232000284/...” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ч- аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул хэргийн 24, 26-27 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

 

Шүүгдэгч О.Ч-  нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын Д-5-30 тоотод байрлах нийтийн байрны 8 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 15.24 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4767 дугаартай дүгнэлт, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4766 дугаартай дүгнэлт, Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгааны материал зэргээр болон шүүгдэгч О.Ч- ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг тус тус шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын Д-5-30 тоотод байрлах нийтийн байрны 8 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.24 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч О.Ч-  нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг хадгалах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч О.Ч- ыг өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Мөн прокурор яллах дүгнэлтдээ “...Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгүүдийн аль мэдүүлэг үнэн болох нь эргэлзээтэй тул О.Ч-ын үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэж зүйлчлээгүй болно...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Ч нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 830 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.    

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат нь шүүх хуралдаанд “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” байр сууринаас оролцсон бөгөөд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү..” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч А.Г-н шүүх хуралдаанд гаргасан “...зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч О.Ч- аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан шүүгдэгч О.Ч-ын биеэс хураан авсан гаанс мэт төмөр материалтай зүйл 1 ширхэг, гялгар уутны хамт 28.5 грамм өвс нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон гаанс мэт төмөр материалтай зүйл 1 ширхэг, өвс мэт зүйлийн цэвэр жин 15.24 грамм, гялгар уутны хамт 28.5 грамм өвсийг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ч- ад хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ч- ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт О.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Ч- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч- ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гаанс мэт төмөр материалтай зүйл 1 ширхэг, өвс мэт зүйлийн цэвэр жин 15.24 грамм, гялгар уутны хамт 28.5 грамм өвсийг зохих журмын дагуу устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА