Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар /томилолтоор/,

Хохирогч: Э.З- ,

Шүүгдэгч: А.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт А-н Н-т холбогдох эрүүгийн 2105016581485 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ХХК харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, эх, 4 хүүхдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо ..... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, /РД:/

-Урьд 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацааагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон 66 хоногийг албадан ажил хийлгэх ялд дүйцүүлж ял эдэлсэнд тооцсон,

-2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

-2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б ургийн овогт А-н Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н- нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн автобусны буудлын орчим хохирогч Э.З- тэй маргалдан улмаар бороохойгоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Э.З-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Гандангийн автобусны буудлын орчим нэг гудамжинд С-  гэх найзтайгаа явж байсан ба дуудлагын такси дуудсан байсан. Такси зогсож байхаар нь тухайн машины хаалгыг татсан. Тэр машин хүнгүй байсан ба 10 метрийн зайд тухайн машины эзэн юун хүмүүс гэж асуусан асуухаар нь дуудлагын такси мөн үү гэхэд биш байна андуурсан байна гэж хэлсэн. Андуурчихлаа гэж хэлээд цааш алхах үед секюрити хамгаалалтын хувцастай согтуу нөхөр гүйж ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Бид хоёрыг барьж аваад хооронд нь мөргөлдүүлээд согтуу агсам тавиад тэр хавиар зүгээр байхгүй байхаар нь бид хоёр явчихъя та зүгээр цаашаа явчих гэж хэлсэн чинь тухайн хүний эхнэр нь гарч ирээд бид хоёр руу өшиглөөд байсан. Тухайн үед боль гэж хэлэх юм байх гэж бодсон чинь бид хоёр руу орилоод дайраад мөн өшиглөөд байсан. Тэгж байтал машины жолооч эхнэрийг нь салгаад холдуулсан. Бид хоёр та одоо боль гэж хэлээд бид хоёр явлаа гэж хэлээд эргэж хараад алхаад явж байтал миний толгой орчим бороохойгоор ардаас нэгээс хоёр удаа цохьсон. Тухайн үед миний толгой эргээд дотор муухайраад газарт унасан, мөн толгойноос цус гарсан байдалтай байсан. Гэнэт сэрэх үед миний толгойг гэмтлийн эмнэлэг дээр оёж байсан.  ...Толгойн зураг авахуулсан мөнгө, цус багадалтаас болж төмрийн бэлдмэл, хагарсан хэсэг дээр нь үс ургахгүй байгаа, үс ургуулах тос эдгээрийн мөнгийг нэхэмжилж байна. Дээрээс нь тэмцээн уралдаанд явж чадаагүй учраас гэрээ цуцлагдсан тэгээд цалингүй болсон энэ хүнд хуулийн дагуу  арга хэмжээ авч өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Хэрэг 23 цагийн үед болсон. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилж байна. Баримтаар 180.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 8102 дугаартай “...Э.З-н биед дагз хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

 

Гэрч Г.С- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.З-  ахын хамт хүнтэй уулзах гээд явж байсан. Уулзах гэсэн хүн нь байхгүй байсан болохоор нь тухайн үед такси барих гээд явж байгаад нэг такси зогсож байхаар нь хаалгыг нь онгойлгох үед хүн байхгүй. Тэгээд буцаад хаалгыг нь хаачихаад буцаад иргэтэл 2 давхрын байшин дээрээс нэг залуу орилоод та хоёр зогсож бай гэхээр бид зогсож байтал нөгөө үл таних залуу та хоёр яагаад хүний машин онгойлгоод байгаа юм бэ гэж хэлээд бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлсэн. Тэр үед таксины жолооч ах ирсэн. Тэгээд таксины жолооч ах бид нарыг салгасан буюу тухайн үед таксины жолооч нь тэр залууг гэрт нь хүргэж ирчихээд юмыг оруулж өгөөд буцаад явах гэж байсан гэж тэр жолооч ах ярьж байсан. Тэр үл таних залуу бид хоёрыг багалзуурдаж аваад бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд байсан. Тэр үед таксины жолооч ах тэр залууг салгаад бид хоёр эргэж хараад явж байтал Зол-Эрдэнийн араас толгой руу нь бороохойгоор дагз хэсэгт нэг удаа нилээн хүчтэй цохисон тэр үед З- ах толгой бариад хүйтэн оргиод байна гээд газарт суусан. Тэгж байхад машин зогсож байсан хашаанаас нэг эмэгтэй гарч ирсэн. Гарч ирээд З- ахыг чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Золоо ахыг түлхээд байсан. Тэр гарч ирсэн эмэгтэй Н-  гээд тэр залууг чи зугтаа гэж хэлсэн. Н-  нь тэр таксинд суугаад явсан. Би араас нь гүйгээд машины номерыг нь хартал буцаад хүрээд ирсэн. Тэгээд нөгөө залуу болон гарч ирсэн эмэгтэйгээ хамт хашаа руугаа орсон тэр нь нийтийн байр байсан байх. Удаагүй цагдаа ирээд Н- ын гэрт орох үед Н-  нь зугтсан байсан харин эмэгтэй нь гурван хүүхэдтэйгээ хэвтэж байсан. ...Н-  гэдэг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. З- цохиулаад шууд газар унасан. Цохиулаад хэсэг хугацааны дараа газар суугаад толгой хүйтэн оргиод байна, цагдаа болон түргэн дууд гэж хэлсэн. ... 2021 оны 8 дугаар сарын 30-ны шөнийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Модны хоёрын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талын гудамжинд болсон. Ойр орчим хяналтын камер байхгүй байсан байх. Тэр үед харанхуй байсан болохоор би сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/,

 

Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 89-100, 104-128 тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 142-143 тал/,

 

Гэрч С.Ө-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 5 дугаар гудамжны 14 тоотыг түрээсэлдэг нийтийн байрандаа байж байтал хашааны гадаа машин ирж зогссон. ...Н-  үл таних 2 залуутай хэрэлдээд зогсож байсан. Би хашаанаасаа гараад Н- т хандаж чи болиоч зүгээр явж байгаа хүмүүсийг явуулалдаа гэж хэлээд Н- ыг татаад нөгөө залууг нь түлхээд холдуултал Н-  миний араар гүйж орж ирээд цаашаа хараад явах гэж байсан залууг араас нь бороохойгоор толгой руу нь нэг удаа хүчтэй цохисон чинь нөгөө залуугийн толгойноос цус гарсан. Тухайн залуу цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 147 тал/,

 

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн баримт,

 

Шүүгдэгч А.Н- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хоёр залуугийн өндөр залуугийн толгойн тус газар нь нэг удаа бороохойгоор цохисон. Бороохойг хүүхдүүд тоглож яваад хаясан. Хаана хаясан гэдгийг мэдэхгүй. ...Хохирол мөнгөө төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н- ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-56, 57-60, 61-62, 63-64, 65-66, 67-76 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 102-103 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Н- аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 43-44 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар А.Н- нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн автобусны буудлын орчим хохирогч Э.З- тэй маргалдан улмаар бороохойгоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нар, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Э.Зол-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 8102 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Э.З-н эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч А.Н- ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч А.Н- нь хохирогчийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Н- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэйгээр тодорхойлсон зөрчил байгааг тэмдэглэж, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.С- ийн өгсөн мэдүүлэг зэргийг үнэлэн гэмт хэрэг цаг хугацааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н- т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, улсын яллагчийн саналыг тус тус харгалзаж, шүүгдэгч А.Н- т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Н- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 280 /хоёр зуун ная/-н цагийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 220 /хоёр зуун хорь/ цагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.Н- шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.З-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 8102 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол хор уршигтай холбоотой баримтаар 130.000 төгрөгийн баримт гарган өгсөн.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Н- аас 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Э.З- д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөн хохирогч Э.З-  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эмчилгээний зардлаа нэхэмжилж байх ба энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Н- т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт А-н Н- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- ыг 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- ын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 280 /хоёр зуун ная/-н цагийн ялыг хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 220 /хоёр зуун хорь/-н цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Н- т мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- аас 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Э.З- д олгосугай.

 

7. Хохирогч Э.З-  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА