Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Х.Э- ,

Шүүгдэгч: А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А-н А-д холбогдох эрүүгийн 2105022201964 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, хүүхдийн хамт ........... дүүргийн .... дугаар хороо ....... дүгээр гудамж .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ дүүрэг ............ замд нийтийн байр түр оршин суудаг гэх /РД:/, урьд ял шийтгэлгүй, Д овгийн А-н А.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд хохирогч Х.Э- ийн биед халдаж, дух, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун шуунд цус хуралт, зүүн гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн “...А.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтолтын зэрэг хэмжигч драйгер багажаар шалгахад 1.41% согтолттой мэдүүлэг өгөх чадваргүй байсныг тэмдэглэл болгон бичиж хавсаргав...” гэх тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

 

Хохирогч Х.Э- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд хоёр хүнтэй ширээн дээр шахаад сууцгаасан. Тухайн үед Сэнгүр 0.5 хэмжээтэй, Хэйникэн 0.33 хэмжээтэйг захиалж ууцгаасан. Би бүжиглэх гээд бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь миний баруун талд байсан бор цамц хар өмдтэй эмэгтэй /Ө сүүлд нэрийг нь мэдсэн/ миний хөл дээр гишгэхээр нь би найз жаахан зайтай бүжиглэж болох уу гээд яриад байж байсан чинь шар үстэй жинсэн өмд ягаан куртиктэй /А сүүлд нэрийг нь мэдсэн/ танихгүй эмэгтэй миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохисон тэр үед хамгаалагч нь ирээд салгасан. Надтай маргасан эмэгтэйчүүдийг хамгаалагч нар нь ширээн дээр суулгасан. Тэгсэн чинь тэдгээр эмэгтэйчүүд намайг бүжиглэж зайхад над руу юм яриад орилоод гар хуруугаа гозойлгоод байсан. Тэгсэн шар үстэй нь намайг түрүүнд нь цохисон А-  нь бүжиглэх гээд хажууд ирэхлээр нь би учрыг нь хэлэх гээд яваад очсон чинь шууд намайг хоёр гараараа үсдэж аваад доош нь дараад чирээд миний нүүрийг майжсан ба тэр үед бааран дотор байсан хүмүүс салгахаар нь би ширээн дээрээс хувцсаа аваад баарнаас гараад цагдаад дуудлага өгсөн. ...А-  гэх эмэгтэй надад учирсан хөнгөн гэмтлийг учруулсан. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Цаашид Содонгоо гоо сайхны эмнэлэгт эмчилгээ хийх шаардлагатай тул энэ эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 480.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..... оны ... дугаар сарын ...-ний өдөр манай найз А-ын төрсөн өдрийг тэмдэглээд түүний найз нартай нь Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд шөнө ... цагийн орчим орж сууцгаасан. Бөөндөө бааранд сууж байгаад бүжгийн талбай дээр би бүжиглэж байгаад нэг эмэгтэйг санаандгүй мөргөчихсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй замаа хараач гээд уурлаад тэр үедээ эвээ олоод салсан. Би хэсэг байж байгаад ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирсэн чинь А-  ширээн дээрээ ганцаараа суучихсан, намайг нөгөө эмэгтэйчүүд нийлээд зодчихлоо гээд уйлаад сууж байсан. Тэр үед хамгаалагч нь ирээд та нар найзыгаа яагаад орхиод явж байгаа юм хүмүүстэй зодолдоод байхад хаашаа явчихдаг юм гээд байсан. Тэр баарнаас бөөнөөрөө гараад явсан. Би А- тай такси бариад явж байсан чинь араас нөгөө маргалдсан гэх эмэгтэй ирээд А- ыг миний нүүрийг чи майжсан цагдаад өгнө гээд хамт буцаж яваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн “...Х.Э- ийн биед харагдах байдлаар нүүрэн тус газарт духны зүүн хэсэгт 4.5см х 0.3 см хэмжээтэй улайж шалбарсан, мөн тус хэсэгт 3.3 см х 0.3 см хэмжээтэй улайж шалбарсан, зүүн нүдний дээд зовхин дээр 2см х 0.3см хэмжээтэй улайж шалбарсан, мөн тус хэсэгт 1.3см х 0.3 см хэмжээтэй улайж шалбарсан, духны зүүн дээд хэсэгт 2см х 0.2см хэмжээтэй улайж шалбарсан, зүүн хацар дээр 3см х 0.5см хэмжээтэй улайж шалбарсан, духны баруун дээд хэсэгт 3см х 1 см хэмжээтэй газарт үс унасан, зүүн гарын чигчий хурууны хумс ханзарч хөндийрсөн, тус гарын:ядам хурууны хумс хугарч цус гарсан байдалтай байх бөгөөд биед хүзүү чилж өвдөх, толгой дүүрч өвдөх зовиуртай байна гэж хариулж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31, 32 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10704 дугаартай “...Х.Э- ийн биед дух, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун шуунд цус хуралт, зүүн гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

Хохирогч Х.Э- ийн гарган өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Босоо цамхаг констракшн ХХК-ийн нягтлан бодогчийн 8 хоногийн цалингийн тооцоо 480.000 төгрөг гэх тооцоо /хх-ийн 68, 69 тал/,

 

Бичлэг бүхий сидид үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй баарны дотор талын бүжгийн талбай руу харсан, суудлын хэсэг рүү харсан хоёр камер зэрэгцүүлж бичсэн байх бөгөөд хар цагаан өнгөтэй бичлэг байв. Бичлэгийн зүүн дээд буланд 2021/11/01 гэсэн, он, сар 2:59:27 гэсэн цаг зааж байв. Бичлэгийг тоглуулахад бүжгийн талбай дээр А.А- хохирогч Х.Э- ийг өшиглөхөд Э- зөрүүлээд өшиглөж байх бөгөөд хэн хэнийх нь хөл нь хүрж байгаа нь харагдахгүй байх ба улмаар хажууд нь байсан хүмүүс салгахад зөрүүлээд буйдан дээр А-  суухад Э-  нэг удаа өшиглөх оролдлого хийгээд А- ын үснээс үсдээд татаж байх ба энэ үед хажууд нь байсан хүмүүс салгаж байв. ...20211101_200633 дугаартай файлыг тоглуулахад уг бичлэг нь +25 баарны дотор талын бүжгийн талбай руу харсан камерын бичлэг байх бөгөөд 3 минут 13 секундын бичлэг байв. Камерын он, сар нь 2021 оны 11 дүгээр сарын 01 гэсэн байх ба цаг нь 3:04:58 гэсэн цаг зааж байв. ...Бичлэгийн 3:6:14 цаг минутад шилэн баганы харалдаа хохирогч Э- ийг очиход А-  үсдээд доош нь дарж байв.

...20211104_201516 дугаартай бичлэгийг тоглуулахад уг бичлэг нь +25 баарны дотор талын бүжгийн талбай руу харсан камерын бичлэг байх бөгөөд бичлэг нь 1 минут 44 секундын бичлэг байв. Бичлэгийг тоглуулахад он сар нь 2021/11/01 он сар байх ба 3:6:7 гэсэн цаг зааж байв. Бичлэгийг тоглуулахад А.А- бүжиглээд зогсож байх үед Э-  өөдөөс нь очиход А-  хоёр гараараа Э- ийн үснээс үсдээд доош нь дарж байх байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 71-77 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос шинээр гарган өгсөн баримтууд,

 

Шүүгдэгч А.А-н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Ө-  болон найз залуу А-  нарын хамт 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орцгоосон. Тухайн үед пиво архи захиалаад ууцгаасан. Ө-  бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад нэг эмэгтэйн хөл дээр гишгэчихсэн. Тухайн үед би очоод маргалдсан ба хэсэг маргалдаад салсан. Улмаар би бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нөгөө маргалдсан эмэгтэй Э-  над дээр хүрээд ирэхээр нь би Э- ийг үсдээд доош нь дарсан. Удалгүй бид нарыг хүмүүс салгацгаасан. Тухайн гэмтлийг Х.Э- ийн биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор хохирлын мөнгө төгрөг төлөөгүй байгаа. Би баримтаар учруулсан хохирлыг төлж барагдуулахад бэлэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А- ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 43 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 44 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 47-54 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.А-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28-29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд өөрийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэх гэж орсон байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Э- тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь халдаж, дух, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун шуунд цус хуралт, зүүн гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Х.Э- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ө- гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10704 дугаартай дүгнэлт,  хяналтын камерын бичлэг бүхий сидид үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Х.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 10704 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Х.Э-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч А.А-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч А.А- нь хохирогчийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Мөн шүүгдэгч А.А- , хохирогч Х.Э нар уг өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэж, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсаны улмаас энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.А- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.А- д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа ял шийтгүүлж байгаа, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа 64 дүгээр гудамж 895б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг Дарь-Эх Монелийн замд нийтийн байранд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 6 настай охины хамт амьдардаг, ганц бие эх, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан шүүгдэгч А.А- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял  оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан.

 

Шүүгдэгч А.А- нь оногдуулсан “Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э- ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10704 дугаартай тогтоогдсон.

 

Хохирогч Х.Э-  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх ба энэ талаарх нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий учир хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтож, энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.А- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн А-н А- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- д 1 /нэг/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Х.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА